| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/00017/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 22
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ёстгой овогт Б.М т холбогдох эрүүгийн 1726001580008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бичиг хэргийн ажилтан ажилтай, ам бүл-4, 2 дүү, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 10-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ёстгой овогт Б.М .;
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд орхисон хохирогч Б.Б-н өмчлөлийн “Самсунг Галакси Жи-7” маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг завшиж бусдад 300.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Арвайхээр сумын 2 дугаар сургууль болох ажил дээрээ байхдаа сургуулийн төв байрны шинэ ариун цэврийн өрөөнд бие засах гээд орохдоо үүдэнд нь байх ширээн дээр өөрийнхөө “Самсунг Жи-7” маркийн гар утсаа тавьчихаад орж бие засчихаад гараад иртэл миний утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утсаа буцаан хүлээн авсан байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч Б.Б*н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зах дээр ажил дээрээ байж байгаад өөрийн дүү Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд ажилладаг Б.М ийг ажил дээр хүрээд ир гээд дуудтал манай дүү Б.М ирэхдээ нэг хар өнгийн “Самсунг Жи-7” маркийн гар утас ариун цэврийн өрөөнөөсөө оллоо гээд бариад ирэхээр нь би энэ утсыг чинь авчихъя гээд авчихсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 38 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №11/17 дугаартай үнэлгээний тайлан, “...Тайланд хохирогчийн алдагдсан гэх Самсунг Жи-7 маркийн гар утсыг 300.000 төгрөгөөр үнэлсэн...” /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.М ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-46
Шүүгдэгч Б.М ийн ял шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.М ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг, /хх-ийн 43-44, 71 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд орхисон хохирогч Б.Бямбацэрэнгийн өмчлөлийн “Самсунг Галакси Жи-7” маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг завшиж бусдад 300.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: хохирогч Б.Б, гэрч Б.Б нарын мэдүүлгүүд. /хх-ийн 13-15, 20/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 38/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №11/17 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 25-26/, шүүгдэгч Б.М ийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ёстгой овогт Б.М т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ёстгой овогт Б.М т холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.М ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг,
Шүүгдэгч Д.Нямдаваад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ёстгой овогт Б.М ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ёстгой овогт Б.М ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР