| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2306 01893 0224 |
| Дугаар | 2023/ДШМ/996 |
| Огноо | 2023-10-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/996
|
|
|
|
Э.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Анужин,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1099 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Бд холбогдох эрүүгийн 2306 01893 0224 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
... Э.Б, ...-д төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт амьдардаг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд,
2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 6 сарын хорих ял шийтгүүлсэн РД:...,
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрийн шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 37 дугаар байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс” гэх нэршилтэй, нийт 9,8983 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа N21 гэж дугаарласан улаан өнгийн гялгар ууттай 9.8983 грамм цэвэр жинтэй "өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Миний бие ам бүл 3. Хоёр өндөр настай эмээгээ асардаг. Би өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлаж гэмшиж ойлгож байна. Би дахин ийм буруу үйлдэл хийхгүй. Цагдан хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгосон. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг ашиглан мөн зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлэх хүсэлтэй байна. Хорих ялыг минь зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Эрхэм шүүгчээ. Миний эмээ Д.Г нь 71 настай, буурай эмээ маань Б нь 96 настай. 2 эмээгээ би асарч хамгаалдаг. Иймд хувийн байдлыг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Миний бие чин сэтгэлээсээ гүнээ гэмшиж байна. Зураач мэргэжлээр бакалавр төгссөн бөгөөд цаашид магистр хамгаалах сонирхолтой байгаа. Би энэ 10 дугаар сард 21 нас хүрсэн. Миний залуу нас, ирээдүйг харгалзан үзэж үлдсэн хорих ялыг минь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөөч гэж хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Өмнө нь гэмт хэрэгт холбогдохдоо найз нөхдийн уруу таталтаас болсон бөгөөд сүүлийн энэ хэрэгтээ мөн найзууд нь татаж оруулснаар ийм байдалд хүргэсэн. Миний үйлчлүүлэгч хоёр эмээгээ асардаг, зураач мэргэжилтэй, шивээс хийж амьдардаг. Эхнэр Хулан нь 3 сартай жирэмсэн, одоо хяналтад орж байгаа. Хоёр эмээг нь асарч хамгаалах өөр хүнгүй учраас хувийн байдлыг нь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү.” гэв.
Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавартай байдгаараа маш их хор уршигтай тул энэ төрлийн гэмт хэргийг үндэсний болон олон улсын гэрээ, конвенцид зааж хориглосон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. Шүүгдэгч Э.Б нь урьд энэ төрлийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж байсан. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ч энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа нь үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршиг, шинж чанарыг ойлгож ухамсарлахгүй байгаагийн шинж гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 11-12-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 37 дугаар байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс” гэх нэршилтэй, нийт 9,8983 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2023 оны 03 дугаар сарын 12 ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10, 11-13/,
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тэмдэглэл "...5 дугаар багана буюу THC /мариухан/ илэрсэн...” /хх 28-29/,
Гэрч А.А-ы "...Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Саруултэнгэр 1 хотхоны гадна машинд байхдаа Э.Б О эгчид уутанд ороосон байсан өвсөө харуулж байсан... 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б өөрийн биедээ авч явсан өвсөө О эгчид харуулсан боловч өгсөн, худалдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 46-48, 49-50/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28- ны өдрийн 1381 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт "...шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай өвс, ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн...” /хх 72-73, 74/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдалд нь тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хянан үзэхэд, түүний 2 эмээгээ асардаг талаар болон асран хамгаалагчаар томилсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй бөгөөд гэр бүрийн баталгаагүй, эхнэр нь жирэмсэн талаар нотлох баримт байхгүй, мөн дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдолд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ