Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/761

 

 

 

 

   2023            7              26                                          2023/ДШМ/761

 

 

А.А, Б.Я, С.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

цагаатгагдсан этгээд Б.Я, С.Д нарын өмгөөлөгч О.Сайнгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр,

шүүгдэгч А.Аын өмгөөлөгч П.Баасанжав,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.А, Б.Я, С.Д нарт холбогдох эрүүгийн 1902 00290 0121 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.А нь Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар, шүүгдэгч Б.Я нь тус банкны гүйцэтгэх захирлын орлогчоор, шүүгдэгч С.Д нь Зээлийн газрын захирлаар ажиллаж байхдаа урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, тус банканд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг А.Аын хувийн ашиг сонирхлын үүднээс Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монгол банкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” гэж, 16.1.2-д “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монгол банкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална” гээд 5.1.4-т “үнэн зөв байх” зарчим, 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэж, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө, өр төлбөр, бүх авлага, бүх орлогыг заавал бүртгэнэ” гэж, 20 дугаар зүйлийн 20.2-т “Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ”, 20.2.9-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах” гэж, 31 дүгээр зүйлийн 31.7-д “Банкны дотоод аудитын нэгж нь банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана” гэж тус тус заасныг зөрчиж, Монгол банкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тайлан тэнцлээр тус банкны пассив нь актив хөрөнгөөсөө хэтэрсэн, өөрийн хөрөнгийн дутагдалд орсон, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа буюу хэвийн үйл ажиллагаа алдагдаж банкийг төлбөрийн чадваргүй болгож, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах тушаал гарах үеийн байдлаар нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн бодит хуримтлагдсан алдагдал нийт -375,283.1 сая төгрөг, хувь хүн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 492,490,987,834 төгрөгийн өр төлбөртэй байгаагаас банкны хөрвөх чадвартай нийт хөрөнгө буюу эргэн төлөгдөх хөрөнгө нь 387,839,880,355 төгрөг, зөрүү 104,651,984,834 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас А.А, Б.Я, С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Прокуророос шүүгдэгч Б.Я, С.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж,

прокуророос шүүгдэгч А.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан буюу “банкны төлбөрийн чадвар алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Аоос 5.352.333.291 төгрөгийг гаргуулж, гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аид /банкны эрх хүлээн авагчид/ 5.300.333.291 төгрөгийг, Цагдаагийн ерөнхий газарт 52.000.000 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь /банкны эрх хүлээн авагч/ цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “нууц” гэсэн дардастай “Капитал” банкны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 2 хавтас санхүүгийн баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Капитал банканд буцаан шилжүүлэх, 5 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “Капитал” банкны нэр дээрх 1. Улсын бүртгэлийн ...дугаартай ... хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөрөнгө, 2. Улсын бүртгэлийн ... дугаартай ...хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 3. Улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4. Улсын бүртгэлийн ...дугаартай ... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 5. Улсын бүртгэлийн ... дугаартай ...6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж хохиролд тооцож төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч А.А 15 хоног, Б.Я 2 хоног, С.Д 17 хоног тус тус цагдан хоригдсон, Б.Я, С.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Яд авсан нэр бүхий яллагдагч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Дт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аийн өмгөөлөгч Д.Гантөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “....Шүүх хохирлын хэмжээг бодитой тогтоож, шийдвэрлээгүй талаар.

2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 234 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 104,651,104,478.85 төгрөг гэж гаргасан хохирлын хэмжээ нь дараах үндэслэлээр бодитой дүн биш байсан. Үүнд:

1.1 Шинжээчийн дээрх дүгнэлтийн 6 дугаар асуултын хариултаар “Капитал банк” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх санхүүгийн тайланд нийт 624,668,000,000.00 төгрөгийн өр төлбөр илэрхийлэгдсэн байгааг дурдсан.

1.2 Шинжээч Д.Мөнхцэцэгээс 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр авсан мэдүүлэгт 16 дугаар хавтаст хэргийн 166 дугаар тал/ “Капитал банкны бусад өр төлбөрийг буюу банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр 1.7 тэрбум төгрөг, банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл 12.8 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрийн 117.8 тэрбум төгрөг, харилцах дансанд хуримтлуулж тооцсон хүүний өглөг 121.4 сая төгрөг, нийт 132.021.400.000.00 төгрөгийг оруулж тооцоогүй, учир нь нотлох баримт байгаагүй” гэж тайлбарласан. Гэтэл дээрх өр төлбөр нь Капитал банкны хуучин удирдлага А.Аоос хүлээж авсан, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн тайлан, тэнцэлд анхнаасаа бүртгэлтэй байсан бөгөөд Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээж авах хугацааг тогтоосон тухай мэдэгдэл нийтэд гаргахад эрх бүхий этгээдээс нэхэмжлэлийг ирүүлж, Банкны эрх хүлээн авагчаас төлбөр барагдуулах дараалалд бүртгэгдэж, баталгаажсан өр төлбөр байсан. /87 дугаар хавтас хэргийг 159 дүгээр талд байгаа Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1570 тоот албан бичиг, түүний хавсралт буюу Банкны эрх хүлээн авагчаас баталсан төлбөр барагдуулах дараалалд тодорхой харагдана/

Хассан өр төлбөр

Төлбөр авагч

Шаардах эрхийн үндэслэл

Дараалалд баталгаажсан дүн /төгрөгөөр/

Тайлбар

1

Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр

Монгол Улсын Хөгжлийн банк

Капитал банкинд байршуулсан байсан харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл дүн

1.7 тэрбум

Харилцах, хадгаламжийн дансанд бодитоор байршиж байсан бөгөөд төлбөр барагдуулах дарааллын 73.1.8 дахь хэсэгт нийт 56,393,023,176.07 төгрөгийн өр төлбөрт багтсан, 1,778,871,274.29 төгрөгийг 73.1.5 дахь хэсэгт өөрчлөн бүртгэж, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл бодитоор бүртгэгдэж, барагдуулсан төлбөрийг шинжээч орхигдуулсан.

2

Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл

Монголбанк

Ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотой авлага

12.8 тэрбум

Төлбөр барагдуулах дарааллын 73.1.7 дахь хэсэгт 71,103,873,130.82 төгрөгийн өр төлбөрт багтсан, барагдуулах дараалал нь болоогүй байгаа.

3

Бусад эх үүсвэрийн өглөг

Монгол Улсын Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Сангийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

МУХБ-ны Арьс шир, ноос ноолуур, 888 төсөл, ЖДҮ 70 тэрбум төсөл, Сангийн яамны Хот байгуулалтын төсөл, ЖДҮ-г хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл, 40,000 айлын орон сууц хөтөлбөр, ЖДҮ хөгжүүлэх сангийн төсөл, Экспортыг дэмжих хөтөлбөр зэрэг төсөл, хөтөлбөрүүд

117.4 тэрбум

Төлбөр барагдуулах дарааллын 73.1.8 дахь хэсэгт баталгаажсан, барагдуулах дараалал болоогүй байгаа

4

Харилцах дансанд хуримтлуулж тооцсон хүүний өглөг

Харилцах, хадгаламж эзэмшигч нар

Харилцах, хадгаламжийн дансны үүрэг

121.4 сая

Сарын сүүлд харилцах, хадгаламжийн дансны хүү гэрээний дагуу хуримтлагдан тооцогддог бөгөөд 2019 оны 4 дгээр сарын 01- ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл хугацааны хүү.

 

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, төлөөлөгч нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэгт Капитал банкнаас авах ёстой дээрх авлагын талаар тодорхой мэдүүлж, холбогдох баримт сэлтийг гаргаж өгсөн байхад шүүх хохирлын хэмжээг тооцохдоо тэдгээрийг яагаад үнэлээгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна. Тодруулбал: 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар талд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын төлөөлөгч Б.Аын, 188 дугаар талд Сангийн яамны төлөөлөгч Н.Хын, 204 дүгээр талд Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөгч Л.Бгийн, 3 дугаар хавтаст хэргийн 002 дугаар талд Жижиг, дунд үйлдвэрийн газрын төлөөлөгч Б.А-ийн, 060 дугаар талд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч Л.Бы мэдүүлгүүд тус тус авагдсан.

1.4 А.А нь дээрх шинжээчийн дүгнэлтийн дагуу хасагдсан өр төлбөрөөс буюу Монгол Улсын Хөгжлийн банкны 54.4 тэрбум төгрөгийн өр төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч хөрөнгөөр барагдуулахаар гэрээ, хэлцэл байгуулсан.

1.5 Монголбанкны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А-1а/173 дугаар “Хүсэлт, мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Аод Капитал банкийг албадан татан буулгах өдрийн байдлаар банкны тайлан тэнцлийн актив, пассивын зөрүү 272.3 тэрбум төгрөг, мөн өдрийн Монголбанкны туслах ажлын хэсгийн тогтоосон зөрүү 493.4 тэрбум төгрөг байсан ба А.А нарт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шинжээч хохирлын хэмжээг 104.6 тэрбум төгрөгөөр тогтоосон нь бодит байдлаас зөрүүтэй, зарим харилцагчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсгэж байна. Тухайлбал, 2023 оны 01 дүгээр сарын байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 79.6 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын санд төлөх 69.3 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төлөх 42.9 тэрбум төгрөг, Монголбанканд төлөх 71.1 тэрбум төгрөг тус тус байгаа тул банканд учирсан хохирлын хэмжээг нягталж, шаардлагатай тохиолдолд дахин тогтоолгох саналтай байгааг уламжилж байсан. Уг албан бичгийг хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан. Монголбанк нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-15 дугаар тушаалаар баталсан "Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх, банкны эрх хүлээн авагч томилох, дуусгавар болгох журам”-ын 5.8 дугаар зүйлийн 5.8.42 -д заасны дагуу Банкны эрх хүлээн авагчийн тайланг хүлээн авч, үйл ажиллагаа, тайлан мэдээллийг хянадаг эрх бүхий этгээд тул хохирлын хэмжээг хэрхэн үзэж байгаа нь хохирлын хэмжээг бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой байсан. 1.6 Банкны эрх хүлээн авагч 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1512 дугаар албан бичгээр “Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банкинд учирсан хохирлыг бодитоор тооцуулах тухай” хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байсныг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд нотлох баримтаар өгч, хэрэгт авагдсан. Шүүх тухайн баримтыг үнэлсэнгүй.

1.7 Шинжээч шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шинжилгээг Капитал банкны 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх санхүүгийн тайлан, тэнцэлд үндэслэн гаргасан, гэхдээ хохирлын хэмжээ гэж гаргасан 104.6 тэрбум төгрөгийн хэмжээ нь хөдөлшгүй дүн биш бөгөөд хамгийн доод хэмжээ, цаашид өсөн нэмэгдэх дүн гэдгийг тодорхой тайлбарласан. Нөгөө талаас Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуульд зааснаар банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээж авах хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 60 хоног байхаар тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх тухай шийдвэрийг гаргах үүрэгтэй бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-69 дүгээр “Төлбөр барагдуулах дарааллыг үргэлжлүүлэн тогтоох тухай” тушаалаар дээрх шинжээчийн дүгнэлтээр хасагдсан, банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжлэл гаргасан этгээдүүдийн нэхэмжлэлийн дүн, дарааллыг баталгаажуулсан, шинжээчийн дүгнэлт гаргахад хамаарах баримтын хугацаанд тус тушаал гараагүй байсан, шинжээч тушаалтай танилцаагүй байдлыг шүүх анхаарсангүй.

1.8 Шинжээч хохирлын хэмжээг банкны тайлан тэнцэлд бүртгэлтэй актив хөрөнгө, пассивын зөрүүгээр гаргахдаа өөдрөгөөр буюу актив хөрөнгийг тус өдрийн байдлаар банкны бүх зээл, авлагыг тухайн өдөрт нь ямар нэгэн зардал гаргахгүйгээр бүхэлд нь төлүүлж, мөн банкны хөрөнгийг ижил нөхцөлөөр зардалгүй худалдан борлуулахад мөнгөжих байдлаар тооцоолж хийсэн. Банкны эрх хүлээн авагч 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1512 дугаар албан бичигт /шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн/ “Капитал банк” ХХК болон түүний 100 хувь эзэмшлийн 8 охин компанийн нэр дээр 44 байршилд 108 ширхэг 88.11 тэрбум төгрөгийн бүртгэлийн дүнтэй, 87.13 тэрбум төгрөгийн хөндлөнгийн үнэлгээний компанийн тогтоосон үнэлгээний дүнтэй үл хөдлөх хөрөнгө /үүнээс 66.8 хувъ буюу 33 ширхэг 61.02 тэрбум төгрөгийн бүртгэлийн дүнтэй хөрөнгө эрх зүйн зөрчилтэй, өмчлөлийн маргаантай, шүүхийн ажиллагаатай, олж авах боломжгүй/ байх бөгөөд хөндлөнгийн үнэлгээний компанийн тогтоосон үнэ цэнэ зарим хөрөнгийн хувьд хэт өндөр буюу хөрөнгийн чанар байдалтай нийцэхгүй, 139.8 тэрбум төгрөгийн зээл /үүнээс 132.6 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалтай, сан байгуулсан/-ийн үлдэгдэлтэй, үлдсэн өр төлбөрийг банканд бүртгэлтэй, одоо байгаа хөрөнгөөр болон зээл төлөлтөөр бүрэн барагдуулж хүрэлцэхгүй бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэлтэй байгаа цэвэршүүлээгүй дүнгээр өр төлбөр барагдуулахад 148.5 тэрбум төгрөгийн зөрүүтэй, банкны балансын зөрүүгээр 335.4 тэрбум төгрөгийн алдагдалтай, цаашид хохирлын хэмжээ хөрөнгөтэй холбоотой хэрэг маргааны шийдвэр, зээл төлөлт, шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд хамаарах төлбөр авагч этгээдийн тоо, нэхэмжилсэн дүн, ам долларын ханшийн өөрчлөлт зэргээс хамаарч өсөхөөр байгаа тухай тодорхой дурдсан. Тус бичгийн 2 дугаар хавсралтаар “Капитал банк” ХХК-д бүртгэлтэй, эрх зүйн хувьд зөрчилтэй хөрөнгүүдийн нөхцөл байдлыг тодорхой тайлбарлан харуулсан.

Банкны эрх хүлээн авагч өнгөрсөн хугацаанд нийт 12 удаа үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулж 21.8 тэрбум төгрөгийн бүртгэлийн дүнтэй хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээний компанийн тогтоосон үнэ буюу 15.7 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан. Мөн НДЕГ болон ЭМДЕГ-т 102.4 тэрбум төгрөгийн бүртгэлийн дүнтэй хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээний компанийн тогтоосон үнэ буюу 80.2 тэрбум төгрөгөөр өр төлбөрт тооцон шилжүүлсэн. Үндсэндээ дуудлага худалдаагаар худалдсан хөрөнгө болон өр төлбөрт тооцон шилжүүлсэн хөрөнгийн бүртгэлийн дүн үнэлгээний дүнгээсээ 28.3 тэрбум төгрөгийн зөрүүтэй буюу гарзаар бүртгэгдсэн.

1.9 Капитал банкны төв барилга буюу эрхийн улсын бүртгэлийн ... 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь банкны актив хөрөнгөд 10.3 тэрбум төгрөгөөр бүртгэлтэй байсан ба энэ байдлаараа актив хөрөнгийн дүнд тооцогдсон. Гэвч бодит байдлаар өмчлөл нь “Капитал банк” ХХК-д байхгүй ба Олон улсын хөрөнгө оруулалтын банканд шилжсэн талаар баримт хэрэгт хангалттай цугларсан байсан. /38 дугаар хавтаст хэрэг, 86 дугаар хавтаст хэргийн 38 дугаар талд байгаа Улсын байцаагчийн мэдэгдэл, А.А шүүх хуралдаанд тус хөрөнгө “Капитал банк” ХХК-ийн хөрөнгө мөн үү гэх асуултанд мөн гэхдээ тал нь гэж хариулж байсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

1.10 Дээрх үндэслэл, баримт, тайлбарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж, хохирлын хэмжээг бодитой шийдвэрлүүлэх шаардлагын улмаас хэргийг прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаалгах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй.

Зориулалтын бус гүйлгээний дүн, хохирлын хэмжээний хамаарлын талаар:

2.1 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 234 дүгээр дүгнэлтийн 11 дүгээр асуултын хариултаар 226,953,104,127.48 төгрөгийн, 6,031,512.45 ам.долларын зөрчилтэй гүйлгээг хийснийг тогтоосон. Гэвч шүүхээс хохирлын хэмжээг 104,651,104,478.85 төгрөг гэж шийдвэрлэсэн нь үлдэх хэсгийг шүүгдэгч нарын хууль ёсны хөрөнгө болгох үр дагаврыг гаргалаа. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгох хуулийн зохицуулалттай.

2.2 Хэрэгт “Нууц” гэсэн дардас бүхий 2 хавтас Капитал банкны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх санхүүгийн баримт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ба /Прокурорын яллах дүгнэлтийн 111 дүгээр талын 6 дугаарт бичигдсэн/ энэ эд мөрийн баримтыг мөрдөгч 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Банкны эрх хүлээн авагчийн ажлын албаны архиваас хурааж авсан.

Эд мөрийн баримт нь А.Аын зөвшөөрөл, гарын үсэгтэй баримтаар банкнаас бэлнээр 20,821,531,150.60 төгрөг, 2,133,608.18 ам.доллар, 24,545.25 юань, 308,113.47 еврог гаргуулан авсан баримтууд бөгөөд банкны ажилтнууд энэ тухай гэрчийн мэдүүлгийг өгсөн. /141 дүгээр хавтаст хэргийн 124141 дүгээр тал/ А.А шүүх хуралдаанд энэ талаар асуухад би нэг ч төгрөг аваагүй, намайг гүтгэж байгаа ба энэ талаар баримт байхгүй гэж үгүйсгэж байсан. Шүүх тус баримт, үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүй орхигдсон байна. /шинжээч дүгнэлт гаргах үед байгаагүй баримтууд/.

2.3 Шүүх А.А нь 99,351,651,543.00 төгрөгийн хохирлыг Монгол Улсын хөгжлийн банк, С.А нарт төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэвч С.А нь Банкны эрх хүлээн авагчид банкнаас авах 13,988,790.85 ам.долларын авлагыг А.Аоос барагдуулж авсан, Банкны эрх хүлээн авагчаас авах авлагыг дуусгавар болгох тухай хүсэлтийг ирүүлээгүй. Банкны эрх хүлээн авагч харилцагч, төлбөр авагчийн хүсэлтийг авахгүйгээр түүнд өгөх өглөгийг хасах боломжгүй тул түүнд өгөх өглөг өнөөдрийн байдлаар бүртгэлтэй хэвээр байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухайд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3/438 тоот албан бичгээр Монголбанканд хүргүүлсэн тайлбартаа “54,427,828,862.09 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан боловч “Монгол мах экспо” ХХК нь “Өр төлбөр барагдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-нд тусгагдсаны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах үүргээ биелүүлээгүй, гэрээнд тусгагдсан хугацаанд улсын комисст үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй зэргээс шалтгаалан мөнгөжүүлэх ажиллагаа хийгдээгүй байх тул “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Монгол Улсын Хөгжлийн банк татгалзаагүй” гэж дурдсан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар:

3.1 Шүүгдэгч нар тус гэмт хэргийг Монголбанкны үйл ажиллагаанаас хамаарч гарах гарцгүй болсон тул аргагүйн эрхэнд үйлдсэн гэх тайлбар гаргадаг бөгөөд шүүх шийтгэх тогтоолд ял шийтгэх оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан үзлээ гэж дурджээ. Гэтэл 88 дугаар хавтаст хэргийн 007 дугаар талд Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоол авагдсан бөгөөд тус тогтоолоор “Капитал банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Бишрэлт холдинг" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч А.Аын нэхэмжлэлтэй, Монголбанк, Монголбанкны Ерөнхийлөгч, Монголбанкны Хяналт шалгалтын хороонд холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсэн буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шүүгдэгч нарын тайлбар үгүйсгэгдэж байна.

3.2 Шүүх шүүгдэгч Б.Я, С.Д нарын үйлдлийг өөрсдийн шунахай эсвэл хувийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдээгүй байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 234 дүгээр дүгнэлтийн 11 дүгээр асуултын хариултаар хий авлага өглөгийн данс үүсгэн бэлэн мөнгөөр гаргах, бэлэн бусаар компани хувь хүмүүсийн дансаар шилжүүлэн урьдчилгаа болон дараа тайлан тооцоо хаах, зээлдэгч нарын төлсөн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөр аж ахуйн нэгж байгууллага, хувь хүний зээлийг төлөх, онлайн түр дансыг ашиглан их хэмжээний бэлнээр гаргаж авах зэрэг зориулалт бус гүйлгээнүүд хийсэн гэдгийг хариулсан.

А.А нь дангаар энэ бүх гүйлгээг хийх боломжгүй бөгөөд Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Б.Я, “Капитал банк” ХХК-ийн дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан С.Д нарын оролцоо, дэмжлэгээр үйлдсэн нь тодорхой. Өөрөөр хэлбэл хууль бус үйлдлийг банкны санхүүгийн мэдээ, бүртгэлд халхавчилж оруулах, будлиантуулах, эрх бүхий байгууллагад худал тайлан мэдээлэл гаргах, доод шатны ажилтнуудад үүрэг өгч гүйцэтгүүлэх зэрэг үйлдэл оролцоо байсан.

Б.Я, С.Д нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж үйлдсэн нь тэдгээрийн А.Аод таалагдах гэсэн хувийн, ажил албан тушаалдаа хэвээр үлдэж, цалин хангамж үргэлжлүүлэн авах гэсэн шунахайн сэдэлтэй байсныг шүүх анхаарсангүй. Энэ байдал нь цаашид банкны системд буруу жишиг тогтоох, банкны удирдах албан тушаалтнууд нь зөвхөн өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл гаргах зэргээр банканд хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээхээргүй болохоор байгааг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн зүйлчлэлийн талаар:

4.1 Прокуророос хэргийг “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкийг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан” гэж зүйлчилж шүүхэд шилжүүлсэн.

Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтан, хөндлөнгийн аудиторын үйл ажиллагаанд эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн бол банкны эрх хүлээн авагч Монголбанканд нэн даруй мэдэгдэж, тухайн асуудлыг шалгуулж, шийдвэрлүүлэхээр хууль хяналтын холбогдох байгууллагад хандана" гэж заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд нийт 22 төрлийн гүйлгээ, гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар тухай бүр гомдол, мэдээллийг гаргасан.

Тэдгээр үйлдэл нь өөр хоорондоо харилцан адилгүй, шинж чанараар өөр бөгөөд прокурор банкны төлбөрийн чадвар алдагдуулах гэмт хэргийн нэг шинж гэж үзэж, уутан хэлбэрээр бүхий л үйлдлийг энэ зүйл ангид багтааж оруулж ирсэнд шүүх эрх зүйн бодитой дүгнэлт хийсэнгүй.

4.2 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан бол хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцдог зарчимтай. Капитал банкнаас хууль бус гүйлгээний улмаас гадагш гарсан мөнгөн хөрөнгийн урсгалыг харахад эдгээр нь А.Аын хамаарал бүхий компани руу гарч тэдгээр нь барилга барьж, эргээд хамаарал бүхий компаниар худалдан борлуулж, мөнгө нь банк руу буцаж орж ирдэггүй, хууль ёсны мэт орлого болж харагдуулдаг. Энэ нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байсан. Нөгөө талаар би банкны эзэн гэдгээр санхүүгийн ажилтнуудыг дарамталж касснаас бэлэн мөнгө гаргуулж байгаа үйлдэл нь ЭХТА-ийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” зүйл ангид хамаарч байгаа эсэх талаар дүгнэлт өгөх байсан.

4.3 Хэрэгт Түүх соёлын хосгүй бүтээл майдар бурхан зарсан үйлдэлд огт дүгнэлт өгсөнгүй.

4.4 Шүүх, прокурорын энэ байдал нь цаашид Монгол Улсын банкны системд дахин энэ төрлийн гэмт хэрэг гарах тохиолдолд зөвхөн банкийг төлбөрийн чадваргүй болгох зүйл ангиар хэргийг шийдвэрлэх, банкны удирдлагуудын хууль бус үйлдлийн тухай гомдол мэдээлэл гаргах шаардлагагүй болох, зөвхөн шинжээчээр актив пассивын зөрүүг тогтоолгож хохирлын хэмжээг гаргаж шийдвэрлүүлдэг болох жишгийг тогтоохоор үр дагавар гаргалаа.

Шинжээч дүгнэлтийн 11 дүгээр асуултын хариулт 11-1-д “Урьдчилгаа нэртэй авлагын 2000001841010182 тоот /хэзээ үүссэн нь тодорхойгүй өглөг/ 25,642,578,750.71 эхний үлдэгдэлтэй данснаас 151 удаагийн гүйлгээгээр нийт 30,060.6 сая төгрөгийг “урьдчилгаа шилжүүлэв” гэх гүйлгээний утгатайгаар “Финанс энд сервис” ХХК-ийн төгрөгийн 2000017028 тоот харилцах дансанд орлого хийсэн. Энэхүү урьдчилгаанаас 875.0 сая төгрөг төлөгдөж үлдэх 29,185.6 сая төгрөгийн урьдчилгаа төлөгдөөгүй, санхүүгийн тайланд авлагаар илэрхийлэгдээгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл энэ дүнгээр тус компанийг иргэний хариуцагчаар татаагүй.

Шүүхээс хэрэгт шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан хөрөнгийг шийдвэрлэсэн талаар:

6.1 Шүүх А.Аоос хохиролд 5,352,333.291.00 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн санал болгож, өөрөө сонгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх хэсэгт дурдсан 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хэвээр үлдээгээд А.А, түүний хамаарал бүхий компаниудын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас Банкны эрх хүлээн авагчид захиран зарцуулах эрх нь шилжсэн цаашид худалдан борлуулах, төлбөрт тооцож шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой “Капитал банк” ХХК-ийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө, “Капитал банк” ХХК-ийн охин компаниуд “Отао” ХХК, “Мастер Инженеринг групп” ХХК, “Эм Энд жи давхар далавч” ХХК, “Эрдэнэ зам петролиум групп” ХХК, “Юу Ди Эс констракшн” ХХК, “Мөнххаан трейд” ХХК, “Голдэн сэркл” ХХК, “Централ Эйжиан трейд” ХХК-ийн хувьцаа, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг болон А.Аын нэр дээр гэрчилгээтэй, банкны хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгүүд /Г-2101010829 дугаартай 295 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Г-2202009728 дугаартай 332 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Г2204009856 дугаартай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Э-0118000222 дугаартай 434 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Ү-2003005360 дугаартай 756 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э-2003000801 дугаартай 1,675 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Г-1114001074 дугаартай 750 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Г-1114000488 дугаартай 500 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар/-шт шилжилт хөдөлгөөнийг сэргээлгэж, прокуророос шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан А.А, түүний хамаарал бүхий этгээд, компаниудын нэр дээрх хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг хэвээр үлдээлгэх тухай хүсэлтийг гаргасан боловч хүлээн авсангүй, шүүгдэгчийн санал болгосон хөрөнгүүдээс хохирлыг барагдуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон.

6.2 Мөрдөн байцаах ажиллагааны явцад Прокуророос Авто тээврийн үндэсний төвөөс авсан мэдээллийн дагуу “Капитал банк” ХХК-ийн нэр дээр гэрчилгээтэй нийт 448 ширхэг автомашин, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ба хэрэг шүүхэд шилжихээс өмнө Банкны эрх хүлээн авагч бодитоор эзэмшилд байсан, хүлээж авсан ... улсын дугаартай автомашин, ... улсын дугаартай автомашин, ... улсын дугаартай автомашин, ... улсын дугаартай автомашин, ... улсын дугаартай автомашин, нийт 5 автомашиныг прокурорын зөвшөөрлөөр тухай бүрд нь шилжилт хөдөлгөөнийг сэргээлгэж банкны төлбөрт тооцож шилжүүлсэн, мөн зээлдэгч зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлсөн “Сутайн жим” ХХКийн зээлийн барьцаа ... улсын дугаартай автомашиныг, бүрэн төлсөн “Цэлмэг болор” ХХК-ийн зээлийн үүрэгт барьцаалагдсан ... улсын дугаартай автомашиныг тус тус прокурорын зөвшөөрлөөр сэргээж буцаан шилжүүлсэн.

Гэвч шүүх зөвхөн 37 ширхэг автомашины шилжилт хөдөлгөөнийг сэргээхээр шийдвэрлэсэн бөгөөд үлдэх 441 автомашины шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь дараах 26 автомашины зээлийн үүрэг дуусгавар болоогүй бөгөөд зээлийн өр төлбөр төлөгдөх тухай бүрд буцаан шилжүүлэх шаардлагатай байна.

Үүнд: 5603УВА, 0938СҮА, 2820ХОА, 8553БРА, 6977УБ, 8135УБ, 8136УБ, 8137УБ, 8137УБ, 8138УБ, 6641АЧ, 2721УБ, 4517ХОА, 4527УНӨ, 1553УНӨ, 41530Р0, 5033ХЭҮ, 25730Р0, 49360Р0, 8212УБ, 4182УББ, 3305УБ, 2441УБП, 1518УНЗ, 6080УНК, 7440УБ улсын дугаартай автомашинууд.

Үлдэх 415 автомашины хувьд зээлийн үүрэг дууссан боловч “Капитал банк” ХХК-иас тодорхойгүй шалтгааны улмаас анхны эзэмшигчид нь буцаан нэрийг шилжүүлээгүй, хэрэв анхны эзэмшигч нараас хүсэлт гаргавал тухай бүрт Банкны эрх хүлээн авагчаас нэрийг шилжүүлэх, эсвэл банкийг татан буулгах ажиллагаа дуусгавар болох тохиолдолд улсын бүртгэлээс хасуулах шаардлага үүсэхээр байна.

Иймд шүүх “Капитал банк” ХХК-ийн нэр дээрх автомашинуудын шилжилт хөдөлгөөнийг бүхэлд нь сэргээх байсан.

6.3 Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн М.Аийг томилсон бөгөөд түүн дээр нэмж Банкны эрх хүлээн авагчийн Ажлын албаны захирал Д.Дуламсүрэнг томилж, энэ тухай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1484 дүгээр албан бичгээр Нийслэлийн прокурорын газарт мэдэгдсэн. Хэрэг шүүхэд шилжсэний дараа шүүхэд мөн адил итгэмжлэл олгосон. Итгэмжлэлийн дагуу М.А, Д.Дуламсүрэн нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанд прокуророос Д.Дуламсүрэнг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан тухай тогтоолыг шүүхэд гарган өгч хуралдаанд оролцуулахаас татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан. Гэтэл прокуророос энэ тухай тогтоолыг урьд нь огт танилцуулж байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар хохирогч нь тус хуульд заасан эрхээ төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэхээр заасан бөгөөд ганц төлөөлөгч томилох тухай хязгаарлалт тогтоогоогүй.

Шүүх хуралдаанд банкны хөрөнгийн чанар, байдал, үнэлгээний зэрэг асуудлын талаар Д.Дуламсүрэнг оролцуулах нь ач холбогдолтой байхад шүүх хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд эрүүгийн хэргийг буцаах, эсвэл гомдлыг хангасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Гантөмөр хамтран гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг тодорхой тайлбарласан тул нэмж хэлэх тайлбаргүй. Давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Я, С.Д нарын өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Уг хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлж Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгтэй хамтарч мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Уг байгууллагууд нь санхүүгийн баримтууд дээр буюу Монгол банкны эрх хүлээн авагчийн гаргаж өгсөн баримтуудад тулгуурлан шалгаж шүүх шинжилгээний дүгнэлтүүд гарсан байдаг. Шүүх шинжилгээний дүгнэлт нь 2020 онд гарсан. Өөрөөр хэлбэл, 2 жилийн хугацаа өнгөрсний дараа Монгол банкны эрх хүлээн авагчаас 2022 оны 12 дугаар сард дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан. Бидний зүгээс яагаад маргаад байгаа асуудлыг ойлгохгүй байна. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдвол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэж байна. Банкны тухай хуульд зааснаар банк нь 11 төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Уг 11 төрлийн үйл ажиллагаанд Монгол банкнаас 2015 оноос эхэлж хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг сайжруулах нэрийдлээр хязгаарласаар ирсэн. Өөрөөр хэлбэл, үүрэг өгсөн атлаа эрхийг нь хязгаарласан. Иймд банк актив нэмэгдүүлэх үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хэд хэдэн банкийг татан буулгаж, цагдаа, прокурорын байгууллагаас үйл ажиллагааг нь шалгаж нэлээн практик суусан. Энэ нь хохирогчийн өмгөөлөгчийн “буруу жишиг тогтлоо” гэж хэлсэн тайлбарыг үгүйсгэж байна. Харин 2 байгууллага хамтарч шалгаснаар хамгийн зөв жишгийг тогтоосон. Банк бол маш эмзэг байгууллага тул үүнтэй холбоотой асуудлыг шалгахдаа маш нарийн, үндэслэлтэй шалгаж, ямар хуулийн зүйл, заалтаар яллах үндэслэлийг сайтар шалгаж, тогтоосон гэж үзэж байна. Тухайн банкийг татан буулгах болсон шалтгаанд Монгол банкны буруутай үйл ажиллагаа харагддаг. Банкны тухай хуулийн 51-67 дугаар зүйлүүдэд зааснаар Монгол банк эхлээд банкны бүрэн эрхийн төлөөлөгч томилох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтад заасан бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээнүүдийг авсны дараа Банкны тухай хуулийн 67, 68 дугаар зүйлүүдэд заасан банкийг татан буулгах үйл ажиллагааг явуулах байсан. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр банкийг татан буулгах тогтоолыг танилцуулахдаа бланс хүлээлгэж өгөөгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс миний үйлүүлэгч нарыг 3 үндэслэлээр цагаатгасныг буруу гэж үзэхдээ шүүх шинжилгээний дүгнэлтүүдийг дурдаж “гүйлгээний баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч А.А-ын хувийн эрх ашгийн үүднээс бол дэмжлэгтэй үйлдсэн нь тодорхой. Энэ бүх үйлдлийг ганцаараа хийж чадахгүй” гэж гомдолд дурдсан байдаг. Эрүүгийн хуульд тодорхойлсон эрүүгийн хэргийн бүх шинжийг агуулж гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн эрх зүйн онол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэг тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлдог Эрүүгийн хуульд заасан объектив, субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгоно. Тодруулбал, уг 2 шинжийн аль, аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Гэтэл хохирогчийн гаргаж буй гомдол нь дан ганц үр дагаварт түшиглэсэн. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хохирол учруулахад оролцсон гэж яллаж байна. Гэтэл эрүүгийн эрх зүйн онол болон хууль зүйн зарчмаар энэ үр дагавраар яллахыг хориглосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкыг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тодорхой заасан. Уг гэмт хэргийн объектив талын шинжийг нь “банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй үед хохирол учруулсан бол...” гэж тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Хэдийгээр миний үйлчлүүлэгч нар банкны албан тушаалтан мөн боловч уг гэмт хэргийн шинжийг тодорхойлох дан ганц субьектив шинжид тулгуулан хэргийн зүйлчлэл тодорхойлогдохгүй. Миний үйлчлүүлэгч нар нь тухайн үйлдлийг хийхдээ өөртөө хамааралтай бусад этгээдүүдэд ямар нэгэн давуу байдал үүсгэж, өмч хөрөнгө нэр дээрээ шилжүүлэн хувьдаа завшиж, шунахайн сэдэлтээр үйлдээгүй. Өөрөөр хэлбэл, хохирол учруулснаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж хэт ерөнхий дүгнэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасныг зөрчихөд хүргэнэ. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байна. Анхан шатны шүүхээс хууль тогтоогчийн санааг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Харин анхан шатны шүүх нотлох баримтыг үгүйсгэж хэргийг шийдвэрлээгүй. Зөвхөн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй учраас миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Иймд миний үйлчлүүлэгч Б.Я, С.Д нарт холбогдох цагаатгах хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим нь хэргийн бодит байдлыг тогтоох байдаг. Давж заалдах гомдлыг үзэхэд хэт нэг талыг барьж зөвхөн хохирогч талд ашигтай нотлох баримтуудыг үнэлсэн нь манай улсын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомжийн уялдаа холбоогүй, зөрүүтэй ойлголтууд гарч байна. Өөрөөр хэлбэл, уг хэрэг банкны төлбөрийн чадваргүй болсон дампуурлын эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдэгдэх ёстой атал эрүүгийн хэргийн зохицуулалтын хүрээнд шийдэгдэх асуудлууд холилдсоноос болж үл ойлголцох асуудал гарч байна. “Капитал банк” ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлбөрийн чадваргүйд тооцон тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, эрх хүлээн авагчийг томилсон. Энэ хугацаанаас эхэлж миний бие уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Бид уг хэргийг анхнаас нь үнэн, зөв, бодитой явуулах байдлаар хандаж ирсэн. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр эрх хүлээн авагчаар М.А томилогдох үед би түүнтэй уулзаж “маргаантай зүйл юу байна уу. Хөрөнгийн ямар асуудал байгаа вэ. Ойлгомжгүй зүйлийг би тайлбарлаж өгье. Бид хамтран ажиллаж аль болох харилцагчдын төлбөр, тооцоог барагдуулах хэмжээнд ажиллая” гэхэд “би өнөөдрөөс эхэлж томилогдсон учраас та нарт хамаагүй. Бид өөрсдөө шийднэ. Одоо та нар гар” гэж хариу хэлсэн. Удалгүй шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч нарыг томилсон. Анхан шатны шүүх хуралдаанаар зарим нэг ойлгомжгүй дүгнэлтүүдийн талаар асуултуудыг шинжээч нараас асуусан. Миний зүгээс эрх хүлээн авагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хайнга хандсан гэж үзэж байна. Учир нь, шинжээчийн дүгнэлтийг гаргахад шаардлагатай материалуудыг эрх хүлээн авагч гарган өгч байгаа. 2019 онд шинжээч томилж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Банкны өр төлбөр 492.490.987.834 төгрөг, нийт хөрөнгө буюу эргэн төлөгдөх хөрөнгийг 387.839.880.355 төгрөг гэж дүгнэж, уг 2 төлбөрийн зөрүүг 104.651.984.834 төгрөг гэж үзсэн. Энэ талаар би мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурор, Улсын ерөнхий прокурорт нийт 6 удаа хүсэлт гаргасан. Уг шинжээчийн дүгнэлтэд тодорхой бус асуудлууд олон байдаг. /Дэлгэцээр бэлтгэсэн танилцуулгыг тайлбарлав/ Шинжээчийн дүгнэлтээр гарсан 104.651.984.834 төгрөгийг банкны хөрөнгийн дүн болон банкны өр төлбөр 492.490.987.834 төгрөгийг хооронд нь хасаж гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 89.000.000.000 төгрөгийг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аар үнэлүүлсэн талаар баримт 18 хх авагдсан. Нийт үнэлэгдсэн хөрөнгө 275.000.000.000 төгрөг болж өссөн./дэлгэцээр танилцуулга тайлбарлав/. Уг хөрөнгөд шүүгдэгч А.А, цагаатгагдсан этгээд С.Д, Б.Я нарын хувийн хөрөнгө болон банканд хамааралтай хөрөнгүүдийг үнэлсэн. “Капитал банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгөнүүдийг 89.000.000.000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 250.000.000.000 төгрөг болсон. / 9 дэх заалт өөрчлөгдсөн/ Энэ талаар би мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа хүсэлт гаргаж, шалгаж тодруулъя гэдэг. Энэ үндэслэлээр шинжээч Д.Мөнхцэцэгийг асуухад “89 тэрбум төгрөгийг актив хөрөнгийн дүнд оруулж тооцоогүй. Учир нь, бланст тусгагдсан үнийн дүн тодорхойгүй. Эрх хүлээн авагчаас тоолж хүлээн авсан баримт байхгүй” гэж мэдүүлдэг. Учир нь, эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа эхлэх гэж байх үед шинжээч томилсон. Өөрөөр хэлбэл, энэ хөрөнгөнүүд бүгд бүртгэгдээгүй байхад шинжээчийн дүгнэлт гарсан. Актив хөрөнгийн дүнг тооцохдоо хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-аар үнэлгээ гаргуулж тооцсон. Мөн шинжээч Д.Мөнхцэцэгээс “яагаад 130 тэрбум төгрөгийг оруулаагүй юм бэ” гэхэд “эрх хүлээн авагчаас нотлох баримтаа өгөөгүй тул оруулж тооцуулаагүй” гэж хариулсан. Шинжээчийн дүгнэлтийг бид эрх хүлээн авагчид танилцуулсан боловч эрх хүлээн авагчаас нэг ч хүсэлт гаргаагүй. Бидний зүгээс өр төлбөрийг барагдуулах хангалттай хөрөнгө банканд байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад эрх хүлээн авагч М.А “өмнөх банкнуудыг бодоход хөрөнгөтэй банкны асуудал яригдаж байна” гэж байсан. Иймд хохирол тодорхойгүй гэх асуудал яригдахгүй байгаа. Бид хохирлыг 100 тэрбумаар нь төлье гэх асуудлыг хэлсэн. Арга хэмжээгээ авсан. С.Ад үл хөдлөхөө шилжүүлсэн боловч газар нь шилжээгүй. Өөрөөр хэлбэл, биднээс бус төрийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалсан асуудлууд байдаг. Бид С.Ад үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхийн тулд прокурорт удаа дараа хүсэлт гаргаж, битүүмжлэлтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлж, үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн боловч газрыг үлдээсэн байсан. Бид дахин хүсэлт гаргаж газраа шилжүүлж авсан байдаг. 2019 онд эрх хүлээн авагч томилогдохдоо А.Аод холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Хэргээ хэрэгсэхгүй болгосон атлаа 69-ийн захирамжаа хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчид өгөөгүй атлаа дахин асуудал гарсан. Газраа шилжүүлэх болсон чинь А.Аын хамаарал бүхий бүх компанийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. “E-Mongolia” системд орсонтой холбоотойгоор тухайн компани дээр ямар нэгэн хориг байгаа тохиолдолд ямар ч зөвшөөрөл олгогдохоо больсон байдаг. Газрын төлбөрийг төлмөөр байгаа боловч хоригтой байгаа учраас нэхэмжлэл үүсэхгүй байдаг. Энэ асуудлаар бид хөөцөлдсөний үндсэн дээр газрын төлбөрийг шилжүүлэхэд хийгддэг төлбөрүүдийг төлж, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Газрын албанд материалыг нь өгсөн байдаг. Бидний зүгээс хохиролд гарсан 104 тэрбумыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Төрийн байгууллагын уялдаа холбооноос болж хугацаа алдсан. “Финанс энд сервис” ХХК-ийг Хөгжлийн банканд шилжүүлэх тухай хүсэлтийг прокурорт удаа дараа гаргасан. Гэтэл прокурор “хүлээж бай” гэж хэлсэн атлаа хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирлын хэмжээ тогтоогдсон. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн балансын асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан. Хохирол нэмэгдээд байгаа шалтгаан нь ам.долларын ханшны өсөлт, мөнгөний ханшны уналт гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн банкны үндсэн байрыг Олон улсын хөрөнгө оруулалтын банканд шилжүүлсэн. “Капитал банк” ХХК нь Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас зээл авахдаа Монгол банкнаас зөвшөөрөл авч Олон улсын хөрөнгө оруулалтын банктай хэлцэл хийж, шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Олон улсын хөрөнгө оруулалтын банканд шилжүүлсэн асуудал нь банкийг төлбөрийг чадваргүй болохоос өмнө үүссэн асуудал юм. Мөн “Капитал банк” ХХК нь алтан бурхан буюу үнэт эдлэлийг худалдан авсан байдаг. Үүнийг Монгол банкны хяналт шалгагчийн өгсөн үүргийн дагуу худалдан борлуулсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Тухайн алтан бурхныг худалдан борлуулж үл хөдлөх эд хөрөнгө болгосон. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь “Капитал банк” ХХК-ийн эрх хүлээн авагчийн өмчлөлд шилжсэн. Эрх хүлээн авагчийн зүгээс үйл ажиллагаа явуулж, хөрөнгө, мөнгө дутагдсан гэх асуудал байдаг. Мөн бид эрх хүлээн авагчтай холбоотойгоор одоогийн байдлаар 3 хэрэг үүсгэсэн шалгаж байна. 10 гаруй тэрбум төгрөг завшсан асуудал юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эрх хүлээн авагч томилогдож, мөн оны 4 дүгээр сарын 20-ний өдөр буюу 12 хоногийн дараа банкны өр төлбөр барагдуулах ёстой хүмүүс өөрсдөө 2 тэрбум төгрөг хувааж авсан байдаг. Үүнийгээ эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны урамшуулал гэж тайлбарладаг. Гэтэл үйл ажиллагаа эхлээгүй байсан. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Уг төлбөр төлөгдөх ёстой. Эрх хүлээн авагчаас бодитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас асуудал үүсэж байгаа. Өнөөдөр зөвхөн А.Аоос шалтгаалж өр төлбөр нэмэгдээд байгаа мэт тайлбарлаж байгаа нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Уг хэрэг нь Иргэн, Эрүү, Дампуурлын тухай хуулиар шийдэгдэх ёстой асуудал юм. Банкны тухай хуульд банк төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд яах талаар тусдаа зохицуулсан заалтаар шийдвэрлэх нь хангалттай бус байна. Бид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол, төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Үүний үр дүнд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн өр, авлага барагдах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш эрх хүлээн авагчийн зүгээс Иргэний шүүхэд шалгагдсан болон шалгагдаагүй асуудлаар гомдол гаргаж, бид хариу тайлбар өгч байгаа. Өөрөөр хэлбэл, процессын ажиллагаа үргэлжилж байгаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч нар 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаар шинжээчийн дүгнэлтээр “2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар “Капитал банк” ХХК нь 352.318.000.000 төгрөгийн активтай, өөрийн хөрөнгө -277.582.000.000 төгрөг байсан” гэж дүгнэсэн. Мөн “Капитал банк” ХХК нь 2016 оноос хойш алдагдалтай ажиллаж өөрийн хөрөнгө орлогын дутагдалд орж Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүй. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар нягтлан бодох бүртгэлд бүртгэсэн бодит хуримтлагдсан алдагдал нийт -375.283.000.000 төгрөг, хувь хүн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 492.490.987.834 төгрөгийн өр төлбөртэй байгаагаас банкны хөрвөх чадвартай нийт хөрөнгө буюу эргэн төлөгдөх хөрөнгө нь 387.839.880.355 төгрөг гэж үнэлсэн. Үүнээс зөрүү төлбөрийг 104.651.954.834 төгрөг гэж үзэж, уг төлбөрийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ”Капитал банк” ХХК татан буугдсан буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой асуудлаар шинжээч Д.Мөнхцэцэгээс мэдүүлэг авсан. Дээрх шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулж, мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа хэргийн материалыг оролцогч нарт танилцуулж хэргийг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад ирүүлж, улмаар прокуророос 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр буюу Эрүүгийн хэрэг шүүхэд шилжсэний дараа Нийслэлийн прокурорын газарт хохиролтой холбоотой асуудлаар албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийг прокурорын зүгээс шийдвэрлэх боломжгүй. Мөн шинжээчийн дүгнэлтийг танилцуулаад 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад хүсэлт гаргасан нь тодорхой бус байна. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар тухайн үед нь гомдол, санал гаргах эрх нь нээлттэй байсан. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шинжээч хохирлын тооцоог тодорхойлохдоо 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр буюу “Капитал банк” ХХК-ийг татан буугдсан цаг хугацаагаар тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бодит дүн юм. Мөн сүүлд гарсан зардал, мөрдөн шалгах ажиллагааны зардал болон цаашид нэмэгдэх ирээдүйд гарах зардлыг шинжээчийн дүгнэлтээр нэмж тооцон гаргах боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийг мөрдөгч, прокурор томилно гэж хуульчилсан. “Капитал банк” ХХК-ийн эрх хүлээн авагчийн зүгээс Д.Дуламсүрэнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай албан бичгийг прокурорт ирүүлсэн. Уг асуудлыг прокурорын зүгээс хэрэг шүүхэд шилжсэн тул шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар “Капитал банк” ХХК-ийн 98 хувийн хувьцааг "Бишрэлт холдинг" ХХК эзэмшдэг. Харин “Бишрэлт холдинг” ХХК-ийн хувьцааг шүүгдэгч А.А 100 хувь ганцаараа эзэмшдэг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогддог. Шүүхээс шүүгдэгч Б.Я, С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, гагцхүү шүүгдэгч А.Аын ашиг сонирхол явагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.А, Б.Я, С.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А нь Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус банканд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан 45 мөнгөн хөрөнгийг хувийн ашиг сонирхлын үүднээс Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монгол банкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” гэж, 16.1.2-д “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монгол банкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх” гэснийг зөрчиж Монгол банкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тайлан тэнцлээр тус банкны пассив нь актив хөрөнгөөсөө хэтэрсэн, өөрийн хөрөнгийн дутагдалд орсон, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа буюу хэвийн үйл ажиллагаа алдагдаж банкийг төлбөрийн чадваргүй болгож, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах тушаал гарах үеийн байдлаар нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн бодит хуримтлагдсан алдагдал нийт -375,283.1 сая төгрөг, хувь хүн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 492,490,987,834 төгрөгийн өр төлбөртэй байгаагаас банкны хөрвөх чадвартай нийт хөрөнгө буюу эргэн төлөгдөх хөрөнгө нь 387,839,880,355 төгрөг, зөрүү 104,651,984,834 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аийн: “...Капитал банкийг албадан татан буулгах үед байсан хадгаламж эзэмшигч, харилцагчид, эх үүсвэр байршуулагчид бүгд хохирогч. Татан буугдах өдрийн байдлаар Капитал банкны тайлан тэнцэлд 624.7 тэрбум төгрөгийн өр төлбөр бүртгэлтэй байсан. Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр банкны өр төлбөрийг хязгаарлаж, хүүг зогсоосон. Банкны үйл ажиллагаа хэвийн байсан бол харилцагч, хадгаламж эзэмшигчид, эх үүсвэр байршуулагчид гэрээнд заасан хүүгээ үргэлжлүүлэн авах боломжтой байсан буюу хүүгээр хохирсон байна. /Гэхдээ хуулиар энэ хүүг хохирол гэж хадгаламж эзэмшигч, хохирогчид нэхэмжлэх эрхгүй/. ...Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 151.7 тэрбум төгрөгийн харилцах, хадгаламж эзэмшигчдийн өр төлбөрийг дараах эх үүсвэрээр барагдуулсан. Үүнд: даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрөөр 44.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Банкны тухай хуулиар энэ мөнгийг Хадгаламжийн даатгалын корпорац Банкны эрх хүлээн авагчаас буцаан авах ёстой бөгөөд Монгол банк болон Хадгаламжийн даатгалын корпорацын хоорондын тооцоогоор уг авлагыг Монгол банк шилжүүлэн авч Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилснээр Банкны тухай хуулийн 73.1.7-д заасан дараалалд бүртгэгдсэн. Эрх хүлээн авагч банкны тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд Монгол банкнаас зөвшөөрөл авч 50.0 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргаж өр төлбөр барагдуулсан. Банкны эрх хүлээн авагч өнгөрсөн хугацаанд 14.1 тэрбум төгрөгийн өрийн бичгийг төлж барагдуулснаар 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өрийн бичиг 35.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Бусдыг нь актив мөнгөжүүлсэн хөрөнгө /зээл, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, хөдпөх хөрөнгө/-өөр болон хөрөнгө төлбөрт тооцон шилжүүлэх байдпаар барагдуулсан...” /2хх 94-99/,

гэрч Ш.Х-ийн: “...Капитал банкны пассив /өр төлбөр буюу харилцагч, хадгаламж эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгө/ нь актив хөрөнгө /банкны баланс дээр тусгагдсан нийт хөрөнгө/-өөс хэтэрсэн, төлбөрийн чадваргүй болсон гэдгийг үндэслэсэн байна. ...Капитал банканд 2015 онд Монгол банкнаас хийсэн шалгалт, ирүүлсэн тайлангуудаас банкны санхүүгийн үйл ажиллагаа хэвийн бус болж зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангахгүй байсан. Ингээд Банкны тухай хуульд заасны дагуу Монгол банкнаас шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Капитал банканд 200 тэрбум гаруй төгрөгийн чанаргүй зээл байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцах, хадгаламжийн мөнгөн хөрөнгө 101.9 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын харилцах, хадгаламжийн мөнгөн хөрөнгө 134.8 тэрбум төгрөг, Ангаах ухааны их сургуулийн харилцах, хадгаламжийн мөнгөн хөрөнгө 4,0 тэрбум төгрөг, Боловсролын их сургуулийн харилцах, хадгаламжийн мөнгөн хөрөнгө 2,0 тэрбум төгрөг, Хөгжпийн банкны харилцах, хадгаламжийн мөнгөн хөрөнгө 1,8 тэрбум төгрөг байсан. Мөн Монгол банкны 12.8 тэрбум төгрөг болон Хөгжлийн банкны 51,9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татаж байршуулсан байсан. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 47,3 тэрбум төгрөг байршиж байсан. “Капитал” банкны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага А.Атой хамааралтай “Ялгуун интернэшнл” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК, “Монгол эм импекс” ХХК, “Эрдэнэ зам” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд зээл өгсөн байдаг. Одоо дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн зээлийн үлдэгдэл нийтдээ 16-17 тэрбум төгрөг орчим байгаа юм...” /4хх 42-45/,

гэрч А.Ш-ийн: “...2019 оны 4 сарын 08-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар Капитал банкийг татан буулгасан. Тус банкны эрхийг хүлээн авах ажиллагаа одоо болтол үргэлжилж байна. Уг ажиллагаа дуусах болоогүй, тус банкны баримтуудыг шалгахад банкны хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнууд ашиглан, ашиг орлогыг өөрийн хамаарал бүхий компани руу шилжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг банкаар төлүүлж байсан асуудал гарч ирж байна. Энэ нь Банкны тухай хуулийг зөрчсөн үйлдлүүд. Тэдгээрийг дурдвал: Орхон, Говь-Аптай, Ховд аймгууд дахь Капитал банкны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гаднын өөр иргэн, байгууллагуудад түрээсээр ашиглуулж байна. Уг түрээсээр олсон орлого нь Капитал банканд биш “Бишрэлт пропертиз” ХХК-ийн данс руу ордог байна. Тухайн асуудал нь хэзээнээс хойш үргэлжилж байгаа, ямар хэмжээний ашиг орлого олсон талаар тодруулахаар ажиллаж байна. Мөн энэ талаар “Бишрэлт пропертиз” ХХК-нд хандахад баримтаа үзэж байна, аль нь банкны хөрөнгө, аль нь “Бишрэлт групп” ХХК-ийн хөрөнгө гэдгийг ялгаж байна гэсэн хариуг амаар өгөөд 14 хонож байна. Тус банкны өмчлөх бусад хөрөнгөнд бүртгэлтэй Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 56 тоотод байрлах 3054м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай барилга буюу Энхтайван найрамдлын ордоны барилга, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 дугаар байрны 2 тоот байршилтай 931м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол 41 дүгээр байранд байрлалтай 5 үл хөдлөх хөрөнгө зэргийг бусдад түрээсэлдэг боловч түрээсийн орлого Капитал банканд орж ирээгүй “Бишрэлт пропертиз” ХХК руу ордог. Капитал банк, “Бишрэлт трейд” ХХК-иуд нь хамтран ОХУ-д байдаг Олон Улсын МИБ банкнаас 2015 оны уед авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрт банкны өмчлөх бусад хөрөнгөнд бүртгэлтэй байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Нарны зам гудамж 20 тоотод байршилтай ... нийт 10,426,406,850 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Капитал банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор төлөх шийдвэр гарган шилжүүлсэн байна. Тухайн үед тус банканд Монгол банкны хянагчаар ажиллаж байсан Ш.Хандсүрэн бид хоёр уг зөрчлийг арилгуулахаар Улсын байцаагчийн мэдэгдэл бичин Капитал банкны гүйцэтгэх захирал А.Аод хүргүүлсэн боловч, ямар ч хариугөгөөгүй, зөрчлөө зогсоож, арилгах арга хэмжээг зориудаар аваагүй. ...Монгол банкнаас зөвшөөрөл авалгүй мөн балансын үнээс доогуур үнээр хөрөнгөө шилжүүлсэн асуудал байгаа...” /4хх 53-54/,

гэрч Б.О-ийн: “...Өнөөдрийн байдлаар нийт 9 зөрчлийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар холбогдох материалыг хүргүүлсэн. Миний мэдэж байгаагаар, Банкны төв байрыг өмчлөх хөрөнгөд бүртгэлгүйгээр бусдад шилжүүлсэн /11,8 тэрбум/. “Нийслэл өргөө” ХК-ийн зээлийн төлбөрийн асуудал /20,4 тэрбум/ “Монгол анар трейд” ХХК-ийн зээлийн төлбөрийн асуудал /5,5 тэрбум/- Иргэн С.Туулд банкны хөрөнгөд бүртгэлтэй ХУД-ийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамжны 310-04 орон сууц болон авто зогсоолыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. /810 сая/ А.Аын нэр дээр банкны өмчлөх бусад хөрөнгөд бүртгэлтэй нэр бүхий газартай холбоотой асуудал. /43,7 тэрбум/ Капитал банкны охин компани болох нэр бүхий 8 /ОТОА, Эм эн жи давхар далавч, Эрдэнэ зам петролиум групп, Голден серкл, Мастер инженеринг, Юу ди эс констракшн, Мөнххаан трейд, Централ эйжиан трейд/ компаниудын нэр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал. Капитал банкны хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг иргэн Б.Бүд, Г.Буянбат, Г.Мөнхтуул нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. /12 тэрбум/ “Эрдэнэ зам” ХК-ийн данснаас зөвшөөрөлгүйгээр 1,6 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. “Ривербийч” ХХК нэртэй дансыг /авлага, өглөг/ үүсгэж 2,5 тэрбум төгрөгийг бэлнээр гаргаж авсан /хэн тодорхойгүй, кассаас гарсан/, бэлэн бусаар тус данснаас “Глобал хурд” ХХК-ийн данс руу 70 сая, “Бишрэлт Пропертиз” ХХК-ийн данс руу 130 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн 242,5 сая төгрөгийн өмчлөх бусад хөрөнгийг тэнцлээс хассан, Иргэн С.Түмэнгэрэлд 2,3 сая ам.доллар, Т.Гэрэлтуяад 3,2 сая ам.долларыг бэлэн болон бэлэн бусаар тус тус шилжүүлсэн ба эдгээр гүйлгээний баримтууд нь кассын болон мемориалын баримтад үдэгдээгүй, байхгүй, банкны бүртгэлийн суурь системд тохируулга хийсэн байсан ба нийт банканд 2,9 тэрбум төгрөг, 7,6 сая ам.долларын хохирол учруулаад байна. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1037 зээлдэгчийн 192 тэрбум төгрөгийн зээл, ойролцоогоор 229 тэрбум /хөрөнгийн үнэлгээгээр 148 тэрбум төгрөгийн үнэлгээтэй/ 260 хөрөнгө бүртгэлтэй байна...” /4хх 126-128/,

гэрч М.М-ийн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс Капитал банкны эрх хүлээн авагчийн гишүүнээр ажиллаж байна. Мөн өдөр Капитал банкны гүйцэтгэх удирдлагуудаас тухайн үеийн байдлаар нь тус банкны балансыг баталгаажуулан хүлээн авсан. Банкны балансын актив талын өмчлөх бусад хөрөнгөд 149 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байсан. Үүнээс “Юу Ди Эс констракшн” ХХК, “Мастер инженеринг групп” ХХК, “Голден серкел” ХХК, “Мөнххаан трейд” ХХК, “Централ эйжиан трейд” ХХК, “ОТОА” ХХК, “Эм Эн Жи давхар далавч” ХХК гэсэн компаниудын 91 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байсан. Энэ хөрөнгүүд нь өмнө нь зээл байж байгаад Капитал банкны нэр дээр шилжүүлсэн гэх мэдээлэл байсан. Уг мэдээллийг Капитал банкнаас Монгол банканд өгсөн байсан. Дээрх компаниудын зээлийн хувийн хэргийг холбогдох ажилтнууд болох архивын мэргэжилтэн Шүрэнцэцэг, Зээлийн хэрэг бүртгэлийн мэргэжилтэн Ургамал нараас асуухад байхгүй гэсэн. Тухайн компанийн зээлтэй холбоотой мэдээллийн грейф банк системээс хайхад зээлийн данснууд хаагдсан төлөвтэй байсан бөгөөд гаргасан зээлүүдэд хүү бодогдоогүй байсан. Өөрөөр хэлбэл, олгосон зээлээ буцаагаад тэр дүнгээрээ хаасан гэсэн мэдээлэл байсан. ...” /4хх 129/,

гэрч Э.Б-ийн: “...иргэн, байгууллагын нэхэмжлэлийг Ш.Хандсүрэн хариуцан хүлээн авч, тулган баталгаажуулалтыг хийж, өр, төлбөр барагдуулах дараалалд оруулах ажлыг хийсэн. ... 2019 оны 4 дүгээр сарын 22-ноос 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн хүлээн авч, тулган баталгаажуулалт хийгээд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хохирлыг барагдуулж эхэлсэн. ... нийт давхардсан тоогоор 918 нэхэмжлэлийг хүлээн авч, тулган баталгаажуулалт хийсэн...” /4хх 140-141/,

гэрч Б.А-ийн: “...Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын банкин дахь мөнгөн хадгаламжийг албан журмаар даатгаж /жилийн 0,25/ даатгалын нөхөн төлбөрт 20 сая хүртэлх төгрөгийг харилцагч бүрт олгох чиглэлээр ажилладаг. Үүнийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, ашгийн төлөө бус Төрийн өмчит сан. Капитал банк татан буугдсанаас хойш буюу хуульд заасан ажлын 10 хоногийн хугацаанд Капитал эрх хүлээн авагчийн гаргаж өгсөн харилцагч нарын мэдээллийг үндэслэн 20 сая хүртэлх хадгаламж эзэмшигч, харилцагч нарын даатгалын нөхөн төлбөрийг тооцооллыг манай байгууллагаас гаргаж, нийт 354.260 харилцагчийн 44,662,554,578.04 төгрөг болсон. Уг үнийн дүнг эрх хүлээн авагчид шилжүүлж, эрх хүлээн авагч цааш нь даатгалын нөхөн төлбөр олгох Хаан банк руу шилжүүлсэн. Нөхөн төлбөрийн эх үүсвэрийг Хадгаламжийн даатгалын сангаас гаргасан. Нөхөн төлбөрт Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан хадгаламж эзэмшигч, харилцагч нарт даатгалын төлбөр олгоогүй. ...” /4хх, 161-162/,

гэрч Д.Б-ы: “...банкны зээлийн багцын эргэн төлөлт саатаж, зээлийн багцын активт эзлэх хувийн жин нь 70 орчим хувьтай байсан санагдаж байна. Улмаар зээлийн эргэн төлөлт саатсанаас хамаарч, зээлийн чанар муудах, үүнээс шалтгаалан Монгол банкнаас тогтоосон төлбөр түргэн гүйцэтгэх зохист харилцааг хангахгүй болж, том дүнтэй гүйлгээ, харилцах хадгаламжийг хугацаанд нь гаргаж өгөх боломжгүй байх эрсдэл үүссэн. Уг эрсдэлүүдийн талаар тухай бүрд нь манай газраас судалгаа, шинжилгээ хийгдээд зөвлөмж, анхааруулгыг хийж ажиллаж байсан. Бидний зүгээс хүргүүлсэн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй. ...” /5хх 153-154/,

гэрч Б.П-ын: “...”Голден серкл” ХХК-ийн захирал/:..Би нийт хэдэн төгрөгийн зээл авснаа мэдэхгүй байна. Манай компани Дорноговь аймгийн ЗамынҮүд суманд 5 давхар орон сууцны барилга барьж байсан. Миний төрсөн эцэг Бүд надад “Капитал” банктай байгуулсан гэрээг авч ирж өгөөд буцаагаад явсан. Тухайн үед орон сууцаа бариад дуусаад байж байтал Капитал банкны зүгээс ”Голден серкл” ХХК-ийг тэр чигт нь шилжүүлж авна гэх зүйл яригдаад миний эцэг Бүд бид 2 цуг яваад “Капитал” банкны зүгээс Т ирээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр байрлах “Гранд плаза” дэлгүүрт байсан нотариат руу ороод аж ахуйн нэгжийг шилжүүлж өгсөн...” /89хх 70-71/,

гэрч Д.М-ийн: “...Миний хувьд хамгийн анх 2014 онд “Капитал” банкнаас өөрийн “Эм Эн Жи петролиум” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайна ам 1 дүгээр гудамж 1 тоот барилгатай хашааг аваад тухайн барилга байгууламжийг нь нураагаад газрыг нь тэгшилж өндөр хүчдэлийн шугам татаад орон сууц барихаар зураг төсөл гаргаад холбогдох зөвшөөрлүүдийг нь авчхаад “Капитал” банканд ийм үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа танилцуулж 1 тэрбум төгрөгийн зээл авч байсан. Тэгээд барилгаа барихаар туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ хийж дуусаад дараагийн санхүүжилт авахаар “Капитал” банканд хандахад надад тодорхой хариу өгөлгүйгээр санхүүжилт дахин олгоогүй. Надад Түвдэндорж хэлсэн учраас энэ компанийг үүсгэн байгуулсан. Тухайн үед Түвдэндорж нь “танай компани барилгын ажлаа шуурхай хийхгүй байгаа учраас дахин нэмж зээлийн санхүүжилт олгох боломжгүй. Харин “Эм Эн Жи давхар далавч” ХХК-ийг та өөрөө байгуулаад хөрөнгүүдийг тухайн компанийн нэр дээр шилжүүлнэ” гэж хэлэхээр нь би компани нээгээд гэрчилгээ, тэмдэг зэргийг Түвдэндоржид хүлээлгэн өгсөн. Би анхны байгуулсан зээлийн гэрээгээр 1 тэрбум төгрөг л авсан. ...” /89хх 77-78/,

гэрч М.А-н: “...Би “Эм Эн Жи Петролиум” ХХК-ийн талаар сайн мэдэхгүй. Манай аавын нэр дээр 5 компани байдаг. Тэгээд манай аав 2018 оны 9 дүгээр сард төрийн албанд томилогдохоор болоод өөрийнхөө нэр дээр байсан компаниудыг миний нэр дээр шилжүүлсэн. Би “Эм Эн Жи Петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Тэрнээс би энэ компаниудын юу хийдэг, ямар үйл ажиллагаа явуулдгийг сайн мэдэхгүй. Манай аав хэдэн онд билээ Капитал банкнаас 1 тэрбум төгрөгийн зээл авч барилга барьж байсан. Тэгээд тэрийгээ төлж чадалгүй газруудаа алдаж байсан. Тэрнээс өөр ямар нэгэн банканд өр зээл гэх юм байхгүй байхаа...” /92хх 59-60/,

гэрч Н.Г-ийн: “...Капитал банк нь “Голден сиркп” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 14 тэрбум 894 сая төгрөгөөр тооцож авсан боловч одоогоор тус компанийн өмчлөлд Дорноговь, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 8,454,707,660 төгрөгийн үнэлгээ бүхий 2 үл хөдпөх хөрөнгө байгаа бөгөөд эдгээр үнэлгээнүүдийн зөрүү дүн болох 6,4 тэрбум төгрөгөөр Капитал банкийг хохироосон гэж үзэж байгаа. Капитал банк нь “Мастер инженеринг групп” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 19,9 тэрбум төгрөгөөр тооцож авсан боловч одоогоор тус компанийн өмчлөлд 13,5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүд байгаа бөгөөд үүний зөрүү дүн болох 6,3 тэрбум төгрөгөөр Капитал банкийг хохироосон. Тухайн компанийн өмчлөлд байгаа 116 байрны 0 тоот блок байрнаас Бишрэлт компани нь дур мэдэн зарж борлуулсан үйлдэл тогтоогдоод байна. Энэ үйлдлийн улмаас 5,1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байна. Капитал банк нь “Юу ди эс констракшн” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 17,8 тэрбум төгрөгөөр тооцож авсан боловч тус компанийн өмчлөлд 13,5 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүд байгаа. Эдгээр үнэлгээний зөрүү дүн болох 4,2 тэрбум төгрөгөөр Капитал банкийг хохироосон гэж үзэж байна. Тухайн компанийн өмчлөлд байгаа 11 в байрны 0 тоот блок байрнаас Бишрэлт компани нь дур мэдэн зарж борлуулсан үйлдэл тогтоогдоод байна. Энэ үйлдлийн улмаас 7,7 тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байна. Капитал банк нь “Мөнх хаан трейд” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 5 тэрбум төгрөгөөр тооцож авсан боловч одоогоор тус компанийн өмчлөлд банканд шилжүүлж өгөхөөс өмнө ашиглах эрхийн хугацаа дууссан Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын ам гэх газарт 1,0 га, Хүрэлтогоот гэх газарт 15 га газрыг тус тус тооцож өгсөн боловч бодитоор үнэлгээ хийлгэх үл хөдпөх хөрөнгө байхгүйн улмаас банкийг мөн дүнгээр хохироосон гэж үзэж байна. Капитал банк нь “ОТОА” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 8,6 тэрбум гаруй төгрөгөөр тооцож авсан боловч одоогоор тус компанийн өмчлөлд 825,126,800 төгрөгийн үнэлгээ бүхий 5 үл хөдпөх хөрөнгүүд байгаа бөгөөд эдгээр үнэлгээ зөрүү болох 8,8 тэрбум гаруй төгрөгөөр Капитал банкийг хохироосон гэж үзэж байна...” /89хх 96-97/,

гэрч Б.А-ын: “...уг бурхныг би худалдан аваагүй. Уг гэрээн дээр тусгагдсан байгаа үл хөдлөх хөрөнгүүд миний нэр дээр огт байгаагүй, би мэдэхгүй. Энэ асуудлын талаар Дээс асуувал илүү мэдээлэл өгөх байх. 2200001158 дугаартай Капитал банкны дансны талаар надад мэдэх зүйл байхгүй. 2658712 дугаартай “Мөнххаан трейд” ХХК-г мэдэхгүй. Уг байгууллагын талаар анх удаа сонсож байна. Уг байгууллага байдаг гэдгийг ч мэдэхгүй юм байна. ...” /89хх 228-229/,

гэрч А.Э-ийн: “...Би “Мөнххаан трейд” ХХК-ийн талаар огт мэдэхгүй. 2016 оны 4 дүгээр сард манай хүргэн ах А.А нь “түр зуур чиний нэр дээр нэг компани шилжүүлчихье, тэгээд дараа нь буцаагаад авчихна” гэж байсан. Тэр дагуу би А.А ахтай уулзаад нотариат ороод гэрээ байгуулаад уг “Мөнххаан трейд” ХХК-г миний нэр дээр шилжүүлж байсан. Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болохыг нь би мэдэхгүй. Уг компанийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй, миний нэр дээр л бүртгэлтэй байснаас өөрөөр би оролцож байгаагүй, огт мэдэхгүй компани, тамга, тэмдэг нь хэнд байдаг болохыг мэдэхгүй, надад бол байхгүй, харж байгаач үгүй. ...” /89хх 231/,

гэрч С.Н-ийн: “...Би “Отао” ХХК-ийг 2016 оны 4-5 дугаар сарын үед Агваанжамбын А захирлаасаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Нэг өдөр Капитал банкин дээр А.А захирал надтай уулзаад “чиний нэр дээр нэг компани шилжүүлье, уг компанийн объект нь Эрдэнэтэд байдаг, чи компани шилжүүлэх бичиг цаасны ажилд оролцоод яв” гэсэн. Тэгээд хаана гэдгийг санахгүй байна нотариат дээр очоод бэлдчихсэн бичиг цаасан дээр гарын үсэг зурсан. ...2016 оны 12 дугаар сарын үед Капитал банкны ажилчдын нэг намайг дуудаад Гранд плаза дээр байдаг нотариат дээр очоод бэлдсэн гэрээн дээр гарын үсэг зураад “Отао” ХХК-ийг банк руу шилжүүлсэн. ...компанийн гэрчилгээ, тамга тэмдэг надад байгаагүй. Зээлийн газрынхан дээр гэрчилгээ, тамга нь байсан байх. Захирал А.Аын ярианаас агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай объект байгаа гэж ойлгосон. Хаана байдаг талаар нь сайн мэдэхгүй. Надад “Отао” ХХК-ийн нэр дээр зээл гаргалаа гэсэн зүйл яриагүй. Миний хувьд зээл хөөцөлдсөн зүйл байхгүй. “Отао” ХХК-ийн нэр дээр 5,000,000,000 төгрөгийн зээл олгосон дансны хуулга үзүүлсэн. Тэр зээлийн талаар би мэдэхгүй, надад ямар ч хамаагүй...” /95хх 162-163/,

гэрч И.Д-ийн: “...Манай байгууллага нь уг Капитал банктай огт харилцаж байгаагүй бөгөөд 2015 онд Засгийн газрын 2015 оны “Ноолуурын үйлдвэрийн дэмжих экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” №149 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн сайдын 2015 оны №96 тоот тушаалын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн 14 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл гаргуулахаар тус банканд хандаж байсан. Тухайн үед холбогдох материалаа бүрдүүлэн зээл авах хүсэлт гаргасан боловч нэг ч төгрөгийн зээл аваагүй, манай байгууллагад зээл олгох шийдвэр гараагүй, манай байгууллагад зээл олгохгүй гэж банкны зүгээс амаар л мэдэгдсэн албан ёсны ямар нэгэн хариу ирүүлээгүй...” /96хх 233-235/,

гэрч З.Н-ийн: “...Миний санаж байгаагаар 2013 онд Засгийн газрын эх үүсвэртэй, цемент барилгын материал дэмжих төслийн зээлийг Капитал банкаар дамжуулан анх удаа 2 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Зээлийн барьцаа хөрөнгөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, техник тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан. Гэтэл 2019 онд иргэний хэргийн шүүхээс намайг дуудаж, Капитал банкнаас авсан болон аваагүй дээрх 2 зээлийг нэгтгээд 5,4 тэрбум төгрөгийг нэхэмжилж, эхний авсан зээлийн эргэн төлөлт болох 2,7 тэрбум төгрөгийг төлөх шийдвэр гарсан. Миний хувьд 1 л удаа зээл авсан, 2 дахь зээлийг аваагүй, хэрвээ манай компанийн нэрээр миний аваагүй зээлийг аваад зарцуулсан болон хэн нэгэн хүн бидний өмнөөс хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж ойлгосон...” /96хх 100/,

гэрч Б.Бүд-н.: “...”Мастер инженеринг” ХХК-ийн хувьд 8,5 тэрбум төгрөгийн зээлийн Капитал банкнаас авч байсан, тухайн зээлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Веллмарт худалдааны төв бүхий 110 айлын орон сууцны цогцолборыг барихад зарцуулах зорилгоор авсан. Улмаар уг зээлүүдийн хүүг төлж байгаад барьцаа хөрөнгөөрөө зээлийг хаасан. “Голден серкл” ХХК-ийн нэр дээр авсан 10 тэрбум төгрөгийн зээлийг мөн ер нь Замын-Үүдийн 68 айлын орон сууц үйлчилгээний зориулалт бүхий барилгыг барьж ашиглалтад оруулахаар авсан Каракум ХХК-ийн зээлийг бол дарааллаараа ярих юм бол хамгийн эхэнд зээл авсан байдаг бөгөөд тухайн үедээ миний эзэмшлийн компани байсан бөгөөд анх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны веллмарттай барилгын ажлыг эхлүүлэхэд барилгын суурийг ухах, барилгыг эхлүүлэх хөрөнгийн эх үүсвэр болгон авч байсан зээл бөгөөд тухайн зээлийг Зайсангийн 11 дүгээр хороонд байх 1,4 га газрыг компанитай нь хамт банканд шилжүүлэн өгч хааж байсан. Буянбатын нэр дээр 10 тэрбум төгрөгийн зээлийг авч тухайн зээлээр Нийслэл өргөө ХХК-ийн 10 тэрбум төгрөгийн зээлийг хааж байсан. Тухайн зээлийг хаасны зөрүүнд Нийслэл өргөө ХХК-ийн барьцаанаас чөлөөлөгдсөн 4 үл хөдлөх хөрөнгийн шилжүүлэн авч хожим уг 4 үл хөдлөх хөрөнгийг банкны баланс дээр бүртгэн авч Буянбатын зээл хаагдаж байсан. Тухайн 10 тэрбум төгрөгийг Буянбат өөр дээрээ ч бэлнээр аваагүй, тухайн мөнгө нь банкнаас гараагүй, шууд Нийслэл өргөө ХХК-ийн зээлийг хаахад ашиглагдсан. Өөрөөр хэлбэл, Буянбат хувьдаа авсан зүйл байхгүй, тухайн зээлээс 1 тэрбум төгрөгийг банк Мастер инженеринг ХХК болон Бүд нарын зээлийн хүүг төлөхөд татан авсан. Уг 4 зээлийг миний нэр дээр биш 5-н тусдаа гарч байгаа шалтгаан нь бол тухайн байгууллага, иргэд нь уг барилгуудыг барьж байгаа боловч надаар дамжиж байгаа учраас А.А захирлын зүгээс “миний бие уг барилга барьж байгаа хүмүүсийг танихгүй, чи таних учраас чи хариуцан ажилла, уг байгууллагуудад би зээлийг нэр дээр нь гаргаж өгнө, гэхдээ авсан зээл нь Бүд чиний данс руу шилжинэ шүү, ингэснээрээ чи тухайн зээлийг зориулалтын дагуу зарцуулагдахыг хариуцна шүү” гэсэн болзол тавьж байсан учраас би болзлыг хүлээн зөвшөөрч тухайн зээл авч буй байгууллагуудтай ойлголцон ажлыг нь бүтээсэн. Харин Буянбатын зээлийн хувьд бэлнээр олгогдоогүй учраас миний дансаар дамжаагүй. Зөвхөн надад зээл олгохоор нэг иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлийн дээд хэмжээ хэтрээд байсан, нөгөө талд нь ажил зогсож, хөрөнгийн дутагдал бий болох гээд байсан учраас банкны зүгээс “гүйцэтгэж байгаа компанид чинь зээл олгоё, гэхдээ зээлийг зарцуулалтыг Бүд та хариуцна шүү” гэсэн шаардлага тавьсан, тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийг авсан. Хэдийгээр зээлийн мөнгөн дүн том боловч тухайн зээлүүдийг хийж байгаа ажилтай нь холбогдуулан бага багаар банкнаас гаргаж өгч байсан, өөрөөр хэлбэл банкны зүгээс өнөөдөр 1 давхрын цутгалтад шаардлагатай 100 сая төгрөг авахаар би хүсэлт гаргахад батлагдсан зээлээс 100 сая төгрөг олгогдон Мастер инженерингийн дансаар дамжин миний данс руу шилжин орж ирж улмаар тухайн мөнгийг цутгалтад зарцуулах жишээтэй. Өөрөөр хэлбэл нэг дор их хэмжээний зээлийн мөнгө миний дансанд орж ирж ашиглагдаагүй. Банкны зүгээс А.А захирал барилгын гүйцэтгэлийг өөрөө ирж харж хянадаг байсан. Мастер инженеринг ХХК-ийн Ариунаа захирал гэхэд өөрийн байгууллагын нэр дээр зээл авсан боловч өөрт нэг ч төгрөг аваагүй, барилгын ажил гүйцэтгэгч л байсан. Мөн түүнчлэн А.А захирлын шаардпагаар Капитал банк, Бишрэлт трейдийн үйл ажиллагаанд шаардлагатай байдлаар 17 удаагийн гүйлгээгээр нийт 2,118 тэрбум төгрөгийг, Эм импекс ХХК-д 2 удаагийн гүйлгээгээр 244 сая төгрөгийг, Эм импексийн захирал /А.А хадам дүү/ Б.Болормаад 10 удаагийн гүйлгээгээр 526 сая төгрөгийг, Саруул товер /одоогийн нэршил Централ парк/-д 6 удаагийн гүйлгээгээр 527 сая төгрөгийг шилжүүлэн зарцуулж байсан, нийтдээ 3,416 тэрбум төгрөгийг дээр дурдсан 4 зээлээс зарцуулж байсан. Цэвэр итгэлцлийн журмаар ярилцаж тохиролцон хийсэн бөгөөд тийм ч болохоор зээлүүд нь миний данс руу ордог байсан. Өөр байгууллагын зээлийн данснаас миний данс руу мөнгө орох үндэслэл байхгүй шүү дээ, зөвхөн банк өөрөө л энийг шийддэг шүү дээ. Капитал банкны захирал А.А л байсан. Бишрэлт группийн мэдлийн газар дээр бидний нэрээр зээл авахуулж барилга бариулан улмаар тухайн зээлийг уг барилгаараа хааж байсан. ...миний дансанд зээлээс орж ирсэн мөнгөнөөс А.Аын шийдвэрээр 2 машин авч байсны нэг нь Капитал банкны нэр дээр байгаа 570, нөгөөх нь Ундармаагийн нэр дээр байгаа Бенз Эс Эл 500 маркийн машин байгаа. Тухайн 2 машинтай холбоотойгоор миний бие иргэний шүүхэд гомдол гаргасан байгаа. Шүүхэд хандсан шалтгаан нь бол Банкны эрх хүлээн авагчийн зүгээс Буянбаттай холбоотой асуудлаар шүүхэд хандаж, болсон асуудлыг ойлгохыг хүсэхгүй байгаатай нь холбоотойгоор л хандсан байгаа. Централ парк барилгын карказ, угсралтын ажлыг Мастер инженеринг хийж гүйцэтгэн оролцсон. Уг барилгын цутгалтыг бүрэн хийсэн. Гадна дотор заслыг нь бол мэдэхгүй байна. Угсралтын ажлын хөлсийг хаанаас гарсныг нь мэдэхгүй байна. Ариунаа захирал мэдэж байж магадгүй, утас нь 91910232 гэж байгаа. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны, Веллмарттай барилгын хувьд тухайн барилгын 3 блокийн гадна засал, зам талбайг нь хийж дуусгаад дотор засал нь дутуу байсан. Уг барилгыг босгоход 40 орчим тэрбум буюу дээр ярьсан 4 зээлээс л боссон. Намайг уг барилгын А блокийн гадна заслыг хийж дуусгаад хүлээлгэн өгөх үед Бао Эрдэмтүү гэдэг хүний оролцоо, хөрөнгө оруулалт байгаагүй, гадна заслын чулууг Бао Эрдэмтүү-гээс авсан боловч мөнгийг нь өгчихсөн байсан болохоор уг хүний оролцоо энэ барилгад байхгүй. Сүүлд дотор засалд нь Бао Эрдэмтүү оролцсон эсэхийг мэдэхгүй байна. Дотор засалд тодорхой хэмжээний мөнгө орсон байхаа. А блок нь банканд адилхан л барьцаанд байсан байх ёстой. Буянбатын 10 тэрбум төгрөгийн зээлийн хувьд бол Банкны зүгээс А.А хүсэлт тавиад “Нийслэл өрөө” ХК-ийн зээл нь чанаргүй зээл болчхоод байна, энэнээс тодорхой хэмжээний зээлийг барагдуулах шаардпагатай байна, тэгэхийн тулд нэг иргэн юм уу аж ахуйн нэгж дээр барьцаа хөрөнгөөс нь авч зээл гаргуулан “Нийслэл өргөө” ХК-ийн зээлийг хааж шийдмээр байна, барьцаа хөрөнгийг нь банканд бүртгэн авах замаар тухайн шинээр зээл авсан иргэний зээлийг хаагаад шийдчихнэ” тэрэн дээр туслаач ээ гэсэн. Тэр дагуу манай хүргэн Б.Буянбатын нэр дээр 10 тэрбум төгрөгийн зээл гаргажтухайн зээлийн мөнгөөр Нийслэл өргөө ХК-ийн зээлээс хасалтхийж, 2 газар, 2 блок дуусаагүй орон сууцны барилгыг Буянбатын нэр дээр шилжүүлсэн. Улмаар уг 2 блок дуусаагүй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байх “Өргөө” хотхоны байрнаас 1 блокийг нь Шинэ дэлхий ХХК-д 5 тэрбум төгрегөөр тооцон зээлээ шилжүүлэх журмаар банктай тохирч зээлээ хаалгасан. Нөгөө блок болох 58 айлын орон сууцыг дээр дурдсан 4 зээлээр барьж байсан барилгаас гарсан хөрөнгөөс илүүчлэн хуваарилж дотоод засал болон бусад дутуу ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Улмаар уг 58 айлын орон сууцын барилгыг Капитал банк, Бишрэл пропертиз ХХК нь борлуулан ашгийг нь авсан. Буянбат нь ямар нэгэн ашиг аваагүй. Үлдсэн 2 газрын нэгийг нь буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Контенентал зочид буудлын хажуу талын газрыг тухайн үед Бишрэлт ХХК-д ажиллаж байсан С.Мөнхтуул нягтлангийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 1 газар нь банканд бүртгэлтэй байж байгаад сүүлд 7 тэрбум төгрөгөөр зарагдсан гэсэн. Буянбатын зээлийг тухайн 4 хөрөнгийг банкны баланст бүртгэсэн гэж хэлээд банкнаас өр төлбөргүй гэсэн бичиг хийж өгөөд хаасан гэсэн. Тэр тодорхойлолт бидэнд одоо байдаг. Би энд бол цэвэр итгэлцлийн журмаар аль аль талдаа бизнесийн зорилгоор хэн хэнийхээ үйл ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаа болсон гэж үздэг. Нөгөө талаас банкны чанаргүй зээлийг шийдэхэд туслах, банкийг хөрөнгөжүүлэх чиглэлээр л уг ажиллагаанд нь оролцсон. Бидний нэр дээр авсан зээлүүд бүгд Банкны захирлын өөрийнх нь захиалгаар, өөрийнх нь өмчлөлийн газарт барилга барихад ашиглагдан, улмаар барьсан барилгаа банканд 100 хувь хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө компанитай нь хамт хүлээлгэн өгч зээлүүдийг хааж байсан. ...” /98хх 4-5/,

гэрч Г.Ө-гийн: “...Цаасан дээр бичсэнээр бол 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 6,400,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 900,000 еврог тус тус зээлсэн. Үүнээс 2 тэрбум төгрөг, 6,4 тэрбум төгрөгийг би зээлсэн нэртэй боловч би тухайн мөнгийг авч байгаагүй. Яагаад гэхээр тухайн үед Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.А нь манай компани руу цаасан дээр мөнгө шилжүүлж, зээл авсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн Монгол банканд мэдээ өгч байсан. 2 тэрбум төгрөг 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө 2000021355 дугаарын Капитал банкны дансанд шилжиж орж ирсэн бөгөөд тухайн гүйлгээг хэрхэх талаар нягтлан бодогч Г.Оюунсүрэн нь надад хэлсэн. Тухайн мөнгийг ямар учраас орж ирсэн талаар мэдэхгүй байсан учир Г.Оюунсүрэнд ямар учиртай талаар асууж тодруул гэсэн үүрэг өгсөн бөгөөд дараа нь Г.Оюунсүрэнгээс асуухад Капитал банкны холбогдох албан тушаалтнаас асуусан бөгөөд тухайн мөнгийг манай эзэмшлийн мөнгө байгаа юм гэж хэлсэн учир би тухайн үед нь тоолгүй орхисон. Тухайн өдрөө 3 удаагийн гүйлгээгээр 2 тэрбум төгрөг бэлнээр авсан бичилт хийгдсэн байсан. Би 2 тэрбум төгрөгийг бэлнээр аваагүй бөгөөд А.А над руу холбогдож, гарын үсэг зурах шаардлагатай байна очоод зурчих асуудал байхгүй дараа нь би өөрөө зохицуулна гэж хэлдэг бөгөөд ажлын цаг дууссаны дараа би Капитал банкны төв байрны 3 давхарт Дийн өрөөнд очиж 2 тэрбум төгрөг гаргасан чек дээр гарын үсэг зуруулсан. Ямар учиртай талаар асуухад А.А захирал зур гэсэн юм та зурчих Монгол Банканд мэдээ тайлан хүргүүлэх гэсэн юм гэж хэлж байсан. Тухайн мөнгөн дүн дээр 2. тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд барьцаа хөрөнгөнд Эрдэнэ зам ХХК-ийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг барьцаалсан гэрээ байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл байхгүй бөгөөд тухайн тоног төхөөрөмжийг урьд авч байсан зээлийн материалаас хуулбарласан байсан. Д нацаар 3 ширхэг чек, зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээн дээр гарын үсэг зуруулсан. 6.4 тэрбум төгрөгийн талаар гэвэл тухайн мөнгө нь 2000021355 дугаарын Капитал банкны данс руу орж ирэхдээ зээл олгов гэж орж ирсэн байсан. Зэзлийн гэрээг “Тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл” гэсэн байсан. Тухайн зээлүүдийг мөн дээрхтэй адил би авч байгаагүй. А.Ариучболд нь мөн адил над руу холбогдож, тухайн үедээ Капитал банк дээр очин Дийн бэлдсэн баримт дээр гарын үсэг зурдаг. 6.4 тэрбум төгрөг дээр барьцаа хөрөнгө дээр Эрдэнэ зам ХХК-ийн 3 үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. 900,000 еврогийн хувьд гэвэл Эрдэнэ Зам ХХК нь албан ёсоор Капитал банкнаас зээл авч байсан. Тухайн зээлийн зарцуулалт нь Тоног төхөөрөмж авахад зарцуулагдсан. Зээлийн барьцаанд Эрдэнэ зам ХХК-ийн эзэмшлийн 1 газар, 3 ширхэг объект зэргийг барьцаалсан. Манай компани нь Капитал банктай нягт уялдаа холбоотой байнгын харьцдаг компани байсан. Бизнесээ явуулахын тулд Банк санхүүгийн байгууллагыг царайчилж ханддаг байсан. Ийм учир банкны хүмүүс эргээд намайг хуурах, дарамтлах маягаар А.А нь утсаар үүрэг өгч би гарын үсгээ зурдаг байсан. Тухай бүрдээ надад А.А нь санаа зовох хэрэггүй зөвхөн Монгол банканд мэдээ хүргүүлэх гэж байгаа юм засчихна, чамд ямар ч гэм хохирол учрахгүй гэж амладаг байсан гэсээр дампуурсан байна. Хуурамч гэдгийг мэддэг байсан. Намайг тайвшруулж аргаддаг байсан А.А нь бүх хариуцлагыг би хүлээнэ гэдэг. Капитал банкны албан тушаалтан нараас надад зээлээ төлөхийг шаардсан албан бичиг, аман байдлаар хэлж ярьж байсан удаа байхгүй. 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 900,000 төгрөгийн зээлийг авч Вагнер Ази ХХК-иас тоног төхөөрөмж худалдан авсан. Тухайн зээл нь 1 жилийн хугацаатай жилийн 12 хувийн хүүтэй зээл байсан бөгөөд уг зээлээ ямар учраас төлөөгүйгээ санахгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 36 сарын хугацаатай зээлийг сунгасан. Тухайн өдрийн зээлийн үлдэгдэл 959,158 еврогийн зээлийг дахин гэрээ шинэчилж байгуулсан. Зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар маргаантай байгаа бөгөөд Капитал банкны эрх хүлээн авагчаас 1,687,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс улбаалж бид нарын хооронд маргаан үүссэн. Манай компанийн зүгээс нийтдээ хэдэн төгрөгийг өгсөн талаараа баримт харж байж хэлье. 2016 оныг хүртэлх зээлийн эргэн төлөлтийг төлж байсан. Үүнээс хойш эргэн төлөлт төлөөгүй явж байгаа. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Капитал банкны эрх хүлээн авагчийн Эрдэнэ зам ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрт гомдсон байгаа...” /103хх 90-194/,

гэрч М.М-ийн: “...“Монгол таг” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хөгжлийн банкны 888 төслийн зээлийн хүрээнд 2,04 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 9 хувийн хүүтэй зээлийг Капитал банктай гэрээ байгуулан авсан байдаг. Тухайн үед банкийг төлөөлөн гэрээнд гүйцэтгэх захирал А.А, байгууллагын банкны газрын захирал С.Д, зээлийн мэргэжилтэн И.Түвдэндорж, зээлдэгчээр “Монголтаг” ХХК-ийн захирал Ц.Туяа /фм85020924/ нар гарын үсэг зуран баталгаажуулсан. Зээлийн материалыг шалгахад тухайн зээлд барьцаалсан хөрөнгийн гэрээ /барьцааны гэрээ/ архивт байгаагүй бөгөөд банкны бүртгэлийн системээс харахад албан бичигт дурдсан нийт 12 хөрөнгө бүртгэлтэй байгаа боловч бүгд “Г олден серкл” ХХК-руу шилжүүлээд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Капитал банк өөрийн өмчлөлд буюу 13,8 тэрбум төгрөгөөр бүртгэж, “Голден серкл” ХХК-ийн зээлийгхаасан байсан. “Монголтаг” ХХК-ийн авсан зээлийн үлдэгдэл буюу 1,7 тэрбум төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дотоодын орлогын дансаар хааж бичилт хийсэн байсан. Эдгээр гүйлгээг хэн хийснийг нотлох санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгье. “Монголтаг” ХХК-ийн харилцахын дансны хуулгыг үзэхэд ихэвчлэн Капитал банкны холбогдох этгээд болох Юнико констракшн, “Болормаа, Монгол мах экспо, Бишрэлт индустриал, Юнико гэсэн гүйлгээний утгаар зарлагын гүйлгээхийсэн байсан. Энэ нь өөрөө зээлийг зориулалтын бусаар зарцуулж, хуурамч зээлийн гэрээ хийсэн гэж үзэхээр байгаа...” /105хх 219-220/,

гэрч Д.М-ын: “...Би хэзээ ч Капитал банкнаас зээл авч байгаагүй... Надтай холбоотой Капитал банкны зээл бол надад хамаагүй А.А юм уу С.Дийн өөрсдийнхөө банкнаас миний нэрээр гаргаж авсан мөнгө байх. Үүнээс өөр зүйл хэлж мэдэхгүй нь нарийн ширийнийг нь мэддэг бол та бүхэнд хэлээд өгмөөр байна...” /106хх 154-155/,

гэрч Л.А-ийн: “...Би Капитал банкны гүйцэтгэх захирал А.А гэдэг хүнтэй 2010 оны үед танилцаж байсан. Тухайн үед би 10 дугаар хорооллын барилгаа эхэлчихсэн 5 давхар хүртэл цутгалт хийчхээд хөрөнгө оруулалт хайж байгаад Базаргүрийн Бүд гэдэг хүнтэй танилцсан. Надад хөрөнгө оруулагч олж өгөөд зуучилж өгсөн хөлсөө авна гэж тохиролцож байсан. Гэхдээ Бүд өөрөөсөө бага хэмжээний хөрөнгө гаргасан. Гэхдээ тэр нь их биш. Ямар ч байсан Бүдээр дамжуулан Атой танилцсан. Тэгээд Капитал банкнаас 3,8 тэрбум төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэйгээр авч барилгаа барьж дуусган худалдан борлуулаад зээлээ төлсөн. Зуучилсан Бүдэд тухайн барилгаасаа 3-4 орон сууцны байр, 8 граш, 1 давхарт 200 гаруй м.кв талбайтай үйлчилгээний төв зэргийг өгч байсан. Бүгд зуучлаад А.Атой танилцуулж банкнаас зээл авахад шаардлагатай бичиг баримт, төсөл зэргийн зардлыг Бүд гаргасан. Барьж байсан барилгаа барьцаанд тавиад банкнаас дээрх зээлийг авсан. Дараа нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Нисэхэд баригдсан барилгадаа Капитал банкнаас 3,8 тэрбум орчим төгрөгийн зээлийг сарын 2,1 хувийн хүүтэйгээр авсан. Тухайн барилгаа газар эзэмших эрхтэй нь барьцаалж байсан. Нисэхийн барилга баригдсан 2015 онд байр зарагдахгүй болсон. Зарагдсан барилгын мөнгө зээлийн хүүд төлөгдсөн. Барилгын тал нь зарагдчихаад байхад зээлийн үндсэн мөнгө төлөгдөөгүй, бас цаана нь хүү торгууль нь нэмэгдээд байсан. Гэтэл 2016 онд Бүдээр дамжуулан А.А надад санал тавьсан. Тэр нь “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт дутуу баригдсан “Өргөө” хотхоны 1 блокийг 5 тэрбум төгрөгөөр тооцож аваад барьж дуусган зарж борлуулаад мөнгөө өг” гэсэн санал байсан. Уг барилга нь Өргөө хотхоны 3 давхар хүртэл каркас нь цутгагдсан С блок бөгөөд тухайн барилга нь 12 давхар, 101 айлын орон сууц болох зурагтай байсан. Энэ асуудал нь Бүдээр дамжин яригдаж байсан бөгөөд миний хувьд хотын төв рүү байршил сайтай газар барилга баривал алдагдлаас гарна гэж тооцсон. Ингээд Атой Бүд бид хоёр уулзсан. А бол надад “энэ барилгыг авах” гэхэд нь би “авъя” гэсэн. Өмнөх барилга бүрэн зарагдаагүй банкны өрийн дарамтад байсан болохоор санал болгосон барилгыг аль болох хямд үнээр тооцож авах санаатай байгаад байдаг. Харин А болохоор тэр талаар ярихгүй барилгаа шууд 5 тэрбум төгрөгөөр тооцож өгнө гэсэн. Барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгаад мөнгөө төлөх ёстой, мөн өмнөх барилгад авсан зээл, зээлийн хүүгээ төл гэсэн. Надад зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Байршил сайтай сайн байр бариад зарчихвал болно гээд л зүтгэсэн. Ингээд Бүдийн хүргэн Буянбатын нэр дээр байсан С блокийн 3 давхар карказын дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай компани руу шилжүүлсэн. Барилгын газар нь бол “Нийслэл өргөө” ХК-ийн нэр байсан. Тэр гэрчилгээний хуулбар нь надад ирсэн. Дараа нь Атой буюу Капитал банктай зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ өмнөх барилгын зээлийн 3,8 тэрбум дээр хүү, торгууль нэмэгдээд 5 тэрбум гаруй төгрөг, түүн дээр шинээр авсан барилгын үнэ гэж 5 тэрбум гээд нийтдээ 10,8 тэрбум төгрөгийг Капитал банкнаас авсан гэж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээн дээр А, Д бид гурав гарын үсэг зурсан. Зээлийн сарын хүү нь 2,1 хувь бөгөөд 2 жилийн хугацаанд төлөхөөр гэрээнд тусгасан. Уг зээлийн барьцаанд шинээр авсан дуусаагүй 652 м.кв талбайтай барилгын гэрчилгээ, газар, 10 дугаар хорооллын барилгад байгаа 340 м.кв талбайтай үйлчилгээний төвийг барьцаалсан. Мөн өмнө нь барьцаанд байсан Нисэх дэх барилгын гэрчилгээнүүд зэрэг орсон. Би Капитал банктай дээрх гэрээг байгуулаад 1 удаа 160 сая төгрөг авч, түүгээрээ арматур төмөр худалдан авсан. Дахин ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй өнөөдрийг болтол бартер хийх аргаар барилгаа барьж байгаа. Нөгөө 10,8 тэрбум төгрөгийн зээл удалгүй 15,7 тэрбум болсон. Иргэний шүүх дээр Капитал банктай эвлэрч, хүүг нь зогсоочхоод байгаа. Өөрөөр Атой нийлж хамтран ажилласан зүйл байхгүй. ...” /106хх 172-173/,

гэрч Б.Б-ын: “...Миний хувьд Капитал банкнаас мөнгө зээлээр авсан зүйл байхгүй, надад тийм шаардпага ч байгаагүй. ...Миний хувьд ямар нэгэн байдлаар тийм гэрээнд гарын үсэг зурж байгаагүй. Банкны эрх хүлээн авагчтай уулзаж тодруулахад миний гарын үсэг биш байсан. Тэр талаар ч уг хүмүүст нь хэлсэн байгаа. Хэзээний гэрээ байсныг одоо санахгүй байна...” /108хх 206-207/,

гэрч Д.Д-н: “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэгт Миний одоо санаж байгаагаар 2008 байна уу, 2009 онд өөрийн үүсгэн байгуулсан тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй “Долфин” ХХК-ийн нэр дээр нийт 1,5 орчим тэрбум төгрөгийн бизнесийн зээл авч, барьцаа хөрөнгөд ”Финанс энд сервис” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Зайсангийн аманд байрлах 3 га газар, тухайн газарт баригдах аялал жуулчлалын зориулалттай төсөл, “Долфин” ХХК-ийн тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн тоног төхөөрөмж, үндсэн болон туслах материал зэргийг барьцаалж байсан, нэмэлт барьцаа хөрөнгүүд байгаа. /Үүнтэй холбоотой шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгсөн материалыг хуулбарыг хавсаргаж өгөв/. Ингээд зээлээ төлж чадалгүй дээрх хөрөнгийг 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Эвлэрлийн гэрээгээр шүүхийн шатанд 2,4 тэрбум төгрөгөөр тооцож, зээлийн барьцаа хөрөнгөөр зээлийг хаасан. Дээрх зээлийн араас нэг онд байх “Дархан шар бүрд” ХХК-ийн нэр дээр Капитал банкнаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авахаар материалаа бүрдүүлж өгсөн боловч 700,000,000 сая төгрөгийн зээлийг гаргуулж авч, нэмэлт санхүүжилт олгохгүй байхаар нь 2010 онд Үндэсний хөрөнгийн оруулалтын банкнаас нэмж хөрөнгө барьцаалж, Капитал банкны зээлийг төлж дуусгасан, шүүгчийн захирамж болон холбогдох баримтууд хавсаргав...” /110хх 76-89/,

гэрч Л.Бгийн: “...Капитал банктай хамаарал бүхий “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК-тай зээлүүд байна. Монгол улсын хөгжлийн банкнаас тус бүр 5 жилийн хугацаатай “Монгол мах экспо” ХХК-д 2017 оны 12 дугаар сард 15,3 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн “Монгол эм импекс концерн” ХХК-д 2018 оны 01 дүгээр сард 15 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлүүдийг олгохоор ТУЗ-с батлагдсан. “Монгол мах экспо” ХХК-д ойролцоогоор 1 удаагийн олголтоор 33 тэрбум, “Монгол эм импекс концерн” ХХК-д 2 удаагийн олголтоор ойролцоогоор 8 тэрбум төгрөгийн зээлүүдийг авсан. Тухайн үед “Монгол мах экспо" ХХК-ийг төлөөлөн захирал Ганболд, “Монгол эм импекс концерн” ХХК-ийг төлөөлөн захирал Болормаа нар гарын үсэг зурсан...” /111хх 172-179/,

гэрч Б.Г-н: “...Тухайн үед манай компаниас эдгээр хөрөнгүүдийг 50 сая евро, төслийг 20 гаруй сая еврогоор үнэлсэн. Оросын банкны зүгээс барьцаа хөрөнгийг 20 гаруй сая евро төслийг 50 хувиар нь үнэлж байсан. Ингээд санхүүжилтээ аваад барилгын ажлаа эхлүүлээд явж байтал зээл авсан ОХУ-ын банкнууд нэгдээд “Нийслэл Өргөө” ХК-тай холбоотой зээлийг Капитал банк шаардах эрхийг шилжүүлэн авсан. Энэ тухайн өмнөх гэрчийн өгсөн мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн. Хэд хоногийн өмнө Капитал банкны эрх хүлээн авагчаас над руу утсаар яриад хөрөнгө шилжүүлэх талаар ярилцъя гэж дуудсан. Ингээд би 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Капитал банкны эрх хүлээн авагчийн ажилчид болох зөвлөлийн гишүүн Дэлгэрхүү, зээлийн мэргэжилтэн Д.Нараа, хуульч Сүхбаатар, барьцаа хөрөнгө шилжүүлэн авсан иргэн Бүд нартай уулзсан. Тухайн үед ОХУ-с Капитал банканд дамжиж ирсэн “Нийслэл Өргөө” ХК-ийн зээлийн талаар голлож ярилцсан. Манай зээлийг “Бишрэлт Трейд” ХХК нь авсан юм уу, Капитал банк нь авсан юм уу гэж асуухад эхлээд “Бишрэлт Трейд” ХХК аваад дараа нь Капитал банк авсан байгаа гэж хэлсэн. Эрх хүлээн авагчийн зүгээс “Нийслэл Өргөө” ХК-ийн нэр дээр 7 тэрбум, охин Болорын нэр дээр 4 тэрбум, эхнэр Оюунчимэгийн нэр дээр 2,5 тэрбум буюу нийт 13,5 тэрбум төгрөг, мөн үүний хүүг нэмээд нийт 16 тэрбум орчим төгрөгийг надаас нэхэмжилсэн. Миний хувьд тухайн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд охин болон эхнэрийн нэр дээр гаргасан зээлийг хуурамч гэж хэлээд эдгээр зээл нь “Нийслэл Өргөө” ХК-ийн зээл гэж тайлбарласан Мөн би эрх хүлээн авагч нарт хандаж “танай банк хэзээ миний хөрөнгийг шилжүүлж авсан байна, тэр цаг хугацаанаас хүү тооцохгүй” гэдгээ илэрхийлсэн...” /122хх 137-140/,

гэрч Г.Б-н “.... Би ямар нэгэн байдлаар Капитал банкнаас мөнгө аваагүй, зөвхөн тэдний ажилтнуудын хэлснээр гарын үсгээ зурсан. Бодитой мөнгө аваагүй учир дээрх асуудлыг шалгуулахаар тухайн үед Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандахад гэрээ байгуулсан байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Харин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх дээрх хэрэг нэхэмжлэгч Капитал банкнаас төлөөлегч нь ирээгүй гэдгээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Ер нь бол аав маань хоригдож байх үедээ дээрх яриад байгаад зээлийн өр төлбөрт “Нийслэл өргөө” ХК-ийнхаа хөрөнгүүдийг Капитал банканд шилжүүлж өгсөн гэж байсан. Гэтэл сүүлд нь ээж, намайг, “Нийслэл өргөө” ХК-ийг иргэний хэргийн шүүхэд өгсөн байсан. Мөн саяхан Капитал банкны эрх хүлээн авагчаас зээлээ төл гэсэн асуудлыг ярьсан. ...Гэтэл одоог хүртэл миний болон манай ээжийн нэр дээр зээлтэй гэсэн асуудал байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ асуудлыг үнэн зөвөөр нь шалгаж өгнө үү...” /122хх 141-142/,

гэрч Ө.Э-н: “...Ингээд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байтал 2013 оны 11 дүгээр сард Ганзоригзахирал АТГ-т шалгагдаад цагдан хоригдсон, гэтэл Капитал банкнаас С.Д намайг дуудаад “танай ОХУ-ын Хөрөнгө оруулалтын банкнаас авсан зээл манай банк руу шилжиж ирсэн, та Ганзориг захиралтай холбогдоод эдгээр зээлийг хуваах шаардлагатай байна, ийм өндөр дүнтэй зээл, нэг харилцагч дээр байж болохгүй байна” гэж хэлсэн. Үүний дараа би Ганзориг захирлын эхнэр Оюунчимэгтэй уулзаад “Нийслэл Өргөө ХК-ийн зээлийг Капитал банк шилжүүлэн авсан байна, зээлийг 4 хуваахгүй бол нэг харилцагчид өндөр дүнтэй зээл байж болохгүй байна” гэтэл “за Ганзоригоос асууя” гээд салсан. Хэдэн өдрийн дараа Оюунчимэг эгчтэй уулзаад зээлийн талаар ярихад “Ганзоригоос асуучихлаа, 2 охин бид нарын нэр дээр л тухайн зээлийг хуваая даа, бид нараас өөр хүн байхгүй юм байна” гэхээр нь Капитал банкин дээр очоод үлдэгдэл /хэдэн төгрөгийн зээл гэдгийг санахгүй байна/ зээлийг Ганзоригийн эхнэр Оюунчимэг, төрсөн охин Болор, Дөлгөөн, “Нийслэл Өргөө” ХК-ийн нэр дээр хувааж зээлийн гэрээ хийсэн, яг ямар учиртай гэрээ гэдгийг нь мэдэхгүй, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ба гар дээрээ мөнгө аваагүй, тухайн үед “Нийслэл Өргөө” ХК-ийн зээлийн үнийн дүнг хувааж, шилжүүлж байна гэж ойлгосон...” /123хх 145-146/,

гэрч Л.З-н: “...Капитал банктай хамтран ажиллаж байгаа 3 компанийн барьж байгаа орон сууцуудаас төлбөрийг 100 хувь төлж Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны 71 тоот 2 өрөө 55.66 мкв орон сууцыг 1м.кв-г 1.350.000 тооцож худалдаж авсан. Тэгээд зээлээ төлөөд явж байтал 2013 оны 08 дугаар сард манай банкны удирдлагуудын зүгээс тус орон сууцны зээлийн гэрээ байгуулсан ажилчдыг банкны хүний нөөцийн хэлтсийн газрын дарга Баасанбямба дуудсан миний зүгээс очих боломжгүй байсан тул очоогүй. Тэгээд байж байтал хүний нөөцийн хэлтсээс 1 м.кв үнийг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1,850,000 төгрөг болгож байгаа тул зөрүү мөнгийг төл эсвэл тогтвортой ажиллах гэрээ байгуул гэж шаардсан ба миний хувьд бол цаашид тогтвортой ажиллана гэж бодоод гэрээг байгуулаад үргэлжлүүлэн ажиллаад байсан.Тухайн үед банкны зүгээс урьдчилгаа 30 хувь болох 25,000,000 төгрөгийг банканд төлсөн мэт харагдуулж гэрээ байгуулж миний авсан орон сууцны 1м.кв-г 1,850,000 төгрег болгож үлдэгдэл төлбөр болох 74,0 сая гаруй төгрөгөөр дахин гэрээ байгуулсан ба 2015 онд үргэлжлүүлж Капитал банканд ажиллаж байгаа хүмүүсийг дуудаад ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ гэх зүйлийг нөхөж зуруулсан. 2019 оны 9 дүгээр сард миний нэр дээр 25,000,000 төгрөгийн муу авлагаар бүртгэсэн байсан. Бидний зүгээс шалгуулах гээд байгаа зүйл бол Капитал банк нь өөрсдийн нөөц хөрөнгөөр ажиллагсдын орон сууцны төлбөрийг гаргачихсан байсан атлаа ипотекийн зээл гэх 8 хувийн хүүтэй зээлийг улсаас санхүүжүүлж эхэлсэн даруйд тус мөнгийг гаргуулж аваад мөн бид нарын нэр дээр авлага үүсгээд тухайн мөнгийг яаж зарцуулсан нь мэдэгдэхгүй байгаа учраас үүнийг шалгуулмаар байна...” /127хх 143-144/,

гэрч Б.М-ийн: “...би анх байранд орохдоо 100 хувь урьдчилгаагүй байхгүй, лизингээр байр авсан гэж бодож явтал ардуур 30 хувь гэсэн нэмэгдэл надад үүссэн байсан...” /127хх 175-176/,

гэрч С.Н-ын: “...уг байрны мкв-ийн үндсэн үнэ 58,000,000 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хийсэн. Анх уг байрны мкв-ийн үнэ 1,350,000 төгрөг байсан ба энэ дүнгээр бодож гэрээг Капитал банкны А.Атой хийсэн. Гэрээ хийгээд байрандаа ороод амьдарч байхад байрны мкв-ийн үнэ ямар нэгэн шалтгаангүй 1.800.000 төгрөг болсон...” /127хх 229-230/,

гэрч Ц.О-ийн: “...2013 оны хавар А.А нь ажилчдыг дуудан уулзаад “би алдаатай шийдвэр гаргасан байна, та нарт байрны зээлийг 1,350,000 төгрөгөөр гаргасан нь миний алдаа байсан байна, байр нь 1,800,000 төгрөгийн үнэтэй байсан байна, байрны үнэ өссөн учраас одоог гэрээгээ шинэчилж 1,800,000 төгрөгөөр тооцон 1мкв дээр 450,000 төгрөг нэмэгдэн тооцож тухайн зөрүү мөнгийг байрны урьдчилгаа болгон төл, эсвэл тогтвортой ажиллах гэрээг байгуул” гэсэн шаардлагыг тавьсан. Миний хувьд 10 жилийн хугацаанд банканд ажиллах гэрээнд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдер гарын үсэг зурсан. Тухайн гэрээгээр 10 жилийн хугацаанд тогтвортой ажиллах юм бол 18.495.000 төгрөгийг банкны зүгээс биднээс авахгүй, шагнал урамшуулал авбал тухайн мөнгөнөөс хувилан хасаж тооцно гэсэн байсан. Тухайн үед тэрийгээ тодорхой тайлбарлаж өгөөгүй бөгөөд А.Ариунбопд захирлын хэлж байгаагаар “1,800,000 төгрегийн байрыг бидэнд андуураад 1,350,000 төгрөгөөр зарчихсан байна” гэж хэлж байсан. 2013 онд Ипотекийн зээл гарснаас байрны үнэ өссөн тэрэнтэй холбоотойгоор байрны үнэ өссөн тэрэнтэй холбоотойгоор зөрүү гэж мөнгө олох гэж л байсан байхаа...” /128хх 30-32/,

гэрч Ж.О-ын: “...2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс Капитал банкны удирдлагуудаас “байрны үнэлгээг 1мкв нь 1,800,000 төгрөг болгон өсгөж, нэмэгдсэн төлбөрийг төлөх, эсвэл тогтвортой ажиллах гэрээг банктай байгуул” гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн. Тухайн үед зээлд хамрагдсан байсан ажилчдаас мөнгөний бололцоотой байсан хүмүүс нь тухайн нэмэгдсэн мөнгөн дүнг төлсөн, миний зугээс тогтвортой ажиллах гэрээнд гарын үсэг зурсан...” /128хх 103-104/,

гэрч Б.М-ын: “...Би Шинэ дэлхий ХХК-с 1 мкв нь 1,350,000 төгрөгөөр бодож нийт 55,66 мкв талбайтай байрыг 75,141,000 төгрөгеөр худалдан аваад байхад банкны зүгээс тогтвортой ажиллах гэрээ байгуулж мкв-ын үнийг 1,800,000 төгрөгөөр нэмэгдүүлж бодолт хийнэ гэх шаардлага тавьсан...” /128хх 145-146/,

гэрч Б.Б-ийн: “...Капитал банкны зүгээс байр авсан ажилчдад тавьсан бөгөөд энэ гэрээний 10 жил тогтвортой ажиллах саналыг хүлээн авч ипотекийн зээлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 55,179,000 төгрөгийн 1 сарын 0,67 хувь буюу 1 жилийн 8 хувийн хүүтэй 20 жилийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж 1 сард 461,524.54 мөнгийг төлж байсан...” /128хх 209-210/,

гэрч Р.Г-ийн: “...худалдаа наймаа хийгдсэнээс хойш байрны метр квадратын үнэ өссөн гэдэг шалтгаанаар аль хэдийн худалдан авсан байрны үнийг нэмж тооцож зөрүү үүсгэн, тухайн үедээ тогтвортой ажиллавал үнийн зөрүү авахгүй гэж гэрээ байгуулаад ажилчдын азсан зээлийг ипотекийн зээл рүү хөрвүүлээд анх ажилчдаа олгосон байсан зээлийнхээ эх үүсвэрийг гаргаж авсан гэж миний тухай ойлгож байгаа...” /128хх 227-228/,

гэрч Т.Н-ны: “...Анх “Ношател” ХХК-ийн удирдлага болон А, Ганзориг, Төмөрбаатар гэсэн 3 хүнтэй ирж уулзаад манайх Централ парк барилгад Хятад халуун тогооны ресторан нээлгэе гэж ажлын санал тавихаар хүлээн авч, “Висе интернейшнл” ХХК-иар “Ношател” ХХК, “Грийт хан травел” ХХК-тай тус тусдаа “Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Миний ойлгосноор Ганзориг захирлын хэлснээр 21,250 м.кв талбайн өмчлөгчөөр Хүрдү гээд компани байдаг гэсэн, өнөөдрийн байдлаар тус компанийн хүнтэй нэг ч уулзаагүй байна. ...хөрөнгө оруулалтын мөнгийг Төмөрбаатараас гаргуулан авсан, тооцоо дууссан...”  /170хх 76-77/,

гэрч Г.Г-ийн: “...10 гаран хүнээс зээл, барилгын бараа материал хэлбэрээр хөрөнгө оруулалт татан уг барилгыг барьсан. Уг барилга нь одоо ч бүрэн гүйцэт дуусаагүй байгаа. Барилга баригдаж дуусаад Улсын комисс хүлээн авах үед Мастер инженеринг ХХК-ийн Эрдэнэчулууны бригад ажилласан гэж бүртгэгдсэн, шалтгаан нь болохоор бидний зүгээс Эрдэнэчулууны бригадад мөнгийг нь өгөөд цутгалтыг хийлгэсэн. Барилгыг Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш Бишрэлт пропертиз ХХК, Ношател ХХК, Хүрдү худалдааны компани тухайн үеийн оруулсан хөрөнгө оруулалтаар тооцон тус тусын талбайг хувиарлан өгсөн. Бишрэлт пропертиз ХХК-д нэмэлт гэрээний дагуу тус барилгын 9, 10 дугаар давхрыг өгсөн. Бишрэлт пропертиз  ХХК нь цаашаагаа иргэн Жононбаяр, Ойл констракшн ХХК-д зарсан...” /170хх 92/,

гэрч С.Т-ийн: “...2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш их бага хэмжээгээр хадгаламжийн данснаасаа авсаар байгаад 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дансаа хаалгасан. Энэ хугацаанд Герман улс руу буюу охины нэр дээр байсан данс руу 1,200,000 ам.долларыг эмчилгээний зардалд шилжүүлж байсан. Тухайн хадгаламжид хадгалагдаж байсан мөнгийг өөрийн хөдөлмөрөөрөө олж, цуглуулсан хөрөнгө байсан...” /170хх 95/,

гэрч Т.Г-ийн: “...Би 2012 оны 01 дүгээр  сарын 24-ний өдөр жилийн 12 хувийн хүүтэй хугацаатай хадгаламжийн 2000021024 тоот дансыг нээлгэж 2,000,000 ам.долларыг байршуулсан ба өмнөх нөхцөлөөр нэг жил сунгасан /хүү 17,753 ам.доллар тооцож/, ингээд жилийн 15 хувийн хүүтэйгээр 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2,074,501.60 ам.доллараар хадгалуулсан. Тухайн үед дээрх дансыг захиран зарцуулах эрхийг өөрийнхөө итгэмжлэлээр аав С.Түмэнгэрэлд олгосон байсан...” /170хх 102/,

гэрч С.Ө-ийн: “...Дээрх дүнгээр хүү тооцож, банкнаас олгосон байхыг үгүйсгэхгүй, учир нь Капитал банкнаас надад мөнгө хадгалуулах талаар санал тавиад хадгаламжийн данс нээж байсан, хадгаламжийн хүүгийн нөхцлийг банкнаас өдрийн 0,2-0,3 хувийн хүүтэй гэж гаргаж өгсөн бөгөөд хоёр талаас харилцан тохиролцоод А.Аын гарын үсэгтэй мөнгөн хадгаламж байршуулах тусгай хадгаламжийн гэрээг байгуулдаг байсан.  Хамгийн ихдээ 2-3 тэрбум төгрөгийн байршуулж байсан ба ихэвчлэн хадгаламжийн дансан дахь мөнгөө өсгөх зорилгоор тусгай гэрээгээр мөнгөө байршуулдаг байсан. Хадгаламжийн хүү, харилцахын дансанд бодогдож ордог байсан, тэрнээс хадгаламжийн дансгүйгээр харилцахын дансанд орж байсан удаа байхгүй.  Тухайн үед би өөрийн бизнесийн эх үүсвэр болон бусдаас зээлсэн мөнгийг эргэлтэд оруулахын тулд банкинд хадгалуулж байсан. Тэрнээс хууль бусаар олж авсан мөнгийг хадгалуулсан зүйл байхгүй. Тухайн үед банк нэг хувийг нь авч үлддэг байсан...” /170хх  116-117/,

гэрч Б.Г-ын: “...миний санаж байгаагаар 2017 онд “Бишрэлт пропертиз” ХХК-тай 4,5 сая ам.долларын тооцоо нийлж өр төлбөргүй болсон. миний хувьд 2011 онд Шүүх шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдаагаар дээрх газрыг обьекттэй нь худалдаж аваад Капитал банкинд худалдан борлуулсан. Дээрх хөрөнгийг 4,5 сая ам.доллараар Капитал банкинд худалдаад тооцоо нийлсэн, тэрнээс хойш юу болсон талаар нь мэдэхгүй байна. Надад харуулсан худалдан авах гэрээ миний Капитал банктай байгуулсан гэрээ мөн байна...” /170хх, 130-131/,

гэрч Д.Б-н: “...Г.Ганзоригтой ярьж тохирсноор буюу Хятад талын хөрөнгө /нэр нь Эрдэмтү/ оруулагч нь миний танил Хятадуудыг таньдаг, харин өөрийн Хятадуудаас авах авлагатай байсан юм. Ингээд тэд нартай ярьж тохирсноор 1-5 давхрыг эзэмшиж байна, албан ёсоор аваагүй боловч одоо авахаар Г.Ганзоригтой ярилцаж байна. Өр төлбөрийн асуудал бид хоёрын дунд байхгүй. Харин ашиг авахаар ярилцаж байгаа.  Анх 2011 онд байх Капитал банкнаас зээл авах гээд А.Атой уулзсан, зээл бүтээгүй салсан, дараа нь гудамжинд таараад Г.Ганзоригтой хийж байгаа бизнесээ хэлээд танай банктай ямар нэгэн хамаарал байна уу гэхэд “ямар ч хамаарал байхгүй” гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн байдлаар харилцаа холбоо байхгүй...” /170хх 135/,

        -гэрч Л.Г-ийн: “...миний хувьд дээрх 2 компаний захирал гэсэн албан тушаалтнаар цаасан дээр явдаг боловч бичиг, цаас болон санхүүтэй холбоотой асуудлыг Г.Ганзориг шийдвэрлэж явдаг, миний хувьд сүүлийн 3 жил “Глобал хурд” ХХК-ийн барьж байгаа Төв номын сангийн урд талын барилгыг барихаар ирсэн хүмүүстэй уулзалт хийж, гүйцэтгэж байгаа ажилд нь хяналт тавьж ажиллаж ирсэн. Харин хамтран ажиллахтай холбоотой гэрээний асуудлыг Г.Ганзориг хариуцан ажилладаг. Улсын комисст барилгаа хүлээлгэж өгөөд борлуулалтын үйл ажиллагааг “Централ парк проперти менежмент” ХХК хариуцан ажилладаг...” /170хх 137/,

гэрч А.С-ийн: “...Компанийн захирлаар Г.Ганзориг өөрөө ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 112 айлын орон сууцны ашиглалтыг хариуцан менежерээр ажиллаж байна. Банкны эрх хүлээн авагчид хүлээлгэж өгснөөс бусад 61 айлын орон сууцанд оршин суугчид амьдарч байна. Барилгын үйл ажиллагааг Г.Ганзориг хариуцан ажиллаж байсан бөгөөд А.А 2019 онд 1-2 удаа ирээд явж байсан... мөн дээрх орон сууцны барилгын Б блокын 1 дүгээр орц, 804 тоот, 70.1 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 м.кв-ыг 2,5 сая төгрөгөөр тооцож, Н.Батзориг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Бишрэлт пропертиз” ХХК-ийн захирал Б.Бат-Амгалан гэх хүний гарын үсэгтэй “Орон сууц захиалгаар барих тухай” ИСТ-02/15 дугаартай гэрээг надад танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Тухайн үед Н.Батзориг намайг орон сууцны 8 хувийн ипотекийн зээл хамруулна гээд Капитал банкны эдийн засагчтай уулзуулаад орон сууцны зээлд хамрагдах материал бүрдүүлж өгсөн. Тэрнээс хойш манай байр орон сууцны ипотекийн зээлд хамрагдаагүй бөгөөд орон сууцандаа 2019 оны 4 дүгээр сард орсон. Гэрээний дагуу 2019 оны 6 дугаар сараас эхлэн сарын 1,5 сая төгрөгийг “Сити молл” ХХК-ийн Голомт банкны 8115101647 тоот данс руу хийж байгаад 2020 оны 4 дүгээр сараас эхлэн “Централ менежмент” ХХК-ийн Тээвэр хөгжлийн банкны 9010001552 тоот данс руу одоог хүртэл шилжүүлж байна. ...” /172хх 50-51, 54/,

гэрч Д.Н-ийн: “...манай нөхөр Л.Гантөмөр А.Атой 2008 оноос хойш барилгын чиглэлээр хамтран ажиллаж байгаад зээл авсан байж магадгүй. ...Дээрх барилгуудыг барихад Капитал банкнаас эдгээр компаниудын нэрээр зээл авч байсан. ...Мөн миний төрсөн дүү Д.Мэндбаярын нэр дээр Капитал банкнаас өөрсдөө зээл гаргаад буцаагаад хаасан байсан, тэрнээс Д.Мэндбаяр өөрөө зээл аваагүй. Барилгын ажилд шаардагдах зардлыг Капитал банкнаас гаргуулан авч байсан гэж ойлгодог. Учир нь мөнгө хэрэгтэй бол нэхэмжлэл бичээд Л.Гантөмөрт өгөөд манай нөхөр цаашаа А.Аод өгдөг юм шиг байсан...” /174хх 164/,

гэрч Л.Г-н: “...А.А надад ажлын санал тавихдаа надаас цалин аваад явах уу, эсвэл хамтарсан компанийг үүсгэн байгуулаад явах уу гэхээр нь хамтарсан компани үүсгэн байгуулъя гээд хамгийн анх “Катеринг деливери” ХХК-ийн 46 хувийг миний бие, 54 хувийг А.А эзэмшихээр болсон. ...Эдгээр барилгын санхүүжилтийг А.А өөрөө гаргадаг байсан бөгөөд ихэнх тохиолдолд өөрсдийн ажилчдад зээл олгох, туслан гүйцэтгэгчид бараа материалаар солих зэргээр орон сууцаа борлуулдаг байсан. Миний ойлгосноор барилга барих санхүүжилтийг Капитал банкнаас зээл хэлбэрээр гаргаад барилга баригдаж дуусаад борлуулалт хийгдээд ирэхээр зээлийг хаадаг байсан юм шиг байсан. Хөрөнгө оруулалт санхүүтэй холбоотой асуудлыг Капитал банкнаас С.Д, Б.Я, А.А, И.Түвдэндорж, эмэгтэй н.Энхжаргал гэдэг хүмүүс мэддэг байсан. ...Манай гэр бүлийн хувьд А.Аын захиалгаар дээрх барилгуудыг барьж өгөөд сарын 1-2 сая төгрөгийн цалин авдаг байсан, өөр байдлаар ашиг, шан харамж авсан зүйл байхгүй. ...” /174хх 165-166/,

гэрч А.У-ын: “...Хотхон нийт 13 блок барилгатай бөгөөд 5 блокийн гадна тохижилт 95 хувьтай, дотор засал 70-80 хувийн гүйцэтгэлтэй, үлдсэн 9 блокийн гадна тохижилт 50-60 хувьтай, дотор засал 50 хувьтай явж байна. Манай компанийн хувьд одоогийн байдлаар 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж, гүйцэтгээд байна.  40-50 хувийн гүйцэтгэлтэй 13 блок барилгыг А.Аоос тэмдэглэл үйлдэж хүлээн авсан. А.А ярилцахад Хөгжлийн банкнаас авсан “Монгол мах экспо” ХХК-ийн 30 тэрбум төгрөгийн зээлийг төлөөд үлдсэн хөрөнгийг суллаж өгөхөөр тохирсон. Тодруулбал миний бие Гантиг вилла хотхоныг авахаар болсон...” /176хх 2/,

гэрч Т.Д-н: “...манай талийгаач хүү Д.Энхжаргал нь 1984 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. 2016 онд зуурдаар нас барсан. Тэр МЖТ констракшн ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Хэзээ үүсгэн байгуулсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг мэдэхгүй. Хүү маань компанийн захирал болсон тухайн компанийг үүсгэн байгуулсан талаараа ч бидэнд хэлж байгаагүй. Банкны эрх хүлээн авагч гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж тухайн газрыг авна гэж уулзсан, тэгэхээр нь тухайн талийгаачийн нэр дээр бүртгэлтэй юу л байна бүгдийг нь ав л гэсэн тэгсэн тухайн хүмүүс нь бичиг баримт мартсан ч гэл үү орхисон ч гэл үү авалгүй буцаад яваад өгсөн...” /183хх 57-58/,

гэрч Н.Б-ийн: “...тухайн үед “Катеринг деливери” ХХК нь “Бишрэлт пропертиз” ХХК-ийн хамаарал бүхий компани байсан бөгөөд иргэн Бүд, “Ивээлтгал” ХХК-ийн хамтран ажиллах гэрээг үндэслэн төлбөрийг бартераар тооцоо нийлэх хэлбэрээр баригдаж байгаа барилгаас иргэн Х.Батмөнхөд гэрээнд тусгагдсан орон сууцыг өгөхөөр тохиролцсон гэрээ юм. Миний хувьд “Катеринг деливери” ХХК-г төлөөлж гарын үсгээ зурсан. Миний мэдэхийн газрын гэрчилгээ нь “Велл март” ХХК-ийн нэр дээр байсан бөгөөд барилгын ажлын ихэнх хувийг Бүд гүйцэтгээд үлдсэн ажлыг “Пропертиз” ХХК дуусгасан. А.А захирлын хэлснээр миний бие гэрээний төслийг бэлдээд түүнд гарын үсгээ зураад өгсөн. Дараа нь гэрээний талууд гарын үсгээ зурсан өгсөн нэг хувийг нь надад өгсөн. Гарын үсэг хэнийх гэдгийг мэдэхгүй байна, тухайн үед Д.А гээд хүн Аын найз Катеринг деливери ХХК-ийн захирал гээд явдаг байсан, би бол энэ хүнтэй харьцаж байгаагүй...” /186хх 232/,

гэрч Э.А-ын: “...Капитал банкны Замын-Үүд салбарын эрхлэгч Гандулам, эдийн засаг Оюун нар надад “чиний материал манай төв банкны Бизнесийн газраар дамжин судлагдаж Зээлийн хорооны хурлаар орж танилцуулагдсан, материалыг чинь судалсан Бизнесийн газрын захирал Ганбаатар чамайг Улаанбаатар хотод ирж уулзах боломжтой юу, барилгад чинь хөрөнгө оруулагч танилцуулж өгье гэж хэлүүлсэн” гэсний дагуу би өөрөө Улаанбаатар хотод Капитал банкны төв дээр ирж Ганбаатар захиралтай нь уулзсан. Ингээд намайг Бүд гэдэг хүнтэй холбож уулзуулахаар болсон. Манай барилгыг барьж ашиглалтад бүрэн оруулахад 1,8 тэрбум төгрөгийг хөрөнгө шаардлагатай байгаа талаараа хэлсэн. Түүнээс хойш 2014 оны 3-5 саруудын хооронд Замын-Үүдэд 2 удаа очиж барилгын суурийг үзсэн, барилгад шаардлагатай хөрөнгө оруулалтыг одоо байгаа газрын гэрчилгээ, дуусаагүй барилгын гэрчилгээний хамт Капитал банканд барьцаанд тавьж зээл авч санхүүжүүлэх боллоо гэсэн. Ингэхийн тулд барьцаанд тавих хөрөнгүүдийг манай “Голден сэркл” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээс гадна зээл авахын тулд “Хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын гэрээ”-г урьдчилсан байдлаар хийж, банкны зээлийн материалд хавсаргах хэрэгтэй байна гэсэн. Уг гэрээн дээр надтай хамтран ажиллах нь “Голден сэркл” ХХК болж таарсан. Уг компанийг төлөөлөн Буянбат гэдэг хүн гарын үсэг зурсан байсан. ...Барилгын барьж ашиглалтад оруулаад нийт ашгийг 35 хувийг би авах, 65 хувийг нь “Голден сэркл” ХХК авахаар тохирсон. Нийт 2,5 тэрбум төгрөгийн барьцаанд зөвхөн миний нэр дээр байгаа эзэмших эрхтэй 800 мкв газрыг тавьсан байсан. Сүүлд 10 дугаар сард дахин нэмж авсан 120 мкв газрыг ч гэсэн нэмэлт барьцааны гэрээгээр банкны барьцаанд тавиулсан. Уг газрууд нь нийлээд хамгийн ихдээ 800 сая төгрөг хүрэх боловч банк өөрөө 550 сая төгрөгөөр үнэлж барьцаалсан. Тэгээд Бүд, Бадамсүрэн нар хоорондоо уулзаж ярилцаад зоорийн давхар бүхий 1 давхартаа үйлчилгээний төвтэй 6 давхар 65 айлын орон сууцны барилгын гүйцэтгэлийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 700 сая төгрөгөөр хийхээр тохирч гэрээгээ байгуулсан байсан. Гэрээнд заасан 700,000,000 төгрөгөөсөө илүү мөнгө авчхаад 20 хувийн ажлаа хийлгүй хаяад явсан. Бүд, Бадамсүрэн хоёр л учраа олох ёстой. Хамгийн гол нь тэд гэрээгээ дүгнээгүй байгаа хүмүүс. Барилгын суурийг байгалийн элсээр хашиж булсан байсан. Гэтэл суурийн зургийг хийсэн компани нь чулуун хайргаар хучих ёстой гэж заасан байсан. Тэгээд уг компанийнхаа заавраар элсийг ухаж авч суурийг чулуун хайргаар булж дүүргэсэн. Элсээр булсан байхад сууринд хялгасан суудал үүсээд түүнийг нь цааш явуулахгүй гэж бүх сууринд тэр чигт нь хүчитгэл хийсэн. Тэгээд чулуун хайргаар булсан. Тэр ажлыг нь би гэрээнд заасан ажил гэж бодож байснаас тусдаа үнэлгээтэй ажил бодоогүй...” /186хх  249-250, 187хх  1/,

гэрч М.Б-ийн: “...би 2008 онд “Гэрэлт фокус” ХХК-ийн 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан.  2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг “Голденсэркл” ХХК-тай байгуулсан. Тэгээд 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай компани ажилчдаа аваад Замын-Үүдэд барилгын талбай дээр очиж ажлаа эхэлсэн. Манайх 1 давхартаа үйлчилгээтэй, 6 давхар, 65 айлын орон сууцыг 700 сая төгрөгийн хөлсөөр барьж гүйцэтгэхээр гэрээ байгуулж тохирсон. Тухайн барилга уг 6 давхар гэж эхэлсэн мөртлөө сүүлдээ 7 давхар болгож 1 давхар нэмүүлсэн. Мөн гадна пасадыг өнгөлгөөний тоосгоор хийлгэх, төвийн шугамд холбогдох байснаа болиод тусдаа ДП уурын зуух барих ажлыг хийлгүүлсэн. Дээрх дурдсан ажлуудыг хийхэд анхны гэрээн дээр нэмж мөнгө авахаар тохиролцоод нэмэлтээр хоёр талаасаа албан бичгээр баталгаажуулаад явж байсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын хүртэл манайд санхүүжилт өгч байгаад сүүлийн 2 сар нь манай ажилчид цалингүй ажиллаад буцсан. Тэгээд барилга дээр 36 сая төгрөгийн үнэлгээтэй ажил хийгдээгүй үлдсэн. Манай компанид бол анхны гэрээнд заасан 700 сая төгрөгийг өгсөн. Харин дээр хэлсэн нэмэлт ажлуудын мөнгө болох 405,450,600 төгрөгийг өгөхгүй өдийг хүрсэн. Бүдтэй уулзахад “удахгүй Капитал банк мөнгөтэй болно, тэгээд танай мөнгийг өгнө” гэж байснаа сүүлдээ алга болчихсон. 2016 оны 2-р сарын 20-ны өдөр “Голденсэркл” ХХК-ийн хувьцаа хөрөнгийг 100 хувь Капитал банк шилжүүлээд авчихсан байсан. Тэгээд ч сүүлдээ Бүд “би мэдэхгүй, ер нь энэ чинь Капиталын барилга шүү дээ, надад ямар ч хамаагүй” гээд алга болсон...” /187хх 11-12/,

гэрч Ж.Г-ийн: “...2013 оноос одоог хүртэл “Санхүүч Аудит” ХХК-нд ажиллаж байна. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн захирал Алтантуяа нь Капитал банкны гүйцэтгэх захирал Атой тухайн банканд “Санхүүгийн тайлангийн аудит хийх” гэрээг байгуулсан. Тухайн гэрээний хугацаа ажлын 14 хоног байсан бөгөөд Сангийн яаманд өгөх 2018 оны санхүүгийн тайланг баталгаажуулах ёстой байсан. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулаад маргааш нь шаардлагатай материалын жагсаалтаа Балсанд гаргаж өгсөн. Түүнээс 2-3 хоногийн дараа дээр дурдсан ерөнхий материал баримтуудыг аваад ажлаа эхэлж байтал 2019 оны 3 дугаар сарын 27-28-ны үед дараагийн шаардлагатай баримтуудыг өгнө үү гэхэд Капитал банкнаас ямар нэгэн баримт ирүүлээгүй. Тэгж байтал Балсан утсаар яриад “2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Сангийн яаманд манай банк санхүүгийн тайлангаа тушаах ёстой, түүнийг өгөхөд заавал баталгаажуулсан аудитын дүгнэлт хэрэгтэй гээд байна, тиймээс танайх аудитын дүгнэлтийн эхний хэсгээ өгч байгаач” гэсэн. Тэгээд би захиралтай ярьж байгаад тухайн байгууллагын үйл ажиллагаанд саад болоод яах вэ гээд аудитын тайлангийн эхний хэсэг 9-10 хуудсыг өгсөн. Ер нь тэдний тайлангаас харахад өр төлбөрийн хэмжээ нь өөрийн хөрөнгөөсөө давсан, алдагдалтай байдалтай байсан...” /188хх 65-66/,

гэрч И.Т-ийн: “...Юу Ди Эс констракшн ХХК-ийг шилжүүлсэн иргэн Б.Бүд, Мастер инженеринг ХХК-ийн толгой компани болох Мастер инженеринг групп ХХК, Голден сэркл ХХК-ийн захирал байсан Э.Пагамдулам нар Голденсэркл ХХК-ийн нэр дээр авсан зээлээ төлөх чадваргүй болж, зээлийн барьцаа хөрөнгийг банканд шилжүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн хамт хувьцааг Капитал банк руу шилжүүлсэн. Миний нэр дээр шилжүүлсэн 3 аж ахуйн нэгжээс гадна Мөнх хаан трейд ХХК, Централ эйжиан трейд ХХК, ОТОА ХХК, Эм Эн Жи давхар далавч гэсэн 4 аж ахуйн нэгжийн хувьцааг мөн адил шилжүүлэн авсан байдаг. Намайг хэзээ захирлаар томилсныг би мэдэхгүй дараа нь мэдсэн. Банкны зүгээс хураагдсан хөрөнгийн хэмжээ их байсан учир хувьцаа хэлбэрээр авсан гэж бодож байна...” /191хх 202/,

гэрч Л.Бгийн: “...Капитал банкны хамаарал бүхий этгээд болох “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс” ХХК-иудын чанаргүй зээлүүдийг Хөгжлийн банкнаас эргэн төлүүлэхтэй холбогдуулан эвлэрлийн гэрээ байгуулахаар хэлцлийн шатанд явж байна. Урьдчилсан байдлаар “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс” ХХК-ийн хариуцсан Ууганбаяр, Болормаа, Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.А нартай ярилцсан. Дээрх 2 зээлийн нэг буюу “Монгол мах экспо” ХХК-ийн барьцаа хөрөнгө нь хангалтгүй байгаа тул “Монгол эм импекс” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Зайсанд баригдаж байгаа дутуу гүйцэтгэлтэй 4 үл хөдлөх хөрөнгийг Монгол мах экспо ХХК-ийн зээлийн барьцаанд шилжүүлэн авахаар ярилцаж байна. Ойролцоогоор “Монгол мах экспо” ХХК – 31,2 тэрбум төгрөг, “Монгол эм импекс” ХХК нь 3,6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба барьцаа хөрөнгөөр зээлийн өр төлбөрийг хангуулсан зүйл байхгүй...”  /225хх 145/,

гэрч Г.М-ын: “...“Бишрэлт трейд” ХХК-ийн төв байр нь Капитал банкны урд талд нэг хашаанд байдаг бөгөөд тус барилгад Бишрэлт компанийн хамаарал бүхий компаниуд үйл ажиллагаа явуулдаг байсан. Миний хувьд зөвхөн Б.У, А.А нарын удирдлага дор “Бишрэлт трейд” ХХК-ийн санхүүгийн тайлан балансыг гаргадаг байсан ба хүнс, барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Надад хамааралтай нэг ч хөрөнгө байхгүй, Ү-2202003864 дугаартай орон сууцыг 2008 онд Бишрэлт трейд ХХК-иас надад бэлэглээд буцаагаад авчихсан, бусад хөрөнгүүдийг мөн миний нэр дээр шилжүүлээд буцаагаад өөрсдөө авсан. Өөрсдөө гэдэг нь Бишрэлтэд ажилладаг байсан хуульч болон бусад ажилчид нь та шилжүүлэх ёстой гээд гарын үсэг зуруулсан, одоо хэн гэдгийг нь мэдэхгүй байна, олон хүмүүс орж гарч байсан. Ерөнхийдөө дээрх хүмүүсээс асуувал мэдэж магадгүй...” /165хх  81-83/,

гэрч Б.Д-ийн: “...Манай байгууллага 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсын Хөгжлийн банкнаас 15,3 сая ам долларын зээлийг авсан байдаг. Уг мөнгө нь Капитал банк дахь манай байгууллагын нэр дээр байдаг данс руу орсон байдаг. Улмаар манай байгууллагын зүгээс тухайн мөнгөө авах гэхэд Монгол банкнаас Капитал банк дээр хориг тавьж улмаар уг мөнгийн данснаас гаргах боломжгүй болсон. ...тус банкны гүйцэтгэх захирал А.Атой тухайн үеийн манай байгууллагын гүйцэтгэх захирал Г.Г нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Хэлцэл” нэртэй гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас манай байгууллагын авсан зээлийн хүүг Капитал банк дахь манай байгууллагын харилцах дансанд байсан мөнгийг Капитал банкны зүгээс “хадгаламж” болгон хөрвүүлээд улмаар уг хадгаламжийн хүүг тооцон төлсөн байдаг...” /165хх 86-87/,

гэрч Б.А-н: “...Учир нь намайг “Бишрэлт Холдинг” ХХК-д ажилд орсноос хойш компанийн захирал Ч, санхүүгийн албаны дарга Г нар хэд хэдэн удаа надаар дээрх хуулийн этгээд болон хувь хүний зээлийн эргэн төлөлтүүдийг нэлээн хэдэн сар бэлнээр төлүүлж байсан. Тэрнээс бэлэн бусаар шилжүүлсэн тохиолдол байхгүй. Бэлнээр зээлийн эргэн төлөлт гэхэд нэлээн өндөр дүнтэй байдаг байсан. Захирлууд надад бэлэн мөнгө өгөөд би доошоо нэг давхар руу буугаад теллерт тушаадаг байсан...” /165хх 88-89/,

гэрч У.Д-н: “...С.Д, Б.Я, И.Т гэдэг хүмүүсийг танихгүй, 2017 онд БЗД-ийн 6-р хороонд баригдаж байсан Централ молл нэртэй барилгын зоорины давхрын шалны ажлыг хийхэд А.А гэж хүнийг мэддэг болсон. Тухайн үед “Бишрэлт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г гэж хүнтэй хамгийн анх өөрийн “Тогос пайнт” ХХК-иар ажил гүйцэтгэх /280 сая төгрөгийг ажил/ гэрээ хийсэн бөгөөд ажлаа 80 хувь гүйцэтгээд нэмэлт санхүүжилт хүсэхэд санхүүжилт олгохгүй удааширч эхэлсэн. Тэгсэн нэг өдөр зоорины давхарт ажлаа хийгээд байж байсан чинь тэнд байсан хүмүүс том захирал ирлээ гээд А.А гэж хүнийг мэддэг болсон. Ингээд А.А захиралтай уулзаад үлдэгдэл мөнгийг хэрхэн өгөх талаар ярилцахад санхүүжилт өгөх боломжгүй байна, хүлээж бай гэсээр байгаад үлдэгдэл 160 сая төгрөгийн авлага болон нэмэлт бараа материалын 80 сая төгрөгт БГД-ийн 5-р хороо, 47б-08 тоот 80 м.кв, 3 өрөө орон сууцыг С.Т гэж хүнээс шилжүүлэн өгч, мөн Монгол анар трейд ХХК-ийг хувьцааг шилжүүлсэн. Миний хувьд А.А гэж хүнээс 160 сая төгрөг авах ёстой байсан боловч дээрх 3 өрөө байрыг засал чимэглэлийн зардал болох 80 сая төгрөгийн материалд зарцуулаад, ажлаа хийж дуусгаад, надтай холбоогүй болсон...” /166хх 71-72/,

            гэрч С.Агийн: “...Манай хадам ээж Г.Алтан нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанаас олсон өдөр тутмын орлогыг хуримтлуулан өөрийн хүү Э.С-ийн нэр дээр 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хамгийн анх 651,200 ам.долларыг өөрийн Төрийн банкны ... тоот данснаас шилжүүлж байсан. Үүнээс хойш миний бие тогтмол бэлнээр тухайн хадгаламжийн данс руу мөнгө хийж байсан. Мөнгө шилжүүлсэн бүхий л баримтууд эх хувиараа надад байгаа, шаардлагатай гэвэл хуулбарыг нь гаргуулж өгье. Товчхон хэлэхэд нөхөр бид хоёрын Капитал банканд бүртгэлтэй төгрөг, валютын дансанд орсон мөнгөний эх үүсвэр тодорхой, бүгд баримт нотолгоотой. Мөн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нөхөр бид хоёрын хадгаламжийн хүүгээс нийт 990,427 ам.долларын татвар ногдуулсан байна. Миний ярьсан зүйл үнэн, 2017 онд байхаа сайн санахгүй байна, гэр бүлээрээ гадаад улсад явж байхад Капитал банк нь Э.С-ийн хадгаламжийн дансыг хугацаагүй харилцахын дансанд шилжүүлснийг мэдээд тэр даруй утсаар холбогдоход “манай банк жилийн эцсийн тайлангаа гаргах гэж байгаа юм аа, 21 тэрбум төгрөгт хүү бодогдохоо больсон шүү” гэдгийг манай ээжид хэлсэн байсан. Тэгээд бусад арилжааны банкуудтай холбогдоод хүүгээ тохироод хадгаламжид байршуулаад байж байсан чинь 2018 онд Б.Я захирал манай ээжтэй холбогдоод “дахин мөнгө манай банканд байршуулаач, мөнгө хэрэгтэй байна, аль эсхүл 2 дагч өглөгөөр өгчих” гээд гуйгаад байхаар нь тусгай нөхцөлтэй гэрээ байгуулаад хадгаламжийн дансаа үргэлжлүүлсэн...” /212хх  67/,

 гэрч Д.У-ын: “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 344 дугаартай тогтоолоор байгуулагдан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Ерөнхийдөө Нийгмийг даатгалын ерөнхий газраас чиг үүргийн хувьд салж, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжин очсон. Нийгмийн даатгалын байгууллагаас өмнө нь Капитал банканд байршуулсан байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 132,5 тэрбум төгрөгийг манай байгууллага шилжүүлэн авсан. Тухайн мөнгөний 10 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр, 122,5 тэрбум төгрөг нь харилцах дансанд байршсан байдалтайгаар ирсэн...” /212хх 146-147/,

гэрч Д.Б-ын: “...Ингээд хоёр байгууллагын хооронд 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай Мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулж 1,000,000,000 төгрөгийг 2010 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, сарын 0,4 хувийн хүүтэй буюу жилийн 4,8 хувийн хүүтэй, хүүг сар бүрийн эцэст олгох нөхцөлтэйгөөр байршуулж эхэлсэн байдаг. Дараа нь 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай Мөнгөн хадгаламжийн гэрээгээр 2,000,000,000 төгрөгийг 2010 оны 06-р сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, сарын 0,4 хувийн хүүтэй буюу жилийн 4,8 хувийн хүүтэй, хүүг сар бүрийн эцэст олгох нөхцөлтэйгөөр байршуулсан. 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн МХГ-51 дугаартай Мөнгөн хадгаламжийн гэрээгээр 1,000,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай дээрх гэрээнүүдтэй мөн адил нөхцөлөөр байршуулсан.  2007 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаартай гэрээгээр 1,000,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай дээрхтэй адил нөхцөлтэйгөөр байршуулсан. Энэ мэтчилэнгээр олон гэрээг байгуулсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн МХ-19-08/08 дугаартай гэрээгээр 100,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй байршуулсан. Гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусах бөгөөд хүүг  сар бүрийн сүүлчийн өдөр Нийгмийн  даатгалын сангийн Капитал банкин дахь 2000024351 дугаартай данс руу орж байх ёстой. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн Капитал банкин дахь харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл 105,494,722,371.56 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 01-ээс 219 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дансны үлдэгдэлд тооцох хүү 4,167,383.57 төгрөг байсан.  Нийт 105,498,889,755.13 төгрөгийг Банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлж баталгаажуулахаар хүргүүлсэн байгаа...” /212хх 149-150/ гэх мэдүүлгүүд,

 

бусад гэрчүүдийн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай: “...банкны өр төлбөр 492.490.984.834,17, зөрүү буюу үлдэгдэл 104.651.104.478,85...” гэсэн шинжээчийн дүгнэлт /14хх 244-250, 15хх 1-39/,

шинжээч Д.Мөнхцэцэгийн: “....Шинжилгээгээр 2019 оны 4 сарын 08-ны өдрийн байдлаар “Капитал банк” ХХК нь хувь хүн болон аж ахуйн нэгж байгууллагад нийт 492,490.9 сая төгрөгийг төлөхөөр байна. Банкны хөрвөх чадвартай нийт хөрөнгө буюу эргэн төлөгдөх хөрөнгө нь 387,839.8 сая төгрөг гэж үзвэл үлдэгдэл нь (104,654.1) сая төгрөг байна.гэж дүгнэлт тусгасан. Тус компанийн мөнгө болж түргэн хөрвөх чадвартай хөрөнгийг тооцож 387,839,880,355.32 төгрөг байна гэж тооцсон. Хүснэгтэнд харуулсан өмчлөх бусад хөрөнгийн дүн болох 89,864,469,742,45 төгрөгийг актив хөрөнгийн дүнд оруулж тооцоогүй юмаа, учир нь балансад тусгагдсан хөрөнгө тодорхойгүй, эрх хүлээн авагчаас тоолж хүлээж авсан баримт /акт/ байхгүй байсан. Өр төлбөрийн тухайд шинжилгээнд хамрагдсан хадгаламж эзэмшигчид, харилцах дансны үлдэгдэл, бусад санхүүгийн өр төлбөрийг үндэслэлтэй гэж үзсэн учраас төлөх төлбөрийн тооцоонд оруулсан. Бусад өр төлбөрийг буюу Банк санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр: 1,7 тэрбум, Банк санхүүгийн байгууллагаас авсан зээл 12,8 тэрбум, бусад эх үүсвэрийн 117,4 тэрбум төгрөг, харилцах дансанд хуримтлуулж тооцсон хүүний өглөг 121,4 сая төгрөгийг оруулж тооцоогүй, учир нь нотлох баримт байгаагүй. Эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тооцдог учраас хадгаламжийн хүүг тооцоогүй юм...” /16хх 166/гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “..Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан, банкны төлбөрийн чадвар алдагдуулах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, А.Аыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Я, С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Аод анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хянавал:

Хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй гэх гомдлын хувьд, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан  шинжээчийн 234 тоот дүгнэлтээр /14хх 244-250, 15хх 1-39/ хохирлын хэмжээг тогтоохдоо Капитал банк ХХК-д эрх хүлээн авагч томилсон өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тус банкны актив болон пассив хөрөнгийг бодит байдлаар үнэлэн хохирлын хэмжээг тогтоосон байх бөгөөд банкны хөрөнгийн нийт дүн, банкны өр төлбөрийн зөрүү 104.651.104.478,85 төгрөг болсон байх ба энэ хэмжээгээр хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй. Тухайн үнэлгээнд банкны эрх хүлээн авагчаас урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй байна.

Зарим хохирлыг хохиролд тооцоогүй гэх гомдлын тухайд,  Хөгжлийн банк болон С.А зэрэг этгээдүүдтэй өр төлбөрийн талаар харилцан тохиролцож, биелэгдэх боломжтой гэж үзэн хоорондоо өр төлбөр барагдуулах, хөрөнгө шилжүүлэх гэрээ зэргийг байгуулсан байна.

Бусад Капитал банкинд холбогдох өр төлбөрийг банкны эрх хүлээн авагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулиар хийвэл зохих үйл ажиллагааг хийх нь зүйтэй ба энэхүү эрүүгийн хэрэгтэй бүхий л өр төлбөрийн асуудлыг иргэний нэхэмжлэл гаргуулан хамтатган шийдвэрлэх боломжгүй юм гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Б.Я, С.Д нарт холбогдох хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй гэх гомдлын хувьд,  анхан шатны шүүхээс тэдний үйлдэлд энэ гэмт хэргийн үндсэн шинж болсон шунахайн болон хувийн ашиг сонирхол байгаагүй, ямар нэг ашиг хонжоо олоогүй, өөрийн ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийн зүйлчлэлийн хувьд, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

441 ширхэг автомашины шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлээгүй асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шийдвэрлэх боломжтой байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Аын энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар битүүмжилсэн хөрөнгүүдээс “...шүүгдэгчийн талаас сонгон санал болгосон хөрөнгүүд...”-ийг нэр заан битүүмжлэлийг хэвээр үлдээж, бусад хөрөнгийн битүүмжлэлийг сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ”...иргэний нэхэмжлэгчийн зөвхөн зардлаа нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж бусад гэм хороо нэхэмжлэх боломжийг хязгаарлалаа, бусад хөрөнгүүдийн битүүмжийг чөлөөлснөөр тус эд хөрөнгийг захиран зарцуулж хохирлыг төлүүлэх боломжгүй болголоо...”  гэх агуулга бүхий хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж дүгнээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн энэ заалтад зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Тухайлбал, яллах дүгнэлтийн 2 дахь хавсралтад дурдсан,  прокурорын тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж ирүүлсэн:

 цагаатгагдсан этгээд Б.Ягийн “...Улсын бүртгэлийн Ү-2206055399 дугаартай Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо стадион оргил 17013 их монгол улс гудамж 5 дугаар байр зоорын давхрын 77 тоот авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2206055398 дугаартай Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо стадион оргил 17013 их монгол улс гудамж 5 дугаар байр 307 тоот орон сууц, Улсын бүртгэлийн Ү-220406825 дугаартай Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден вилл 13380 денверийн гудамж Г 108 дугаар байр зоорийн давхар С-31 тоот авто зогсоол...”, цагаатгагдсан этгээд С.Дийн “...Улсын бүртгэлийн Ү-2204040042 дугаартай Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 66 дугаар байр 51 тоот орон сууц...”-ны битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож,

харин шүүгдэгч А.Аод холбогдох хэрэгт холбогдуулан түүний хамаарал бүхий компани, “Капитал” банкны нэр дээрх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээн хохирол барагдуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 9 дахь заалтад “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /банкны эрх хүлээн авагч/ нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь /банкны эрх хүлээн авагч/ гэм хороо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж  өөрчилж,

- 11 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “Капитал” банкны нэр дээрх 1. Улсын бүртгэлийн ...дугаартай ... хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөрөнгө, 2. Улсын бүртгэлийн ... дугаартай ...хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 3. Улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4. Улсын бүртгэлийн ...дугаартай ... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 5. Улсын бүртгэлийн ... дугаартай ...б тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж хохиролд тооцож төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  цагаатгагдсан этгээд Б.Ягийн “...Улсын бүртгэлийн Ү-2206055399 дугаартай Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо стадион оргил 17013 их монгол улс гудамж 5 дугаар байр зоорын давхрын 77 тоот авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2206055398 дугаартай Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо стадион оргил 17013 их монгол улс гудамж 5 дугаар байр 307 тоот орон сууц, Улсын бүртгэлийн Ү-220406825 дугаартай Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден вилл 13380 денверийн гудамж Г 108 дугаар байр зоорийн давхар С-31 тоот авто зогсоол...”, цагаатгагдсан этгээд С.Дийн “...Улсын бүртгэлийн Ү-2204040042 дугаартай Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 66 дугаар байр 51 тоот орон сууц...”-ны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.” гэж өөрчилж,

- 12 дахь заалтад “...Битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөний хязгаарласан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн жагсаалтыг хавсралтаар гаргаж, шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтад заагдсан нэр бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай....” гэж заасныг “Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “Капитал” банкны нэр дээрх “...1. Улсын бүртгэлийн ...дугаартай ... хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөрөнгө, 2. Улсын бүртгэлийн ... дугаартай ...хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 3. Улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4. Улсын бүртгэлийн ...дугаартай ... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 5. Улсын бүртгэлийн ... дугаартай ...б тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд...” -ийг болон  шийтгэх тогтоолын хавсралтад заагдсан нэр бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээж хохиролд тооцож төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй. ...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ