Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 157/ШШ2025/00063

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х  овогт Х-ын Ш-ий “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагч Х.Ш******** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Хүсэлт гаргагч Х.Ш******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Х.Ш******** нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар 1987 оны 09 дүгээр сарын 01-ээс 1988 оны 6 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Баянмөнх сумын болон сургуулийн архив шатсан учраас бүх баримт устсан. Мөн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Иймд 1987 оны 09 дүгээр сарын 01-ээс 1988 оны 06 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1987 онд Бор-Өндөрийн сургуулийг төгссөн. Тэр үед Дархан, Баянмөнх, Галшар гэсэн тойргийн сумууд нь Бор-Өндөр хотод ирж сургуульд сурдаг байсан. Тэр үед багш дутагдалтай байсан болохоор би хавар 10 дугаар ангиа төгсөөд 09 дүгээр сарын 01-ний өдөр багш болж байсан. Одоо тэтгэвэрт гарах болоод ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй байна. Тухайн үеийн бичиг баримт байхгүй. Сургуулийн архив шатсан байсан учраас нэхэмжлэл гаргасан. Би 1987 оны хавар 6 дугаар сард 10 дугаар ангиа төгсөөд 09 дүгээр сарын 01-нд Баянмөнх сумын сургуульд бага ангийн багшаар ажилд орсон. Тухайн үед сайн сурлагатай хүмүүс багшилдаг байсан. Би сургуулиа төгсөөд сумынхаа багш залуутай гэрлээд 09 дүгээр сарын 01-ний өдөр багшилсан. Тэгээд 07 дугаар сарын 03-ны өдөр охиноо төрүүлсэн. Тэр хичээлийн жил ажилласан. 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарыг дуустал хичээлийн жил ажиллаж байсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Ш******** нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын ерөнхий боловсролын сургуульд 1987 оны 09  дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарыг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, энэхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” гэж тайлбарлав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр, холбогдох бичиг баримт нь сумын болон сургуулийн архив гал түймэрт өртөж, устаж үгүй болсны улмаас дээрх жилүүдэд ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

 

Хүсэлт гаргагч нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын ерөнхий боловсролын сургуульд 1987 оны 09  дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарыг дуустал  бага ангийн багшаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Гэрч М.Дуламсүрэнгийн “Х.Ш******** нь 10 дугаар ангиа төгсөөд Хэнтий аймгийн Баянмөнх сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар 1987 оноос 1988 онд ажиллаж байсан. Тус сургуульд сүүлд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуу),

 

- Гэрч О.Цэрэннадмидын “Х.Ш******** нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын 8 дугаар ангийг 1985 онд төгссөн. Би анги удирдаж төгсгөсөн багш нь юм. Тэгээд Х.Ш******** нь Бор-Өндөр суманд 10 дугаар ангиа төгсөөд хүнтэй гэр бүл болоод Баянмөнх сум руу буцаж ирээд тус сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар 1987 оноос 1988 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуу)

 

- Хэнтий аймгийн Баянмөнх сумын ерөнхий боловсролын сургуульд 1988 оноос 1996 онд суралцаж төгссөн сурагчдын монтаж зураг /дээд эгнээний зүүн гар талаас 5 дахь зураг/ (хх-ийн 26-28 дугаар хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй он, жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.

 

Иймд хүсэлт гаргагчийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын ерөнхий боловсролын сургуульд 1987 оны 09  дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарыг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Ш********ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгов.  

 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х  овогт Х-ын Ш********ийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын ерөнхий боловсролын сургуульд 1987 оны 09  дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарыг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Ш********ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР