| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00028/И |
| Дугаар | 318/ШШ2025/00083 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 318/ШШ2025/00083
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: аймгийн сумын 4 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар , ургийн овогт Бгийн,
Хариуцагч: аймгийн сумын 3 дугаар баг, 1 дүгээр 36 айлын 30 тоотод оршин суух, регистрийн дугаар ургийн овогт Б.А-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б.А нь надаас нэг эр хонийг 250,000 төгрөгөөр тооцож 3 хонь авсан. Хонины үнэ 750,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр амаар тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй байна. Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч амжилтгүй болсон. Иймд Б.Агаас 3 эр хонины үнэ болох 750,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Бгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага бүхий 750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөнгийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Бгийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 750,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Б.А илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгч Д.Б хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийн тал хувь болох 11,275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,275 төгрөг, хариуцагч Б.Агаас 11,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Бгийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 750,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Б.А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,275 төгрөг, хариуцагч Б.Агаас 11,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, 11,275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ