| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00070/И |
| Дугаар | 157/ШШ2025/00065 |
| Огноо | 0202-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
0202 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 157/ШШ2025/00065
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.А-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 2,772,595.71 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ч.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-81192 дугаартай зээл 137 хоног, 93001-81191 дугаартай зээл 290 хоног, 93001-81366 дугаартай зээл 107 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:
1. 93001-81192 дугаартай зээлэнд
• Үндсэн зээлийн үлдэгдэл: 505,403.66 төгрөг
• Зээлийн хүү: 93,049.60 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 1,811.48 төгрөг, нийт 600,264.74 төгрөг,
2. 93001-81191 дугаартай зээлэнд
• Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,416,226.08 төгрөг
• Зээлийн хүү: 513,137.93 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 15,849.95 төгрөг, нийт 1,945,213.96 төгрөг,
3. 93001-81366 дугаартай зээлэнд
• Үндсэн зээлийн үлдэгдэл: 166,911.50 төгрөг
• Зээлийн хүү: 24,845.70 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 359.81 төгрөг, нийт 192,117.01 төгрөг, тус тус төлөхөөр байна.
Т' ХХК-ийн зүгээс зээлдэгч Ч.А-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Ч.А- нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан МА-428542 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-81192 дугаар, 93001-81191 дугаар, 93001-81366 дугаар Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,088,541.24 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 631,033.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,021.24 төгрөг, нотариатын зардалд 35,000 төгрөг, бүгд 2,772,595.71 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ч.А-аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б овогт Ч-гийн А- шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч овогтой А- миний бие “Т ” ББСБ-аас нэхэмжилж буй 2,772,595.71 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн төлбөрийг 2025 оны 06 сарын 30-ны дотор хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Ч.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,772,595.71 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ч.А- нь 2,772,595.71 төгрөгийг “Т” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн МА-428542 үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 93001-81192, 93001-81191, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 93001-81366 дугаартай цахим зээлийн гэрээнүүд, Ч.А-ын зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгууд, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,772,595.71 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,772,595.71 (хоёр сая долоон зуун далан хоёр мянга таван зуун ерөн таван бүхэл зууны далан нэг) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,311.5 төгрөгөөс тавин хувь 29,655.7 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 29,655.7 төгрөгийг, хариуцагч Ч.А-аас улсын тэмдэгтийн хураамж 29,655.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжилсэн 2,772,595.71 (хоёр сая долоон зуун далан хоёр мянга таван зуун ерөн таван бүхэл зууны далан нэг) төгрөгийг хариуцагч Ч.А- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,311.5 төгрөгөөс тавин хувь 29,655.7 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 29,655.7 төгрөгийг, хариуцагч Ч.А-аас улсын тэмдэгтийн хураамж 29,655.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.А- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР