| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00154/И |
| Дугаар | 318/ШШ2025/00134 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 318/ШШ2025/00134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн сумын 6 дугаар баг, 5 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, регистрийн дугаар , ургийн овогт Ц.Ц,
Охин Б.Х-ийг нас барсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөсөн боловч нэг хүүхдээ алдсан. Миний охин Б.Х 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн суманд төрсөн бөгөөд 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр буюу 6 настай байхдаа цахилгаан менингит оноштойгоор аймгийн сумын Хүн эмнэлэгт нас барсан. Тухайн үед уй гашуу болж охиноо нас барсан талаар холбогдох газарт бүртгүүлээгүй. Миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд алдарт эхийн одонд хамрагдах болзол хангасан ч охин Б.Хийн нас барсны бүртгэл олдохгүй байгаа учир шүүхэд хандсан. Иймд миний охин Б.Хийг 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн суманд нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Хийн төрсний бүртгэлийн лавлагаа, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28/184 дүгээр албан бичиг, аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 05, 06 дугаар албан бичиг, гэрч Н.О, Р.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Н.О, Р.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ций охин Б.Хийг 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн суманд нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Ций охин Б.Хийг нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Б.Хийн төрсний бүртгэлийн лавлагаанд: 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн суманд Жаргалын Б, Цэрэнгийн Цэвээн нарын гэр бүлд төрснөөр бүртгэгджээ.
2.2. аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28/184 дүгээр албан бичигт: Б овогтой Х нас барсны бүртгэлийг аймгийн сумын 1991-1998 оны нас барсны бүртгэлийн дэвтрээс шүүн үзэхэд бүртгэл олдоогүй болно гэжээ.
2.3. аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 05, 06 дугаар албан бичигт: Тус эрүүл мэндийн төвд Б овогтой Х цахилгаан менингит өвчнөөр 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан боловч нас барсныг бүртгэсэн журнал, бүртгэл байхгүй болно гэжээ.
2.4. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.О, Р.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Жамсран Ц.Ц, Ж.Балдорж нар 1991 онд гэр бүл болж байсан. Би Ц.Ц-тэй төрсөн ах дүү нарын хүүхдүүд учир гэр бүлийн талаар сайн мэднэ. Ц.Ц, Ж.Б нар гэр бүл болоод 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Б.Хийг төрүүлсэн. 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр сумын Д уурхай руу мод ачаад явж байгаад Ц.Ций гэрээр ортол охин Б.Х нь халуурсан, биеэр нь улаан зүйл туурсан байдалтай хүнд байсан учир охин Б.Хийг аав, ээжтэй нь цуг өөрийн гэрт авч ирээд эмч дуудаж үзүүлсэн. Эмч ирээд эмнэлэг рүү яаралтай авч яваад онош тодруултал цахилгаан мененгит гэх онош тавьсан. Эмчилгээ эхлээгүй байхад охин Б.Х 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөө нас барсан гэж, гэрч Н.Оюунгэрэл Ц.Ц, Ж.Балдорж нар 1991 онд гэр бүл болж байсан. Би Ц.Ций бэргэн эгч учир гэр бүлийн талаар сайн мэднэ. Ц.Ц, Ж.Балдорж нар гэр бүл болоод 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Б.Хийг төрүүлсэн. Тухайн үед Ц.Ц, Ж.Балдорж нар сумын Д уурхайд байсан. Нөхөр Р.Жамсран нь дүү Ц.Ций гэрт очиход охин Б.Х нь халуурсан байдалтай, биеэр нь улаан юм туурсан байхаар нь аваад ирлээ гээд гэрт ирж байсан. Охин Б.Х нь тухайн үед 6 настай байсан бөгөөд эмч дуудаж үзүүлтэл эмнэлэг авч явсан. Охин Б.Х нь эмнэлэг явахгүй гэж уйлж байсныг санаж байна. Тэгээд эмнэлэгт очсон өдрөө нас барсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Б.Хийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар Журам батлах тухай зарлигаар Эхийн алдар одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулж, тус журмын 2.3.2 дахь хэсэгт Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь журмын тухайн заалтад хамрагдах гэсэн боловч охин Б.Хийн нас барсны бүртгэлийг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй тул тухайн үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
4. Б.Х нь 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн суманд Жаргалын Б, Цэрэнгийн Цэвээн нарын гэр бүлд төрсөн болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Улмаар Б.Х нь 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн сумын Хүн эмнэлэгт нас барсан бөгөөд түүний нас барсны бүртгэлийг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28/184 дүгээр албан бичиг, аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар албан бичгээр нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Н.О, Р.Ж нарын мэдүүлэг зэргийг үндэслэн ОВ91111001 регистрийн дугаартай, Бийн Хийг 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн суманд нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Ций улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар регистрийн дугаартай, Бийн Хийг 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн суманд нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Ций улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ