Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/878

 

 

 

 

 

 

 

     2023           8             31                                         2023/ДШМ/878

 

 

Ц.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч Б.Батсүх,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/378 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн эсэргүүцлээр Ц.М-д холбогдох 1811 02701 1162 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

Ц.М, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Ховдын тулга” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Баатар хайрхан тулгын 3-30 байрны 9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Тулгын 30 айлын 1 тоотод хаягт оршин суудаг, /РД:00000000/,

урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох ялаар, мөн Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин буюу 10.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан;

Шүүгдэгч Ц.М нь дүү Ц.П-тойгоо бүлэглэн 2013 оноос 2015 оны хооронд Баян-Өлгий аймагт тус аймгийн прокурорын газрын конторын барилга байгууламжийг чанар муутай бариулж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас 95.115.145 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.М-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2022 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-ид холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.М-ийн Хаан банкны 5845304376 тоот дансыг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, тус хэргийн хамт прокуророос ирүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А-1/1471 тоот албан бичиг бүхий 2013 онд зарлагдсан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын конторын барилгын тендер шалгаруулалттай холбогдох 5 хавтас материалыг хэргийн хамт хадгалахыг дурдаж,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.М бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт холбогдуулж гаргасан иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: ”...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/378 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгахдаа “Барилга барих гүйцэтгэгч байгууллага нь барилгын тусгай зөвшөөрөлтэй, ажиллагсад нь барилгын зохих мэргэжилтэй, техникийн нөхцөл авсан талаар, барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг хэрэгжүүлж байсан талаар өмнө нь барилга барьж ашиглалтанд оруулж байсан туршлагатай... гэрээт үнийн дүн барилгын чанар байдалд нөлөөлөхгүй талаар болон хүлээн авах комисс бичиг баримтын бүрдэл дутуу байхад барилгыг хууль зөрчин ашиглалтад хүлээн авсан нь холбогдох хууль, дүрмийг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтэд дүгнэсэн, харин барилгыг чанар муутай бариулж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн талаар дүгнээгүй болно.” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан салхивчийн систем, дотор, гадна бохир усны шугамын материал зориулалтын бус материалаар гүйцэтгэсэн, цахилгаан сантехникийн шугам сүлжээний угсралтын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй өөрчилсөн, өөрчлөлтийн зураг төслийг баталгаажуулсан нотлох баримт бичиг байхгүй зэрэг зөрчилд дүгнэлт хийлгүйгээр “Барилгыг чанар муутай бариулж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн талаар шинжээч дүгнээгүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Мөн шүүх “хэрэгт шүүгдэгч Ц.М-ийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн бөгөөд уг тогтоолд Ц.М-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар чанар муутай барилга ашиглалтанд оруулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн, эрүүгийн хэрэгт татсан нь үндэслэлгүй. Уг хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газрын дотор халаалтын системийн засварын ажлын төсөв 19 478 588 төгрөг гээд, мэргэшсэн төсөвчин А.А засварын төсөв гаргасан нь хохирлын хэмжээнд хүрэхгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлтээр...нийтдээ 95,115.145 төгрөгийн ажлын төсөвт өртөг тооцогдсон байна.  Яллагдагчаар татсаны дараа их хэмжээний хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан үйл баримт тогтоогдож, гэмт хэргийн шинж болох их хэмжээний гэх шинжид хүрээгүй байхад яллагдагчаар татсан” гэжээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчаар татах гэсэн ойлголт тусгагдаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай ойлголтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ”, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ. Энэ хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ." гэж тодорхой заасан. Ц.М-д холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол хуульд заасан дээрх үндэслэл, шаардлагыг хангасан гэж үзэж байна. А.А-ы гаргасан засварын төсөв нь хохирлыг бүрэн тусгаж, эцэслэн гарсан шийдвэр гэж үзэхгүй тул “Яллагдагчаар татахаас өмнө тогтоосон А.А-ы үнэлгээгээр хохирлын хэмжээ их хэмжээний хохиролд хүрээгүй байхад яллагдагчаар татсан” гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн эрх баригч, түүнчлэн барилгын чанарт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан буюу ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас их хэмжээний хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг юм. Шүүх “Шүүгдэгч Ц.М-ийг 2013-2015 оны хооронд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын албаны барилгыг чанар муутай бариулсан, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсний улмаас 95 115 145 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд улсын яллагчаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн эрх баригч, түүнчлэн барилгын чанарт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан буюу ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас их хэмжээний хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг юм. “Шүүгдэгч Ц.М-ийг 2013-2015 оны хооронд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын албаны барилгыг чанар муутай бариулсан, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсний улмаас 95.115.145 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд улсын яллагчаас 2002 оны Эрүүгийн хуулийн 174 дугээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар буруутгаж ялласан боловч Ц.Мийн бариулсан барилга нь чанар муутай барилга гэж дүгнэх үндэслэлгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 95.115.145 төгрөг нь хэдийгээр их хэмжээний хохиролд хамаарч байгаа боловч чанар муутай барилга гэдэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, заавар, стандартын шаардлагад нийцээгүй барилгын үндсэн хийц, бүтэц, зориулалтын хувьд ашиглах боломжгүй нөхцөл байдлыг ойлгодог. Гэтэл шүүгдэгч Ц.М-ийг буруутгаж буй үйлдлийн тухайд хохиролд тооцож буй 95.115.145 төгрөгийн хохирол тооцсон нотлох баримтуудтай танилцахад барилгын дээврийн ажилд 7.500.000 төгрөг, дотор халаалтын систем дахин хийгдсэн ажилд 37.425.994 төгрөг, хийгдээгүй дутуу хийгдсэн ажлын төсөвт өртөгт 50.189.151 төгрөг гэж тооцсон байна. Чанар муутай барилга бариулж, ашиглалтанд өгсөн гэж буруутгаж байгаа үндэслэл нь уг барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэх үндэслэлд хамаарахгүй байна. Эрүүгийн хуульд эаасан чанар муутай барилга барих, ашиглалтанд оруулах гэмт хэргийн үндсэн шинж нь Иргэний хууль, Барилгын тухай хуульд заасан барилгын чанартай холбоотой иргэд, хуулийн этгээд хоорондын харилцаанаас ялгагдаж буй гол шинж нь уг барилгын чанар муутай баригдсанаас шалтгаалж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, ашиглалтанд оруулсан тохиолдолд бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан нөхцөл байдлаар тодорхойлогдоно.” гэжээ. Чанар муутай барилга бариулах, ашиглалтанд оруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив тал нь чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан эсхүл тийм барилга байгууламжийг ашиглалтанд хүлээлгэн өгсөн үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга гэдэгт зураг төсөл зохиох норм үнэлгээний дагуу хийгдэж зохих байгууллагаар баталгаажуулсан бөгөөд захиалагчаас барилгын ажил гүйцэтгэгчид гэрээгээр шилжүүлсэн зураг төслийн дагуу баригдаагүй, уг зураг төслийг барилгын ажил гүйцэтгэгч дур мэдэн өөрчилж, энэ дагуу барилгаа барьсан зэргийг хамруулах ба гадна цэвэр, бохирын шугамын батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой заасан. Энэ гэмт хэргийн обьектив талын үйлдэл нь чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга байгууламж барьж байгуулснаар эс үйлдэхүй нь стандарт техникийн нөхцлийн дагуу болон гэрээний дагуу заавал хийж гүйцэтгэх ёстой иж бүрдэл, ажлыг хийгээгүй буюу зохих ёсоор хийгээгүйгээр илэрдэг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүх хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан, ашиглалтанд оруулсан гэх шинжүүдээс зөвхөн ганц чанар муутай барилга бариулсан, ашиглалтанд оруулсан гэх шинжийг тайлбарлан, уг шинжид хамаарахгүй байгаа нь гэмт хэргийн шинжгүй мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэснийг зөрчиж, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан, ашиглалтанд оруулсан гэх шинжүүдийг няцаан үгүйсгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж дүгнэхээр байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1811027011162 дугаартай Ц.М-ид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2 дахь заалт буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3 дахь заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/378 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч Б.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ц.М-ид холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт ямар үндэслэлийн улмаас цагаатгасан талаараа тодорхой тайлбарлаж, дурдсан. “Ховдын тулга” ХХК нь Баян-Өлгий аймгийн прокурорын барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 33 тоот актаар хүлээлгэн өгч, 33 төрлийн ажил үйлдсэн. Харин гадна талын тохижилтын ажлыг хавар дулаарахаар хийж өгөхөөр болсон байдаг. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэсэн. Прокурорын эсэргүүцэлд “тухайн барилга нь чанар муутай баригдсан. Өөрөөр хэлбэл, чанар муутай барилгыг ашиглах боломжгүй. Учир нь, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан” гэж дурдсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн прокурорын газар өнөөдрийн байдлаар тухайн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн тухайн барилгыг ашиглах боломжгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй бөгөөд бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдоогүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Цагаатгах тогтоолд “тухайн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын барилга чанар муутай баригдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн. Учир нь, Барилгын хөгжлийн төвөөс “тухайн барилгад манай байгууллагын зүгээс дүгнэлт гаргах боломжгүй” гэж илэрхийлсэн. Энэ талаар баримт /3хх 45 дугаар хуудас/ авагдсан. Хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичигт “шинжээчээр оролцох боломжгүй” гэж байдаг. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч н.Амгалангийн гаргасан дүгнэлтээр тухайн барилгад учирсан эвдрэл, гэмтэл, төсвийн талаар гарсан байдаг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан өөрийн дотоод итгэл үнэмшлээр үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд прокурорын хүсэлтийн дагуу шинжээч н.Амгалан оролцохдоо “тухайн барилга нь чанар муутай баригдаагүй. Иж бүрдэл буюу цахилгааны монтаж, сантехникийн шугам, хоолой нь чанар муутай байсан нь тухайн барилгыг чанар муутай гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбарласан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Учир нь, анх прокуророос “чанар муутай барилга барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэж өгсөн” гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “чанар муутай барилга барьж, ашиглалтад хүлээлгэж өгсөн талаар дүгнээгүй болно” гэж дурдсан байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайн объектив талын шинжүүдээс зөвхөн нэг шинжийг нь тайлбарласан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан. Гэтэл прокуророос хэргийг чанар муутай барилга бариулж ашиглалтад оруулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг” цагаатгах тогтоолд зааж өгнө гэж хуульчилсан. Улсын яллагчийн зүгээс тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож, тогтоогдсон гэж үзэж байхад анхан шатны шүүх тухайн баримтуудыг ямар баримтаар үгүйсгэсэн талаар няцааж, тайлбар хийгээгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж тайлбарласан. Ц.М-ийг “Ховдын тулга” ХХК-ийн гүйцэтгэх захирал учраас уг хэрэгт яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд Ц.М нь “би анхнаасаа энэ барилгын тендерийн ажлыг авахгүй гэж эсэргүүцэж байсан. Учир нь, яг энэ барилгатай адилхан барилга 1.400.000.000 төгрөгийн төсвөөр боссон байхад 993.000.000 төгрөгийн төсөв мөнгөөр уг барилгыг барихыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин манай дүү Ц.П ярьж энэ ажлыг авсан” гэж мэдүүлдэг. Харин тухайн барилгын тендерийн ажил Ц.П-той бус “Ховдын тулга” ХХК-тай хийгдсэн. Мөн Ц.М нь “би гарын үсэг зураагүй. Хуурамч тамга, тэмдэг ашигласан” гэж мэдүүлсэн боловч шинжээчийн дүгнэлтээр Ц.М-ийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Барилгын тендертэй холбогдолтой мөнгө “Ховдын тулга” ХХК-ийн эзэмшлийн дансанд орж ирсэн. Уг дансыг захиран зарцуулах эрх нь Ц.М-ид байсан. Тухайн барилгыг 2015 оны 12 дугаар сард хүлээн авсан. Харин 2017 онд тухайн барилгын паар, турба цоорч, ус алдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн барилгад хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон учраас энэ талаар Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор Батсүх “Ховдын тулга” ХХК-д мэдэгдэж, засуулах шаардлага тавьсан. Ц.М, түүний эхнэр Н нар мэдүүлэхдээ “тухайн үед бидэнд шаардлага тавьсан. Өвлийн улирал болсон байсан учраас бид засаж өгөх боломжгүй. Дулаарахаар очиж засаж шийдвэрлэж өгнө гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос давж заалдах журмаар бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:         

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх маргаан бүхий асуудал гараагүй байна

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Ц.М-ид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг цагаатгаж, тус гэмт хэргийн шинж нотлогдоогүй талаар хийсэн дүгнэлт нь хэрэгт цугларч, шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалжид үндэслэсэн, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

2.1. Тус хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.М-ийг Ц.П-той бүлэглэн 2013 оноос 2015 оны хооронд Баян-Өлгий аймагт тус аймгийн прокурорын газрын конторын барилга байгууламжийг чанар муутай бариулж, ашиглалтад хүлээлгэн өгсөн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.   

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг захиалагч буюу Улсын ерөнхий прокурорын газар, гүйцэтгэгч буюу “Ховдын тулга” ХХК-ийн хооронд 2013.09.24-ний өдөр үндсэн гэрээг, 2014.04.04-ний өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулсан /1хх-43-45, 46-48, 117/ байна.

Тухайн барилга угсралтын ажил 2015 оны 11 сарын 24-ний өдөр дуусч,  барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ажиллагаа явагдаж эхэлсэн байх ба Баян-Өлгий аймгийн прокурорын газрын контор, орон сууцны барилгыг ашиглалтад авах Улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “гүйцэтгэгч буюу “Ховдын тулга” ХХК 14 хоногт багтаан комисоос өгсөн даалгаврын биелэлтийг гаргаж ашиглагч байгууллага болох Баян-Өлгий аймгийн прокурорын газарт хүлээлгэн өгөх, дутуу ажлыг гүйцээн биелэлт гаргаж, комиссын дарга, гишүүдэд хянуулахыг гүйцэтгэгчид даалгаж, мөн хүйтний улиралд хийгдэх боломжгүй ажлуудыг 2016 оны хавар дулаарах үед гүйцээж хийхээр ашиглагчтай гэрээ байгуулах” гэж шийдвэрлэсэн /1хх-56-59/ байна.

Улмаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын контор, орон сууцны барилгыг ашиглалтад авах комиссын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар актаар  “тус барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, конторын болон орон сууцны зориулалтаар ашиглахад хангалттай” гэж үзээд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулахыг хүлээн зөвшөөрсөн /1хх-49-50, 120-121/ байна.  

Мөн захиалагч буюу Улсын ерөнхий прокурорын газар, гүйцэтгэгч буюу “Ховдын тулга” ХХК-ийн хооронд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “барилга байгууламжийн  магадлашгүй ажлын акт”  үйлдэж, магадлашгүй ажлын зардлыг “халуун усны ялтсан ус халаагч угсрах” ажлыг зарцуулахаар тохиролцсон /1хх-122-123/ байна.  

Тус хэрэгт цугларсан Улсын комисс акт, тэмдэглэл, мөн тус комиссын бүх гишүүдийг гэрчээр тогтоож авсан мэдүүлэг /2хх-68, 69, 70, 71, 72, 147, 238-239, 242-243, 246-247, 250, 3хх-1-2, 4-5, 8-9, 12-13, 115, 117, 137-138/, гүйцэтгэгч, захиалагч талын холбогдох инженер, хяналт тавьсан, ашиглалтад оруулахад оролцсон эрх, үүрэг бүхий этгээд бүрээс авсан мэдүүлэг /1хх-11-12, 74-75, 76-78, 2хх-130-131, 3хх-122-124, 127, 130-134, 4хх-188-189/ болон бусад нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь харьцуулан шалгахад : Баян-Өлгий аймгийн прокурорын газрын барилга баригдаж эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд гэрээний 2 тал харилцан эрх эдэлж, үүрэг хүлээж, хяналтаа хэрэгжүүлж улмаар улсын комиссоос барилга байгууламжийг “ашиглахад хангалттай” гэж хүлээж авсан нь тогтоогдсон байх ба харин тухайн барилга байгууламж нь чанаргүй баригдсан гэдгийг нотолсон тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт, хамаарах бусад нотлох баримтгүй, мөн тус барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан комиссын гишүүдээс хууль бус үйл ажиллагаа явуулсан, бусдын нөлөөлөлд автсан буюу чанаргүй барилгыг “хангалттай чанартай” гэж тооцон ашиглалтад оруулсан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоодсонгүй.

Гэтэл Баян-Өлгий аймгийн прокурорын газрын барилгыг баригдаж эхэлснээс хойш 8 жил гаруй хугацаа, Улсын комисс ашиглалтад хүлээн авснаас хойш 6 жил орчмын хугацаа өнгөрсөний дараа буюу 2021.07.19-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулсан /3хх-79-86/ байх боловч тус дүгнэлт нь тухайн барилгын захиалагч ба гүйцэтгэгч нар өөрсдийн байгуулсан гэрээнийхээ дагуу харилцан хүлээх зарим эрх, үүрэгтээ хайнга хандсан эсэхэд хамаарч болохыг үгүйсгэхгүй байх боловч харин “тухайн барилга байгууламжийг чанаргүй баригдсан” гэдгийг нотолж буй эх сурвалж биш болох нь :

- тухайн дүгнэлтийг гаргасан зөвлөх инженер Д.Амгалангийн”. ...барилгын үндсэн хийц буюу суурь, карказ, багана, дам нуруу, хучилт чанар муутай хийгдээгүй...” гэх /3хх-98-99/ мэдүүлэг,

- Улсын комиссын акт, тэмдэглэл, мөн тус комиссын гишүүдээс гэрчээр өгсөн  мэдүүлэг /2хх-68, 69, 70, 71, 72, 147, 238-239, 242-243, 246-247, 250, 3хх-1-2, 4-5, 8-9, 12-13, 115, 117, 137-138/, мөн гүйцэтгэгч, захиалагч талын холбогдох инженер, хяналт тавьсан, ашиглалтад оруулахад оролцсон эрх, үүрэг бүхий этгээд бүрээс авсан мэдүүлэг /1хх-11-12, 74-75, 76-78, 2хх-130-131, 3хх-122-124, 127, 130-134, 4хх-188-189/ зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байгааг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, цаг хугацааны хүчин зүйлсийн нөлөөлөл буюу урт хугацааны явцад барилгын зарим хэрэглэгдэхүүн, хэрэгсэлд элэгдэл, хорогдол буюу засварлах хэрэгцээ шаардлага үүссэн, мөн зарим баримт бичиг үрэгдсэн, олдоогүй зэргийг үгүйсгэх боломжгүй тул “тухайн барилга байгууламж барьж эхлэх, дуусах үеийн зарим баримт бичиг болон түүнд зурагдах гарын үсэг дутуу, барилгын зарим материал чанар муу, засварлах шаардлага үүссэн гэх мэт асуудлыг дүгнэсэн” 2021.07.19-ний өдөр үйлдэгдсэн шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг нотлох эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримтын эх сурвалж болохгүй, харин 2 талын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанд хамааралтай гэж үзэх утга агуулга, үндэслэлийг илэрхийлсэн байна.

2.2. Барилгын үндсэн бүтээцэд хамааралгүй зөвхөн барилга дахь дулаан дамжуулах буюу халаалтын системийн хэрэглэгдэхүүн болох паар, мөн барилгын дээвэр, бусад зарим материал, хэрэгслийн чанар хангалтгүй байсан эсэх нь “чанар муутай барилга ашиглалтад оруулсан гэмт хэргийн шинжид хамаарахгүй” байна.    

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын барилгыг захиалагч ба гүйцэтгэгч талууд тухайн барилгыг ашиглалтад оруулсан тухайн үед “барилгад дулаан дамжуулах буюу халаалтын системийн хэрэглэгдэхүүн болох паарны чанарын талаар огт маргаангүй” буюу ашиглалтад бүрэн хүлээн авч, өгөлцсөн байна.

Харин барилга байгууламж ашиглалтад орсноос хойш 2 жил гаруй хугацааны дараа буюу 2018.04.12-ны өдөр Баян-Өлгий аймгийн прокурорын газраас барилгын гүйцэтгэгч болох “Ховдын тулга” ХХК-нд хандан “тус барилгад тавигдсан паарны чанар муудаж цоорсон, солих шаардлага үүссэн” тухай хүсэлт хүргүүлсэнтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан, үл ойлголцол үүссэн нь шүүгдэгчийг чанар муутай барилга бариулсан, ашиглалтад оруулсан гэмт хэрэгт тооцоход биш харин тухайн захиалагч ба гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд хийгдсэн барилгын ажил гүйцэтгэх үндсэн болон нэмэлт гэрээний хүрээнд шийдвэрлэгдэх маргаан гэж үзэх үндэслэлтэй байна.   

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас барилгын гүйцэтгэгч болох “Ховдын тулга” ХХК-нд хандаж, “12 паар хагарч, цоорсон, цаашид радиаторууд цоорох, ус алдах нөхцөл бүрдсэн тул яаралтай арга хэмжээ авах, мэргэшсэн төсөвчний гаргаснаар засварын ажлын төсөв 19,8 сая төгрөг болсон” тухай хүсэлт гаргаж, баримтыг хавсаргасан /1хх-34, 40, 38-42, 100/ байх ба тус асуудлаар 2 тал үл ойлголцсоноос болж, Улсын ерөнхий прокурорын газраас 2018.09.24-ний өдөр гэмт хэргийн журмаар шалгуулах гомдол гаргахад хүрч /1хх-31-32/ байжээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сантехникийн засварын ажлыг гүйцэтгэгч тал хийгээгүйн улмаас 2020.04.27-ны өдөр захиалагч тал “Эрчим дөл” ХХК-тай гэрээ байгуулж, 37.425.994 төгрөгөөр хийлгүүлсэн /4хх-01-02/ байх ба  2021.10.10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулахад “барилгын дутуу хийгдсэн ажлын төсөвт өртөг-50.189.151 төгрөг, дээврийн засварт 7.500.000 төгрөг, дахин хийсэн дотор халаалтын зардал 37.425.994 төгрөг /3хх-220-221, 222-237/ гэсэн хор уршгийн тооцоолол хийгдсэн буюу захиалагч талаас гомдлын шаардлагаа ихэсгэсэн байна.

Гэвч Улсын комиссын “Баян-Өлгий аймгийн прокурорын газрын контор, орон сууцны барилгыг зориулалтаар ашиглахад хангалттай” хэмээн ашиглалтад оруулахыг хүлээн зөвшөөрсөн акт 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан, түүнчлэн чанар муутай барилга баригдсан гэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул барилгын чанарын асуудалд хамааралгүй буюу барилга дахь дулаан дамжуулах буюу халаалтын системийн хэрэглэгдэхүүн болох паар, мөн барилгын дээвэр, бусад зарим материалыг  солих, засварлахтай холбоотойгоор 2018 оны 4 дүгээр сараас эхэлж үүссэн маргааныг тухайн барилгын захиалагч ба гүйцтэгэгч талуудын хооронд хийгдсэн үндсэн ба нэмэлт гэрээ, Улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуралдааны тэмдэглэл,  Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх “гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой” гэж үзэх үндэслэлтэй байна.   

Тодотговол, захиалагч ба гүйцтэгэгч талуудын хооронд хийгдсэн үндсэн ба нэмэлт гэрээ, Улсын комиссын хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд гүйцэтгэх тал нь тухайн барилыг ажлыг гүйцэтгэх хүрээнд дутуу ажлыг гүйцээн биелэлт гаргах, хянуулах,  мөн хүйтний улиралд хийгдэх боломжгүй ажлуудыг 2016 оны хавар дулаарах үед гүйцээж хийхээр ашиглагчтай гэрээ байгуулах зэрэг зөрчил, гологдлыг арилгах үүрэг хүлээж байсан байх тул захилагч нь барилгын үе шатны зарим ажлын зөрчил, гологдол, эд материал, холбогдох хэрэгслийн завсарт хамаарах зардлын талаар иргэний журмаар гомдлын шаардлага гаргах боломжтой гэж үзнэ.   

Иймд шүүгдэгч Ц.М-ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/378 дугаар шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Чинбатын давж заалдах журмаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/378 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Чинбатын давж заалдах журмаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

 

                           ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР