Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00530

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00530

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03501 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ХХК-ийн хариуцагч Д.А-т холбогдуулан гаргасан ус, дулаан, баримтын төлбөрт 5 507 021 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны зоорийн давхрын 522 м.кв талбай, 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбайг нэхэмжлэгч О ХХК ашигласан болохыг тогтоолгох, 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19 440 000 төгрөг, шинжээчийн хөлс 110 000 төгрөг, нийт 19 555 000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ш , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/1, 127/2 дугаар байруудыг өөрийн эзэмшлийн ус, дулаан дамжуулах төвөөр дамжуулан халаалтын улирлын туршид тогтмол халааж, сар бүр дулааны төлбөрийг төлсөөр ирсэн. Гэтэл иргэн Д.А нь Сар ач ХХК-иас 127/1 дүгээр байрны зоорийн давхарын 522 м.кв авто зогсоол, 127/2 дугаар байрны 272 м.кв авто зогсоолыг худалдан авч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, ашигласан хугацааны буюу 2018 оны 1 дүгээр сараас одоог хүртэлх ус, дулааны төлбөрт 5 756 185 төгрөгийг төлөөгүй байна. Дулааны эрчим хүчний төлбөр, тооцооны журмын 5.3-т заасны дагуу Д.А ийн эзэмшиж буй авто зогсоолын талбайн дулааны төлбөрийг талбайн хэмжигдэхүүнээр тооцсон болно. Төлбөрийг задаргаагаар тодруулбал, Д.А нь нийт 794 м.кв авто зогсоол эзэмшиж байгаа бөгөөд 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд 1 м.кв дулааны үнэ 460 төгрөг ба /460x794=365,240 төгрөг/ 1 сарын дулааны төлбөрийг 365 240 төгрөгөөр, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд 1 м.кв дулааны үнэ 506 төгрөг ба /506x794=401 764/ 1 сарын дулааны төлбөрийг 401 764 төгрөгөөр, харин усны төлбөрийг 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд усны суурь үнээр буюу 1 сарын 4 400 төгрөгөөр, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд мөн суурь үнээр буюу 5 400 төгрөгөөр тус тус тооцсон, мөн сар бүр баримтын 200 төгрөг. Ингээд 2018 оны 1 дүгээр сараас мөн оны 5 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны ус, дулаан, баримтын төлбөрт нийт 5 756 185 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Бид одоо нэхэмжлэлийн шаардлагаа 249 164 төгрөгөөр багасгаж байгаа бөгөөд энэ нь 34.8 м.кв талбайд ногдох ус, дулааны төлбөр юм. Учир нь бид нэхэмжлэл гаргахдаа узелийн 34.8 м.кв талбайг хариуцагч Д.А ийн 794 м.кв авто зогсоолд оруулж тооцсон тул энэ талбайн төлбөрийг хасч байна. Иймд хариуцагчаас ус, дулааны төлбөрт 5 507 021 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 127/1 дүгээр байр, 127/2 дугаар байрны барилга нь анхнаасаа доороо авто зогсоолтой, 276 айл өрхтэй баригдсан. Иргэн Д.А нь өмнөх эзэмшигч Сар ач ХХК-ниас 127/1, 127/2 дугаар байрны зоорийн давхарын авто зогсоолын м.кв-ыг буруу хүлээж авсан. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн узель, цахилгааны шит байрлах хэсгийг авто зогсоолынхоо талбайд оруулж тооцож худалдаж авсан нь түүний өөрийн буруутай үйл ажиллагаа юм. Ийм тохиолдлыг улсын бүртгэлийн газар буруу тогтоож, бүртгэх ёсгүй талбайг бүртгэсэн. Манайх 522 м.кв-аас 34.8 м.кв узелийн талбайг хасч тооцож нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Д.А нь өмчлөлдөө байгаа 794 м.кв авто зогсоолоо өөр хүнд авто машины зогсоолын зориулалтаар түрээслүүлээд явж байгаа. Манай компани үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байдаг. Ус дулааны асуудлаар тухайн зогсоол руу оруулах ёстой байтал талбайдаа оруулдаггүй. Энэ асуудлаар өмнө нь албан бичиг өгч хандаж байсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны зоорийн давхарын 522 м.кв авто зогсоол, 127/2 дугаар байрны зоорийн давхарын 272 м.кв авто зогсоолын өмчлөгч бөгөөд миний өмчлөлийн дээрх зогсоолууд дээр О ХХК-ийн дулааны сүлжээний узель байрладаг. Үүнээс болоод би өмчлөлийн талбайгаа ашиглах боломжгүй болоод байгаа. Ийм тохиолдолд манайхаас дулааны төлбөр авах шаардлагагүй. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127/1 дугаар байрны 522 м.кв, 127/2 дугаар байрны 272 м.кв авто зогсоолын өмчлөгч Д.А ийн газар дээр тус байрны дулааны узель байрладаг. Гэтэл тус узель нь нийтийн эзэмшлийн газарт байрлах ёстой байтал хариуцагчийн өмчлөлийн талбайд байрласнаас болж өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн талбайг ашиглах боломжгүй болсон. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны зоорийн давхрын 522 м.кв талбай, 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбайг нэхэмжлэгч О ХХК нь ашигласан болохыг тогтоолгох, мөн алдагдсан боломж буюу дээрх хугацаанд тухайн талбайг бусдад түрээслүүлсэн бол хариуцагч Д.А нь 19 440 000 төгрөгийн орлого олох боломжтой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул олох байсан орлогод 19 440 000 төгрөг, шинжээчийн хөлс 110 000 төгрөг, нийт 19 555 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, нэхэмжлэгчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.А аас ус, дулаан, баримтын төлбөрт 5 507 021 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК -д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан хариуцагч Д.А ийн нэхэмжлэгч О ХХК -д холбогдуулан шүүхэд гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны зоорийн давхрын 522 м.кв талбай, 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбайг нэхэмжлэгч О ХХК ашигласан болохыг тогтоолгох, алдагдсан боломж буюу 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19 440 000 төгрөг, шинжээчийн хөлс 110 000 төгрөг, нийт 19 555 000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 050 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103 062 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Д.А ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбайн болон тус хорооны 127/1 дугаар байрны зоорийн давхрын 522 м.кв талбай нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083132, Ү-2204032492 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогддог. Мөн тус байрыг барьсан Баян констракшн ХХК-ийн "Орон сууц, үйлчилгээний барилга блок 7-8" барилгын зураг төсөлд тус барилгын зоорийн давхрын нийт хэмжээг тодорхойлохдоо узелийн өрөө 17.4 м.кв, ариун цэврийн өрөө 18 м.кв, цахилгааны өрөө 17.4 м.кв, авто зогсоолын талбай 220 м.кв нийт 272 м.кв талбайтай гэж зоорийн давхарын нийт хэмжээг тодорхойлсноос харахад манай хөрөнгө мөн болох нь тогтоогдож байхад өмч биш бусдын өмчлөл гэж үзсэнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Д.А-т холбогдуулан ус, дулаан, баримтын төлбөрт 5 507 021 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны зоорийн давхрын 522 м.кв талбай, 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбайг нэхэмжлэгч О ХХК ашигласан болохыг тогтоолгох, 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19 440 000 төгрөг, шинжээчийн хөлс 110 000 төгрөг, нийт 19 555 000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн ус, дулаан хэрэглэсэнтэй холбоотой үйл баримтын талаар дүгнэлт хийсэн боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх төлбөрийг шаардах эрхтэй этгээд мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэргийн 5-6 дахь талд О ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ баримтаар авагдсан байх бөгөөд дээрх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзвэл 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгогдсон үйл баримт тогтоогдсон. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө О ХХК нь ус, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх нөхцөл байдал, улмаар хариуцагч Д.А ийн өмчлөлийн зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч О ХХК хариуцан ус, дулаан дамжуулах эрхтэй, гэрээтэй байсан эсэх нөхцөл байдал тодорхой бус байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч О ХХК нь ус, дулаан дамжуулах төв байгууллагатай тухайн орон сууцны барилгын хувьд гэрээтэй байсан эсэх нөхцөл байдал тодорхой бус байхад хариуцагч Д.А ийн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй эсэхийг тодорхойлох боломжгүй тул дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ус, дулаанаар хангах гэрээ зэрэг нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх харилцаанд хамаарахгүй байна.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03501 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 261 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ