Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 318/ШШ2025/00161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:        аймгийн             оршин суух, регистрийн дугаар     , Э ургийн овогт Б.Д,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1969 онд төрсөн. Би 1990 онд Д хот дахь Политехникийн сургуулийг төгсөөд 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа З сумын эрчим хүчний салбарт дизельчнээр ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхээр        аймгийн Архивын тасгаас лавлагаа авахад 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учир шүүхэд хандаж байна. Иймд намайг 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа З сумын Эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн батлахын хуулбар,        аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр зөвлөмжийн хуудас,        аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тодорхойлолт, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар Мэргэжлийн зэрэг батлах тухай тушаал, хавсралт, 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б-113 дугаар Мэргэжлийн зэрэг нэмэх ба бууруулах тухай тушаал, гэрч Ж.Маамуугийн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Ж.Маамууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Б.Дын ХААТР-1 зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Дын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа З сумын Эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Дын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.        аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Б.Д нь        аймгийн З сумын Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990-1995 онд ажиллаж байх үеийн ажилд орсон тушаал аймгийн архиваас гарсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архиваас гараагүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

3.2.        аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тодорхойлолтод:        аймгийн З сумын Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаал, 1990-1993 оны цалингийн баримт тус архивт шилжиж ирээгүй ба архивт ирүүлсэн 1994-1995 оны цалингийн баримтыг судалж үзэхэд Б.Дт холбогдох баримт гараагүй болно гэжээ.

3.3. Б.Дт 1990 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Д хот дахь Политехникумын сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр З сумын Эрчим хүчний салбарт дизельчнээр авч ажиллуулав, 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дизельчний үүрэгт ажлаас чөлөөлөв гэжээ.

3.4. Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар Ажилд томилох тухай тушаалаар Б.ДЗ сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 7 дугаар сарын 15-наас дизельчнээр ажиллуулсан, 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар Мэргэжлийн зэрэг батлах тухай тушаал, хавсралтаар дизельчин Б.Дт 3 дугаар зэргийн мэргэжлийн зэрэг олгосон, 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б-113 дугаар Мэргэжлийн зэрэг нэмэх ба бууруулах тухай тушаалаар дизельчин Б.Дын мэргэжлийн зэргийг 1-ээр нэмэгдүүлсэн байна. Тухайн тушаалууд нь нэхэмжлэгчийн 1990-1992 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.

3.5. Б.Дын ХААТР-1 маягтад Овог, нэр Б.Д, ажилладаг байгууллага Политехникум, эрхэлдэг ажил оюутан, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.06.21 гэж бүртгэгджээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн сургуульд суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

3.6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Маамууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Би 1986-2005 онд        аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харьяа З сумын дизель станцад дизельчнээр ажиллаж байсан. Намайг тус станцад дизельчнээр ажиллаж байх үед Б.Д нь 1990 оны 6, 7 дугаар сарын үед З сумын дизель станцад дизельчнээр ажилд орж байсан. Дизельчин нь 60-100 квт-аар мотор асааж, сумын төвд цахилгаан түгээх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Тус станц нь 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан ба 1 дизельчнээр нь Б.Д ажиллаж байсан. Б.Д нь ажил үүргээ сайн гүйцэтгэдэг байсан ба 1995 онд зах зээлийн хүнд хэцүү цаг үед түлш шатахууны үнэ өртөгийг дийлэхгүй болсны улмаас цомхотголд орж ажлаасаа чөлөөлөгдсөн гэж мэдүүлсэн ба түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож боломжтой гэж үзэв.

4. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах гол үндэслэл нь 1995 оноос хойш түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа байдаг бөгөөд уг хугацаанаас хамааран ажилласан жилийг тооцдог. Нэхэмжлэгч Б.Д 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа З сумын Эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан гэж тайлбарласан ба түүнээс 1995 онд цалин хөлснөөсөө нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэхийг тодруулахад Нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг шүүлгэхэд гараагүй гэх хариуг өгсөн байна. Иймд нэхэмжлэгч Б.Дын 1995 оны 01 дүгээр сараас 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

5. Нэхэмжлэгч Б.Д-ын цалингийн баримт        аймгийн Архивын тасагт хадгаладагаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа З сумын Эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар Мэргэжлийн зэрэг батлах тухай тушаал, хавсралт, 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б-113 дугаар Мэргэжлийн зэрэг нэмэх ба бууруулах тухай тушаал, гэрч Ж.Маамуугийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Э ургийн овогт Б.Д-ын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа З сумын Эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1995 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Э ургийн овогт Б.Д-ын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал        аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа З сумын Эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1995 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор        аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ