| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00029/и |
| Дугаар | 301/ШШ2025/000115 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 301/ШШ2025/000115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч А.... аймгийн .... сумын ...... гэх газарт оршин суух Ц.Б.... хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Б...р нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Ц.Б.... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Б.... миний бие 19... онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд А.... аймгийн Б....л сумын У нэгдлийн тэжээлийн цехэд тэжээл бэлтгэгчээр ажиллаж байгаад У г нэгдэл үйл ажиллагаа аж ахуй нэгжийн дагуу шинээр Чингэлт компани болон байгуулагдсан. Би 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Чингэлт ХХК-ис чөлөөлөгдсөн ба аймгийн төв архиваас ажиллаж байсан хугацааны бичиг баримт гарахгүй байгаа... “...Миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тэжээл бэлтгэгчээр, Чингэлт компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Ц.Б... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1990 оноос 1994 онд тэжээлийн цехэд ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Миний ажиллаж байсантай холбоотой баримт архиваас гарахгүй байгаа. Ийм учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би 1990 оны 10 дугаар сард анх тэжээлийн цехэд бэлтгэгчээр ажилд орсон. Анх 8 дугаар анги төгсөөд шууд У.... нэгдэлд ажилд орсон. Тэгээд ажиллаж байгаад 1994 оны 10 дугаар сарын 15-16-ны үед цэргийн албанд татагдсан. Цэргийн албанд татагдталаа Улаантуг нэгдэл болон Чингэлт компанид ажиллаж байсан...” гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Б.... сумын Чингэлт ББХК-ын баримт шилжиж ирээгүй тул Ц...Б...т холбогдох лавлагаа гаргах боломжгүй гэсэн,
- Хүсэлт гаргагч Ц.Б...ын хөдөлмөрийн дэвтэр,
2.2. Хүсэлт гаргагч Ц.Б...ын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Б.Т...ын шүүхэд өгсөн “.....Би 1982 онд А.... аймгийн Б.....сумын У.... нэгдэлд нягтлан бодогчоор томилогдон очиж байсан. Ц.Б... нь 1990 оны 10 дугаар сард Улаантуг нэгдлийн тэжээлийн цехэд ажилчнаар орж байсан. Тэжээлийн цехэд ажилтан гэдэг нь тэжээл тарааж, хураах гэх мэт зүйлийг хийдэг байсан. Ц.Б... нь нэгдэл тартал буюу 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Улаантуг нэгдлийн суурийн Чингэлт компани байгуулагдсан бөгөөд тухайн компанид тэжээлийн цехэд нь 1 жил гарангын хугацаанд ажиллаж байсан. Би тухайн нэгдэлд нягтлан байсан учраас энэ байдлыг сайн мэдэж байна. Чингэлт компани нь 1998 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Э...ы шүүхэд өгсөн “Би 1979 онд 8 дугаар анги төгсөөд цэргийн албанд татагдсан. Миний бие Д... гэдэг хүний хүргэн болоод Ц.Б...тай танилцаж байсан. Энэ айлууд айл саахалт байдаг байсан. Намайг анх танилцаад найзалж нөхөрлөж байх үед Ц.Б... нь А.... аймгийн Б.... сумын У.... нэгдлийн тэжээлийн цехэд ажилдаг байсан. Ц.Б... нь У...г нэгдэлд 1990 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед Улаантуг нэгдлийн Лу... гэж хүн байсан. Нягтлан нь Д... гэх хүн байж байгаад үргэлжлүүлээд Төмөрбаатар гэх хүн болсон. Нягтлан хийж байсан Д.... гэх хүн нь манай хадам ах байгаа юм. Тэр үед нь би А.... аймгийн сумын У.....г нэгдлийн Х.... сахиулаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Ц.Ба...ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “оршин суух газар-Батцэнгэл сум, нийгмийн гарал-хоршооны ард, ” гэсэн,
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/32 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт Ц...ийн Б.... нь 1994 оны 11 дүгээр сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Б нь А.... аймгийн Б..... сумын У...... нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тэжээл бэлтгэгчээр, А.... аймгийн Б.... сумын Ч.... компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А.... аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 тоот тодорхойлолт,
- Хүсэлт гаргагч Ц.Б-ын хөдөлмөрийн дэвтэр,
- Ц.Б-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- А.... аймгийн Н.... даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/32 тоот тодорхойлолт,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Л.Д.., Д...., Б.Т..., Д.Э... нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ц.Б нь А.... аймгийн Б..... сумын У.... нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тэжээл бэлтгэгчээр, Чингэлт компанид 1991 оны 12 дугаар сарын 1-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ц.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б... овогт Ц.... Б....ыг А.... аймгийн Б.... сумын Улаантуг нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тэжээл бэлтгэгчээр, Чингэлт компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР