Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00568

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00568

 

Б.Ч, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/00108 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ч, Б.Б нарын хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ш , А.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э , Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Б.Ч нар нь Т ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчин билээ. Бид байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж "Т ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид арван ажилчин нэгдэж, тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдээр ажиллаж байсан. Гэтэл Т ХХК-ийн удирдлага биднийг илт хууль бус үндэслэлээр тодруулбал үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Т ХХК-ийн удирдлага Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиудыг зөрчиж биднийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Б.Б-ыг ажилд эргүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны цалин 28 524 774 төгрөгийг бодож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Б.Ч-г ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин урамшууллыг бодож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ч, Б.Б нь Монгол Улсын иргэний хувьд олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль бус ажиллагааг аялдан дагалдаж, Т ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин байгуулж, улмаар тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэдэг нэрийн дор ажил олгогч Т ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, саатуулах, компанийн бизнесийн нэр хүндэд халдах зэргээр Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 заалтыг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилж цуцалсан. Энэ нь нэхэмжлэгч Б.Ч, Б.Б нарын буруутай үйл ажиллагатай холбоотой. Ажлаас чөлөөлсөн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 375/20 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд оператор Б.Ч, Б.Б нар нь өөр компанийн /Эрдэнэс-Тавантолгой ХК/ Үйлдвэрчний эвлэлийн /ҮЭ/ хороотой хамтарч компанийн нэр ашиглан, хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулахад оролцож ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулж, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн. Нэхэмжлэгч нар нь ажил олгогч тэдний хөдөлмөрийн харилцааг санаачлан цуцлах болсон үндэслэлийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг байгуулж эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлснээс болсон гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч Үндсэн хуулийн 16.10 дахь заалт, БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль /1989 он/-д зааснаар Монгол Улсын иргэн нь эвлэлдэн нэгдэх, эрх ашиг сонирхлоо хангах зорилгоор төрийн бус байгууллага байгуулах эрхээ эдлэхдээ Төрийн бус байгууллагын тухай хууль /1997 он/ болон Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг дээд шатны байгууллагаас гаргасан зохих журмыг баримтлах ёстой. Үүнээс гадна өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах буюу хамгаалах зорилгоор төрийн бус байгууллага байгуулж байгаа бол түүнийгээ эрх зүйн харилцааны субьект болгохын тулд /хуулийн этгээд болохын тулд/ төрийн зохих байгууллагад бүртгүүлж албан ёсны этгээд болох хууль зүйн шаардлага Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар тавигддаг. Уг шаардлагыг хангасны үндсэн дээр иргэдийн байгуулсан төрийн бус байгууллага түүн дотроо Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь өөрийн гишүүд, дэмжигчид зэргийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, хамгаалахтай холбогдсон эрх, үүргүүдээ эдэлж хэрэгжүүлэх хууль зүйн нөхцөл бүрдэх юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдсагдсан Үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж ажлаас халагдах болсон гэх нь үндэслэлгүй бөгөөд хууль бус Үйлдвэрчний эвлэлийн хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн байгуулсан гэж байгаа Үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй тул бид хууль бус байгууллагыг бий болгож ажил олгогчийг төөрөгдүүлсэн, ажлын байран дээрх хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна. Б.Ч, Б.Б нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан ажилтан нь хууль, гэрээний дагуу шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ болон тус компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д заасан компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, 13.3.2.21-д заасан холбогдох хууль тогтоомжид заасан бусад буруутай үйлдэл хийсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т заасныг баримтлан хариуцагч Т ХХК-д холбогдох, өмнөх ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, буруу халсан үеийн олговор гаргуулах тухай Б.Ч, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ш давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/Ш32020/06181 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус захирамжийн үндэслэх хэсэгт ажил олгогч Т ХХК нь нэхэмжлэгч тус бүрд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргасан болох нь нэхэмжлэлд хавсаргасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалуудаар тогтоогдож байх ба шүүх дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтан тус бүрдээ хөдөлмөрийн гэрээ байгууллагдаж, улмаар ажилтан тус бүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байх ба шүүх тушаал бүрийн үндэслэлийг шүүх хянах учиртай хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 530 дугаартай захирамжаар Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Ч, Б.Б нарын хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Шүүгчийн гаргасан шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байхад нэг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх байж хоёр өөрөөр захирамжилж байгаа нь хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх зарчмыг ноцтой зөрчсөн хэмээн нэхэмжлэгч үзэж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/Ш32020/09734 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ын нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл нь гомдол гаргах эрхгүй буюу тус хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах эрхгүйгээр хянан шийдвэрлэдэг. Гэтэл анхан шатны шүүхээс гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн хуулийн заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дах хэсгүүдийг тус тус баримталж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Тодруулбал, тус өдрийн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаагаар тоологдох атал Хөдөлмөрийн тухай хуулийн хугацааг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно гэсэн нь хуулийг шүүгч өөрөө санаачлагаараа тайлбарлаж, хэрэглэсэн байна. Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан зүйлс орно гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй байхад ийнхүү дур зоргоороо хуулийг тайлбарлан хэрэглэсэн үйлдэл нь хууль зөрчсөн байна. Гэхдээ шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тус хөдөлмөрийн маргаан нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32020/11239 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, өмнө нь 2 удаа иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож түүнээс хойш шүүхийн ажиллагааг хийгдэж байсан мэдсэн атлаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь анх удаа нэхэмжлэл гаргаагүй бөгөөд 3 дахь удаагаа нэхэмжлэл гаргаж байгаа тул шүүхийн сүүлийн ажиллагаа буюу шүүхэд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн анхан шатны баримтуудыг буцаан авснаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болох юм. Түүнээс гадна 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжийг бичгэн хэлбэрээр гарах буюу албажих ажиллагаа дуусгавар болсноор тус захирамжийн хамт нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрхтэй болох юм. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/Ш32020/09734 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дугаарт Нэхэмжлэгч шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай хэмээн шүүхийн хүчин төгөлдөр захирамж байсан атал анхан шатны шүүхийн шийдвэр нь тус захирамжийг хүчингүй болгосон уу, эсхүл шүүх нэг хэргийг хянан шийдвэрлэхдээ хоёр өөрөөр шийдвэрлэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 30 хоногийн хугацааг тоолсон нь хуулийг буруу тайлбарлан хэргэлсэн болох нь харагдаж байна. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09727 дугаартай захирамжийг 2020 оны 7 дугаар сарын 16-ний өдөр шүүгчийн туслах 8 хуудас баримтын хамт гардуулан гарын үсэг зуруулсан байдаг. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09734 дугаартай захирамжийг шүүгчийн туслахаас 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 8 хуудас баримтын хамт гардаж аван гарын үсэг зурсан. Бидний хувьд тус захирамж болон нэхэмжлэлд хавсаргах баримтуудаа шүүхээс авалгүйгээр дахин нэхэмжлэл гаргах боломжгүй байсан.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 нэхэмжлэгчтэй нэг нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/Ш32020/06181 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Ажил олгогч Т ХХК нь нэхэмжлэгч тус бүрд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргасан болох нь нэхэмжлэлд хавсаргасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалуудаар тогтоож байх ба шүүх дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтан тус бүрдээ хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, улмаар ажилтан тус бүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байх ба шүүх тушаал бүрийн үндэслэлийг шүүх хянах учиртай гэж үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн энэ асуудлыг шийдвэрлэсэн захирамж хуулийн хүчин төгөлдөр байхад тус шүүхийн шүүгч Б.Ч, Б.Б нарын нэхэмжлэлийг нэгтгэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан нь харагдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б, Б.Ч нар хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэгч Б.Ч, Б.Б нар нь А.Б, Н.С, Г.Т, Б.З, Ч.Б, Ц.Б, Л.Г, Д.Б нарын хамт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06181 дугаар захирамжаар дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

 

Нэхэмжлэгч Б.Ч, Б.Б нар дахин шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байгаагаас нэхэмжлэлээ татан авч, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 09734 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Харин нэхэмжлэгч Б.Ч нь шүүхэд нэхэмжлэл гаргах түүнд гарын үсэг зурах эрхийг 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0832 дугаар бүхий итгэмжлэлээр С.Э д олгосон, нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнийн нэрээр гаргасан боловч нэхэмжлэлд өмгөөлөгч гарын үсэг зурсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 09727 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх10, 204-205 дах тал/

 

Үүний дараа нэхэмжлэгч Б.Б, Б.Ч нар дахин ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг шүүхэд хандсан, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэхдээ шүүгчийн захирамж хэдийд гарсан, нэхэмжлэгч захирамжийг хэзээ хүлээн авсан үйл баримтыг тогтоохгүйгээр эрхийн акт гарсан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацааг тоолохтой холбоотой үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дах хэсэгт заасан шүүхээс явуулсан ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэсэн хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний харилцаа, түүний дуусгавар болсон үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Нөгөө талаар, нэхэмжлэлийн шаардлага буюу хөдөлмөрийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн эсэх, хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотой сахилгын зөрчлийг нэхэмжлэгч нар гаргасан эсэх, сахилгын зөрчилтэй холбоотой ажил олгогчийн гаргасан тушаал үндэслэлтэй эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. Нөгөө талаар дээрх нөхцөл байдлыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/00108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ