Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар   2023/ДШМ/923

 

 

 

 

 

 

   2023              9            14                                       2023/ДШМ/923

 

 

Ц.Д, Л.Ц, Г.М

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч П.Цэрэндэжид,

шүүгдэгч Л.Ц-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаярын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцлээр Ц.Д, Л.Ц, Г.М нарт холбогдох 2202002490361 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын  илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Ц, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, халх, дээд, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо “Хорго хотхон”-ны 2-2 дугаар байрны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:00000000/,

Ц.Д, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний нөөцийн удирдлага мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо 205 дугаар байрны 14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:00000000/,

Г.М, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улсын Их Хурлын тамгын газарт бие төлөөлөгч-туслах ажилтай, ам бүл 4, нөхөр охины хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхон 90д-57 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:00000000/,

Шүүгдэгч Л.Ц нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга /Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “...Нийтийн албан тушаалтан”/-аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжпэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажпын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “”Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн Г.Мгийн “тус шаардлагыг хангаж буй иргэн Б.Үын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх” үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Д-д иргэн Б.Ү-ын нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 10-278 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Г.Мд олгож давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Ц.Д нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Л.Ц-тэй бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Л.Ц-ийн өгсөн “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргах, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 10-278 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэх хууль бус үүрэг, даалгаварын дагуу гэрэл зургийг төсөл хөтөлбөрийн танилцуулгад хавсарган өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 сарын 6-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ"-г иргэн Б.Ү-ын нэрээр Г.М-тай байгуулж 2021 оны 7 сарын 9-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Г.Мд олгож давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,  

Шүүгдэгч Г.М нь Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн 4-т зааснаар “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслөөс зээл авах зорилгоор дээрх төслийн шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтаар  төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилготой мэтээр баримтуудыг ашиглан, оёдол, эсгүүр урлалын төсөл нэрээр холбогдох баримтуудыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2021 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Ү-ын нэрээр байгуулж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авч, өөртөө давуу байдал болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас : Л.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Ц.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраасьЛ.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Цэнджавын Ц.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Л.Ц, Ц.Д нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-гийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Г.М-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /Есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Шүүгдэгч Л.Ц, Ц.Д, Г.М нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Ц, Ц.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Ууганбаяр эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ц нь Цар тахлын үед аж ахуй  эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаартай тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт иргэн Б.Үын нэрээр ирүүлсэн “Оёдол, эсгүүр урлалын төсөл”-ийн зургийг тус хэлтсийн халамжийн үйлчилгээний хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Д-гээр дамжуулан оруулж, ажлын хэсэгт дээрх төслийг биечлэн шалгасан мэтээр мэдээлэл хийлгүүлж, улмаар дээрх төслийг сонгон шалгаруулж, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/59 дугаартай тушаалаар иргэн Б.Үад 5.000.000 төгрөгийн санхүүжилт олгосон. Тодруулбал, шүүгдэгч Л.Ц нь нийтийн албан тушаалтны хувьд нийтийн ашиг сонирхолд захирагдан,  ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамж шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох нөлөөлөх зэрэг гэсэн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр, “цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”- өөс олгогдох төслийн зээлийг хариуцаж олгох ажпын хэсэг хуралдахаас өмнө Г.Мтай урьдчилан уулзаж, Г.Мгаас иргэн Б.Үын нэрээр ирүүлэх төслийн талаарх мэдээллийг түүнээс авч улмаар тус дүүргийн мэргэжилтэн Ц.Дд дээрх төслийг анхаарч дэмжих талаар чиглэл өгч, мөн дээрх төслийг газар дээр нь шалгасан гэж “гэрэл зураг”-ыг түүнд өгч, улмаар ажлын хэсгийн хуралдаанд Ц.Дгээр танилцуулга хийлгэсэн үйлдлийг албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Д нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн мэргэжилтнээр томилогдсон байх ба Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/215 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д тодорхойлсон “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг албаны даргын өмнө хариуцна” гэсэн үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч Ц.Д нь Л.Цээс өгсөн үүргийн дагуу иргэн Б.Үын нэрээр ирүүлсэн төслийг газар дээр шалгасан мэтээр танилцуулгыг ажлын хэсэгт танилцуулан Б.Үад давуу байдал бий болгосон болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Ү, Б.П, Б.С, Д.Н, Ц.О нарын мэдүүлэг, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байхад шүүхээс хэргийн үйл баримтад илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Мгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл “гэмт хэргийн хатгагч”-ийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд хатгагчаар хамтран оролцож байгаа үйлдэлд заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй, гэтэл шүүхээс Г.Мгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохироогүй байна гэж зүйлчлэл өөрчлөн мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/920 дугаартай шийтгэх, цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

Шүүгдэгч Д.Ц.Дгийн өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайдбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн. Прокуророос миний үйлчлүүлэгч Д.Ц.Дгийн үйлдлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлэхгүйгээр хэт таамгаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны зарчим, Авлигын эсрэг хуульд заасан шударга ажиллах, бусдын нөлөөнд автахгүй байх зарчмыг тус тус зөрчсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь, миний үйлчлүүлэгч Д.Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон талаар хөтөлбөргүй нотлоогүй. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн. Бидний зүгээс анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хангахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Тухайн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.00.000 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг иргэн Б.Ү хангаж байсан. Төсөл шалгаруулсан эрх бүхий албан тушаалтан нь Ц.Д биш юм. Өөрөөр хэлбэл, ирүүлсэн төслийг 6 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шалгаж байсан. Прокурор “миний үйлчлүүлэгч Ц.Дгийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн төсөл, хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй” гэж тайлбарладаг. Хяналт тавих гэдэг нь зээл олгоход хяналт тавина гэсэн ойлголт биш юм. Миний үйлчлүүлэгч Ц.Д нь тухайн материалыг хавсаргаж ажлын хэсгийн хуралдаанд “даргын үзсэн материал нь энэ байна” гэж хэлсэн. Харин тухайн ажлын хэсэгт “энэ төслийг дарга дэмжээрэй” гэж хэлж, оролцсон үйлдэл байхгүй. Тухайн зээл хүсэгчдийн материалыг судлах үүрэг нь ажлын хэсгийн гишүүн н.П, н.С нарт байсан. н.П, н.С нар нь “ажлын байрыг бид өөрсдөө үзсэн” гэж хэлсэн учраас тухайн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийг албан тушаалынхаа байдлыг ашиглаж шүүгдэгч Л.Цтэй уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Миний үйлчлүүлэгч Ц.Д нь ажлын хэсгийн хуралдаанд санал өгөх эрхгүй бөгөөд нарийн бичгээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн тэмдэглэл хөтлөх үүрэгтэй оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Харин прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Цийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан тухайн төслийг цахимаар бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, төслийг хэн бүртгүүлж байсан эсэхийг хэн ч мэдэх боломжгүй байсан. Мөн тухайн төсөлд бүртгүүлж, шаардлага хангасан бүх хүмүүс 5.000.000 төгрөг авсан. Иргэн Б.Үын гаргасан материал шаардлага хангасан байсан. Б.Үын нэр дээр төсөл гаргаж байгааг хэн ч мэдээгүй. Энэ талаар Б.Ү нуусаар байгаад сүүлд цагдаагийн байгууллагад гомдол гаргахад мэдсэн. Өөрөөр хэлбэл, урьдчилан мэдэх ямар ч боломжгүй байсан. Тухайн төслийг миний үйлчлүүлэгч Л.Цд өгөхдөө “энэ манай эгчийн материал байгаа юм. Энийг өгөх гэсэн чинь авч байгаа хүмүүс нь байхгүй байна. Та дамжуулаад өгөөч” гэж өгсөн байдаг. Үүний дагуу миний үйлчлүүлэгч тухайн матерnалыг дамжуулж өгсөн. Миний үйлчлүүлэгч Л.Ц нь одоогийн байдлаар хүүхдээ төрүүлээд 1 сарын хугацаа өнгөрч байна. Мөн шүүхээс миний үйлчлүүлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй боловч миний үйлчлүүлэгч хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа. Мөн хүүхдийнх эрүүл мэндийн тухайд нярайн шарлалт өндөртэй байгаа. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд миний үйлчлүүлэгч Л.Ц нь бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Мөн тухайн төслийн ажлын хэсгийн гишүүдэд миний үйлчлүүлэгч Л.Ц нь “энэ төслийг тэнцүүлээрэй” гэж огт хэлээгүй. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхад иргэд янз, янзын зүйл ярьж орж ирдэг. Эдгээр иргэдэд “за ойлголоо, судалж үзье” гэж хариулт өгдөг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч П.Цэрэндэжид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хатгагчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянаж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн түүнд 900.000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул давж заалдах гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“.... Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь бүхэлдээ хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :        

1. Анхан шатны шүүхийн “шүүгдэгч  Л.Ц, Ц.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Г.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх” тухай дүгнэлт нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжид бүрэн тулгуурлаагүй, хийсвэрлэсэн шинжтэй бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул зөвтгөх үндэслэлгүй.        

Эрүүгийн хэрэг дэх үйл баримтаас үзэхэд: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Л.Ц, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Д, Улсын Их хурлын гишүүний биет төлөөлөгч-туслах Г.М нар санаатай нэгдэж буюу холбогдох хууль тогтоомж, цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх төсөл, хөтөлбөрийн зохицуулалтыг ноцтой зөрчиж,  хууль бус аргаар иргэн Б.Үын нэр, бичиг баримт, баримтуудыг бүрдүүлж, тухайн төсөлд Г.Мг иргэн Б.Үын нэрээр хууль бусаар оролцуулж, улмаар Г.М нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй 2021 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн 37 дугаар “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Үын нэрээр хууль бусаар байгуулж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал олж авсан, давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдсон байх боловч яллах дүгнэлт, түүний хавсралт /2хх-203-218/, мэтгэлцээний тал, оролцогч нарын шинжлэн судалсан нотлох баримт, гэм буруугийн талаарх дүгнэлт, тайлбар /3хх-42-68/, шийтгэх тогтоол дахь дүгнэлтийн хэсэг /3хх-77-83/ зэргийг харьцуулан шалгахад анхан шатны шүүхээс тухайн шүүгдэгч нарт холбогдох  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг нотолж буй бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хууль ёсны байх шалгуур, шаардлагын хүрээнд бүрэн шалгаагүй буюу яллах ба цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжийн агуулга, нотолгооны стандарт шаардлага, энэ талаарх мэтгэлцээний талуудын дүгнэлт зэргийг хэрхэн яаж үгүйсгэн няцаасан эсхүл баталсан эсэхийг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар зөв, оновчтой дүгнэж чадаагүй байна.       

Тодруулбал, анхан шатны шүүх нь шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн шинжийг “гэмт хэрэг зүйлчлэх онол, Эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүй”-н хүрээнд бодит байдлаар нотлон дүгнээгүй, нотлох баримтыг шалгах, үнэлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, түүнчлэн Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах” зарчим, үндэслэл журмыг зөв хэрэглээгүй, зөрчжээ.       

Эрүүгийн хуульд заасан “нийтийн албан тушаалтан”, “урвуулан ашиглах”, “албан тушаалын байдал”, “давуу байдал” гэх зэрэг нэр томьёо, ухагдахууныг Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл дэх аутентик тайлбарт тус тус тодорхой хуульчилсан, мөн гэмт хэргийн ойлголт, шинж, гэм буруугийн санаатай ба болгоомжгүй хэлбэр, гэмт хэрэгт хамтран оролцох төрөл, хэлбэр зэрэг Эрүүгийн хуулийн ойлголт, ухагдахууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1, 2.3, 3.1 дүгээр зүйл болон хамаарах бусад зүйл, хэсэг, заалтад тодорхой заасан байтал тухайн хууль зүйн ойлголт, ухагдахуун, гэмт хэргийн шинж, тэдгээрт хамаарах үндэслэл, журмыг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд бодитой, зөв  дүгнээгүй, харин эсрэгээр Эрүүгийн хуулийн ойлголт, ухагдахуун гэмт хэргийн шинжийг ойлгомжгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр дэх “шүүгдэгч  Л.Ц, Ц.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Г.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх” тухай дүгнэлтийг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.   

Тухайлбал, шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг нотолж буй бүхий л нотлох баримтын эх сурвалжийг үгүйсгэн няцаах эсхүл батлах байдлаар хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа : Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Л.Цийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Г.Мтай гэмт санаагаар нэгдсэн, улмаар Ц.Дд  Г.Мгаас иргэн Б.Үын нэрээр ирүүлсэн төслийг газар дээр нь шалгасан мэтээр ажлын хэсэгт танилцуулах үүрэг өгсөн, танилцуулах баримтуудыг дамжуулан өгсөн зэрэг үйлдлийг албан тушаалдаа хайнга хандсан, бусдад давуу байдал бий болгоогүй, давуу байдал гэж үзэхгүй гэх, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дгийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Л.Цээс өгсөн хууль бус үүргийг биелүүлж, иргэн Б.Үын нэрээр хууль бусаар бүрдүүлж ирүүлсэн төслийг газар дээр нь шалгасан мэтээр баримтыг ажлын хэсэгт танилцуулсан, төслийн мөнгөнөөс 200.000 төгрөгийг авсан гэх зэрэг үйлдлийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгоогүй, ажлын хэсгийн хуралдаанд санал өгөх эрхтэй этгээд биш тул гэмт хэргийн шинжгүй гэх, түүнчлэн Г.М нь улс төрийн албан тушаалтан, харин төрийн жинхэнэ албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан биш байх тул залилах гэмт хэрэг үйлдсэн гэх мэтээр дүгнэсэн нь  нотлох баримтын эх сурвалжид тулгуурлаагүй, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцээгүй буюу тухайн хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг тэмдэглэж байна.  

Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл дэх аутентик тайлбарт тус тус заасан үндэслэл, журмын дагуу “нийтийн албан тушаалтан”-ыг зөв ойлгож, хэрэглэх ёстой ба хэрэв  нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомжийн заалтыг чанд сахиж, албаны нийтлэг эрх, ашиг сонирхлыг эрхэмлэж, албаны чиг үүргээ хуулийн хүрээнд  гүйцэтгэх ёстой атал эсрэгээр хуулиар хүлээсэн үүргээ санаатай зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдлүүдийг хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн бол албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж хуульчилсан байгааг анхаарах нь зүйтэй.  

2. Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “эргэлзээ” үүссэн гэж бичсэн нь  үндэслэл, эх сурвалжгүй болсон байна.    

Учир нь, “эргэлзээ” гэдгийг хангалттай үндэслэл, эх сурвалжгүйгээр, хийсвэр байдлаар шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тухайн тохиолдолд л Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх эсэхийг дүгнэх ёстой.

 3. Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зарим талаар зөрчигдсөн, яллах дүгнэлтийн хувьд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй алдаа гаргасан гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хуулийг зөв хэрэглэхэд сөргөөр нөлөөлөх эсэхийг анхаарах нь зүйтэй.     

Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ Улсын Их хурлын гишүүний биет төлөөлөгч-туслахын албан тушаал /2хх-123/ эрхэлж байсан байх боловч Улсын Их хурлын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас баталсан “эрхлэх ажлын үндсэн чиглэл буюу ажил байдлын тодорхойлолт”,  төрийн албан тушаалын АА-6 ангилал, зэрэглэлийн хувьд гүйцэтгэх албан тушаалтан мөн эсэх зэрэгт хамаарах баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй.            

Мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж бичихдээ хуулийн нэр томьёо, ухагдахууныг найруулга зүй, үг үсгийн дүрмийн алдаатай, ойлгомжгүй, оновчгүйгээр тусгасан байхаас гадна шүүгдэгч Г.Мг албан тушаалтны эсхүл иргэний хувьд тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн нь илтэд ойлгомжгүй, тухайлбал, Г.М...хууль бусаар Б.Үын нэр, баримтаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн төсөл хөтөлбөрт хамрагдан гэрээ байгуулж, 5 сая төгрөгийн дэмжлэгийг авч “өөртөө давуу байдал болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу  Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн” гэж хоёрдмол, ойлгомжгүй утгаар бичсэн байх төдийгүй Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд гэдэгт хэн хамаарах нь тодорхойгүй байдлаар бичигджээ.      

Шүүгдэгч нар тухайн албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл, хэлбэр, тэдний тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар хянан шийдвэрлэхийн тулд тухайн шүүгдэгч нар албан тушаалтны хувьд хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалд хамаарах болон албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлүүд хийснийг нотлох баримтаас  гадна тухайн шүүгдэгч тус бүрийн өмнөх гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-49-50, 53-54, 32-33, 88-89, 104-105, 2хх-114-115/-ийг бүхэлд нь шинжлэх судалж, харьцуулан шалгаж, дүгнэхгүйгээр таамаглах боломжгүй.   

Гэтэл мэтгэлцээний талууд энэ хүрээнд хамаарах зарим нотлох баримтын эх сурвалжийг шинжлэн судлаагүй атлаа шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл, хэлбэрийн талаар “тодорхой бус буюу хийсвэр” байдлаар хандсан байхаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах үндэслэл журмыг хэрэглэх нөхцлийг хангаагүй, Г.Мгийн хууль бусаар авсан 5 сая төгрөгийг төрийн санд буцаан олгох байтал эсрэгээр авах ёсгүй этгээд буюу Б.Үад буцаан өгсөн гэх хууль бус байдлыг таслан зогсоогоогүй, иргэний нэхэмжлэгч гэх С.О-с нэхэмжлэх зүйл байхгүй гэж яллах дүгнэлтийн хавсралтад бичсэн зэрэг зөрүүтэй, ойлгомжгүй байдлууд илэрсэн /2хх-218/ зэргийг дурдаж  байна.       

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.7, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.7 дугаар зүйлийн 2.3 “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт; 2.5хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга, 36.9 дүгээр зүйлийн 1.2 “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн болон улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэх” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Ууганбаярын бичсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.      

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин болгож буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх утга агуулгыг илэрхийлнэ.             

Шүүгдэгч Ц.Д, Л.Ц, Г.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :        

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Ууганбаярын бичсэн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангасугай.      

2. Шүүгдэгч Ц.Д, Л.Ц, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

ШҮҮГЧ                                                         Г.ГАНБААТАР