| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00579/и |
| Дугаар | 318/ШШ2025/00153 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БХ ХХК-ийн,
Хариуцагч: УАЗДд холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол 228,471,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч БХ ХХК-ийн захирал Н.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БХ ХХК-ийн захирал Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь улсын төсвийн хөрөнгөөр 2020-2021 онд Улаангом сумын 3 дугаар багт байрлах, 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн /БСШУСЯ 02001316 гэрээтэй/ барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ. Тухайн үед Ковид цар тахлаас шалтгаалан хил гааль хаагдсан, материал бэлтгэн нийлүүлэгчдийн захиалга хилийн бүсэд саатсан, мөн бараа материал бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Зарим ажилчид ковидоор өвдөж хөл хорионы дэглэмд орсон гэх мэт ажиллах хүч суларсан олон сөрөг үр дагавар бий болсон. Энэ нөхцөл байдал нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж төсөвт зааснаас хэт өндөр зардал гарч компанийг санхүүгийн алдагдалд оруулсан. Ганц манай компани биш монгол улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр барилга угсралтын ажил хийж байсан бүх компани төсөв санхүүгийн алдагдалд орж жагсаал цуглаан хийсэн юм. Гэвч манай ашиглагч болон захиалагч байгууллага цэцэрлэгийн өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулах талаар удаа дараа шаардаж байсан тул 2021 оны намар 11 дүгээр сард өргөтгөлийн барилгын ажлыг дуусгасан. Харин тухайн цаг үеийн цар тахалтай холбоотой зах зээлийн нөхцөл байдлыг МУ-ын Засгийн газраас авч хэлэлцэж, барилгын материал болон цалин хөлсний үнэлгээнд өөрчлөлт орсонтой уялдуулан УИХ-аас 2021 оны 11 дүгээр сард Барилгын материалын үнэ ханш, цалин хөлсний зөрүүг тооцож олгох тухай 88 дугаар тогтоол гарсан. УИХ-ын 88 дугаар тогтоолын хугацаа 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжээд хүчингүй болсон. Манай компанийн зүгээс үлдэгдэл ажил болох гадна шугамын ажлыг нөхөн гүйцэтгэх зорилгоор УИХ-ын 88 дугаар тогтоолын дагуу ажлын тоо хэмжээ 228,471,794 төгрөгийн үнийн зөрүүг тооцож баримт материалаа бүрдүүлэн Барилгын Хөгжлийн төвд хүргүүлсэн боловч тухайн цэцэрлэгийн барилгын суурийн зураг төсөв нь магадлал буюу экспертизээр баталгаажаагүй байна гэсэн үндэслэлээр буцаагдсан. Тогтоолын хүчинтэй байх хугацаанд барилгын суурийн зураг төсвөө магадлалаар нөхөн оруулж баталгаажуулахаар Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр гаргахгүй байсаар байгаад хугацааг дуусгаж компанийг санхүүгийн хохиролд учруулсан. Увс аймаг болон улсын хэмжээнд манай компаниас бусад барилгын компаниуд тогтоолын дагуу төсвийн алдагдал үнийн зөрүүгээ бодуулж авсан юм. Манай компани УИХ-ын 88 дугаар тогтоолын хэрэгжилтэд хамрагдаагүй гол шалтгаан нь захиалагч байгууллага буюу Засаг даргын Тамгын газраас барилга /суурь/-ын магадлалаар баталгаажуулаагүй зураг төсвөөр гэрээ байгуулсан буруутай явдлаас үүдэлтэй. Захиалагч нь Барилгын тухай хуулийн 37.1.10 дугаар зүйлд зааснаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүрэгтэй бөгөөд бид захиалагчийг энэ үүргээ биелүүлсэн байна гэж ойлгож, тэдний заасан газарт нь барилгаа барьсан юм. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, МАГАДЛАЛ ХИЙХ ДҮРЭМ-ийн 6.2-т Захиалагч зураг төсөлд магадлал хийлгүүлэх хүсэлтийг энэ дүрмийн 6.1- д заасан байгууллагад гаргана гэж тус тус журамласан ба бид захиалагчийг энэ үүргээ биелүүлсэн байна гэж ойлгож уг барилгыг тэдгээрийн заасан газарт нь барьсан болно. Гэтэл захиалагч нь хуульд заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх хууль болон журамд заасан чиг үүргээ биелүүлээгүйгээс бид Засгийн газраас олгож байсан барилгын материалын үнийн зөрүүг авч чадахгүйд хүрсэн. Тиймээс бид хуульд заасны дагуу захиалагчийн хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас бидэнд /компани/-д учирсан хохирлыг ийнхүү шаардаж байна. БХ ХХК-аас аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд /үнийн зөрүү/ буюу хохирлоо нөхөн төлүүлэх талаар удаа дараа бичиг хүргүүлсэн боловч зарим албан тушаалтнуудаас Энэ компанид үнийн зөрүүг олгох нь зүйтэй, цаашид орон нутгийн төсөвт тусгаж хохиролгүй болгох хэрэгтэй гэж хэлэлцсэн мөртлөө тодорхой шийдвэр гаргасангүй. Иймд зохих хууль журмын дагуу шүүхээр шалгаж шийдвэрлүүлэн үнийн зөрүү болох 228,471,794 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2020 онд манай компани УАЗДын Тамгын газраас зарласан Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын тендерт шалгарсан. Барилгын ажлыг 2020 онд ковид халдвар үүссэн нөхцөл байдалтай үед эхэлсэн. Манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхээр ажлаа эхлүүлэх явцад тулгарсан бэрхшээл их байсан. Энэ талаар хариуцагч тал мэдэж байгаа тул дахин дурдах шаардлагагүй. Үүнээс үүдэж хил гааль хаагдаж, барилгын материалын үнэ өсөж, ажиллах хүчний хомсдолд орсон. Манай компанийн зүгээс тухайн асуудлыг үл харгалзан өөрсдөөс гарах нөөц бололцоогоо ашиглаж байх явцад мөнгө санхүүгийн асуудал үүсэж, барилгын ажил зогссон. Тухайн цэцэрлэгийн хүүхдүүд багтахгүй гэх асуудал үүссэн учраас бидний зүгээс холбогдох хүмүүстэй холбогдож, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тухайн барилгыг ашиглалтад оруулсан. Миний зүгээс захиалагч байгууллагад мэдэгдэж албан бичиг өгөхөд хариу өгөөгүй, барилын ажлаа үргэлжлүүл гэсэн. Тухайн ажлыг үргэлжлүүлэхгүй байх шалтгаан нь Ховд гол дэлгүүрээс нэг цэгийн үйлчилгээний газар хүртэл шинэ шугам ирсэн. Бидний зүгээс шугам холбоогүй байсан учраас тухайн барилга хөлдөж нурах асуудал үүссэн талаар засаг даргын тамгын газарт мэдэгдэж харилцан тохиролцоод түр шугамыг холбож барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10 дахь хэсэгт зааснаар захиалагч буюу төсвийн захиран зарцуулагч нь барилгын зураг, төсөвтэй холбоотой бүх асуудлын зардлыг хариуцаж гэрээ байгуулна гэж заасан. Гэтэл УАЗДын тамгын газар тухайн үүргээ биелүүлээгүй, дутуу бичиг баримтаар манай байгууллагаар ажил хийлгэснээс болж манай компани тухайн 88 дугаар тогтоолд хамрагдаж чадаагүй учраас тухайн хохирлыг нэхэмжилсэн” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: “БХ ХХК нь 2021 онд УАЗДын Тамгын газраас зарласан 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барих тендерт оролцоод тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлын зөвшөөрөл, магадлал хийж батлагдсан зураг төсөв, зураг төсөл норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэж хяналт тавих үүрэгтэй гэж заасан. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 5.3-д гүйцэтгэгчийн эрх үүргийг тусгаж өгсөн байсан. Тухайн гэрээгээр тохирсон үнэ нь эцсийн үнэ байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын өртөг нь гэрээний үнээс давсан нөхцөлд дутагдах хөрөнгийг гүйцэтгэгч өөрөө хариуцан санхүүжүүлнэ гэж заасан. Ковид цар тахал тохиолдсонтой холбоотой 2021 онд Монгол Улсын Их Хурлаас 88 дугаар тогтоолыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээ барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллах талаар гаргасан тогтоомж хэрэгжиж байсан. Тухайн үед БХ ХХК-д магадлалаа хийлгэх шаардлагыг тавьж байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, БХ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн даалгавар, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудын товъёог, БХ ХХК-ийн 02/2022, 01/2022, 22/2024, 33/2024, 32/2024, 29/2024 дугаартай албан бичгүүд, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 511 дугаартай албан бичиг, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тэмдэглэл, барилгын төсөв боловсруулах үе шатын баримт, Үнэлгээний хорооны албан бичиг, УАЗДын албан бичиг, Цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэлийн гэрээ, гэрээний тусгай нөхцөл, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн барилга угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах тавдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын төсөв, барилын ажлын нөхцөл, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас итгэмжлэл, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээ, барилгын хүчин чадал гэх баримт, БХ ХХК-ийн УАЗДын Тамгын газарт, УАЗД Ч.Чимэдэд гаргасан хүсэлт, УАЗДын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн хурлын тэмдэглэл, ажил гүйцэтгэх гэрээ, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгийн гадна дулааны шугамын ажлын төсөв зэргийн нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч Увс аймгийн ЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр М.Ог, Б.З, Ц.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч БХ ХХК нь хариуцагч УАЗДд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол 228,471,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. Нэхэмжлэгч БХ ХХК нь улсын төвсийн хөрөнгө оруулалтаар 2020-2021 онд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн.
Барилгын ажил гүйцэтгэх явцад Ковид-19 цар тахал дэгдэж, үүний улмаас барилгын материалын үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 88 дугаар тогтоол гаргаж, барилгын материалын үнийн зөрүүг улсын төсвийн санхүүжилтээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа барилгын компаниудад олгосон.
БХ ХХК нь УИХ-ын 88 дугаар тогтоолын үйлчлэлд хамрагдах зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн боловч Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын суурийн зураг төсөлд магадлал хийгдээгүй буюу экспертиз хийгдээгүй зургаар ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлээр барилгын материалын үнийн зөрүү 228,471,794 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан.
Ийнхүү захиалагч нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д заасан “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас БХ ХХК нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд хамрагдаж, барилгын материалын үнийн зөрүү 228,471,794 төгрөгийг авч чадаагүй тул гэрээний нэг тал болох УАЗДас хохирлоо гаргуулна гэв.
3. Хариуцагч УАЗДийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзсан.
3.1. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлын зөвшөөрөл, магадлал хийж батлагдсан зураг төсөв, зураг төсөл норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэж хяналт тавих үүрэгтэй гэж заасан. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 5.3-д гүйцэтгэгчийн эрх үүргийг тусгаж өгсөн байсан. Тухайн гэрээгээр тохирсон үнэ нь эцсийн үнэ байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын өртөг нь гэрээний үнээс давсан нөхцөлд дутагдах хөрөнгийг гүйцэтгэгч өөрөө хариуцан санхүүжүүлнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Улсын төсвийн санхүүжилттэй, 770,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 5 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/202001316 дугаартай нээлттэй тендер сонгон шалгаруулалтад “БХ” ХХК оролцож, 765,548,453 төгрөгийн үнийн санал хүргүүлж, тус тендерт шалгарсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээний хорооны зөвлөмжөөр тогтоогдож байна.
Улмаар УАЗДас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/571 дугаартай, гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг БХ ХХК-д хүргүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэг талаас УАЗД, нөгөө талаас БХ ХХК нарын хооронд “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 5 дугаар цэцэрлэг/-ийн ажил гүйцэтгэх БСШУСЯ/202001316 дугаартай гэрээ байгуулагджээ.
Зохигчдын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан БСШУСЯ/202001316 дугаартай гэрээнд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээний анхны төсөвт өртөг болох 765,548,453 төгрөгийг 880,338,453 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
5. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч БХ ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 5 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн эсэх, хариуцагч нь гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг олгосон эсэх талаар маргаагүй. Түүнчлэн, хариуцагч талаас нэхэмжлэгч БХ ХХК-д учирсан хохирол гэх 228,471,794 төгрөгийн тооцоолол үндэслэлтэй эсэх талаар маргаагүй.
6. Харин хариуцагч УАЗД нь ажил гүйцэтгэх гэрээ болон Барилгын тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, барилгын зураг төсөлд магадлал хийлгэхгүйгээр барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авч, ажил гүйцэтгүүлсний улмаас БХ ХХК-д хохирол учирсан эсэх талаар маргаж байна.
7. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч УАЗД нь нэхэмжлэгч БХ ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан БСШУСЯ/202001316 дугаартай гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БСШУСЯ/202001316 +1 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид 228,471,794 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоолын тогтоолын 5 дахь заалтаар “улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт даалгажээ.
Дээрх тогтоолын дагуу Барилга, хот, байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай, Түр журам батлах тухай тушаалаар “Улсын төсвийн хөрөнг оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ыг баталсан бөгөөд журмын 1.1 дэх заалтад “Монгол Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд заасны дагуу Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт Барилгын тухай хуулийн 24.4-т заасны дагуу өөрчлөлтийг тооцох үндэслэлийг хянаж, тогтоох, магадлал хийх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна” гэж заажээ.
Мөн тус журмын 2.1 дэх заалтад “Энэ журмаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь 2021 оны 12 дугаар сараас 31-ний өдрөөс өмнө төсөл, арга хэмжээг гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи үлдэгдэл ажилд материалын үнийн дундаж өсөлтөөр тооцоход хамаарна” гэж заажээ.
БХ ХХК-ийн гүйцэтгэсэн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 5 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил нь улсын төсвийн санхүүжилттэй бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр УАЗДтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээний дуусах хугацаа 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болох нь хэрэгт авагдсан гэрээний тусгай нөхцлөөр тогтоогдож байна.
Хэдийгээр БХ ХХК-ийн гүйцэтгэсэн цэцэрлэгийн барилга угсралтын ажил нь улсын төсвийн санхүүжилттэй, гэрээ байгуулагдсан хугацааны хувьд журамд заасан цаг хугацааны дотор байгаа боловч Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнг оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи гүйцэтгэвэл зохих үлдэгдэл ажилд материалын үнийн дундаж өсөлтийг тооцох магадлалын үйл ажиллагаанд хамрагдах боломжгүй байжээ.
Тодруулбал, мөн журмын 2.4 дэх заалтад “Энэ журмын дагуу хийгдэх магадлалын үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан төсөл, арга хэмжээг хамруулахгүй” гэж заажээ.
Монгол Улсын 2020 оны төсөв батлах тухай хуулийн 2 дугаар хавсралтаар балагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XII.1.1.299 дүгээрт “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Увс, Улаангом сум, 3 дугаар баг, 5 дугаар цэцэрлэг/”, төсөвт өртөг 770,000,000 төгрөг, санхүүжих дүн 200,000,000 гэж батлагдсан байсан бол Монгол Улсын 2021 оны төсөв батлах тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XIII.1.1.173 дугаарт “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Увс, Улаангом сум, 3 дугаар баг, 5 дугаар цэцэрлэг/ төсөвт өртөг 890,000,000 төгрөг, санхүүжих дүн 690,000,000 төгрөг гэж батлагджээ.
Дээрх жагсаалтууд болон хэрэгт авагдсан 2020 оноы 4 дүгээр сарын 30-ны өдрийн БСШУСЯ/202001316 дугаартай гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн БСШУСЯ/202001316 +1 дугаартай гэрээнд үндэслэн дүгнэвэл, БХ ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 5 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 765,538,453 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон боловч талууд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ажлын төсөвт өртгийг 880,338,453 төгрөг болгож нэмэгдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 5 дугаар цэцэрлэгийн барилгын зураг төсөлд магадлал хийгдсэн эсэх, захиалагч нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авахдаа тухайн үед буюу 2020 онд мөрдөж байсан Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн холбогдох заалтыг зөрчиж зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран тус цэцэрлэгийн барилга байгууламжийн төсөвт өртөг 2021 онд нэмэгдэж батлагдсан үндэслэлээр Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнг оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи гүйцэтгэвэл зохих үлдэгдэл ажилд материалын үнийн дундаж өсөлтийг тооцох магадлалын үйл ажиллагаанд хамрагдах боломжгүй байжээ.
8. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас гэрээнд тусгагдаагүй ажил болох цэцэрлэгийн барилгын гадна дулааны шугамыг дулааны төв шугамтай холбох халаалтын хос шугам, дулааны худгийн нэмэлт ажлыг гүйцэтгэх болсны улмаас төсөвт өртөг 120,000,000 төгрөгөөр нэмэгдсэн гэж тайлбарладаг.
Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ын 2.4 дэх заалтад заасан “Энэ журмын дагуу хийгдэх магадлалын үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан төсөл, арга хэмжээг хамруулахгүй” гэж заасан бөгөөд дээрх заалтыг гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлыг гүйцэтгэхээр Төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан барилга байгууламжид хамаарахгүй гэж тайлбарлах үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх барилга байгууламжийн захиалагч нь гэрээний үнийг өөрийн үзэмжээр нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (2005 оны) 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр буюу тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар үнэд тохируулга хийх замаар нэмэгдүүлэн өөрчлөх эрхтэй бөгөөд талууд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгахаар хуульчилсан (2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө) байжээ.
Зохигчдын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан БСШУСЯ/202001316 дугаартай гэрээний 5.3.9 дэх заалтад “Энэхүү гэрээгээр тохирсон үнэ эцсийнх байх бөгөөд гүйцэтгэсэ ажлын өртөг нь гэрээний үнээс давсан нөхцөлд дутагдах хөрөнгийг гүйцэтгэгч өөрөө хариуцан санхүүжүүлнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, зохигчид ажил худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ гэрээний үнэд тохируулга хийхгүй байхаар тохиролцсон байна.
10. Иймд захиалагч УАЗД нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 5 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхдээ магадлал хийгдээгүй зураг төслөөр ажил гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаж, гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авч, ажил гүйцэтгүүлсний улмаас буюу хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний улмаас БХ ХХК-д 228,471,794 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч БХ ХХК-ийн, хариуцагч УАЗДд холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол 228,471,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 1,300,309 (нэг сая гурван зуун мянга гурван зуун ес) төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БХ ХХК-ийн, хариуцагч УАЗДд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол 228,471,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,309,300 (нэг сая гурван зуун мянга гурван зуун ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА