Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2025/00154

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А-ын,

Хариуцагч: Ч.Н-д холбогдох,

3,703,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Ц.А миний бие хариуцагч Ч.Нтай харилцан тохирч 18 орны үнэ 2,700,000 төгрөг авахаар тохиролцов. Ч.Н нь уг 2,700,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр миний ... тоот Хаан банкны дансанд шилжүүлэхээр болсон тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Жич хариуцагч Ч.Н нь мал төллөж байгаа учрас ажил ихтэй, зав чөлөө муутай байна” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

  1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

2. 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 00 минутад явагдсан шүүх хуралдаанд оролцож, мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

3. Хэдийгээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгуулан шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д заасныг баримтлан зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Над холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,703,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,003,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь 2,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

5. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Аын, хариуцагч Ч.Над холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,703,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 1,003,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь 2,700,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,198 (далан дөрвөн мянга нэг зуун ерэн найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,150 (тавин найман мянга нэг зуун тавь) төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА