| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00059/и |
| Дугаар | 318/ШШ2025/00166 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2025/00166
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ц.Д,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1962 онд төрсөн, 63 настай. Би цэргээс халагдаж ирээд 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд үйлдвэрийн хэсэгт бэлтгэгчээр ажилд орсон. 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал бэлтгэгчээр ажилласан. Аймгийн архиваас Лениний зам нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шагнал олгох тухай хурлын тогтоол, 1984 оны 5 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сар хүртэл авч байсан цалингийн баримт гарсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл үйлдвэр бригадад 198 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, баярын бичиг, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдрйин баярын бичиг, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баярын бичиг, сайшаалын үнэмлэх, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 350 дугаартай архивын лавлагаа, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын протокол, Лениний зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 65 дугаартай тотоол, Лениний зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай тушаал, Лениний зам нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Увс аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Т.Дийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Шгийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс Ц.Дгийн хүсэлтээр Т.Д, Д.Ш нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Дгийн ХААТР-1 маягт нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Дгийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Ц.Д нь шүүхэд хандаж Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бэлтгэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ц.Дгийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Ц.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Ц.Д нь 1962 онд төрсөн. 1980-1983 оны хооронд цэргийн алба хааж ирээд УВс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт бэлтгэгчээр ажиллаж эхэлсэн. Тус газарт 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1983-1992 оны хооронд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн хүсэлт гаргагч Ц.Дд холбогдох, ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн байх бөгөөд Ц.Дг 1983 онд ажилд орсон, Лениний зам нэгдэлд нормчин ажилтай гэж тэмдэглэжээ.
4.2 Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 1984-1992 оны цалингийн баримтаас Ц.Дд холбогдох баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Тус баримтаас үзвэл, хүсэлт гаргагч Ц.Д нь 1984 оны 5 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сарын хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт авагдсан Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын протокол, Лениний зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 65 дугаартай тотоол, Лениний зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай тушаал, Лениний зам нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай тогтоол зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна.
4.3. Гэрч Д.Ш, Т.Д нар нь хүсэлт гаргагч Ц.Дгийн шүүхийн журмаар сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1984-1992 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд гэрч Д.Шгийн “...Намайг Лениний зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад Ц.Д тус нэгдлийн түүхий эдийн туслах ажилтнаар ажилд орж байсан. Би 1989 онд өөр ажилд шилжихэд Ц.Д Лениний зам нэгдэлдээ ажиллаад үлдсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Дийн “...Ц.Дтай 1984-1992 он хүртэл Лениний зам нэгдэлд хамт ажилласан. Тэрээр намайг Лениний зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад нэгдлийн түүхий эдийн эрхлэгчийн туслахаар ажиллаж байсан...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Ц.Дгийн 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Хүсэлт гаргагч Ц.Дгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Ц.Д-ийн 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА