| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/00021/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Ж.Очирбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 26
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ж.Очирбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Будан овогт Бандийн У д холбогдох 172001650001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Будан овогт Б.У ..
Шүүгдэгч Б.У нь өөрийн нөхөр Г.Л 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байхад нас барсан тухай хасалт хийлгэхгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ болох өндөр насны тэтгэвэрт нийт 4.436.712 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсны тэтгэмж 1.000.000 төгрөгийг авч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд 5.436.712 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Төрийн өмнө их муухай хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би нэг хэсэг сэтгэл гутралтай хэцүү байдаг байсан. нэг л мэдэхэд ийм хэрэг хийчихсэн байсан. Ийм хэрэг хийх ёсгүй байсан юм. Нөхөр болон хүүгээ алдаад элий балай болчихсон байсан. Хохиролд 5.436.712 төгрөг төлсөн. Миний буруу...” гэв.
Хохирогч Х.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Г.Л нь 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тэтгэвэр авсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г.Л гэх хүнийг нас барсныг мэдээгүй, нас барсан талаар ямар ч баримт байгаагүй. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г.Л г нас барсан гэж түүний хүү болох Л.Т гэх хүн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсны тэтгэмж болох 1 сая төгрөгийг авсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байтал нас барснаас хойш тэтгэвэрт сард 369.726 төгрөгийг, нийт 12 сарын турш 4.436.712 төгрөгийг авсан байсан. Тэтгэврээс гадна 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсны тэтгэмж болох 1 сая төгрөгийг авсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт “...тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагаас шийдвэр гарсан бол...” гэж заасан байдаг. Мөн хуулийн 28.3-т “...тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй...”, өөрөөр хэлбэл Г.Л г нас барсан тохиолдолд даруй мэдэгдэх үүрэгтэй байсан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар “...оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор тэтгэмжийг авна...” гэсэн заалтыг зөрчиж Г.Л гэгчийг нас барснаас хойш 12 сарын дараа оршуулгын тэтгэмж авсан нь хууль зөрчсөн байх тул оршуулгын тэтгэмжийг буцаан олгуулна. Өөрөөр хэлбэл нас барснаас хойш 4 долоо хоног, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор оршуулгын тэтгэмж авах эрх нь үүсэх ба 6 сараас хэтэрсэн тохиолдолд оршуулгын тэтгэмж авах эрх үүсэхгүй. Оршуулгын тэтгэмж нь заавал олгох тэтгэмжийн нэг боловч тэтгэмж авах хугацаа хэтэрсэн тохиолдолд тэтгэмжийг олгохгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт зааснаар илүү авсан тэтгэвэр тэтгэмжийг төлүүлэхээр заасан байх тул 12 сарын тэтгэврийн мөнге болох 4.436.712 төгрөгийг нэхэмжилнэ. Оршуулгын зардлын хувьд хугацаа дууссан тул оршуулгын тэтгэмж болох 1 сая төгрегийг буцаан төлүүлнэ. Оршуулгын тэтгэмжийг авахдаа хуурамч нас барсны гэрчилгээ бүрдүүлэн, нас барсны гэрчилгээг үндэслэн оршуулгын тэтгэмжийг авсан байсан. ... Дээрх заалтуудыг зөрчиж нийгмийн даатгалын санд 4.436.712 төгрөгийн хохирол учруулсан, оршуулгын тэтгэмжийн санд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 5.436.712 төгрөгийн хохирлыг буцаан төлүүлэхээр буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18, 20 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний улсын бүртгэгч Д.О нь Арвайхээр сумаас нас баралтын материал ирүүлэхэд иргэн Г.Л гийн нас баралтын мэдээлэл манай цахим мэдээллийн санд нас барсан төлөвт бүртгэгдсэн байна. Үүнийг шалгуулъя гээд холбогдох баримтыг барьж орж ирсэн. Би Одсүрэнгийн барьж орж ирсэн нас барсан тухай эмнэлгийн
гэрчилгээ /АМ-7 гэх маягт/ болох маягт, Арвайхээр сумын 2017 оны нас барсны
бүртгэлийн дэвтрийн хуулбар, бүртгүүлсэн иргэний үнэмлэхний хуулбар, нас
барагчийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шалгаж үзэхэд манай санд нас барсан
төлөвт байсан. Тэгээд би “Уян сэтгэл” өрхийн эмнэлгийн эмч Ариунсувдтай утсаар
холбогдоод дуудсан. Дуудаж ирүүлээд эмч С.А “...та ямар үндэслэлээр АМ-7
маягтыг олгосон юм бэ...” гэхэд У гэгч эмэгтэй надад “...2017 оны 10 дугаар 23-ны өдөр Г.Л нас барсан юм. Тэгээд нас барсны гэрчилгээ авах гэж байгаа юм...”
гэсэн. Тэгэхээр нь С.Ариунсувд “...миний хяналтанд байдаггүй ш дээ...” гэхэд У гэх
эмэгтэй “...голдуу 9-р багийн хяналтанд явж байсан юм гээд нүдэнд нь нулимс
цийлэгнээд санаа алдаад маань уншаад байхаар нь би энэ хүн арай ч худлаа ярихгүй
байлгүй дээ гэж бодоод бичиж өгсөн...” гэсэн тайлбар өгсөн. Тэгэхээр нь би манай эрүүл
мэндийн тодорхой хэдэн бүртгэлүүд зөвхөн эрүүл мэндийн байгууллагаас олгосон
гэрчилгээг үндэслэж хийгддэг. Та хэрвээ хүн өөрийгөө нас барснаар бүртгүүлэхийг
хүсвэл та амаар нь хийж өгөх үү гэж асуухад юу ч дугараагүй. Тэгээд С.Ариунсувд эмч
өөрөө “...энэ хүн манай нөгөө эмчээс гэрчилгээ бичүүлэхээр гуйгаад яваад байсан
гэсэн...” Тэгээд намайг мэдэхгүйгээр далимдуулаад хийлгэсэн байна. Ноднин нас
барсныг нь дараа нь мэдээд гэрийнх нь хаягаар гэрт нь очиход гэр нь цоожтой хүнгүй
байсан. У гэгчтэй утсаар холбогдоход “...та нарт гай болох асуудал биш ээ,
иргэний үнэмлэхийг нь олохгүй байж байгаад олоод бүртгүүлж байгаа юм...” гэж хэлсэн.
Тэгээд өрхийн эмнэлгийн нас барсан иргэдийн судалгааны дэвтрийг авчруулан үзэхэд
Г.Л нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан гэж бүртгэлийн
№23 дугаарт бүртгэгдсэн байсан. Тэгээд бүртгэлийн дэвтрээс холбогдох хэсгийг
болон АМ-7 маягтыг хуулбарлан авч үлдсэн. Тэгээд тэр өдрийн үдээс хойш С.Ариунсувд
эмчээр өөрөөр нь тайлбар бичүүлэн авч миний хуулбарласан бичиг баримтыг дахин
хуулбарлан баталгаажуулаад аваад ирээч гэхэд нас баралтын бүртгэлийн дэвтрийн
23 дугаарт бичигдсэн Г.Л гийн нас барсан гэх он сарыг зассан байсан.
Тэгээд хуурамч нотлох баримт бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн “Уян сэтгэл”
өрхийн эмнэлгийн эмч С.Ариунсувд болон нас баралтын бүртгэл хийлгэсэн иргэн
Л.Төмөрбаатарыг шалгуулахаар танай байгууллагад шилжүүлж байна. Үүний дараа
нөхөн бүртгэл хийж зөрчилгүй болгоно. ... Нас барсан хүний ар гэрийн зүгээс хасалт хийлгэхээр ирсэн тохиолдолд тухайн хүнийг нас барсан талаар мэдэх боломжтой. Тухайн хүний хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчийн нэрсийн жагсаалт хийлгэхэд нас барсан төлөвтэйгөөр нэрсийн жагсаалтаар хасагдсан байсан болохоор ар гэрээс нь хасалт хийлгэхээр хүсэлт гаргаад ирэхэд нь программ дээрээс илэрсэн. Манай программд нас барсан төлөв оногдсон бүртгэлд нас барсны бүртгэл хийхэд нас бараад 1 жилээс дээш хугацаа өнгөрсөн бол хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр нас барсны нөхөн бүртгэл хийгддэг юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24, 26 дугаар хуудас/,
Гэрч С.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад У гэх 70 орчим насны эмэгтэй “Уян сэтгэл” өрхийн эмнэлэг дээр манай өрөөнд орж ирээд “...манай гэр бүлийн хүн хэвтрийн өвчтэй байсан, хэвтэрт байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан юм. Нас барсны гэрчилгээ авах гэсэн юм. Өчигдөр 9 дүгээр багийн өрхийн эмнэлгээс энэ тодорхойлолтыг авсан чинь буруу гэж байна. 67-р маягтан дээр хийж өгдөг гэнэ гэсэн. Барьж явсан тодорхойлолтыг нь харахад нас барсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт байхаар нь би “...наад хүнийг чинь үзэж байгаагүй ш дээ, хэвтрийн хүн байсан бол би мэдмээр л юм...” гэхэд “...ихэвчлэн Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлж байсан юм, 9 дүгээр багийн өрхийн эмчид голдуу үзүүлдэг байсан...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...хэзээ нас барсан юм бэ...” гэхэд тэр эмэгтэй “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэнэт нас барсан...” гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барснаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тодорхойлолт хийж өгсөн. Г.Л гэх хүн хэний хяналтанд байсныг мэдэхгүй байна. Хаяг нь манай харъяаллынх байсан боловч надад үзүүлж байгаагүй. Би тодорхойлолт хийж өгөхдөө багийн засаг даргын хүн амын баазын жагсаалтыг харахад Г.Л гэх хүний нэр байхгүй байхаар нь У гэх хүнд “...нас барсан гэх хүний чинь нэр нь байхгүй байна...” гэхэд У гэх эмэгтэй “...байх л ёстой доо орхигдчихсон юм байлгүй, У гэж миний нэр байна, 2 охины нэр байна...” гэсэн. Тэгэхээр нь би нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ хийж өгсөн юм. Т.Л гэх хүн хэзээ нас барсныг нь тухайн үед мэдээгүй, Нас барсан тухай гэрчилгээ хийж өгчихөөд эмнэлгийнхээ статистикч дээр орж бүртгүүлэхдээ 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан гэдгийг нь мэдсэн. Статистикчийн бүртгэл дээр 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан талаар бүртгэсэн байсан. Тэгээд нас барсан гэдгийг нь мэдээд гэрчилгээгээ авахаар гэр лүү нь явсан. Гэрт нь очтол У гуай гэртээ байхгүй байсан. Тэгээд гэрт нь байсан 30 орчим насны эмэгтэйгээс У гэх хүний утасны дугаарыг нь аваад утсаар холбогдоод “...та 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан хүнийг худлаа хэлээд гэрчилгээ авсан байна, гэрчилгээгээ буцааж авъя...” гэхэд У гэх эмэгтэй “...Өнгөрсөн жил хасалт хийлгэх гэтэл цахим үнэмлэхийг нь олохгүй байсан юм... Сая хүүхдүүд захиалж аваад одоо Улсын бүртгэлд хасалт хийлгэчихвэл болно. Та нарт ямар ч хамаагүй гэж хэлсэн. Би тантай уулзъя гэхэд өөрийгөө хаана байгааг хэлээгүй. Тэгээд гэрчилгээгээ буцааж авч чадаагүй. ... Харъяаллын хэвтрийн болон архаг хууч өвчтэй хүмүүс нас барсан тохиолдолд өрхийн эмч нарт нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ бичиж өгөх эрх байдаг. Гэхдээ эмнэлгийн эрхлэгч эмчээр баталгаажуулж гарын үсэг зуруулдаг. Тухайн үед эрхлэгч эмч байхгүй байсан болохоор би өөрөө эрхлэгч эмчийн оронд гарын үсэг зураад явуулсан юм. ... Би бүртгэл дээр ямар нэгэн засвар хийгээгүй. Миний анх авчирч өгсөн бүртгэл дээр Г.Л гэх хүнийг 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан гэж бүртгэсэн байсан. Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэлээ хуулбарлаад хуулбар үнэн дараад авчирч өг гэхээр нь эмнэлгийн статистикчид хэлээд бүртгэлийг хуулбарлуулан авч өгсөн хуулбарыг нь авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр өдөр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байсан юм. Тэр өдөр ажлынхаа өрөөнд сууж байтал өглөөний 10 цагийн орчимд 1-р багийн өрхийн эмч С.А орж ирээд “...ийм хүн нас барсан юм байна, надаас нас баралтын гэрчилгээ хийлгэж авлаа. Нэг хувь нь энэ байна, бүртгэлд оруулах гэсэн юм...” гээд нас барсны гэрчилгээнийх нь нэг хувийг барьж орж ирсэн. Би гэрчилгээг нь үзээд нас барсан гэх хүнийг таньдаг байсан учир “...энэ хүн 2016 онд нас барсан хүн байгаа...” юм, Ямар учраас сая гэрчилгээгээ авсан юм бэ, 2016 онд авсан байх ёстой гээд бүртгэл, программаа шүүж үзэхэд программ дээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан бүртгэлтэй байсан. Бүртгэлээ шүүгээд үзсэн чинь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гээд нас барсан cap өдрийг нь талийгаачийн төрсөн өдрөөр нь бүртгэчихсэн байсан. Программ дээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гээд зөв бүртгэсэн байсан. Тэгээд С.Ариунсувд эмчид “...нас барсны гэрчилгээг ингэж өгч болохгүй, хойноос нь яв, олж ир...” гээд явуулсан. ... Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэхдээ талийгаач Г.Л гийн нас барсан cap өдрийг нь төрсөн cap өдрөөр нь андуурч бүртгэсэн байна. Би өөрөө бүртгэл дээрээ нас барсан cap өдрийг нь зөв болгож зассан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай аав г.Л нь 2016 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Арвайхээр сумын 1 дүгээр баг баазын 14 тоотод байрлах гэртээ нас барсан. Сүүлийн 8 жил хэвтэрт байсан, цус харвалтын улмаас хэвтэрт орсон. Тэгээд өвчнөөр нас барсан. ... Манай ээж болох Б.У аав Г.Л г хэвтэрт байх хугацаанд нь тэтгэврийн мөнгийг нь авдаг байсан. Аав Г.Л г нас барсны дараа улсын бүртгэлийн хэлтэст хасалт хийлгэхгүй юм уу гэхэд ээж Б.У би өөрөө хийлгэчихнэ гэсэн. Тэгээд л би хийлгэчихсэн юм байх гэж бодсон. 2017 оны 10 дугаар сарын эхээр ээж Б.У “...аавын чинь бичиг баримтыг олчихлоо, хасалтыг нь хийлгэе...” гэхээр нь би хасалт хийлгээгүй гэдгийг нь мэдсэн. ... Оршуулгын тэтгэмж авдаг өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ээж Б.У над руу утсаар яриад “...миний хөл өвдөөд явж чадахгүй байна. Би холбогдох бичиг баримтыг бүрдүүлчихсэн байгаа. Чи нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод миний бүрдүүлсэн бичиг баримтыг аваачиж өгөөд оршуулгын тэтгэмжийг аваадах...” гэхээр нь би ээж Б.У гаас аав Г.Л гийн нас барсны гэрчилгээ болон ээж Б.У гийн бичиж өгсөн оршуулгын тэтгэмж олгуулах тухай өргөдлийг аваад нийгмийн даатгалын хэлтэс дээр очсон. Тэгээд Нийгмийн даатгалын хэлтсээс оршуулгын тэтгэмж олгох тухай мэдэгдлийг аваад “Хаан” банкин дээр очсон. “Хаан” банкин дээр ээж Б.У намайг хүлээж байсан болохоор оршуулгын зардал болох 1 сая төгрөг, 1 сарын тэтгэврийг нь аваад ээж Б.У д өгсөн. Нас барснаас хойш олгодог 1 сарын тэтгэвэр нь миний Хаан банкны дансаар орсон. Харин оршуулгын зардал болох 1 сая төгрөгийг бэлнээр аваад ээж Б.У д өгсөн. Оршуулгын тэтгэмж, 1 сарын тэтгэврийг аль алиныг нь би аваад ээж Б.У д өгсөн. Ээж Б.У аваад аав Г.Л гийн буяны ажил болон бусад зүйлд зарцуулсан байх. Би тэр мөнгөнөөс нь аваагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
Гэрч Л.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай аав болох Г.Л нь 2016 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд нас барсан юм. Би Улаанбаатар хотод сахиж байгаад өөрөө авчирсан болохоср сайн мэдэж байна. ... Би энэ талаар мэдээгүй. Аав Г.Л г амьд байхад ээж Б.У аавын тэтгэврийг итгэмжлэлээр авдаг байсан байх. Би цуг байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Хэдэн төгрөгийн тэтгэвэр авдгийг нь ч мэдэхгүй. Сонирхдоггүй байсан. Заримдаа ээж тэтгэвэр буугаагүй байна, эмний хэдэн төгрөг өгчих гэхээр надад байвал өгдөг байсан. Мөнгө байхгүй бол надад ч гэсэн байхгүй байна л гэдэг байсан. ... Тухайн үед би хасалт хийлгэсэн үү гэж асууж байгаагүй. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байсан. 2017 оны 12 дугаар сарын эхээр л Улаанбаатар хотод байдаг дүү болох Д-с утсаар мэдсэн. Дэлгэрмаа ч өөрөө сайн мэдээгүй байсан. Надаас л юу болоод байгаа юм бэ гээд байхаар нь ээжтэй хамт амьдардаг Болормаагаас асууж байж энэ талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлгээс гаргаад шууд Өвөрхангай аймаг руу авч гарсан. Биеийн байдал нь маш тааруу байсан болохоор Булган аймгийн Рашаант суманд эмнэлэг дээр нь нэг хонуулсан. Би Өвөрхангайгаас эмнэлгийн тоноглолтой машин авч очоод Рашаант сумаас авчраад 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөө Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нэг хонуулсан. Тэгээд ямар нэгэн эмчилгээгүй байсан болохоор 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгээс гаргаад гэртээ авчирсан. Аппарат л салгавал болохгүй болчих гээд байсан болохоор лам авчирч үзүүлэхэд лам нь “...өнөөдөр Пүрэв гариг жаахан тааруухан өдөр байна. Өнөөдрийг өнгөрөөчихвөл болно доо...” гэж байсан. Тэгээд лам ном уншаад аргалаад 00 цаг өнгөрөөгөөд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр лүүгээ ороод л нас барсан. 2016 оны 10 дугаар 27-28-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчимд нас барсан. ... Би ээж Б.У г аав Г.Л гийн тэтгэврийг авч байсан талаар мэдэхгүй байна. Аав Г.Л г тэтгэврийн зээлтэй байсныг ч мэдээгүй. Аав Г.Л г эмчилгээнд явахад нь ээж Б.У гийн тэтгэврийн зээл дээр 1 сая төгрөг нэмээд авч явж байсныг л мэдэж байна. ... Би 2010-2014 оны хугацаанд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажилладаг байсан юм. Тэгээд аав Л г нас барсны дараа би ээжид “...би хасалтыг нь хийлгэх үү, өмнө нь тэнд ажилладаг байсан юм чинь...” гэхэд ээж Б.У “... би эмнэлэг дээр байхдаа аавын чинь үнэмлэхийг хаячихсан юм шиг байна...” Олоод ээж нь өөрөө хасалтыг нь хийлгэчихнэ...” гэж хэлж байсан. Аав Г.Л г нас барснаас хойш ээж Б.У их хямардаг, юм л бол уйлаад буруу хараад хэвтчихдэг байсан болохоор аавын талаар тэр бүр юм асуугаад байж болдоггүй байсан юм. Би хасалтыг нь хийлгэчихсэн л гэж бодож байсан. Ээж надад “... өөрийнхөө тэтгэврийг аваад ирлээ...” л гэдэг байсан. Аавын тэтгэврийг авч байгаа талаар ямар ч үг дурсдаггүй байсан. Би мэдсэн бол болиулах байсан. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөө ээж Б.У өөрийнхөө тэтгэврийг аваад ирье гээд гэрээсээ гараад явсан. Тэр өдрийн өглөө 11 цагийн орчимд манай гадаа машин ирээд сигналдахаар нь гартал “Уян сэтгэл” өрхийн эмнэлгийн эмч хүүхэн байсан. Тэр эмч надад “... танай ээж нас барсны гэрчилгээ хийлгээд аваад явсан чинь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан хүн дээр бичиг хийлгээд аваад явсан байна...” гэхээр нь би “...наад хүн чинь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас бараагүй, амьд байсан юм даа, юу болоод байгаа юм бол доо өөртэй нь ярь...” гэж хэлсэн. Тэгээд би ээж Б.У руу залгаад “Уян сэтгэл” өрхийн эмнэлгийн-эмч ирээд явлаа, ямар учиртай юм бэ гэхэд ээж Б.У “...чамд хамаагүй би өөрөө мэдэж байна, би утсаар ярьчихсан...” гээд надад ямар нэгэн зүйл хэлээгүй уурлаад байсан. Би өдрийг нь санахгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 10-дын орчимд л байсан шиг санаж байна. Улсын бүртгэлийн хэлтэст надтай цуг ажилладаг байсан Цэдмаа гэх хүүхэн над руу утсаар яриад танай аав сонгуулиар нас баралтын төлөвт орсон байсан хүн сая нас барсны гэрчилгээ аваад ирлээ. Энэ талаар шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлсэн байгаа. Би урьдчилаад хэлээдэхье гэж бодоод хэлж байна гэж хэлсэн. Тэгээд л энэ талаар мэдээд ээж Б.У гаас асуухад “...ээж нь тухайн үед бичиг баримтыг нь олохгүй, бүртгүүлж чадахгүй байж байгаад сая бүртгүүлээд мөнгө өгөхөөр нь авчихсан...” юм. Аав чинь нэг жил дутуу насалсан гэж гарсан биз дээ, 1 жилийнх нь хугацааг өнгөрөөчихөөд бүртгүүлье гэж бодсон юм гээд л уйлаад байсан. Манай ээжийн хувьд хэцүү заримдаа уйлаад л уймраад л байдаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч Д.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 1999 оноос хойш танина. Найз нөхдүүд байгаа юм. Садан төрлийн ямар нэгэн холбоогүй. ... Б.У нь хүнд тусархуу, найдвартай, миний хувьд сайн хүн л гэж дүгнэнэ дээ. Бид нарын гуйсан ажлыг заавал бүтээж өгдөг, хүний төлөө явсан хүн байгаа юм. Нөхөр нь ч гэсэн сайн хүн байсан юм. Нөхрөө нас барснаас хойш нэг л сонин болчихсон гэж охинтой нь таарсан чинь хэлж байсан. Би сүүлийн 1 жил уулзаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Г.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2000 онд Б.У эгчтэй танилцаж байсан юм. Садан төрлийн ямар нэгэн холбоогүй. Миний хуурай эгч байгаа юм. Б.У нь уян хайлан зантай, хүний төлөө явдаг, хүнд их тусархуу хүн байгаа юм. Найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүнтэй. Нөхөр Л нь жолооны багш байсан юм. Бас л сайн хүн байсан юм. Энэ хүнд ингээд тусалчих юмсан, энэ хүн ингээд байх юм, энэнд ингээд тус болчих юмсан гэх зэргээр намуухан дугараад байнга л тийм зүйл ярьж явдаг хүний төлөө хүн байгаа юм. Одоо ч энэ зан нь хэвээрээ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38 дугаар хуудас/,
Сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай: “... Үзүүлэгч Б.У нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй. Үзүүлэгч Б.У нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон одоо сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчлөөгүй. Үзүүлэгч Б.У нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 99 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 100 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Нас баралтын журнал /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
№0000203198 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 58 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны
11 дүгээр сарын 20-ны өдрийн 422 дугаартай албан бичиг, лавлагаа /хх-ийн 74-75 дугаар
хуудас/,
Хаан банкнаас авсан лавлагаа, дансны хуулга /хх-ийн 70-71, 95-96 дугаар хуудас/
Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай тодорхойлолт /хх-ийн 114 дүгээр хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 115-116 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.У гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 56-57 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.У гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.У г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 105-107 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.У нь өөрийн нөхөр Г.Л г 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байхад нас барсан тухай хасалт хийлгэхгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ болох өндөр насны тэтгэвэрт нийт 4.436.712 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсны тэтгэмж 1.000.000 төгрөгийг авч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд 5.436.712 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: шүүгдэгч Б.У г нийгмийн даатгалын санд 4.436.712 төгрөгийн хохирол учруулсан, оршуулгын тэтгэмжийн санд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 5.436.712 төгрөгийн хохирол учирсан талаар өгсөн хохирогч Х.Э-н мэдүүлэг /хх-ийн 17-18, 20/,
шүүгдэгч Б.У гийн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн талаар өгсөн гэрч Б.Цэдмаагийн мэдүүлэг /хх-ийн 23-24, 26/, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Б.У д нас барсны гэрчилгээ бичиж өгсөн талаар өгсөн гэрч С.Ариунсувдын мэдүүлэг /хх-ийн 28-31/,
“...талийгаач Г.Л г 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан, шүүгдэгч Б.У нь С.Ариунсувдаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсны гэрчилгээ хийлгэсэн...” мөн гэрчилгээг нь үзээд нас барсан гэх хүнийг таньдаг байсан учир “...энэ хүн 2016 онд нас барсан хүн байгаа...” юм, Ямар учраас сая гэрчилгээгээ авсан юм бэ, 2016 онд авсан байх ёстой гээд бүртгэл, программаа шүүж үзэхэд программ дээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан бүртгэлтэй байсан...” мөн “...Программ дээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гээд зөв бүртгэсэн байсан...” Тэгээд С.Ариунсувд эмчид “...нас барсны гэрчилгээг ингэж өгч болохгүй, хойноос нь яв, олж ир...” гээд явуулсан...” талаар өгсөн гэрч Д.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 34/, “...Г.Л нь 2016 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Арвайхээр сумын 1 дүгээр баг баазын 14 тоотод байрлах гэртээ нас барсан. ... Б.У аав Г.Л г хэвтэрт байх хугацаанд нь тэтгэврийн мөнгийг нь авдаг байсан. ... 2017 оны 10 дугаар сарын эхээр ээж Б.У “...аавын чинь бичиг баримтыг олчихлоо, хасалтыг нь хийлгэе...” гэхээр нь би хасалт хийлгээгүй гэдгийг нь мэдсэн. ...Оршуулгын тэтгэмж авдаг өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ээж Б.У над руу утсаар яриад “...миний хөл өвдөөд явж чадахгүй байна. Би холбогдох бичиг баримтыг бүрдүүлчихсэн байгаа. Чи нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод миний бүрдүүлсэн бичиг баримтыг аваачиж өгөөд оршуулгын тэтгэмжийг аваадах...” ...“Хаан” банкин дээр ээж Б.У намайг хүлээж байсан болохоор оршуулгын зардал болох 1 сая төгрөг, 1 сарын тэтгэвэрийг нь аваад ээж Б.У д өгсөн...” гэсэн талаар мэдүүлсэн гэрч Б.Төмөрбаатарын мэдүүлэг /хх-ийн 40-42/, “...Г.Л нь 2016 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө нас барсан. ...Аав Г.Л г амьд байхад ээж Б.У аавын тэтгэврийг итгэмжлэлээр авдаг байсан...” гэсэн талаар өгсөн гэрч Л.Долгормаагийн мэдүүлэг /хх-ийн 43/, “...Г.Л г 2016 оны 10 дугаар 27-28-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчимд нас барсан, ...ээж Б.У гаас асуухад “...ээж нь тухайн үед бичиг баримтыг нь олохгүй, бүртгүүлж чадахгүй байж байгаад сая бүртгүүлээд мөнгө өгөхөөр нь авсан...” гэсэн талаар өгсөн гэрч Л.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 44-45/, шүүгдэгч Б.Уртансангийн хувийн байдлын талаар тодорхойлсон гэрч Д.Түмэндэмбэрэл, Г.Алтанцэцэг нарын мэдүүлэг /хх-ийн 36, 38/, Сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай шүүгдэгч Б.У г сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадавртай байдлыг тодорхойлсон дүгнэлт /хх-ийн 52/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 99/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 100/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Нас баралтын журнал /хх-ийн 5-6/, №0000203198 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 58/, Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 422 дугаартай албан бичиг, лавлагаа /хх-ийн 74-75/, Хаан банкнаас авсан лавлагаа, дансны хуулга /хх-ийн 70-71, 95-96/, Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай тодорхойлолт /хх-ийн 114/, Хохирол төлсөн баримт /хх-ийн 115-116/, шүүгдэгч Б.У гийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.У д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Будан овогт Бандийн У г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Уртансанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.У д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.У г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч Б.У д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Будан овогт Б.У г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Будан овогт Б.У д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Будан овогт Б.У д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.У г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэриэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.У д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР