Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/924

 

 

 

 

 

 

    2023              9            14                                        2023/ДШМ/924

 

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/1298 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ш.Баярбилэгийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бичсэн эсэргүүцлээр Г.Бд холбогдох 2202000000295 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын  илтгэснээр хянан хэлэлцэв.  

Г.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын харьяа дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн шалгалт хариуцсан байцаагч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч цолтой, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/;  

Яллагдагч Г.Б нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэн Т.У-с “урьд хамт амьдарч байсан хүн ирээд агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримт цуглуулан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Т.У-с 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, гарын үсгийг хуурамчаар зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.Б-ний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийжээ. Тодруулбал,

1. Яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...2022 оны 3 дугаар сарын 14-ний шинжээч томилсон тогтоолыг Т.Ут танилцуулаад Г.Бд танилцуулаагүй...” гэж тайлбарлажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэж заасан боловч хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг Т.У, Б.У нарт танилцуулж, гарын үсэг зуруулсан боловч яллагдагч Г.Б-д танилцуулсан эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн яллагдагчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Шинжээч томилохдоо Т.У-ын гарын үсгийн туршилтын загвар авч зөвхөн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдсан гэх зөрчлийн материалд авагдсан гарын үсгүүдийн хэв загвартай харьцуулсан нь хэргийн бодит байдалтай тохирохгүй...туршилтын загварыг дахин харьцуулах шинжилгээ томилуулах..” гэж хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн болох нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдож байна. Гэтэл гэрч Т.Уын гарын үсэгт дахин шинжээч томилох ажиллагаа хийгдээгүй байх тул Т.Уын гарын үсэгт дахин шинжээч томилох нь хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Яллагдагч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Т.У нь нөхрөөсөө мөнгө авч шантаачилдаг байсан.." гэж тайлбарлаж байх тул Т.Уын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох дансны хуулгыг гаргуулж, хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэв.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг гэрч, хохирогч, яллагдагчаар таньж олуулж болно” гэж заажээ. Хэрэгт авагдсан баримтаас 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Б.Т, Б нарыг гэрчээр байцаалгах, хяналтын камерын бичлэгт үзлэг хийх гэсэн хүсэлтүүдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэрч Б.Т мэдүүлэгтээ “...Би Т.Уыг ямар хүн болохыг мэдэхгүй хэдий ч харвал таних байх...Хар өнгийн алчуур зүүсэн эмэгтэй орж Г.Бтэй уулзаж таагүй харилцаа үүсгээд гарч явж байсан...Тэр эмэгтэйн царайг харвал танина...” гэсэн, Т.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгснөөс хойш Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст биеэр очиж тайлбар гаргаж байгаагүй...” гэсэн тайлбарыг гаргасан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Уыг таниулах ажиллагаа огт хийгдээгүй байна.

4. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “...Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд иргэн Т.У нь ирсэн байж болох хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, жижүүрийн цагдаа нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хангаж шийдвэрлэсэн боловч 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06/12011 дугаар албан бичгээр камерын бичлэгийг ирүүлэх тоот явуулсан буюу хүсэлтийг хангаж шийдвэрлэснээс 5 сарын дараа камерын бичлэгийг гаргуулахаар шаардсан нь ойлгомжгүй, уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

Дээрхээс дүгнэхэд...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  Т.Уын дансны хуулгыг гаргуулах, камерын бичлэгийг дахин шалгах, гэрч Б.Таар Т.Уыг таниулах ажиллагаа хийх, хохирогчийн гарын үсгэнд нэмэлт шинжилгээ хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нь хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төдийгүй, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх чухал ач холбогдолтой. Иймд шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 2202 000000 295 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ш.Баярбилэг эсэргүүцэлдээ:“...Шүүгчийн захирамжид дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан. Мөрдөгч Т.Уын гарын үсгийн туршилтын чөлөөт загварыг авч, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн гомдол, мэдээллийн 3-1412 дугаарт бүртгэгдсэн зөрчлийн материалд авагдсан гарын үсэгтэй харьцуулан шинжилгээг хийлгэхээр шинжээч томилж, шинжилгээнд хүргүүлсэн, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад М.Эрдэнэжаргал нь мөрдөгчийн шинжээч томилох тогтоолын дагуу шинжилгээнд ирүүлсэн Т.Уын гарын үсгийн загваруудыг шинжилгээний шаардлага хангаж байна гэж үзэж, шинжилгээг хийж, гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тухай 10 хуудас материалын Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн гомдол, мэдээллийн 3-1412 дугаарт бүртгэгдсэн Зөрчлийн тухай гомдол, мэдээлэлд шинжилгээг хийхэд Т.Уын 2 дугаар хуудасны нүүр болон ар талд зурсан гарын үсгийн хэв загвар нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Хохирогчоос дахин авсан мэдүүлгийг тэмдэглэл”-ийн “Хохирогч гэсэн хэсэгт “Т.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэгтэй харьцуулан шинжилгээг хийхэд тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг гарсан, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй эсхүл бүрэн бус хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Т.Уын гарын үсгийн хэв загварыг авч, шинжилгээг дахин хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын талаар:...Тухайн гэмт хэргийн тухайд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч Т.У түүний хамтын амьдралтай байсан Д.Э нарын хоорондын харилцаа, мөнгө нэхсэн, авдаг байсан гэх асуудал нь хэрэгт хамааралгүй, зайлшгүй шалгавал зохих асуудал биш байна.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын талаар:...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр мэдүүлэгт зурсан гарын үсэг Т.Уын гарын үсэг биш болох нь тогтоогдсон бөгөөд яллагдагч Г.Бтэй тухайн үед хамт ажиллаж байсан Б.Таар Т.Уыг таниулах ажиллагаа нь хэрэгт зайлшгүй хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа биш байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүнийг “гэрч” гэнэ гэж хуульчилсан. Гэрч Б.Т нь мэдүүлэгтээ “...Би Т.Уыг ямар хүн болохыг мэдэхгүй хэдий ч харвал таних байх. Хар өнгийн алчуур зүүсэн эмэгтэй орж Г.Бат- Эрдэнэтэй уулзаж таагүй харилцаа үүсгээд гарч явж байсан... Тэр эмэгтэйн царайг харвал танина...” гэсэн мэдүүлгийг өгсөн байх бөгөөд гэрч Б.Т нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт болох хохирогчийн мэдүүлэгт Т.У эсхүл Г.Б нарын аль нь гарын үсэг зурсан болохыг хараагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч биш байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүн, мал, цогцос эд зүйл тодорхой газар орон байрыг ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг урьдчилан асууж, энэ талаар тэмдэглэлд тусгана” гэж хуульчилсан. Гэрч Б.Т нь Г.Бтэй хамт ажилладаг, танилын харилцаатай, гэрч Т.Уыг огт танихгүй, алчууртай байхад нь 1 удаа харсан гэсэн мэдүүлгийг өгсөн, тухай цаг хугацаанаас хойш 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн зэргээс дүгнэхэд, таньж олуулах ажиллагааг явуулснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдох эсэх нь эргэлзээтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүх шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Б.Т, Т.Уыг оролцуулж, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтын талаар:...Т.Уыг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст ирсэн тухай хяналтын камерын бичлэгийг авахаар 1 жил 1 сарын дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06/12011 дугаар албан бичгийг хүргүүлсэн, одоо тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанаас хойш 2 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байгаа нь тухайн ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна...Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/1298 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.   

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор Ш.Баярбилэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Г.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн. Анхан шатны шүүх биелэгдэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн Г.Б-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :

1. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг яллагдагч Г.Б-д танилцуулаагүй гэсэн нь үндэслэлгүй  болжээ.   

Учир нь, Г.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол 2022.6.09-ний өдөр үйлдэгдэн 15-ны өдөр Г.Б-д танилцуулан мэдүүлэг авсан /2хх-14-20/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл, журам зөрчигдсөн гэж үзэхгүй бөгөөд яллагдагчаар татсанаас хойш түүнд шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан /2хх-234/ байна.     

2. Г.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд “Т.У нь нөхрөөсөө мөнгө авч шантаачилдаг байсан эсэх” нь хамааралгүй, ач холбогдолгүй байх тул Т.У-ын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох дансны хуулгыг гаргуулж, хэрэгт хавсаргах шаардлагагүй болно.   

3. Гэрч Б.Т-аар Т.Уыг таньж олуулах ажиллагаа хийлгэх бодит үндэслэл тогтоогдсонгүй.   

Учир нь, Б.Т нь Г.Б-д холбогдох тухайн эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн биш болох нь Б.Тын гэрчээр өгсөн...Би Г.Бтэй хамт ажилладаг...Т.Уыг мэдэхгүй...2012.03.08-ны өдөр ажлаа хийж байхад хар өнгийн алчуур зүүсэн эмэгтэй орж Г.Б ахмадтай уулзаж, таагүй харилцаа үүсгээд гарч байсан санагдаж байна...Т.У гэж мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2хх-227/, мөн тус хэрэгт цугларсан Т.Уын гомдол, хохирогч, гэрчээр өгсөн тайлбар, мэдүүлгүүд /1хх-5-8, 9-10, 14-18, 23-24, 49-50, 3хх-27/, гэрч Б.Уийн мэдүүлэг /1хх-28-30, 52-53, 3хх-23/ зэрэг эх сурвалжаар давхар илэрхийлэгдсэн байна. 

4. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд 2021.03.06-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд нэвтэрсэн иргэдийн бүртгэл цаасан хэлбэрээр тус хэрэгт бэхжигдсэн, харин хяналтын камерын бичлэг зохих цаг хугацаа өнгөрснөөр устсан тухай албан баримт байх тул /2хх-244-250, 3хх-1-6/ тус камерын бичлэгийг дахиж гаргуулахыг шаардах боломжгүй.

Нөгөө талаас Г.Б тус хэрэгт гэрчээр, яллагдагчаар байцаалт өгөх /1хх-61-62, 2хх-20, 234, 3хх-28/ болон хэргийн материалтай танилцах хүртэлх хугацааны явцад камерын бичлэгийн баримтыг гаргах, гаргуулах тухай асуудлыг хөндөж байгаагүйг дурдах нь зүйтэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгүүлэх тухай асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр  шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.      

Учир нь, тус хэрэгт дахин шинжилгээ хийлгүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг тус хэргийн хяналтын прокурор, түүний дээд шатны буюу Нийслэлийн болон Улсын ерөнхий прокурорын газраас шат дараалан тус тус  татгалзаж шийдвэрлэсэн 3хх-39-40, 50-51, 62-63, 75-78/ байхаас гадна тус хэрэгт цугларсан зарим нотлох баримтын эх сурвалжийн стандарт шаардлага, зөрүү, зөрчил бүхий ямар асуудлууд үүссэн байгааг урьдчилсан хэлэлцүүлэгт талууд, оролцогч нар тодорхой, бодитой эх сурвалжаа зааж буюу үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт гаргаагүй байх /3хх-89-90/ тул тусгай мэдлэгийн асуудлаар урьдчилан таамаглаж дүгнэлт хийх үндэслэлгүй.       

Харин шүүх хуралдаанаар тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангаж, шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлж дүгнэсний эцэст тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу  мөрдөн шалгах хүрээнд тусгай мэдлэгийн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зарим талаар зөрчигдсөн гэх үндэслэл илэрсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.     

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээс үзэхэд яллагдагч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах болон прокурорын хяналтын ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.2 дугаар зүйлийн 3 шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх үндэслэл, журамд тус тус нийцээгүй гэж дүгнэв.        

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл, журмын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/1298 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Ш.Баярбилэгийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.  

Яллагдагч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/1298 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.  

2. Яллагдагч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХӨӨ

                          ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                                         Г.ГАНБААТАР