Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 318/ШШ2025/00181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ж.Л,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1965 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Би цэргээс халагдаж ирээд Улаантолгойн чацарганы аж ахуйд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдөр цэцэрлэгчнээр Цэцэрлэг 2 дугаар бригадад ажилд орсон. Аймгийн архиваас Улаантолгойн чацарганы аж ахуйд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн тодорхойлолт гарч ирсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал олдохгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай архивын лавлагаа, тус архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Д.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 041226 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 141666 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйн даргын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаартай тушаалын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс Ж.Лын хүсэлтээр Д.Н, С.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Лын ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ж.Лын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Ж.Л нь шүүхэд хандаж Увс аймгийн Улаантолгойн Чацарганын аж ахуйд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ж.Лын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ж.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

            Ж.Л нь 1965 онд төрсөн. 1983-1986 оны хооронд цэргийн алба хааж ирээд Увс аймгийн Улаантолгойн Чацарганын аж ахуйд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдөр цэцэрлэгчнээр ажилд орж, 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд оны хооронд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй байна гэв.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн хүсэлт гаргагч Ж.Лд холбогдох, ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн байх бөгөөд Ж.Лыг 1986 онд ажилд орсон, Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчин ажилтай гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн, 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн Ж.Лын гэрлэснийг бүртгэх анкетад түүнийг Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчин ажилтай гэж тэмдэглэжээ.

4.2 Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай цалингийн тодорхойлолтоор Ж.Лд холбогдох, Улаантолгойн чацарганын аж ахуйн 1986-1996 оны цалингийн баримтаас Ж.Лд холбогдох баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Тус баримтаас үзвэл, хүсэлт гаргагч Ж.Л нь 1986 оны 12 дугаар сараас 1996 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл буюу Улаантолгойн чацарганын аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт авагдсан  Улаантолгойн Чацарганы аж ахуйн даргын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаартай тушаалаар давхар нотлогдож байна.

4.3. Гэрч Д.Н, С.О нар нь хүсэлт гаргагч Ж.Лын шүүхийн журмаар сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1986-1994 оны хооронд Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Иймд гэрч Д.Нгийн “...Ж.Лтай 1986-1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Улаантолгойн чацарганын аж ахуйд ажиллаж байсан. ...Ж.Л нь намайг Улаантолгойн чацарганын аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байхад 1986 оны 7 дугаар сард мөн цэцэрлэгчнээр ажилд орж байсан. Тэр цагаас хойш бид хамтдаа 1994 оныг дуустал ажилласан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Оын“...Ж.Лтай 1986-1995 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Улаантолгойн чацарганын аж ахуйд цэцэрлэгчнээр хамт ажилласан. Ж.Л нь анх намайг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаантолгойн чацарганын аж ахуйд ажилд ороход цэргээс халагдаж ирсэн гэх хэдэн залуучууд, ТМС төгсөн ирсэн бид нартай хамт цэцэрлэгчнээр ажилд орж байсан. ...Ж.Л 1997 оны 4 дүгээр сарыг дуустал цэцэрлэгчнээр ажилласан” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болж, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болсон.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Ж.Лын 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Улаантолгойн чацарганын аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Хүсэлт гаргагч Ж.Лын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Ж.Лын 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Улаантолгойн чацарганын аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА