Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/947

 

 

 

 

 

 

 

     2023           9             26                                         2023/ДШМ/947

 

 

Н.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч А.Золжаргал, Б.Мандхай,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/664 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч А.Золжаргал, Б.Мандхай нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Хд холбогдох 2302 0018 70218 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Х, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Жи Эс Си ХХК-д үйлдвэрийн ахлах ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 2 дугаар байр 3 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан; 

Шүүгдэгч Н.Х нь “2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Энэрэл хотхоны 2 дугаар байрны орчим өөрийн биедээ болон 00-00 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 3,8699 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас Н.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Х-г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Хг 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан дотроо зиплок уутнуудтай /хоосон болон дотроо цагаан нунтаг зүйлтэй/ цагаан өнгийн хуванцар сав, жижиг гар жин, хажуу хэсэгтээ гуурстай хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл, мөн зиплок ууттай сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Миний бие мөрдөн байцаалтын шатнаас болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн. Мөн гэр бүлээ ганцаараа тэжээж, ахуй амьдралаа авч явдаг, бага насны хүүхэдтэй, эхнэр маань эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр настай, өвчтэй ээж болон бага насны хүүхдээ асраад гэртээ байдаг. Ээж ходоодоо авахуулсан байдаг зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэхгүйгээр анхан шатны шүүхээс 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж болох хуулийн зохицуулалт байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Н.Хг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлгээ өгдөг, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан байдаггүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж хар тамхи, сэтгэцэд нөлөөт хорт бодисоос татгалзах, эрүүлжих хөтөлбөрт сайн дураараа идэвхитэй хамрагдаж байгаа бөгөөд прокуророос яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрдөг ба уг гэмт хэрэгтээ бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй болно. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч Н.Хгийн үйлдсэн хэргийн тухайд бол Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа заавал нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, нөгөөтэйгүүр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул тухайн зүйл хэсэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ болох 1 жил хорих ял оногдуулж болох хууль зүйн үндэслэлтэй байх тул өмгөөлөгч миний саналыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/664 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн харицлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Мандхай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа”...Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд Н.Х-гийн биед сэтгэцийн ямар нэг өвчингүй, мансууруулах, сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна /хх-63/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн I. 4 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал ''хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсоор байтал шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэнгүй. Өөрөөр хэлбэл нотолбол зохих зүйлд мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, нийт хэдэн удаагийн хэрэглээний тун байж болох, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээг тодорхойлохоос гадна тэдгээр бодисын “хар зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг тогтоох асуудал хамаарна хэмээн УДШ-н 2019.05.24-ний №225 дугаартай тогтоолд тайлбарласан байна. Хэргийн 28-р хуудсанд авагдсан биеэс нь гарч ирсэн цагаан нунтаг зүйлийг Н.Х сэргээш маягаар өөрөө хэрэглэх гэж авсан зорилгоо мэдүүлдэг. Н.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлаагүй гэж үзэж байна. Түүнчлэн Н.Хгийн ард гэр бүл, 1 нас 3 сартай бяцхан хүү, өвчинд баригдсан ээж нь ч сэтгэл санаагаар давхар хохирч байгаа нь шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн ар гэрийн хүсэлт, “Нэргүй Амьдрал” ТББ-с шүүхэд ирүүлсэн тодорхойлолт болон холбогдох баримтуудаас (2 хх 1-11) тодорхой харагдаж байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн биеэс илэрсэн бодисын хэмжээ, олдоц, төрөл зэргийг харгалзаж 1 жил 5 сарын хугацаагаар анхан шатны шүүхээс оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь үүрэг болгосон заалт биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар Н.Хд холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримтгүй, маргаан бүхий асуудал гараагүй байна.                  

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангаж, шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Х нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Энэрэл хотхоны 2 дугаар байрны орчим өөрийн биедээ болон 00-00 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сэтгэцэд нөлөөт бодис болох нийт 3,8699 грамм жин бүхий метамфетаминыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: Н.Хгийн биеэс гарч ирсэн цагаан тунтаг, 2 ширхэг зиплок түгжээ бүхий зүйлийг хураан авсан. Тус зүйлийг жинлэхэд 4.7046 грамм зааж байв /1хх-24-29/  

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Н.Хгийн 00-00 УЕВ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 2 ширхэг цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок уут, хажуу бөөрөндөө гуурстай цагаан өнгийн бонго, дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ёроол хэсэг нь харлаж түлэгдсэн соруул мэт зүйлүүд хурааж авсан /1хх-16-20/,   

- эд мөрийн баримтаар тооцсон тогтоол: Н.Хгийн 00-00 УЕВ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлийн голын хайрцганд цагаан өнгийн сав бүхий дотроо зиплок уутнуудтай, 2 ширхэг дотроо цагаан өнгийн зүйлээр бохирлодсон зиплок уут, жижиг гар жин, мөн хажуу бөөрөндөө гуурстай цагаан өнгийн бонго, дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ёроол хэсэг нь харлаж түлэгдсэн соруул мэт зүйл хурааж авсан. Н.Хгийн биед үзлэг хийж 2 ширхэг зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстархаг бодис гаргаж ирснийг шинжилгээнд хүргүүлж 3.0588 грамм мөсийг хурааж авсан /1хх-29/,

- 2023.3.23-ны өдөр хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт : 4 дүгээр багана буюу КЕТ /Кетамин/ илэрсэн, 6 дугаар багана буюу АМР /Амфетамин/ илэрсэн, 8 дугаар багана буюу МОМА /Экстази/ илэрсэн, 9 дүгээр багана буюу МЕТ /метафетамин/ илэрсэн тухай /1хх-21-23/,  

- шинжээчийн 2023.4.11-ний өдрийн 1592 дугаартай дүгнэлт: “Н.Х ХД 2024.3.24” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно” /1хх-56-58/,

- шинжээчийн 2023.05.01-ний өдрийн 1591 дугаар дүгнэлт: 1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine / илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Цагаан өнгийн хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл, 2 ширхэг гялгар уут зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 3. “1” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,9906 грамм, цэвэр жин 0,8111 грамм, “2” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 3,3914 грамм, цэвэр жин 3,0588 грамм байна” /1 хх-49-52/,

- шүүгдэгч Н.Хгийн мэдүүлэг: “...Би 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Зэвүүн Зэвүүн гэх нэртэй фэйсбүүк хаягаар өөрийн фейсбүүк хаягаас холбогдож юм авах гэдгээ бичсэн. Тэгэхэд тухайн хаягаас 900,000 төгрөгийг Хаан банкны 5303319959 гэх данс руу хий гэхэд нь эхний ээлжид би өөрийн Хаан банкны 5032470417 дугаарын данснаас 300,000 төгрөг хийсэн, цувуулж хийсээр байгаад 900,000 төгрөг өгсөн. Ингээд мөнгө өгсний дараа надад чатаар Модны хоёрын хороолол руу өгсдөг буудлын орчимд гудамжны шонгийн модны зураг ирсэн, энэ зургаар нь би очиж 3 грамм мөс гэх бодисыг авсан, мөсөө авч, гэртээ харьсан ба машиндаа мөснөөсөө хэрэглэчихээд гэртээ орж амарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөр байна. ...” /1хх-213-215, 218-219/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмлэглэл /1хх-80-83/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Шүүгдэгч нь “хориглосон сэтгэцэд нөлөөлт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул тухайн гэмт хэргийн субьектив, объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /1хх-211-215, 216-220/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Хд сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалахаас гадна олж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжтай байх боловч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэхдээ орхигдуулсан байгааг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.  

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солиулах тухай шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Мандхай, анхан шатны шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг 1 жил болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

4. Тус эрүүгийн хэргийг бүхэлд нь шалгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журам ноцтой зөрчигдсөн байгааг анхааруулж, тус зөрчлийг арилгахыг мөрдөгч, прокурорт даалгаж байна.  

Учир нь, Хаан банк дахь Н.Хгийн 5032470417 дугаар данс, Т.Бат-Амгалангийн 5303319959 данс хоорондын зарим гүйлгээг 2023.01.01-ээс 2023.05.15-ны өдөр хүртэлх хугацаагаар шалгахад Н.Хгийн дансанд 31.709.900 төгрөгийн орлого орж, 6.020.000 төгрөгийн зарлага гарсан /1хх-111-136, 140-145/ байхаас гадна Хаан банкны 5303319959 гэх дансанд мөнгө хиймэгц Н.Хд сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах газрын хаягийг зааж өгч буй нь Т.Бат-Амгалан гэгч этгээдийг сэжиглэн шалгах хангалттай үндэслэл байтал Т.Бат-Амгалан гэгчийн гэрчээр өгсөн: 5303319959 данс минийх мөн. 2022 оны 2 сараас эхлэн ашиглаж байна. 1xbet гэх цахим бооцооны сайтын Монгол хэрэглэгчдийн дансыг цэнэглэхдээ ашигладаг. 1xbet сайтаас сардаа тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Н.Х гэх хүнийг танихгүй.../1хх-40/ гэх эх сурвалжгүй мэдүүлэгт хөтлөгдөж, мөрдөх ажиллагааг бүрэн хийлгүй орхигдуулсан, түүнчлэн шалгавал зохих 512745881, 5303319959, 416286546, 356218279, 416286543, 486676353, 5032470417, 582843461 гэх дансууд хэнийх эсэх, тэдгээрийн орлого, зарлагын гүйлгээ хэрхэн хийгдсэн эсэхийг шалгаагүй /1хх-146-157/,  устсан гэх “Зэвүүн Зэвүүн” гэх нэртэй фэйсбүүк хаяг, мэдээллийг сэргээх арга хэмжээ аваагүй, шүүгдэгч болон хамаарах бусад этгээдийн цахим хаяг, түүнд агуулагдсан мэдээллийг шалгах, хянах ажиллагаа хийгдээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй, зөрчсөн байх тул дээрх дурдсан гэмт хэргийн шинж, үндэслэл бүхий сэжгийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, бүрэн, бодитой явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзнэ.  

Хэрэв тус мөрдөн шалгах ажиллагааг явуулах, хяналт тавих хүрээнд шинэ нөхцөл байдал илэрвэл шүүгдэгч Н.Хд холбогдох тус эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин хянах асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй, харин анхан шатны шүүх нь урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаагаагүй байх тул шүүх хуралдаанаас мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах эсхүл прокурорт зарим ажиллагаа хийлгэхийг даалгах боломжгүйгээс гадна Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах эрхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.      

Шүүгдэгч Н.Хгийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/664 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солиулах тухай шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Мандхай, анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.      

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хгийн цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.   

3.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                            ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР