Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2021/00013  

 

Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2020/01167 дугаар шийдвэртэй, Б.А-ын нэхэмжлэлтэй, Ж.Ж-т  холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен, орчуулагч Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг Их буланд байршилтай С авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч Ж.Ж-т даалгах, С авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас учирсан хохирол, зардал 5356000 төгрөгийг хариуцагч Ж.Ж-ээс гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие өөрийн гэр бүлдээ зориулж одоо амьдарч буй өвлийн байшин сууцыг маань 2010 онд одоогийн байранд барьсан. Гэтэл баруун талын хөрш гэх Ж.Ж- нь гэр бүлийн хэрэгцээндээ зориулж авсан газарт хууль бусаар С нэртэй авто угаалга, засварын газрыг манай байшингийн баруун талын ханыг залгуулан надаас ямар ч зөвшөөрөлгүйгээр барьсан. Энэ асуудлаас болж бид шүүхэд маргаж очсон бөгөөд үр дүн нь С гэх авто угаалга, засварын газрын дээврээс гоожсон борооны олон жил урссан ус нь манай өвлийн байшингийн ханыг нурааж, ус чийг нь шал газарт шингэн чийг үүсгэж эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хэмжээнд хүрсэн тул мэргэжлийн хяналтын газарт үзлэг шалгалт хийж дүгнэлт хийж дүгнэлт гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 8 дугаар сарын 12-нд улсын байцаагчийн 0404020\141 дугаартай дүгнэлт гарсан. Дүгнэлтэд: С авто угаалгын газрын шувуун дээврээс гоожсон ус нь миний өвлийн сууцанд гоожсоноос болж хана нуурсан, шавар унасан суулт өгснөөс болж нурах аюултай болсон. С авто угаалгын барилгыг миний өвлийн сууцанд 20-40 см-ийн зайтай тулган барьсан тул Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5-д заасан заалт зөрчигдөж миний өвлийн сууц хүн амьдрах боломжгүй, нурах аюултай болсон байна гэж бичигдсэн байна. Тийм дүгнэлт гарсан болохоор би гэр бүлээрээ энэ байшинд амьдарч суух боломжгүй болж байшингаа нурааж шинээр барихаар боллоо. Тухайн байшинг нураах, барих зэрэгт гарсан хохирлыг жич нэхэмжлэх болно. Би өвлийн байшингаа яг хуучин суурин дээр дахин барих болно. Өөр газар нүүлгэн барихгүй. Учир нь, энэ буйр бол надад болон гэр бүл хүүхдүүдэд маань маш халуун дулаан санагддаг, буянтай гэж үздэг тул хуучин бууриндаа барих гэж гэр бүлээрээ ярьж шийдсэн. Байшингаа өнөө маргааш нурааж 10 дугаар сард бариад дуусгахаар төлөвлөж байна. Тийм учраас С нэртэй авто угаалга, засвар хийдэг байрыг хуучин газраас нь хашааныхаа өөр өнцөг буланд шилжүүлэн нүүлгүүлэх шаардлагатай байна. Учир нь, дахин борооны ус дээврээр дамжин урсахгүй, манай байшингийн суурт чийг болохгүй, болзошгүй эрсдэл үүсэхгүй юм. Барилга хоорондын баригдах зайг нь 5 метрээс хол байх тухай хуулийн заалт зөрчигдөхгүй. Иймд С авто угаалга, засварын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг эзэн нь Ж.Ж-т даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие С авто угаалгын газрыг 2015 онд өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний 031304403 нэгж талбарын дугаартай 365 м.кв газарт барьж ашиглалтад оруулсан. 365 м.кв газар нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай Барилгын чанарын тухай дүгнэлт нь иргэн Б.А-ын Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай байшингийн чанарын байдалд хийсэн дүгнэлт болохоос биш Ж.Ж- миний өмчлөлийн авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэх тухай дүгнэлт биш юм. Улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг үндэслэн миний эзэмшлийн С авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч надад даалгах хууль зүйн үндэслэл байхгүй. Би тухайн угаалгын газрыг өөрийн өмчлөлийн газарт барьсан. Угаалгын газар оршин байгаа газар нь нэхэмжлэгч Б.А-ын эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд өмчлөх эрхийн тухай заасан бөгөөд мөн зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр,х уулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. С угаалгын газар нь өөрийн өмчлөлийн газар дээр барьсан өөрийн хөрөнгө бөгөөд түүнийг би өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Б.А- нь энэ асуудлаар өмнө нь танай шүүхэд мөн нэхэмжлэл гаргаж тухайн хэрэгт 2 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж хамгийн сүүлд нь танай шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 130\ШЗ2020\01893 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.А- нэхэмжлэлээ татаж авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Иймд нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А- нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад: “...хариуцагч Ж.Ж-ийн буруутай үйл ажиллагаанаас болж түүний С авто угаалгын байрны дээврээс гоожсон борооны ус нь миний өвлийн байшин сууцны хана, дээвэрт гоожсоны улмаас байшин маань чанар алдаж барилгын материал нь ялзарч, цуурч нурах аюулд хүрч, хүн амьдрах аргагүй байдлаас болж намрын хүйтэнд буулгаж түр амьдрах 2 өрөө зуны байшин барьсан билээ. Миний муудаж нурах дөхсөн байшингийн болон С авто угаалгын байшингийн дээврээс борооны ус гоожсоны улмаас хүн оршин сууж амьдрах боломжгүй аюултай гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт дүгнэлт гарсныг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ дүгнэлтийг үндэслээд байшингаа нурааж түр амьдарч суух 21 өрөө байшинг барьсан байгаа. Байшингаа нурааж түр амьдрах зуны байшин барихад гарсан зардал хөрөнгө мөнгийг тооцоход нийт 5356000 төгрөгийн хохирол гарсныг баримтаар хавсаргасан. Энэ 5356000 төгрөгийг хариуцагч Ж.Ж-ээс гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлыг ихэсгэж байна. Миний бие Ж.Ж-ийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм хэмжээний хохирол амссан болохоор хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд С авто угаалгын газрын эзэн Ж.Ж-ээс 5356000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ж.Ж- нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: “1.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\14 дугаартай дүгнэлтээр...С авто угаалгын газрын шувуу дээврээс гоожсон ус нь ус зайлуулах хоолойн эвдрэлээс болж иргэн Б.А-ын өвлийн сууцанд гоожсоноос болж баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгснөөс болж нурах аюултай болсон гэж дүгнэсэн. Миний С авто угаалгын газрын шувуун дээврээс ус гоожсоноос иргэн Б.А-ын өвлийн сууцанд бүхэлдээ эвдрэл, гэмтэл учраагүй, зөвхөн байруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгсөн байсан. Ийм байхад Б.А- нь байшингаа өөрөө дур мэдэн бүхэлдээ буулгасан нь түүний буруутай үйл ажиллагаа. Миний хувьд зөвхөн ус гоожсоноос үүссэн бодит хохирлыг төлөх ёстой болохоос бүхэлдээ төлөх ёсгүй. Миний бие 8 дугаар сарын эхээр Б.А-ын байшинд ус гоожиж эвдэрсэн байна гэдгийг сонсоод түүний гэрт өөрийн биеэр очиж ус гоожсон байдлыг үзээд Б.А-ад би таны байшинг засаж өгье, та материалаа сонго, тоосгоор засуулна гэвэл тоосгоор, газо блокоор засуулна гэвэл газо блокоор засаж өгье, мөн засварлахад гарах бүх материал, засварын хөлсийг би өөрөө хариуцъя гэж хэлэхэд Б.А- нь би хамаатан садантай ярилцаж байгаад хариу өгье гэсэн. Хэд хоногийн дараа Б.А-тай ярилцахад би хамаатан садантай ярилцсан, байшинг бүхэлдээ буулгаж байгаад барина, гэмтсэн хэсгийг засварлуулахгүй гэж хариу өгсөн. Хэрэв Б.А- тухайн үед надтай харилцан тохиролцсон бол миний хувьд байшингийн ус гоожиж гэмтсэн хэсгийг тухайн үед сэргээн засварлаж гэмтэл учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх бүрэн боломжтой байсан. 2.Б.А- нэхэмжлэлдээ түр амьдрах 2 өрөө зуны байшин барьсан, түүнийг барихад 5356000 төгрөгийн зардал гарсан, үүнийг надаас гаргуулж өг гэжээ. Б.А-ын түр амьдрах зориулалтаар барьсан 2 өрөө зуны байшин нь нурсан гэх байшингийн хохиролтой ямар ч хамааралгүй бие даасан объект. Нэгэнт өөрийн хэрэгцээнд 2 өрөө зуны байр барьсан учир түүнийг барихад гарсан зардлыг би хариуцан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Б.А- нь нэхэмжлэлдээ Сунхар-авто ХХК-аас авсан материал гэж 19 нэр төрлийн 2136000 төгрөгийн үнэлгээтэй бараа авсан талаарх зарлагын баримт, 10 тн чулуу, 10 тн элс, 10 тн хайраг, 29 тн шар шавар буулгасан талаарх иргэн Х.Г-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 100 ширхэг пум, 220В-ын мечалка 3 хоногоор хөлсөлж авч 300000 төгрөг төлсөн талаарх иргэн Б.Т-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, ковшоор 6 цаг ажиллаж 360000 төгрөг авсан талаарх иргэн З.Тилекийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, байшинг 2 сая төгрөгийн хөлсөөр барьсан талаарх иргэн С.Н-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтуудыг хавсаргасан байна. Эдгээр материалуудыг зуны байр барихад ашигласан гэдэг нь эргэлзээтэй бодит байдалд нийцэхгүй байна. Чухам ямар хэмжээтэй 2 өрөө зуны байрыг ямар материалаар хэзээ барьсан болох, түүнд дээр дурдсан материалуудыг зарцуулсан эсэх нь тодорхой бус байна. 2 өрөө зуны байр барихад 10 тн чулуу, 10 тн элс, 10 тн хайраг, 29 тн шар шавар ашигласан гэдэг нь бодит байдалд огт нийцэхгүй байна. Тэгээд ч ковш ашиглуулсан гэх З.Т гэгч Б.А-ын төрсөн баз, Х.Г нь гэр бүлийн найз, Б.Т хөрш нь бөгөөд эдгээр хүмүүсээс тодорхойлолт авч хэрэгт хавсаргасан нь үндэслэл муутай байна. Тийм учир нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2020/01167 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг Их буланд байршилтай С авто угаалгын газрын дээврийн ус зайлуулах хоолойг хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч болох нэхэмжлэгч Б.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй байдлаар зассан сайжруулахыг хариуцагч Ж. Ж-т даалгаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан хариуцагч Ж.Ж-ээс хохирлын мөнгө 5356000 (таван сая гурван зуун тавин зургаан мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-ад олгож  шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Миний бие Б.А- нь хариуцагч Ж.Ж-т холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай "С" автомашин угаалгын газрыг албадан нүүлгэхийг шаардаж 2017 оноос эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №573 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан ба уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №212/МА2017/00129 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Энэ магадлалыг хариуцагч Ж.Ж- эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00281 тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцээд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн №130/ШШ2018/00684 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг маань дахин бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд дахин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №212/МА2018/00127 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар дахин хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00576 тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Үүний дагуу хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б.А- би Ж.Ж-т холбогдуулан "С" авто угаалгын газрыг албадан нүүлгэхийг хүсэж гаргасан нэхэмжлэлээ татан авч, нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд жич нэхэмжлэл гаргахаар болж хүсэлт гаргасан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 130/Ш32020/01893 дугаартай захирамж гарсан. Энэхүү захирамж гарснаас хойш үүссэн үйл баримт болон өөрт учирсан хохирлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан Шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлохгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 0404020/141 дугаартай дүгнэлтээр "С" авто угаалгын газрын дээврээс гоожсон ус нь Б.А- миний өвлийн сууцанд гоожсоноос болж, хана нуурсан, шавар унасан суулт өгснөөс болж нурах аюултай... хүн амьдрах боломжгүй болсон тул "С" авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагч Ж.Ж-т даалгах..." түр амьдрах байр барьсантай холбогдон гарсан зардал 5,356,000 төгрөгийг хариуцагч Ж.Ж-ээс гаргуулахыг хүссэн боловч анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчилж "Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг Их буланд байршилтай "С" авто угаалгын газрын дээврийн ус зайлуулах хоолойг хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч болох нэхэмжлэгч Б.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй байдлаар засан сайжруулахыг хариуцагч Ж.Ж-т даалгаж", нийт хохиролд 5,356,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн явдлыг хэсэгчлэн зөвшөөрөхгүй байна. Би "С" авто угаалгын газрыг албадан нүүлгэх шаардлага гаргасан болохоос дээврийн ус зайлуулах хоолойг засан сайжруулахыг шаардаагүй, мөн миний түр амьдрах байр барьсантай холбогдон гарсан 5,356,000 төгрөг нэхэмжилснийг ханган шийдвэрлэхдээ хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нийт учирсан хохирол 5,356,000 төгрөг гарсан юм шиг бичиж, дахин хохирол нэхэмжлэх эрхэд халдсан явдалд гомдолтой байна. Би орох орон гэргүй болохоор нь түр амьдрах амбаар барьж түүнд амьдарч байгаа бөгөөд цаашид өвлийн сууцыг сэргээн засварласны дараа гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг хүсэж байгаа. Шүүхээс миний нэхэмжлэлийн агуулгыг зөв ойлгохгүйгээр түр амьдрах байр /амбаар/ барьсантай холбогдон гарсан хохирлыг гаргуулан шийдвэрлэснийг надад учирсан бүх хохирлыг нөхөн гаргуулсан мэтээр бичсэнийг зөвшөөрөхгүй байна. Орон байргүй болсон манай гэр бүл нь хашаа, хороо түрээслэн суухад жилдээ 5 сая гаруй төгрөг гарах байсан юм. Би өөр газраас хашаа хороо түрээслэн сууж байснаас хашаандаа зуны улиралд тур амьдрах амбаар барьж, хариуцагч Ж.Ж-ээс байраа завсарлах мөнгө аваад зуны улирал дуусахаас өмнө байраа засварлаж авахаар төлөвлөсөн боловч хариуцагчаас хүн чанар гаргааж, байраа засварлах мөнгө төгрөг өгөөгүй. Тэгээд би эхний ээлжид түүнээс түр амьдрах байр барьсантай холбоотой зардлыг гаргуулж авсны дараа, өвлийн сууцаа засварлахаар болж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс миний нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тайлбарлаж, өвлийн байшинг өмнөх байдалд нь сэргээн засах боломжгүй болсон гэж буруу дүгнэн 2 өрөө байр барьсан байна хэмээн 5 сая төгрөг гаргуулан цаашид өвлийн байшингаа засварлахдаа гарсан хохирлыг нэхэмжлэх эрхийг хаасан юм шиг байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2 өрөө байшин барихад гарсан зардал буюу хохирол 5,356,000 төгрөгийг хариуцагч Ж.А-аас гаргуулан нэхэмжлэгч Х.А-ад олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв" гэжээ. Ингэж шүүхийн шийдвэрт бичсэн явдал нь техникийн алдаа юм шиг харагдаж байгаа боловч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд эргэлзээ бий болгохоор бөгөөд шүүхийн шийдвэрт тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй болох нь харагдаж байна. Мөн "С" авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг "агуулгын хувьд хөрш залгаа 'С" авто угаалгын газрын шувуун дээврээс гоожсон бороо цасны ус нь ус зайлуулах хоолойн эвдрэлийн нөлөөллөөс нэхэмжлэгч Б.А-ын хөрш залгаа сууцанд эвдрэл гэмтэл үүсгэж хохироож байгаа гэдэг нь нотлогдож байгаа тул "С" авто угаалгын газрын дээврийн ус зайлуулах хоолойг хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч болох нэхэмжлэгч Б.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй байдлаар зассан сайжруулахыг хариуцагч Ж.Ж-т даалгах нь хуульд нийцнэ" хэмээн дур мэдэн өөрчилсөн явдлыг зөвшөөрөхгүй байна. Би энэхүү асуудлаар шударга шүүхэд 2017 оноос хойш 4 жилийн турш тасралтгүй гомдол, нэхэмжлэл гаргаж тууштай явж байгаа боловч миний эрхийг хамгаалсан шийдвэрийг өнөөдөр хүртэл гаргаж өгөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлдээ хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлж өгнө үү. Эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулсан. Миний бие 8 дугаар сарын эхээр Б.А-ын байшинд ус гоожиж эвдэрсэн гэдгийг сонсоод түүний гэрт өөрийн биеэр очиж ус гоожсон байдлыг үзээд Б.А-ад би таны байшинг засаж янзалж өгье, та материалаа сонго, тоосгоор засуулна гэвэл тоосгоор, газо блокоор засуулна гэвэл газо блокоор засаж өгье, мөн засварлахад гарах бүх материал, засварын хөлсийг би өөрөө хариуцъя гэж хэлэхэд Б.А- нь би хамаатан саднуудтай ярилцаж байгаад хариу өгье гэсэн. Хэд хоногийн дараа Б.А-тай ярихад би хамаатан саднуудтай ярилцсан, байшинг бүхэлдээ буулгаж байгаад барина, гэмтсэн хэсгийг засварлуулахгүй гэж хариу өгсөн. Хэрэв Б.А- надтай харилцан тохиролцсон бол миний хувьд байшингийн ус гоожиж гэмтсэн хэсгийг тухайн үед сэргээн засварлаж гэмтэл учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх бүрэн боломжтой байсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029/14 дугаартай дүгнэлтээр “...С авто угаалгын газрын шувуун дээврээс гоожсон ус нь ус зайлуулах хоолойн эвдрэлээс болж иргэн Б.А-ын өвлийн сууцанд гоожсоноос болж баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгснөөс нурах аюултай болсон байна” гэж дүгнэсэн. Миний С авто угаалгын газрын шувуун дээврээс ус гоожсоноос иргэн Б.А-ын өвлийн сууцанд бүхэлдээ эвдрэл, гэмтэл учраагүй, зөвхөн баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгсөн байсан. Ийм байхад Б.А- нь байшингаа өөрөө дур мэдэн бүхэлдээ буулгасан нь түүний буруутай үйл ажиллагаа. Миний хувьд зөвхөн ус гоожсоноос үүссэн бодит хохирлыг төлөх ёстой. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 004 дугаартай дүгнэлтэд даатгалын төлөөлөгчийн газрын эд хөрөнгийн үнэлгээгээр 3.074.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дурдсан. Энэ нь миний буруутай үйл ажиллагаанаас учирсан бодит хохирол байсан. Нэхэмжлэгч Б.А- нь бодит хохирол болох дээрх 3.074.000 төгрөгийг надаас нэхэмжилсэн тохиолдолд миний хувьд төлж өгөхөд татгалзах зүйлгүй байсан. Б.А- нь дээрх мөнгийг 2020 оны 12 дугаар сарын үед Миг даатгал компаниас гаргуулж авсан байна. Гэтэл Б.А- нь бодит хохирлыг нэхэмжлээгүй атлаа өөрийн хувийн хэрэгцээнд барьсан зуны 2 өрөө байшинг барихад гарсан зардал 5.356.000 төгрөгийг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнийг анхан шатны анхаарч үзэлгүй надаас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь хууль бус байна. Тэгээд ч Б.А-ын 2 өрөө зуны байшин барихад гарсан зардал гэж гаргаж өгсөн нотлох баримтууд нь үндэслэл муутай байхад шүүх анхаарч үзээгүй, энэ талаар бодит дүгнэлт хийгээгүй. 2 өрөө зуны байр барихад 10 тонн чулуу, 10 тонн элс, 10 тонн хайрга, 20 тонн шар шавар ашигласан гэдэг нь бодит байдалд огт нийцэхгүй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Миний хувьд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх санал тавихад нэхэмжлэгч хүлээж аваагүй байшинг буулгасан. Нэгэнт байшинг буулгасан учир өмнө байсан байдалд сэргээх боломжгүй болсон. Энэ тохиолдолд миний бие даатгалын төлөөлөгчийн газрын эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 3.074.000 төгрөгийн хохирлыг төлж өгөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу хянан үзэж шийдвэрийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан хариуцагч Ж.Ж- надаас хохирлын мөнгө 5.356.000 /таван сая гурван зуун тавин зургаан мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-ад олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож 5.356.000 /таван сая гурван зуун тавин зургаан мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.А- нь Ж.Ж-т холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах “С” автомашины угаалгын газрыг албадан нүүлгэхийг Ж.Ж-т даалгах, учирсан хохирол, зардалд 5,356,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 0404029/141 дугаартай дүгнэлтээр  “С” автомашин угаалгын газрын шувуун дээврээс гоожсон ус нь Б.А- миний өвлийн сууцанд гоожсоноос болж, хана нурсан, шавар унасан, суулт өгснөөс болж нурах аюултай, хүн амьдрах боломжгүй болсон. Машины тос, дуу шуугиан, утаа манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Хариуцагч гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж бидний эрхийг зөрчиж байна” гэж тайлбарлаж, хариуцагч “Би өөрийн хуулиар олгосон өмчлөх эрхийн гэрчилгээтэй газарт үйл ажиллагаа явуулж байгаа болохоос Б.А-ын газарт барилга бариагүй,  Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 0404029/141 дугаартай дүгнэлт нь Б.А-ын байшингийн чанарын байдалд хийсэн дүгнэлт болохоос биш миний өмчлөлийн угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэх тухай дүгнэлт биш, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн өөр газарт нүүлгэхийг хариуцагч надад даалгах хууль зүйн үндэслэл байхгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Ж.Ж- нь Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 365 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2015 оны  4 дүгээр сарын 03-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, уг газарт “С” нэртэй автомашины угаалгын барилгыг нэхэмжлэгч Б.А-ын өвлийн сууцнаас 20-40 см зайтай тулгаж барьснаас “С” автомашин угаалгын газрын шувуун дээврээс гоожсон ус нь Б.А-ын өвлийн байшингийн хананд нэвтэрснээс болж байшингийн баруун хойд талын буланд цууралт үүсэж, шавар нь унаж суулт өгснөөр уг байшин дахин ашиглах боломжгүй болсон, угаалгын газрын ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн дуу, чимээ нь нэхэмжлэгч Б.А-ын үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчсөн нөхцөл байдал тогтоогджээ. 

    

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг Их булан хаягт байршилтай, 013104403 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв өмчлөлийн газарт 8 машин угаадаг авто угаалгын газрын барилга байгууламжийг зураг төслийн дагуу бүрэн барьж “С” авто угаалгын газрыг зориулалтын дагуу ажиллуулж байгаа нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №18 дугаартай акт, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргасан №15\38 дугаартай Техникийн нөхцөл олгох тухай акт, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 04-04-322/06 тоот дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №04-07-035\134 дугаартай Бохир усны шугамын тухай дүгнэлт, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн  “С” авто угаалгын газар нь MNS 5347:2003 стандартын шаардлагыг хангаж байна гэх дүгнэлт,  2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01\2020 дугаартай Нэмэлт шинжилгээ хийсэн тухай шинжээчийн ...ерөнхий шаардлагад MNS4585:2016 стандартад заасан Агаар дахь түгээмэл тархацтай бохирдуулах бодисын хүлцэх агууламж болон физикийн сөрөг нөлөөллийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Ж.Ж-ийн өөрийн өмчлөлийн газарт “С” авто угаалгын газар ажиллуулж байгаа үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй байна.

 

 Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэж заасан байхад хариуцагч Ж.Ж- “С” авто угаалгын барилгыг нэхэмжлэгч Б.А-ын өвлийн сууцнаас 20-40 см-ийн зайтай тулгаж барьсан ба “С” авто угаалгын газрын шувуун дээврээс гоожсон ус нь ус зайлуулах хоолойн эвдрэлээс болж нэхэмжлэгч Б.А-ын өвлийн сууцанд гоожиж, баруун хойд талын булан нь цуурсан, шавар нь унасан, суулт өгснөөс нурах аюултай болсон нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай Барилгын чанар байдлын тухай дүгнэлт болон Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №004 дугаартай Иргэн Б.А-ын өвлийн байшин борооны усанд өртөж нурсан тухай актаар нотлогдож байна.

 Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Б.А-ын өвлийн сууц болон хариуцагч Ж.Ж-ийн “С” авто угаалгын газар нь хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хөрш залгаа эд хөрөнгө гэж дүгнэж нэхэмжлэгч Б.А- нь “С” авто угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь агуулгын хувьд хөрш залгаа “С” авто угаалгын газрын шувуун дээврээс гоожсон бороо цасны ус нь ус зайлуулах хоолойн эвдрэлийн нөлөөллөөс нэхэмжлэгч Б.А-ын хөрш залгаа сууцанд эвдрэл гэмтэл үүсгэж хохироож байгаа гэдэг нь нотлогдож байгаа тул “С” авто угаалгын газрын дээврийн ус зайлуулах хоолойг хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч болох нэхэмжлэгч Б.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй байдлаар засан сайжруулахыг хариуцагч Ж.Ж-т даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн анхан  шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.

 

Хариуцагч Ж.Ж-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг Их булан хаягт байршилтай, 013104403 нэгж талбарын дугаартай, 365 м.кв газар нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар байхад автомашины угаалгын газар болгож, аж ахуйн зориулалтаар ашиглахаар эрх бүхий байгууллагаас зориулалтыг нь өөрчлөх талаар зөвшөөрөл аваагүй,  “С” авто угаалгын газрын зураг төслийн дагуу баригдсан, автомашин угаалгын үйл ажиллагаа нь MNS:5347:2003 стандартад нийцсэн болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч Б.А-ын үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөхөд шууд нөлөөлжээ.  

 

“С” автомашин угаалгын газрын шувуун дээврээс гоожсон ус нь Б.А-ын өвлийн байшингийн хананд нэвтэрснээс болж байшингийн баруун хойд талын буланд цууралт үүсэж шавар нь унаж суулт өгснөөр уг байшинд хүн амьдрах боломжгүй, нурах аюултай болсон нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай Барилгын чанар байдлын тухай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №004 дугаартай Иргэн Б.А-ын өвлийн байшин борооны усанд өртөж нурсан тухай акт, 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 01 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 01 дугаар актаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас дүгнэвэл тэрээр “С” автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх зорилготой ба хариуцагчийн угаалгын газрын үйл ажиллагаа явуулж буй үйлдлийг зогсоосон ч угаалгын газрын дээврээс гоожсон ус нэхэмжлэгчийн байшингийн дээр гоожсон хэвээр, угаалгын газрын машин угаах мотор, компрессор, тоос сорогчийн ус шахах дуу чимээ нь шинжээч Б.Энхбаярын дүгнэлт болон мэдүүлгээр зөвшөөрөгдсөн хэмжээнд байсан талаар дурдсан боловч нэхэмжлэгч  байшиндаа болон хашаандаа байхад  угаалгын газрын тухайн тоног, төхөөрөмжийн дуу, чимээ  байнга сонсогдож  түүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байх тул албадан нүүлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Хариуцагч Ж.Ж- нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газрыг аж, ахуйн зориулалтаар ашигласан хууль бус үйлдэл нь  нэхэмжлэгч Б.А-ын өмчлөх эрхийг зөрчжээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч Ж.Ж-ийн “С” автомашин угаалгын газрын барилга байгууламжийг  албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А-ын өвлийн байшин хүн амьдрах боломжгүй, нурах аюултай болсон нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04-04-029\141 дугаартай Барилгын чанар байдлын тухай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №004 дугаартай Иргэн Б.А-ын өвлийн байшин борооны усанд өртөж нурсан тухай акт, 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 01 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 01 дугаар актаар тус тус нотлогджээ. Нэхэмжлэгч Б.А- нь уг байшинг нурааж түр амьдрах 2 өрөө байшин барихад 5,356,000 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч Ж.Ж- нь нэхэмжлэгчийн 5,356,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг үгүйсгэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч тал тухайн 2 өрөө байшинг барихад 10 тн чулуу, 10 тн элс, 10 тн хайраг, 20 тн шар шавар ашигласан гэдэг нь бадит байдалд нийцэхгүй. Нэгэнт өөрийн хэрэгцээнд 2 өрөө зуны байр барьсан учир би хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэх боловч энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлоогүй тул хариуагчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.А- нь өөрийн амьдарч байсан 6 өрөө бүхий өвлийн байшинг хариуцагч Ж.Ж-ийн буруутай үйлдлээс болж нураасан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул цаашинд өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,646 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2020/01167 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэг, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “нэхэмжлэгч Б.А-ын  “С” автомашин угаалгын газрыг одоогийн байрнаас нь өөр газарт нүүлгэхийг Ж.Ж-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Б.А-ад буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 -т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.646 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

                                                                                                          Д.КӨБЕШ