Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 124/2018/0024/З |
Дугаар | 140 |
Огноо | 2019-05-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 140
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга,
Зүүнхангай сумын Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
Х.Батсүрэн,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,
Нэхэмжлэлийн шаардлага: “Э ХХК-ийн эзэмшлийн Өндөрхангай, Зүүнхангай сумын нутаг дамнан орших ХV-018330, XV-018799 дугааруудтай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал, мөн ХV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоолгон, ХV-018330, XV-018799 дугааруудтай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад, ХV-018330 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад тус тус даалгуулах”
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0648 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулж,
Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн XV-018330, XV-00020505 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын шийдвэр, нэхэмжлэгч Э ХХК-ийн XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг дарга даргад тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0648 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 124/ШШ2018/0032 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...XV-00020505” гэснийг “XV-018799” гэж, “...нэхэмжлэлийн шаардлагаас XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нарт тус тус даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан “Э” ХХК-ийн Х\/-018330, ХХ/-018799 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын шийдвэр, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ХХ/-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Х\/-018799, XV- 018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.12.20-ны 221/МА2018/0648 дугаартай магадлалыг 2019 оны 03 сарын 04-ний өдөр гардан авсан боловч эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсанаар нэхэмжлэгч компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын тус компанийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэртэй холбогдуулж маргасан зүйлгүй гэжээ. Үүн дээр шүүх анхаарах шаардлагатай байсан. Хэрэв тус компаниудын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас цуцалж хүчингүй болгосон бол цаашид тусгай зөвшөөрлүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах шаардлага бий болохгүй юм.
5. “Э" ХХК-ийн 018799, 018330 дугаартай тусгай зөвшөөрлүүд хууль зүйн үндэслэлтэй эсэхэд Өндөрхангай сумын засаг дарга эсэргүүцэж хариу тайлбар гаргаж байсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүд хуульд нийцэж байгаа эсэхийг шалгахгүйгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй байна.
6. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1. “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ...” гэж заасныг зөрчсөн байна. Тухайн үед ард, иргэд тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцэж байтал тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгогдсон 018799, 018330 дугаартай тусгай зөвшөөрөл нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх тодруулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж, тэр бүсэд ажиллаж, амьдарч байгаа нутгийн ард, иргэдийг хохироож байна.
7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэд, байгууллагын өргөдөл, хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй орхигдуулж, “чимээгүй байсан” тохиолдолд эс үйлдэхүй болно. Засаг дарга тухайн үед байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу өгснийг эс үйлдэхүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
8. Газар, нутаг, түүний баялагийн харилцаатай холбоотой асуудал нь зөвхөн Засаг дарга, тэнд хайгуул хийж байгаа “Э” ХХК-ийн хоорондын асуудал биш юм. Энэ нь тухайн бүс, нутагт амьдарсаар ирсэн ард, иргэд, мал, амьтан, гол, ус, бэлчээр зэрэг олон хүчин зүйлтэй уялдаа холбоотой байдаг учир Засаг дарга бие даан зөвшөөрсөн шийдвэр гаргах эрхгүй ба шийдвэр гаргахын тулд нутгийн ард, иргэдийн санал, ИТХ-ын шийдвэр зэргийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй юм.
9. Энэ талаар МУЗЗНДНТУтХ-д Удирдлагын үндсэн зарчмын талаар 8 дугаар зүйлийн 8.2. “Нутгийн өөрөө удирдах ёс нь .... тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх ...” гэжээ. Үүний дагуу Өндөрхангай сумын ИТХ нь “Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хатуу эсэргүүцэж цаг тухайд нь мэдэгдэж, хариу тайлбаруудыг гаргаж байсан. Мөн хуулийн 29.1.6.а. “хууль тогтоомж, .... Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзаж гаргаж байсан нь хүчинтэй байгаа тул сумын Засаг дарга нутгийн иргэд, ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах нь хууль зүйн үндэслэлтэй юм.
10. Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.“3асаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж заасан. “Э” ХХК-иас Өндөрхангай сумын Засаг даргад 2018 оны 06 сарын 18-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлсэн ч өмнөх оны хайгуулын ажлын зардлын тайлан, төлөвлөгөө зэрэг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 1, 40 дүгээр зүйлийн 40.3. “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасны дагуу баталгаажуулахад шаардагдах материалыг ирүүлээгүй тул “Э” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь үндэслэлтэй юм.
11. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглээгүй мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4. “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.12.20-ны 221/МА2018/0648 дугаартай магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Э” ХХК- ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулахаас татгалзсан Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал хууль зөрчөөгүй болохыг тогтоож өгнө үү.
ХЯНАВАЛ:
12. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас ““Э” ХХК-ийн эзэмшлийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын нутаг дамнан орших ХV-018330, XV-018799 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал, мөн ХV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
14. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: ...22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; ...”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж тус тус заажээ.
15. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын “Хангай” нэртэй газарт орших 1742.65 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-018330 дугаар, Өндөрхангай сумын “Байвгай” нэртэй газарт орших 2284.47 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-018799 дугаар тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшдэг бөгөөд хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахын тулд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж сумын Засаг даргаар батлуулан, өргөдөл холбогдох баримтын хамт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байна.
16. Энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь 2018 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хариуцагч Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдын Засаг дарга нарт 2018 оны 4,5 дугаар саруудад албан бичгээр хүргүүлсэн боловч хариуцагч Өндөрхангай сумын Засаг дарга нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 42, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 81 тоот албан бичгүүдээр “...хайгуулын талбайнууд нь тус сумын малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээр нутаг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/17 дугаар тогтоолыг зөрчсөн тул байгаль орчны төлөвлөгөөг баталж өгөх боломжгүй” гэсэн хариу өгч, хуульд заагаагүй үндэслэлээр тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан, мөн Зүүнхангай сумын Засаг даргаас хүсэлтэд огт хариу өгөхгүй байх зэргээр хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогджээ.
17. Дээрх, Өндөрхангай сумын Засаг даргын 81 тоот албан бичигт дурдсан, тусгай зөвшөөрлүүдийг батлахаас татгалзах үндэслэл болсон гэх Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/17 дугаар тогтоолоор “...Уушиг, Хангай, Зургамал нэртэй газрууд нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар учир ашигт малтмалын хайгуулын лиценз хүссэн хүсэлтийг зөвшөөрөх боломжгүйг уламжилж, уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, экологийн асуудал эрхэлсэн хороонд даалгах”-аар шийдвэрлэжээ, гэвч энэхүү тогтоол гарахаас 5 хоногийн өмнө буюу 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмалын газраас “Хангай” нэртэй газарт орших 1742.65 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-018330 тоот тусгай зөвшөөрлийг “Юубитрийд констракшн” ХХК-д олгосон /нэхэмжлэгч нь тус компаниас тусгай зөвшөөрлийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж авсан/ зэргээс үзэхэд А/17 дугаар тогтоол нь нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах асуудалтай шууд холбоогүй байна.
18. Иймд, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч компанийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас хууль бусаар татгалзсан тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.
19. Харин, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан “ХV-018330, XV-018799 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад, ХV-018330 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд, анхан шатны шүүхээс “хайгуулын XV-018330, XV-018799 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон байх тул дээрх тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.
20. Нэхэмжлэгч нь хариуцагч Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдын Засаг дарга нарын, тус компанийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас хууль бусаар татгалзсан татгалзал, эс үйлдэхүйтэй маргасан бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагч нарын уг татгалзал, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн, энэ тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “...эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах,...” гэж заасантай нийцэхээр байна.
21. Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан энэ үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийж, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч нарт шууд даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
22. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийг хуульчилсан бөгөөд 38.2-т сумын Засаг дарга нь хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр заасан, өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийн хүрээнд, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мөн байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын талаарх санал, төлөвлөгөөг Засаг даргаас хянаж, батлахаар хуульчилсан тул шүүхээс шууд даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
23. Иймээс дээрх үндэслэлээр магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Өндөрхангай сумын Засаг даргын “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0648 дугаар магадлалын 1 дэх заалтын “XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нарт тус тус даалгасугай” гэснийг “XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нарт тус тус даалгасугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА