Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 22

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд нарийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч Б.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитор Н.Батчимэг нарыг оролцуулан Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Л.Жаргалцэцэг, аудитор Н.Батчимэг нарт холбогдох “Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19-03/13 дугаар актыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн 3 дугаар багийн эмчээр ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн эмчээр 2015 оны 09 дүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн. Намайг Баян-Овоо суманд эмчээр ажиллаж байхад 2010 оны 10 дугаар сард Чулууны уурхайн н.Баянжаргал гэдэг хүн манай эмнэлгийн үйлчилгээг хэвийн явуулах унаатай болгох зорилгоор мотоцикль хандивласан. 2011 оны 6 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж яваад мотоциклийн дугуй хагарсан учир авахаар Баянхонгор аймагт 3-3-4 тоотод түр үлдээгээд зах уруу явж дугуй авч ирэх хооронд уг мотоцикль нь алдагдсан байсан. Хэрэг болсон үед Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэн шалгуулж 6 сарын дараа эзэн холбогдогч нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19-03/13 дугаар актаар тухайн алдагдсан мотоциклийг надаар нөхөн төлүүлэх тухай акт тавьсан. Үүнийг би 2016 оны 05 сарын 08-ны өдөр гардан авсан.

Тэгээд Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хандан өргөдөл гаргасан боловч 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул төлөх үндэслэлтэй гэсэн хариу өгсөн. Мотоцикль алдсан нь миний буруу гэдгийг ойлгож байгаа ч миний хувьд төлбөрийг төлөх чадваргүй, гэрээ шатаасан, нөхрөөсөө салсан, зээл авч жижиг гэр барьсан, гэртээ 13-уулаа амьдардаг, цалин бага, цалингаас өөр орлогогүй.

Миний ашиглаж байсан мотоцикль алдагдаж хулгайлсан эзэн нь тогтоогдоогүй хэрэгсэхгүй болсон байтал намайг зориудаар үрэгдүүлсэн мэтээр надад төлбөр ногдуулж байгаад гомдолтой байна. Надад төлөх чадвар байхгүй, төлбөрийг 500000 төгрөгөөс доош болговол төлж болох юм. Би энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19-03/13 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:

“Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмч Б.Болортуяа нь эд хөрөнгийн ашиглалтын картанд бүртгэлтэй мотоциклио 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр алдсан гэх ба Цагдаагийн газар хандсан боловч хулгайлсан эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэсэн шалтгаанаар 2013 оны жилийн эцсийн тайлангаар данснаас шууд хассан байсан.

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, даргын баталсан 51 тоот удирдамжийн дагуу Баян-Овоо сумын төсөвт байгууллагуудын 2013, 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дээрх мотоциклийг төлүүлэхээр Улсын байцаагчийн 19-03/13 тоот акт тогтоосон.

Дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ”, 135.1.4-т “Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн”, Хөдөлмөрийн гэрээний 3.5-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 1.2-д зааснаар ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр байгаа тул төлбөрөөс чөлөөлөх боломжгүй гэж үзэж байна”.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Мотоциклийг 2010 онд Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгийн бүртгэлд анх 1 сая төгрөгөөр үнэлж бүртгэсэн бөгөөд 2 жил ашигласан гэж тооцон элэгдлийг хасч үлдэгдэл үнийг 666666 төгрөгөөр тогтоож 2013 онд нягтлан бодох бүртгэлийн программаас хассан байсан тул төлбөрийг түүгээр тогтоосон, 2012 оны 7 сард алдаад цагдаад мэдэгдсэн гэснээр 6 сарын элэгдлийг нэмж тооцон, хасч 583333 төгрөг төлүүл болох юм. Мөн шүүх хуралдааны явцад 500000 төгрөг төлүүлэхээр тохиролцох санал тавихад нэхэмжлэгч хүлээж авсангүй” гэжээ.

Хариуцагч Л.Жаргалцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны төлөвлөгөө, даргын баталсан 51 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Л.Жаргалцэцэг миний бие аудитор Н.Батчимэгтэй хамтран Баян-Овоо сумын төсөвт байгууллагуудын 2013-2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмч Б.Болортуяа нь эд хөрөнгийн ашиглалтын картанд бүртгэлтэй мотоциклийг төлүүлэхээр Улсын байцаагчийн 19-03/13 тоот акт тогтоосон тайлбарыг манай албаны аудитор Н.Батчимэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах болсон тул миний бие тайлбар гаргах шаардлагагүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Болортуяа тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19-03/13 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон бусад нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19-03/13 дугаар актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот удирдамжийн[1] дагуу Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Л.Жаргалцэцэг, аудитор Н.Батчимэг нар хамтран Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтанд шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7-д заасантай нийцсэн байх ба энэхүү хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч маргаагүй байна.

Тус шалгалтаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн эмч Б.Болортуяа нь 2013 онд 666666 төгрөгийн дансны үнэтэй, 3 жил ашигласан, улаан өнгийн, улсын дугааргүй “хенсим” маркийн мотоциклийг алдаад цагдаагийн газар хандсан боловч эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр данснаас шууд хассан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хохирлын 666666 төгрөгийг 3 дугаар багийн эмчээр ажиллаж байсан Б.Болортуяагаар төлүүлж, орон нутгийн төсвийн орлого болгохоор Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19-03/13 дугаар акт үйлдсэнийг Б.Болортуяа эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2010 онд Баян-Овоо сумын 3 дугаар багийн нээлтийн үйл ажиллагаан дээр иргэн н.Баянжаргал тус багийн эмнэлгийн үйлчилгээг хэвийн явуулах унаатай болгох зохилгоор 1 сая төгрөгийн үнэтэй мотоциклийг хандивласан байх бөгөөд тус сумын Эрүүл мэндийн төв 2010 оны жилийн эцсийн тайлангаар үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байна.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Төрийн байгууллага, албан газрын эд хөрөнгийн эрхийг тусгасан ба 14 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ”, 2-т ”Төрийн байгууллага, албан газар төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг нь өөрт олгогдсон эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй” гээд 2-ын 1-д “…өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах” гэж,

6 дугаар зүйлд Төрийн өмчид эд хөрөнгө олж авах гэсэн үндэслэлд “...хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө...”, 2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна” гэж,

74 дүгээр зүйлийн 1-д “Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ”, 2-т “Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна” гэж зааснаар дээрх хуулийн заалтуудтай нийцжээ.

Баян-Овоо сумын Хүн эмнэлгийн 2010 оны үндсэн хөрөнгийн бүртгэлд уг мотоцикль нь бүртгэгдсэн[2] байх ба энэхүү мотоциклийг тус сумын 3 дугаар багийн эмч Б.Болортуяа хариуцан эзэмшиж байгаад алдагдуулсныг нэхэмжлэгчийн өөрөө мэдүүлж байгаа бөгөөд улмаар аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасны дагуу Хэрэг бүртгэх тасгийн 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мотоцикль алдсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгаад эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдэгджээ[3].

Энэ талаарх гомдлыг аймгийн Цагдаагийн газар хэзээ хүлээн авч, хэрхэн шалгасан, аймгийн Прокурорын газраас хэзээ эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн хэрэгсэхгүй болгосон тогтоол, холбогдох материалыг хуулбарлан авахаар тус шүүхийн албан бичгээр[4] шаардсан боловч энэ талаар мэдээлэл, бүртгэл, баримт байхгүй гэсэн хариу өгсөн байна[5].

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсыг үндэслэн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн авто тээврийн хэрэгслийн 2013 оны бүртгэлээс уг мотоциклийг зарлагаар шууд хасаж бүртгэсэн[6] нь баримтаас харагдаж байна.

Баян-Овоо сумын 3 дугаар багийн эмч Б.Болортуяатай ажил олгогчоос байгуулсан хөдөлмөрийн гэрээний[7] Нэг буюу Ерөнхий нөхцлийн 1.8-д “ажлын хувцас, багаж хэрэгсэл, унаагаар хангана...” гэсний дагуу уг мотоциклиор хангаж, хариуцуулсан байна. Мөн гэрээний Гурав буюу ажилтны хүлээх үүргийн 3.5-д “...Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ...” гэж тусгасан.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан”, 135.1.4-т “эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн” тохиолдолд буруутай этгээд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр тус тус хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Болортуяа нь уг мотоциклийг алдсаны улмаас эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар “Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно” гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 233 дугаар “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-ын 2 дугаар хавсралтын 64 дүгээр хүснэгт дэх авто тээврийн хэрэгслийн элэгдэл тооцох аргачлалаар тооцож бодсон нь буруу биш байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19-03/13 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Б.Болортуяагийн гаргасан Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19-03/13 дугаар актыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА


[1] Хавтаст хэргийн 65-68 дугаар хуудас, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015.12.14-ний 51-р

[2] Хавтаст хэргийн 47-49-р хуудас, Баян-Овоо сумын Хүн эмнэлгийн Үндсэн хөрөнгийн бүртгэл

[3] Хавтаст хэргийн 51-р хуудас, Цагдаагийн газрын мэдэгдэх хуудас,

[4] Хавтаст хэргийн 25-р хуудас, тус шүүхийн 2016.06.28-ны өдрийн 73 дугаар албан тоот

[5] Хавтаст хэргийн 52-р хуудас, аймгийн Прокурорын газрын 2016.07.07-ны өдрийн 534-р албан бичиг

[6] Хавтаст хэргийн 50-р хуудас, тус эмнэлгийн тээврийн хэрэгслийн 2013 оны бүртгэл

[7] Хавтаст хэргийн 22-24-р хуудас, хөдөлмөрийн гэрээ