2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02168 

 

2025          03          18                                    191/ШШ2025/02168                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *****************, ****************** тоот хаягт оршин суух, ***********овогт Б.Ү*********** /РД:***********/-ы нэхэмжлэлтэй,   

Хариуцагч:*****************, ****************** тоот хаягт оршин суух, *********** овогт Ч.У*********** /РД:***********/-д холбогдох, 

 Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хохиролд 5,288,500 төгрөг, нийт 11,288,500 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж***********, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*********** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч Б.Ү*********** нь Ч.У***********тай танилууд байсан. Ч.У*********** нь эмчилгээнд мөнгө хэрэгтэй болсон тул 6 сая төгрөг зээлж авах хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчээс түүнд мөнгө зээлэхээр болж, түүний Х****** дахь дансанд эхний удаа 1 сая төгрөг, дараагийн удаа 5 сая төгрөг, нийт 6 сая төгрөг зээлдүүлсэн.  

Б.Ү*********** нь гадаадад гэр бүлийн хамт амьдардаг байсан бөгөөд **** оны ** дүгээр сард амралтаараа Монголд ирсэн байх үедээ Ч.У***********тай холбогдсон байдаг. Гэтэл Ч.У***********ын зүгээс нэхэмжлэгч рүү эхнэрээсээ сал гэж удаа дараа дарамталсан.  Үүний улмаас гэр бүлд нь асуудал үүсэж эхнэр Б********* болон 11 настай охин нь сэтгэлзүйн дарамтанд орж мэргэжлийн этгээдүүдээс зөвлөгөө авсан, энэ зөвлөгөөг авахад нэхэмжлэгчээс 5,288,500 төгрөгийн зардал гаргасан байдаг.  

Б.Ү***********, н.Б********* нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд гэрлэлтийн баталгаагүй, хүүхдийн төрсний гэрчилгээг өгөх хүсэлгүй байгаа. Иймд нийт 11,288,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэм хорын хохирол биш, гэр бүлээс гарсан зардал гэж үзэж байна. Хохирол гэж нэхэмжлээлгүй сэтгэл зүйн зөвлөгөө авсантай холбоотойгоор гарсан зардал гэж үзэж нэхэмжилж байна. 

Зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой манай зүгээс гаргаж өгсөн баримт нь хуулбар баримт байх тул Хаан банкнаас хариуцагч Ч.У**********ын эзэмшлийн Хаан банкны ***********тоот дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар гаргуулж өгнө үү гэв.   

2.Хариуцагч Ч.У********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

“Миний хувьд Б.Ү***********г эхнэрээсээ салаад 2 жил болсон гэдэгт итгэн, уулзаж, хайр сэтгэлийн холбоотой болсон. Гэвч эхнэр нь гэнэт гарч ирээд, над руу болон миний эргэн тойрны хүмүүс рүү янз бүрийн фэйсбүүк хаягнаас дарамталж, худал гүтгэлэг тарааж, намайг дагаж, мөшигдөгөөс болж би сэтгэл санааны гүнзгий хямралд орсон. Б.Ү*********** нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэл хийлгэж, миний эсрэг шүүхдэх хүн ерөөсөө биш. Энэ итгэмжлэлийг ч өгөөгүй байх, түүнчлэн тус өдрийн итгэмжлэлээр нэхэмжпэл гаргах, гарын үсэг зурах бүрэн эрх олгогдоогүй байхад шүүх нэхэмжпэлийг хүлээж аваад хэрэг үүсгэсэнд гайхаж байна.  

Мөн “итгэмжлэл” гэгдэх зүйлд нь тамга тэмдэг ч дарагдаагүй байх бөгөөд хуулбар хувь байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд шүүхээс нэхэмжпэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү” гэжээ.  

3.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа зүйлийг гайхаж байна. Хариуцагч Ч.У***********, Б.Ү*********** нар хайр сэтгэлийн холбоотой байсан. Б.Ү*********** Монголд ирж, байх хугацаандаа **** оны ** сард Ч.У***********тай уулзаж, бие биедээ хайртай гэдгээ хэлсэн. Эхнэрээсээ салаад 2 жил тусдаа амьдарч байгаа, тул чамтай суумаар байна, хайр сэтгэлийн холбоотой гэж хэлдэг байсан юм билээ. Ч.У*********** нь 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Энэ утгаараа гэр бүлд түшиг тулгуур болох ханийг эрэлхийлж, хайж байсан. Хэрэв хайр сэтгэлийн холбоотой байвал Б.Ү***********тай суух бодолтой байсан. Б.Ү***********аас 6,000,000 төгрөг зээлсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт хоолны газарт гаргасан зардал гэсэн баримтууд байсан, өөр баримт байхгүй байна. Энэ нь хэнээс хаашаа гарсан баримт гэдэг нь тодорхойгүй байна. Уг төлбөрүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч байгаа дансны хуулгыг үзэхэд уг хэрэгт хамааралгүй байна. н.Б********* нь өөрийн дансны хуулгыг гаргаж өгсөн байна. Уг баримтаас үзэхэд хэрэг маргаантай холбогдуулан хаашаа мөнгө гаргасан, хэнд холбогдуулсан, гаргасан мөнгө нь Ч.У***********ад ямар хамааралтай вэ гэх асуудал үүсэж байна. Энэ дансны хуулгаар Ч.У***********ын данс руу мөнгө орж нотлох баримтын шаардлага хангаж байвал үнэхээр зээлийн харилцаа байсан гэж үзэхээр байна. Гэтэл уг хэрэг маргаанд хамааралгүй хүмүүс рүү шилжүүлсэн байна. Банкны шимтгэл зэрэг нь уг хэрэг маргаантай хамааралгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  

Б.Ү*********** нь Монголд байх хугацаандаа хайр сэтгэлийн бэлэг болгож сүйн бөгж, цэцэг өгч байсныг хүлээн зөвшөөрч байна. Цэцгийг 5,000,000 төгрөгөөр үнэлэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд нэхэмжлэгчээс, итгэмжлэл, “Г.**********” ХК-ийн мемориалын баримт, дансны хуулгыг гаргаж өгсөн байна.  

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Б.Ү*********** нь хариуцагч Ч.У***********д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, хохиролд 5,288,500 төгрөг, нийт 11,288,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагчийн хүсэл зоригийн дагуу буцаан төлөх нөхцөлтэйгөөр эхний удаа 1 сая төгрөг, дараагийн удаа 5 сая төгрөг, нийт 6 сая төгрөг шилжүүлсэн гэж тодорхойлж байна. 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг, мөнгө зээлэх хүсэл зориг илэрхийлээгүй, дотно харилцаатай байсны улмаас мөнгө шилжүүлсэн гэж маргаж байна.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсан. 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэлт зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай. 

Тодорхой төрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай бөгөөд гэрээ бичгээр бус амаар байгуулагдсан эсэхийг тодорхойлоход нотолгооны хэрэгслийн эрэмбэлэлтийн хувьд хүсэл зориг илэрхийлэгдсэн талаарх зохигчдын тайлбар чухалд тооцогдохоор байна.  

Хэрэгт авагдсан нийт 5,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч хариуцагчаас 5,000,000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримттай маргаагүй бөгөөд мөнгө шилжүүлсэн үйл баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэл нэгдсэн гэж үзэхээргүй байна.  

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд мөнгө зээлэх, зээлүүлэх хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. 

3.Түүнчлэн зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хэрэгт авагдсан баримтаар 1,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт нотлогдохгүй байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр мөнгөн шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах...” эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчлэх бөгөөд зохигч нотлох баримт гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх санаачилгаараа нотлох баримт шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулахаар хуулиар тусгайлан зохицуулсан байна.  

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нотлох чиг үүргийн хувиарлалтаар холбогдох баримтыг гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.  

Иймд шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хойшлуулах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар, зээлийн гэрээний үүрэг болох мөнгө шилжүүлэх үүрэг хэрэгжсэн тохиолдолд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэгт авагдсан баримтар 1 сая төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт мөнгө буцаан шаардах эрх үүсээгүй байна.  

Дурдсан үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

4.Нэхэмжлэгчээс гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндтэй холбоотой үйлчилгээ авсны төлбөр 5,288,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гэр бүлийн гишүүн болох А.Б********* болон охин нарын сэтгэл зүйчээс авсан үйлчилгээний төлбөр болох 5,288,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байх бөгөөд шаардлагаа тодорхойлж иргэн А.Б*********гийн эзэмшлийн “Г.**********” ХК-ийн мемориалын баримт болон дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар дээрх зардал нь А.Б********* гэх хүнээс гарсан зардал байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас энэ мөнгийг шаардах эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна.  

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.   

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас 5,288,500 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж үзэхээр байна. 

5.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.У***********аас 11,288,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ү***********ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэгт 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ү***********ы хариуцагч Ч.У***********аас 11,288,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.   

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,566 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА