| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00020/И |
| Дугаар | 150/ШШ2025/00055 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 150/ШШ2025/00055
Зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: **Улс, **хот, “**” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **суманд үйл ажиллагаа явуулдаг, “**” ХХК-д холбогдох,
123,953,341 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**” ТӨХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**н" нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг ** ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. "**" ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. "**" ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 82,635,561.00 төгрөг байна. Үүнд: 1. 2018 оны 04 сарын 16-ны өдөр ҮР-ХӨ 2018/46 дугаартай Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 82,635,561.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 41,317,780.00 төгрөг гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 82,635,561.00 төгрөг, нийт 123,953,341.00 тегреr гаргуулахаар байна. Иймд "**" ХХК-иас үндсэн төлбөр 82,635,561.00 төгрөг, анз 41,317,780.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 123,953,341.00 /нэг зуун хорин гурван сая есөн зуун тавин гурван мянга гурван зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**” ТӨХХК нь хариуцагч “**” ХХК-д холбогдуулан 123,953,341 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“**” ТӨХХК нь нэхэмжлэлдээ хариуцагч “**” ХХК-ийн хаягийг **аймгийн **сумын **дугаар баг, **тоот гэж дурдсан боловч тус хаягт оршин байрладаггүй болох нь **аймгийн **сумын Засаг Даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 01/123 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш…” тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.
Иймд хариуцагчийн оршин байрлах хаяг тодорхойгүйгээс төлөөлөгчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагч “**” ХХК-д холбогдох “**” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.9-д зааснаар “**” ХХК-д холбогдох “**” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй 123,953,341 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодорхой болгосны дараа харьяалагдах шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдсугай.
4. Захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г. АЛГИРМАА