Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/1026

 

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/724 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор А.Бд холбогдох эрүүгийн 2305000000243 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн А Б, 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/,

            Шүүгдэгч А.Б нь 2023 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны гаднаас хохирогч Г.Э эзэмшлийн “Т” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын гупер, 2 их гэрлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр “Т” маркийн - - улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлан авч хохирогчид 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: шүүгдэгч А.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х овогт А Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Т” - - улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13.846.000 төгрөгийг шүүгдэгч А.Бээс зохих журмын дагуу гаргуулан улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Б нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г хотхоны гаднаас хохирогч Г.Э эзэмшлийн “Т” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын купер, 2 их гэрлийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр “Т” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлан авсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатнаас үнэн зөвөөр мэдүүлсэн, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/724 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдэгдэх үеийг бичсэн камерын бичлэгийг хэрэгт байдаггүй. Камерын бичлэгт М, Д нар надтай гэмт хэрэг үйлдэхэд хамт байсан. ...” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Бий үйлдсэн гэмт хэрэгт 2023 оны 02 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн боловч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлж, 2023 оны 8 дугаар сард баривчлагдаж ирсэн. Иймд анхан шатны шүүхээс түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзаж ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны гаднаас хохирогч Г.Э эзэмшлийн “Т” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын гупер, 2 их гэрлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр “Т” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлан авч хохирогчид 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Э “...2023 оны 02 дугаар сарын 7-ны өглөө 7 цагийн үед гарахад зүүн урд талын гурвалжин цонх, хагарсан урд гупер байхгүй, урд 2 гэрэл байхгүй байхад нь би “миний машин биш байна” гэж бодоод тээврийн хэрэгслээ тойрч ард талын дугаарыг харахад миний машин мөн байсан. ...” /1хх 13-14/,

гэрч Н.Дын “...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө манай найз Б над руу чат бичээд “автомашин түрээслээд өгөөч, бид нар түрээслэх гэсэн жолооны үнэмлэх байхгүй байна, хүн олоод өгөөч” гэж чат бичсэн. Би ... найз М рүү залгаад “жолооны үнэмлэхээрээ машин түрээслээд өгөөч” гэж гуйж ярьсан. Манай найз зөвшөөрөөд оронд нь “50.000 төгрөг өгий” гэж ярилцаж тохирсон. ... М, Б бид 3 Мий автомашинтай яваад 13 дугаар сургуулийн хажуу талаас уг - - улсын дугаартай тээврийн хэрэгслийг М ганцаараа гарч түрээслээд ... “Өргөө” кино театрын ар талд байрлах CU гадна очиж Бд уг тээврийн хэрэгслийг өгөөд ... намайг гэрт хүргэж өгөөд явсан. ...” /хх 25-26/,

гэрч Д.Мий “...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай найз Д над руу залгаад “жолооны үнэмлэх чинь байгаа юу машин түрээслээд өгөөч” гэж ярихаар нь ... 16 цагийн үед ... CU түргэн хоолны газарт очтол Б, Д хоёртой уулзсан. Уулзаад “машин түрээслээд өгөөч, жолооны үнэмлэхээрээ, чамд бэлэн 50.000 төгрөг өгий” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэр 2 түрээслэх автомашинаа олчихсон байсан. Ингээд ... Б нэг дугаар руу залгаад хар өнгийн “A” маркийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр ... очиж уулзаж, уг тээврийн хэрэгслийг нэг өдөр түрээслэхээр 80.000 төгрөг, барьцаа 100.000 төгрөг, мөн өөрийн бичиг баримтуудын хамт автомашиныг түрээсэлсэн. Тухайн үед уг залууд 160.000 төгрөг бэлэн өгөөд 20.000 төгрөгт тухайн түрээсэлсэн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсэлсэн. Түрээслээд ... Бд уг тээврийн хэрэгслийг өгөөд, надаа бэлэн 50.000 төгрөг өгөхөөр нь аваад Д бид 2 миний автомашинтай яваад Дыг гэрт нь хүргэж өгөөд би харьсан. ...” /1хх 22-23/,

гэрч З.Б “...Уг тээврийн хэрэгслийг манай найз С.Ц миний нэр дээр банк бус санхүүгийн байгууллага дээр тавьж, уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан. 2022 оны 12 дугаар сард авсан. Учир нь С.Ц өөрөө зээлтэй учир банк бус дээр зээл гарах боломжгүй тул би өөрийн нэр дээр зээл авч өгсөн. ...” /1хх 19-20/,

гэрч С.Ц “...Уг тээврийн хэрэгслийг ... банк бус санхүүгийн байгууллагаас ... - улсын дугаартай хар өнгийн “A” маркийн тээврийн хэрэгслийг авсан. Тухайн үед одоо байгаа банк бусаас уг тээврийн хэрэгслийг авах гэсэн боловч миний хувьд өөр зээлтэй байсан учраас миний нэр дээр гарах боломжгүй байсан тул найз Б нэр дээр ... тээврийн хэрэгслийг худалдаж авсан. 2023 оны 01 дүгээр 28-ны өдөр би өөрийн С.Д нэртэй фейсбүүк хаягаас цахим орчинд болон группт “өвлийн үйлчилгээ бүрэн хийгдсэн бүрэн даатгалтай “Prius 20” болон “A” маркийн машинууд түрээслүүлнэ -, - ” гэсэн зарыг байршуулсан. Уг зарын дагуу ... утсаар ярьсан залуутай ирж уулзаж үзээд - улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзээд түрээслэхээр бид 2 хоорондоо ярьж тохиролцсон. Би өөрийн тээврийн хэрэгслийг “нэг өдрийн 80.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэхэд “нэг өдөр түрээсэлнэ” гээд би emongolia-c иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийг нь харж шалгахад М гэх залуу байсан. Тэгээд барьцаа болох 160.000 төгрөгийг надад бэлэн өгөөд уг тээврийн хэрэгслийг аваад явсан. ...Маргааш нь над руу төрөл бүрийн дугаараас мессеж бичээд “машин сунгана” гэж хэлсэн. 02 дугаар сарын 08-ны шөнө миний дансанд 140.000 төгрөг шилжүүлсэн. 2 өдрийн сунгалт гэсэн. ...Над руу - дугаараас М гэх залуу залгаад “өдөр 13 цагийн үед авсан газраа аваачиж өгий” гэж ярьсан байж мөн алга болсон. ...Нансалын гэрт миний машиныг унаад нэг эмэгтэй хоёр залуу ирсэн. Тэгээд би өөрийн түрээслүүлсэн машинаа олж аваад ... цагдаад дуудлага өгөөд ... тэд нар бөөндөө зугтаачихсан. ...” /хх 15-17/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-6/, С.Ц “Хаан” банкны - дугаарын дансны хуулга /хх 64/, “Т” - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/, “В” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 37/, “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 85-89/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүхээс шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч А.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Т.Мөнхцэцэгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх ...” талаар давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Бий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б нь гэм буруу дээр маргаж байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахыг хэлнэ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн “Т A” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь хавтаст хэргийн бичгийн баримтаар тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай бүлэглэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Бий анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/724 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бий 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ