Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2021/00017   

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2021/00064 дүгээр шийдвэртэй, Х.Б-ийн нэхэмжлэлтэй,М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /цахим сүлжээгээр/, хариуцагчийн төлөөлөгч Х.Е, түүний өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: “Миний бие их эмч мэргэжилтэй. Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд 2019 оны 11 дугаар сарын 18-ны өдөр тус төвийн даргын Б/48 дугаар тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвийн IV хэсэг буюу 3 дугаар багийн өрхийн эмчээр түр томилогдон ажиллаж байгаад тус төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвийн IV хэсэг буюу 3 дугаар багийн өрхийн их эмчийн ажилд томилогдон байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн үүрэгт ажлаа чанарын түвшинд гүйцэтгэж байсан. Ажлын алдаа дутагдал, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төв татан буугдаагүй, орон тоо хасагдаагүй, их эмчийн тоог цөөрүүлээгүй бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны MNS 5292:2017 стандартад заасан эмчийн орон тоотой үйл ажиллагаа явуулдаг. Баян-Өлгий аймгийн М" БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Миний үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой хохироож байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож, намайг Баян-Өлгий аймгийн М өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.  

Хариуцагчийн тайлбарт: “Х.Б- нь тус төвд их эмч байсан сургалтад явсан М.Жаннурын оронд анх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны тус төвийн даргын Б/48 дугаартай тушаалаар түр хугацаагаар их эмчээр томилогдсон байжээ. Энэ тушаал нь манай ӨЭМТөвд хадгалагдаж байгаа бөгөөд энэ тушаалаар цалинжаад явж байсан. Манай “М” ӨЭМТ-д 7 их эмчийн орон тоо байдаг бөгөөд одоогийн байдлаар 7 их эмч ажиллаж байна. Илүү орон тоо байхгүй. Өрхийн эрүүл мэндийн төв нь төсөвтөө захирагдаж орон тоо бүтцээ барьж ажиллаж байгаа бөгөөд түр тушаалаар илүү орон тоонд ажиллаж байсан Х.Б- нь төсвийн шаардлагаар ажлаас чөлөөлөгдсөн. Харин нэхэмжлэлд дурдагдсан тус төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/56 дугаартай тушаал нь манай бүртгэлд байхгүй бөгөөд нэг хувь нь архивд хадгалагдаагүй болно. Энэ тушаалыг төвийн дарга байсан З.М нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх үедээ төвийн тамга тэмдэг албан тушаалаа ашиглан орон тоо бүтцэд харш үйлдэл хийж бичиж Х.Б-д өгсөн гэж үзэж байна. Х.Б-өд чи цаашид гарах орон тоонд багтаж түр эсвэл бүр ч орж ажиллах боломжтой. Тухайлбал би жирэмсний амралт авна, мөн З.М эмчийн асуудал ч шүүхээр хянагдаж байгаа мөн эмч нар сургалтад явах юм бол, өөр газарт томилогдож явах зэрэгт чамд дахин орж ажиллах боломж байна гэж хэлсэн. Ер нь ӨЭМТөв маань төсөв хөрөнгөдөө багтаж үйл ажиллагаа явуулдаг болохоор илүү орон тоонд хүн ажиллуулах эрх надад ч байхгүй бөгөөд мөн түр тушаалаар илүү орон тоо болж ажиллах, цалинжих эрх бусдад ч байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд холбогдох нотлох баримтыг цуглуулж өгөх болно. Иймд Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2021/00064 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ийн “М” БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, “М” БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.    

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 1. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.” гэж хуульчилсан бөгөөд Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хуульд зааснаар өрхийн эрүүл мэндийн даргын бүтэц орон тоо нь тухайн өрхийн эрүүл мэндийн төвд ажилладаг их эмчийн тоонд орохгүй. ӨЭМТ-ийн даргаас гадна тухайн ӨЭМТ-д харьяалагдаж байгаа хүн амын тоо хэмжээнээс шалтгаалан хэдэн их эмч ажиллахыг “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны МNS 5292:2017 стандартаар баталсан байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуулийн холбогдох заалтыг анхааралгүй орхигдуулж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. 2. Хэрэгт цугларсан нотлох баримтаар “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг иргэдийн тоо 12344, 2020 онд 13383 байсан ба шүүх нэг эмчид ногдох хүн амын тоог өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг их эмчийн тоонд оруулан тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хууль зөрчсөн. 3. “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд 3.М 2014 онд, Ө.А 2013 онд, Т.А 2016 онд, А.Б 2018 онд, Э.Н 2018 онд, М.Ж 2016 онд X.Э 2015 онд, X.Б- 2019 онд их эмчээр ажилд орсон бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үйл ажиллагаа, чиг үүрэг нь их эмчийн үйл ажиллагаа, чиг үүргээс өөр тул тус өрхийн эрүүл мэндийн төв нь “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны МNS 5292:2017 стандарт”-ыг зөрчөөгүй. 4. “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг үндэслэсэн ба шүүх тус тушаалын үндэслэлд           дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2021/00064 дугаартай шийдвэрийг хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлжээ.

             Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдов. 

Нэхэмжлэгч Х.Б-ийг анх  “М” БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 дугаартай тушаалаар Өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмч Т.А-ийн оронд тус төвийн их эмчээр түр томилж, дараа нь тус төвийн даргын  2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар М.Ж эмчийн оронд түр ажиллаж байсан их эмч П.Б сургалтад явсан тул их эмч М.Ж ирэх хүртэл оронд нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллаж байхад тус төвийн дарга байсан З.М нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвийн IV хэсэг буюу 3 дугаар багийн өрхийн эмчээр томилж, мөн өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 “М” БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга байсан З.Мийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар “Ажил албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар тус төвийн бүтэц орон тоог дарга 1, их эмч 7 гэж,   2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/02 дугаартай “М” БГБХ Нөхөрлөлийн гишүүдийн хурлын “Ажилчдын цалин тогтоох тухай” тогтоолоор төвийн орон тоог даргатай нийлээд 7 их эмчтэй гэж,  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Орон тооны хязгаар батлах тухай” А/01 дугаар тушаалаар төвийн дарга 1, их эмч 8 орон тоогоор, “М” БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга Х.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны  “Ажилчдын цалин тогтоох тухай” А/03 дугаар тушаалаар төвийн дарга, их эмч нийлээд 7 их эмчийн цалинг, 2020 оны 3 дугаар сарын 13-ны  өдрийн “Ажил албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар их эмчийн  орон тоог төвийн даргатай нийлээд 7 болгож тус тус баталжээ.

            Улмаар илүү орон тоонд түр ажиллаж байсан гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Өрхийн Эрүүл Мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны MNS 5292:2017 стандартын 7 дугаар хэсгийн 7.8 дахь заалт, ӨЭМТөвийн дотоод журмын 3 дахь хэсгийн 3.5.1, 3.8 дахь заалт,   “М” БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн гишүүд болон ажилчдын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн түр тушаалаар  ажиллаж байсан их эмч Х.Б-ийг ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч батлагдсан орон тооны хязгаарт багтааж ажилтныг ажиллуулах ёстой. Их эмчийн орон тоо байгаа эсэх талаар талууд маргаж байгаа боловч нэхэмжлэгч Х.Б-ийн ажиллаж байсан их эмчийн орон тоо байхгүй, тэрээр сургалтанд явсан их эмч М.Ж-ын оронд түр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаал,   2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/02 дугаартай “М” БГБХ Нөхөрлөлийн гишүүдийн хурлын “Ажилчдын цалин тогтоох тухай” тогтоолоор нотлогджээ. Тийм учраас “М” БГБХ Нөхөрлөлийн гишүүдийн хурлын тогтоолоор орон тоо батлахдаа MNS 5292:2017 стандартын 7.8-д зааснаар нэг эмчид 1800-2000 үйлчлүүлэгч ногдохоор тооцоход 7 их эмч ажиллахаар байна. Энэ нь   “М” БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн харьяалалтай Өлгий сумын 2, 3, 12, 16  дугаар багуудад оршин суугаа хүн амын тоогоор батлагдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч Х.Б- нь хүний оронд түр ажиллаж байсан нь баримтаар нотлогдсон тул MNS 5292:2017 стандартын 7.8 дахь заалт болон 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/02 дугаартай  “М” БГБХ Нөхөрлөлийн гишүүдийн хурлын “Ажилчдын цалин тогтоох тухай” тогтоолыг  хэрэгжүүлсэн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

             Хариуцагч Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төв нь батлагдсан орон тооны хязгаарын дотор нэг эмчид ноогдох үйлчлүүлэгчийг 1800 хүнээр тооцож 7 их эмч ажиллаж  байгаа,  Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 1.1-д “Өрхийн эрүүл мэндийн төв (цаашид “төв” гэх) нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж,үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн” ,  2.3.3-д “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ” гэж тус тус зааснаар  2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр  хамт олны хурлаар хэлэлцэж  тус төвийн даргатай хамт нийт 7 их эмч ажиллахаар орон тоо баталж, тус төвийн даргын А/13 дугаартай тушаалаар орон тоог баталгаажуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэх гомдол гаргасныг дээрх үндэслэлүүдээр хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн гомдол хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2021/00064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

           

                                                                                               Д.КӨБЕШ