Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/1032

 

   2023            10              25                                        2023/ДШМ/1032

 

 

М.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ундрах,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

хохирогч Б.Га,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Гд холбогдох эрүүгийн 2309 00741 0664 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Г

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. /РД:ЗЮ75061101/,

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Гад “Солонгос улс руу явах виз гаргаж өгч, явуулж ажилд зуучилна” гэж худал хэлэн, улмаар өөрийн хаан банкны 5103008178 тоот дансаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг буюу нийт 12.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас М.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Гг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ггээс 11.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гад олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Г давж заалдах гомдолдоо: “М.Г миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Гыг залилж, үлэмж хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/625 дугаар тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... шүүгдэгч М.Гг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй” гэсэн болно.

Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад миний хувийн байдлыг тогтоохдоо “иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 хороолол 20/1 байр 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Номун виллаж 100-7-80 тоотод оршин суух" гэж тодорхойлсон атлаа байнга оршин суудаггүй, хаягийн бүртгэлээс өөр зүйлгүй газарт буюу “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох” заалттай тул шүүгдэгч М.Г миний хувийн амьдрал, хувийн ажил үйлсэд минь шууд маш муугаар нөлөөлж байна.

М.Г би иргэн Б.Гатай зээлийн гэрээ байгуулж, түүнээс 12 сая төгрөгийг дансаар хүлээн авахдаа “Солонгос улс руу явах виз гаргаж өгч, явуулж ажилд зуучилна” гэж хэлж аваад өмнө нь надад виз гаргуулдаг хүн гэж өөрийгөө танилцуулж байсан Б гэдэгт нийт 3.5 сая төгрөгийг, Хасбаатарын дансанд 2 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч “Солонгосын виз” гаргах нь худлаа болсон, ер нь нийт 12 сая төгрөг миний гараар орж гарсан нь үнэн бөгөөд түүнийг Б.Гад бүрэн хэмжээгээр төлөхөө шүүхэд илэрхийлсэн нь үнэн билээ.

М.Г миний бие бусдад хэт итгэж, хүмүүсийг таньж мэдэж чадаагүйгээс Б.Гад тус больё гэсэн сэтгэлийн үүднээс хариуцлага алдаж “залилагч” болсондоо харамсаж байна.

М.Г надад холбогдох хэрэгт шүүхээс хийсэн зарим дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

1. Шүүхийн шийтгэх тогтоолын “Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар” гэсэн хэсэгт хийсэн “Шүүгдэгч М.Г нь мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг залилах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэв” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн “Хэргийн бодит байдлыг тогтоох” 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг хангаагүй байхад шүүгдэгч М.Г миний мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг шалгаж, нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээгүй хийсэн дүгнэлт гэж үзэж байна.

М.Г би мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийг үнэн зөвөөр, бодитоор мэдүүлсэн байхад миний мэдүүлгийг шударгаар, хуулийн хүрээнд үнэлэлгүй, “худлаа мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон эрх” эдлэх эрхтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дүгнэлт хийж, улмаар миний мэдүүлгүүдийг түүний мэдүүлэг нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг залилах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан“ гэж ор үндэслэлгүй дүгнэлт хийж, “няцаагдах” хуурамч нотлох баримт, мэдүүлэг гаргаагүй байхад шүүгдэгч намайг “харлуулж” хэтэрхий субьектив байдлаар намайг буруутгаж байгаад гомдолтой байна.

2. Мөн хэргийн хохирогч Б.Га мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “Бид 2 хамтдаа ТБД андуудын ард байрлах 31агз төвийн 2 давхарт байрлах нотариатын газар ороод зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулчхаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Герман элчний хажууд явж байхдаа Г гэх хүний данс руу 12.000.000 төгрөгийг 2 хуваагаад явуулж байсан” гэж мэдүүлгийн эх сурвалжаа заалгүй мэдүүлсэн, “Герман элчний хажууд явж байхдаа” мөнгөний шилжүүлэг хийсэн болохыг шалгаж тогтоосон баримтгүй байхад шүүхийн шийтгэх тогтоолд “Б.Гын “Хаан” банкны 5926087713 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд “...2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 18:44-д 5103008178 дугаартай данс руу “Төлбөр” гэсэн гүйлгээний утгатай 3.000.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 18:45-д 5103008178 дугаартай данс руу “gantulga” гэсэн гүйлгээний утгатай 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5103008178 дугаартай данс руу “Gantulga” гэсэн гүйлгээний утгатай 6.000.000 төгрөгийн зарлага тус тус хийжээ” гэсэн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно" гэсэнтэй зөрчилдсөн, зөрүүтэй баримтыг харгалзан үзэлгүй хийсэн шүүхийн эргэлзээ бүхий дүгнэлт нь шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж харуулсан гэж үзэж байна.

3. Харин шүүхээс надад “Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Гг зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзлээ. Түүнчлэн шүүгдэгчид торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго бүрэн биелэгдэхгүй гэж шүүх үзсэн болохыг дурдлаа” гэсэн нь шүүхээс “Шүүгдэгч М.Гд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ” гэсэн дүгнэлттэй зөрчилдсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...торгуулийн ял, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээж авахгүй байх тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

4. Мөн шүүхээс “Шүүгдэгч М.Г нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол 20/1 байр 11 тоотод оршин суух байнгын хаягтай болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдсон байна” гэхдээ “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Номун виллаж 100-7-80 тоотод” оршин суудаг болохыг тогтоосон атлаа миний амьдардаггүй газар оронд шүүхээс оноосон ялыг эдлүүлэх шийдвэр гаргасан нь ямар зорилго агуулж байгааг мэдэхгүй, ойлгохгүй байна.

Иймд Боржигон овгийн Мөнхжаргалын Г надад холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг бүхэлд хянаж шүүхээс надад оногдуулсан “1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн “Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ” 4 дэх хэсэгт зааснаар"... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно”, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр” 1.4 дэх хэсэгт заанаар “... хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хүрээнд үйлдсэн хэрэгт минь тохирсон “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх” ялаар сольж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. Би албан ёсоор Хан-Уул дүүрэгт оршин суудаг. ” гэв.

 

Шүүгдэгч М.Ггийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс албан ёсны бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. М.Ггийн албан ёсны хаяг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр боловч одоо амьдарч байгаа хаяг нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Н В юм. Энэ талаарх орон сууцны зээлийн гэрээ болон хорооны тодорхойлолтыг гаргаж өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ажилд орсон бөгөөд ажил нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр гэдгийг Нийслэлийн нутаг дэвсгэр гэж өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Хохирогч Б.Га шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгож өгнө үү гэж байх шиг байна. Миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр хүртэл хугацаанд шүүгдэгч М.Г нь 1.000.000 төгрөгийг 2 дугаар сард өгсөн. Түүнээс хойш М.Г нэг ч удаа над руу холбоо бариагүй, мөнгө өгөөгүй.” гэв.

 

Прокурор Г.Ундрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Ггийн давж заалдах гомдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлүүлэх талаар дурдсан байна. Анхан шатны шүүх хохирол, төлбөр төлөгдөөгүй учраас торгох ялыг оногдуулах боломжгүй гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Гад “Солонгос улс руу явах виз гаргаж өгч, явуулж ажилд зуучилна” гэж худал хэлэн, улмаар өөрийн хаан банкны 5103008178 тоот дансаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг буюу нийт 12.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Гын “... би Гтэй холбогдоод 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ТБД андууд дээр анх удаа уулзаад ярилцахад намайг “хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улс руу явуулна” гэж хэлсэн. Би Г гэх хүнээс “ямар шалтгаанаар явуулж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхэд Г гэх хүн нь “чиний өмнө нэг хүн явах ёстой байсан юм. Энэ явуулж байгаа асуудал нь хувь хүмүүсийн дунд харин улс хоорондын дундах биш” гэж хэлж байсан. Би “баталгаатай юм уу” гэж асуухад Г гэх хүн нь “яг баталгаатай, маргааш юм уу нөгөөдөр гэхэд чамайг Солонгос улс руу явуулна” гэж хэлсэн. Бид хоёр хамтдаа ТБД андуудын ард байрлах Старс төвийн 2 давхарт байрлах нотариатын газар ороод зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулчихаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Герман элчингийн хажууд явж байхдаа Г гэх хүний данс руу 12.000.000 төгрөгийг хоёр хуваагаад явуулж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш Г гэх хүн руу залгаад явуулах талаар асуух болгонд маргааш нөгөөдөр гэж хэлээд утсаа салгадаг байсан. Харин сүүлдээ дахиад залгаад асуух гэхээр утсаа авахаа болиод утсаа авахаараа ярихгүй миний яриаг сонсоод байгаад байдаг болсон. Мөн фэйсбүүк хаяг руу нь чат бичихээр хариу бичихгүй, орой нь миний бичиж явуулсан чатыг харчихаад хариу өгдөггүй. Би Г гэх хүнтэй өмнө нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр болон зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Би Г гэх хүнээс “та өмнө нь Солонгос улс руу хүн явуулж байсан уу” гэж асуухад надад хандан Г гэх хүн нь “би цөөн тооны хүмүүс явуул байсан” гэж хэлсэн. Би яг хэдэн хүн явуулж байсан талаар мэдэхгүй байна. ...” /хх 11-12/,

 

М.Ггийн яллагдагчаар өгсөн “... Б гэх хүн надад Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээ хийгээд 7 хоногийн дотор явуулчих хүн байна уу” гэж асуусан. Би өөрийн найз Амаржаргалд хэлсэн. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Га гэх хүнтэй уулзаад Баянгол дүүрэгт байрлах ТБД андууд дээр уулзаад мөнгө авсан өгсөн гэж нотариатаар батлуулж би Гатай гэрээ хийж батлуулсан. 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Бийн 5166021516 тоот данс руу 1.000.000 төгрөгийг Гын урьдчилгаа гэж шилжүүлсэн. Тэгээд маргааш буюу 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Га нь 5103008178 тоот миний хаан банкны данс руу 12.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Анх Б гэх хүн нь надад хэлэхдээ 7 хоногийн дотор яаралтай явуулж байгаа болохоор 10.000.000 төгрөг гэж хэлсэн. Би өөрийн найз Амаржаргалын төрсөн эгчийнх нь хүргэн Хасбаатар гэх залуу “Гад хэлэхдээ 12.000.000 төгрөг гэж хэлээрэй” гэж хэлсэн. Би Гад хэлэхдээ 12.000.000 төгрөг гэж хэлсэн. Гатай гэрээ хийгээд 12.000.000 төгрөгийг аваад 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хасбаатарын 5118410252 тоот данс руу би өөрийн данснаас 2.000.000 төгрөгийг ямар нэгэн гүйлгээний утга байхгүй шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл 6.500.000 төгрөг надад үлдсэн. Надад үлдсэн 6.500.000 төгрөг нь миний дансанд байж байгаад мөнгөний хэрэгтэй болоод үрэгдсэн. Би одоо ямар нэгэн байдлаар Гын хохирлыг барагдуулна.” /хх 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

 

2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 0979 дугаартай зээлийн гэрээ /хх 5/, Б.Гын хаан банкны 5926087713 тоот депозит дансны хуулга /хх 13-14/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1103 дугаартай шийтгэх тогтоол /хх 51-54/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Ггийн үйлдлийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

Харин шүүгдэгч М.Г болон түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар шүүх хурлын явцад шүүгдэгч М.Ггийн Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, 100/7 байрны 80 тоотод оршин суугаа хаягийн тодорхойлолт болон “... шүүгдэгч М.Г нь Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай бөгөөд ажил хөдөлмөрийн онцлогоос шалтгаалан түүнд тогтоосон газар нутгийн хязгаарлалтыг Нийслэлийн хэмжээнд болгон тогтоож өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

 

Иймд шүүгдэгч М.Ггийн тус шүүхэд гаргаж өгсөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа хаягийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1103 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Ггийн оршин суугаа хаяг буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр түүний зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Мөн шүүгдэгч М.Г нь тус шүүхэд гаргасан “... мэдүүлгүүд болон нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээгүй дүгнэлт хийсэн, ... хэрэгт авагдсан зөрүүтэй баримтуудыг харгалзан үзэлгүй эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн, ...” зэрэг агуулга бүхий гомдлоосоо татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/625 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “... Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох ...” гэснийг “... Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох ...гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ   

                                              ШҮҮГЧ                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                              ШҮҮГЧ                                  Б.БАТЗОРИГ