Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 137

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                

  

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010002 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 30-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, “Улаанбаатар төмөр зам”-ын Замын 2 дугаар ангид замчин ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй, ЙЭ85063018 дугаарын регистртэй, Боржигон овогт Аийн У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.У учрах саадыг арилгах зорилгоор иргэн Т.Батмэндийн эзэмшлийн “Тоёота креста” маркийн ---- УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар төмөр зам”-ын 398 дугаар километрийн 8-9 дүгээр зуутын хоорондох төмөр замын рейс бэхэлгээ болох 216 ширхэг хөөлтийн тээг төмөр хулгайлан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 79.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Тиймээс дахин ярих шаардлагагүй. Төмөр замын хөөлтийн тээг төмрийг салгаж авсан тохиолдолд аюул учрах боломжгүй байх. Хулгайлсан төмрөө буцааж өгсөн. Бас буцааж хийх зардалд 88.700 төгрөг төлсөн. Би төмөр замын байгууллагад 2013 оноос ажиллаж байгаа. Төмөр хулгай хийх шалтгаан нь би хүний машин шүргэчихсэн юм. Тэгээд мөнгө хэрэг болоод сандарсандаа авчихсан. Хулгай хийсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй байж чадна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.                                                                                                

                                                                                                             

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар төмөр зам”-ын 398 дугаар километрийн 8-9 дүгээр зуутын хоорондох төмөр замын рейс бэхэлгээ болох 216 ширхэг хөөлтийн тээг төмөр хулгайд алдагдсан гэх гэмт хэрэг гарсан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

Ц.Лхагвасүрэн “... төмөр замын 398 дугаар километрийн 8-9 дүгээр зуутыг, төмөр замаа даган явган явж эд зүйл болох жижиг хэрэгсэл бүрэн бүтэн байгаа талаар шалгасан чинь 229 төмрийг хүн хулгайлан аваад явсан ул мөр байсан. Цагдаагийн байгууллагын ажилчид тэр төмрийг хэн авч ирсэн гээд хяналтын камерийг нь шүүж байгаад он сар цаг минутаар нь хөөж гаргаад нэг хар машинтай хүн ухарч орж ирээд төмөр өгч байгаа бичлэг байгааг гаргаж ирээд “төмөр замын шар өнгийн хантааз кармаандаа хийсэн байна, төмөр замын ажилтан хүн байна, энэ хүнийг таних уу” гэсээр надад тэр дүрс бичлэгийг үзүүлсэн. Гэтэл тэр хүн нь манай замчин У машинтайгаа орж ирээд өгч байгаа бичлэг байсан. Яг 216 төмөр хулгайд алдсан байсан. Анх би тоолсон чинь 229 ширхэг байсан цагдаагийн байгууллагын ажилчидтай ирээд анх хэргийн газрын үзлэг хийж байхад тэр орчим 13 ширхэг төмөр замд тавьсан байсан тэгээд л тэр чигээрээ байгаа. Камерийн бичлэг дээр төмөр тушааж байгаа хүн манай байгууллагын замчин У мөн байсан. Өөрийнхээ хар өнгийн машинтай орж ирээд хөөлтийн тээг төмөр тушааж байгаа бичлэг байсан. Манай байгууллага хулгайд алдагдсан хөөлтийн тээг төмрөө буцаагаад авсан. Хохирлын зардал гэж 88.000 төгрөг гарсан байгаа” /хх-н 17-19/ гэж,

иргэний нэхэмжлэгч Т.Батмэнд “… Тоёота креста маркийн, хар өнгөтэй, ---- УНП гэсэн улсын дугаартай машин байгаа. Би Уд 3.000.000 төгрөгөөр машинаа зарсан. Надад тэр дор нь 1.500.000 төгрөгийг өгсөн. Одоо 1.000.000 төгрөгний үлдэгдэл байгаа. Гэхдээ би Угээс мөнгөө айжуухан авна. Ажил төрөлгүй болсон байна лээ. Тэгж байгаад ажилд ороод надад өгнө биз гээд би л лав одоо нэхэхгүй” /хх-н 28-30/ гэж,

гэрч Б.Батчулуун “... хөөлтийн тээг төмрийг гадагшаа худалдан борлуулах үнийн 1 тонн нь 300.000 төгрөг байдаг, харин манай байгууллагад бүртгэлтэй байгаа хөөлтийн тээг төмөр 1 тонн нь 95.000 төгрөгөөр үнэлэгддэг. 1 ширхэг хөөлтийн тээг төмөр 1 кг 22 гр жинтэй. 398 дугаар км-ээс алдагдсан 216 ширхэг хөөлтийн тээг төмөр 264 кг болж байсан. Зах зээлийн ханшаар бодоод 79.200 төгрөгөөр үнэлсэн. Хөөлтийн тээг төмрийг байгууллагын данс бүртгэлд ширхэг, ширхэгээр бүртэгдэггүй. Тийм бүртгэлийн баримт байхгүй. Нийт тонн жингээрээ үнэлэгдэж явдаг. Манай байгууллага хулгайд алдагдсан 216 ширхэг хөөлтийн төмрөө буцаан аваад төмөр зам дээр суурилуулахад ажилчдын ажилласан цагийн зардал болон шатахууны зардал нийлээд 88.755 төгрөгийн зардал гарсан. Энэ төлбөрийг А.У төлж барагдуулсан” /хх-н 40/ гэж,

гэрч Т.Мөнгөнхөлөг “... машины дугаарыг нь би тэр өдөр төмөр авч байгаад харж чадаагүй. Дараа нь цагдаа нар ирээд манай хашаанд хураасан байсан төмрийг хараад энэ төмрөө хаанаас авсан, танай камерийг шүүж үзнэ гээд камер шүүж үзэхэд хар өнгийн суудлын жижиг машин манай хашаа руу ухарч ороод төмөр өгч байгаа бичлэг байсан. Цагдаа нар бичлэгийг хараад энэ хүн төмөр замын ажилтан байна, халаасандаа шар өнгийн хантааз хийсэн байна гэсээр гаднаас хүн дуудаж оруулж ирээд тэр бичлэгийг үзүүлсэн. Энэ хэн бэ гэж асуухад манай ажлын У мөн байна гэж хэлсэн. Төмөр тушаасан хүнээс би энэ төмрийг хаанаас авсан, юун төмөр юм бэ гэж асуугаагүй. Яг хэдэн кг болж байсныг одоо санахгүй байна. Ийм төмрийг авч болохгүй гэж би мэдэхгүй. Хэрвээ мэдэж байсан бол худалдаж авахгүй” /хх-н 43-44/,

“... барагцаагаар 100 орчим ширхэгтэй жижиг төмөр байсан байх аа. Би компаний Портер маркийн машины ачаан дээр хураагаад тавьсан байгаа. Нийт 20.000 төгрөгийн хар төмөр тушаасан. ... машины номерийг нь харж чадаагүй, ажлын хос хувцас өмссөн, саравчтай малгайтай хүн байсан. Тэр хүн халаасандаа улаан шаргал өнгийн байх даавуу хуйлаад кармаалсан байсан” /хх-н 45-46/,

“... тэр хүний тушаасан Г үсгэн хэлбэртэй төмрүүдийг бүгдийг нь хураагаад авчихсан. ... төмөр худалдаж авахдаа гаргасан 20.000 төгрөгөө би нэхэмжлэхгүй, надад гомдол санал юу байхав дээ. 20.000 төгрөгөө буяны үйлсэд зарцуулсан гээд л бодчихъёо” /хх-н 47/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүд, гэрэл зургууд /хх-н 5-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/ болон бичгийн бусад баримтууд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч А.Угийн гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайлбал шүүгдэгч А.У хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор буюу гэмт хэргээ хөнгөвчлөх үүднээс машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарна.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч А.Угийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота креста” маркийн, ---- УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Т.Батмэндийн эзэмшилд бүртгэлтэй байна.

Уг тээврийн хэрэгслийг Т.Батмэнд гэгч шүүгдэгч А.Уд худалдсан байх бөгөөд тэдгээрийн төлбөр тооцооны асуудал нь иргэд хоорондын гэрээгээр зохицуулагдана.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.

 

Шүүгдэгч А.Угийн хувьд хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирол, түүнтэй холбоотой хор уршгийн зардлыг бүрэн төлж барагдуулсан байгаа нь хуулийн дээрх “... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэсэн заалтад хамааралгүй тул мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг /хх-н 78/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.Уд ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзав.

Харин “Хулгайлах” гэмт хэрэг буюу энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ялын төрөл нь сонгох санкцгүй, зөвхөн “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчлагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт, хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тус тус тооцохоор гэмт хэргийн ангилалыг тодорхойлсон байна.

 

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор зохицуулсан нь шүүгдэгч А.Уд оногдуулах ялд хамааралгүй.

 

Гэхдээ шүүгдэгч А.Угийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгчдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт нь үндэслэл бүхий гэж шүүх үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурорын гаргасан “... төмөр замын бэхэлгээ болох хөөлтийн тээг төмрийг хулгайлсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь; хэдийгээр шүүгдэгч А.Угийн “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу төмөр замын бэхэлгээ хөөлтийн тээг төмөр нь тухайн төмөр замаар зорчин явах галт тэргэнд аюултай нөхцөл байдлыг бий болгох үр дагавартай ч энэ талаар шинжээчийн ямар нэгэн дүгнэлт гараагүй байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэж үзэхэд учир дутагдалтай юм.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.У цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

          1. Боржигон овогт Аийн Уг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. А.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. А.Уд оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. А.У цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. А.Уг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьж,

түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж,

мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Уг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ