Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/938

 

     В.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч М.Батмөнх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/648 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор В.Бд холбогдох 2209 02331 0362 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн В-ийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

В.Б нь цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүкийн “...саравч, сүүдрэвч” нэртэй пейж хуудсаар “захиалга авна” гэж зар байршуулан, зарын дагуу 98019898 дугаарын утсаар өөртэй нь холбогдсон иргэн Н.Этай уулзаж “...5х4 хэмжээтэй сүүдрэвч 10.000.000 төгрөгөөр, 2 ширхэг сандлыг 350.000х2=700.000 төгрөг, савлуур 1.500.000 төгрөг, элсний хайрцаг 2.500.000 төгрөг, нэг урт сандал 250.000 төгрөг, нийт 14.500.000 төгрөг, урьдчилгаа 7.000.000 төгрөг өгвөл ажлын 14 хоногийн дотор хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, түүний үгэнд итгэсэн хохирогч Н.Э нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн 5137003216 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: В.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн В-ийн Б-г хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч В.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Бгаас 5.000.000 /таваан сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эд олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч М.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч В.Б нь анхан шатны шүүх хурлаар хэргээ шийдүүлэхдээ хууль, эрх зүйн мэдлэг дутуугаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй орсон байна. Миний үйлчлүүлэгч В.Б нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Гэхдээ В.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

            Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг гарснаас даруй 1 жил 3 сар, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн хэдий ч үлдэгдэл 5.000.000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй, ямар нэг байдлаар төлөх арга хэмжээ аваагүй. Мөн хохирогчтой холбоо барьсан, хохирол төлөхөө илэрхийлж өөрийн санаачилгаар үйл ажиллагаа явуулаагүй байх тул торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Түүний үйлдсэн гэмт хэрэг, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан шүүхээс 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч В.Б нь цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “...саравч, сүүдрэвч” нэртэй пейж хуудсаар “захиалга авна” гэж зар байршуулан, зарын дагуу 98019898 дугаарын утсаар өөртэй нь холбогдсон иргэн Н.Этай уулзаж “...5х4 хэмжээтэй сүүдрэвч 10.000.000 төгрөгөөр, 2 ширхэг сандлыг 350.000х2=700.000 төгрөг, савлуур 1.500.000 төгрөг, элсний хайрцаг 2.500.000 төгрөг, нэг урт сандал 250.000 төгрөг, нийт 14.500.000 төгрөг, урьдчилгаа 7.000.000 төгрөг өгвөл ажлын 14 хоногийн дотор хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Н.Эаас өөрийн эзэмшлийн 5137003216 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Эы “...2022 оны 6 дугаар сард би өөрийн лагер болох Гацууртын “шар хоолойн ам” гэх газарт саравч, сүүдрэвч хийлгэхээр фейсбүүк цахим орчинд “Саравч, сүүдрэвч” гэсэн нэртэй пейж хуудас руу орж урьд нь хийсэн ажлын туршлагыг нь харж байгаад тэднийхээр хийлгэхээр пейж хуудас дээрх утасны дугаар болох 98019898 дугаарт залгаж Б гэх хүнтэй холбогдож гэртээ буюу Энканто хотхонд уулзаж 5x4 хэмжээтэй сүүдрэвчийг 10.000.000 төгрөгөөр, 2 ширхэг сандлыг 350.000x2=700.000 төгрөгөөр, савлуурыг 1.500.000 төгрөгөөр, элсний хайрцаг 2.500.000 төгрөгөөр, нэг урт сандал 250.000 төгрөгөөр, ингээд нийт 14.500.000 төгрөгөөр үнэ, ажлын хөлсөө тохироод цаасан дээр зураг гаргаж, урьдчилгаа 7.000.000 төгрөг өгөхөөр болоод ажлын 14 хоногийн дотор хийж өгнө гэсэн юм. Ингээд тэр оройдоо буюу 2022 оны 6 дугаар сарын 05-ны орой 21, 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Метро молл” худалдааны төвийн орчим явж байхдаа өөрийн гар утсаар интернэт банк ашиглан Бгийн Хаан банкны данс руу 1 удаагийн гүйлгээгээр 7.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Мөнгө шилжүүлсэн цагаас Б нь утсаа авахгүй “Тэрэлжид ажилтай байна, Гачууртад ажилтай байна” гэх зэргээр шалтаг тоочиж өнөөдрийг хүртэл холбогдоогүй байна. Миний дээрх хийлгэхээр захиалсан зүйлийг огт хийгээгүй байгаа. Иймд маш их хохиролтой, гомдолтой байна. Манайх олон жаахан хүүхэдтэй, хүүхдүүд зунжин элсэн дээр тоглох байсан. Гэтэл Б гэх этгээдээс болж өнгөрсөн зун хүүхдүүд тоглож чадаагүй, одоо болтол хийлгэсэн юм байхгүй байна. ...” /хх 38/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Н.Эы эзэмшлийн Хаан банкны 5400021485 дугаартай дансны “...2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 5137003216 дугаарын данс руу “сүүдрэвч Гачуурт 99116410” гэх гүйлгээний утгаар 7.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” талаарх дэлгэрэнгүй хуулга /хх 8/,

шүүгдэгч В.Бгийн эзэмшлийн Хаан банкны 5137003216 дугаартай дансны “...2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 5400021485 дугаарын данснаас “сүүдрэвч Гачуурт 99116410” гэх гүйлгээний утгаар 7.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн” талаарх дэлгэрэнгүй хуулга /хх 17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч В.Бг “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Бгийн үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч В.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хохирол төлбөр бүрэн төлөөгүй байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч М.Батмөнхийн “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагджээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч В.Б нь мөнгөө шилжүүлж авснаасаа хойш хохирогчтой холбогдохдоо “Тэрэлжид ажилтай байна, Гачууртад ажилтай байна” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчид мөнгийг нь өгөөгүй байдал нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрийг нотолж байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/648 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/648 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ