Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хаан банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй,

 

          “******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь “******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ургийн овогт ******* ******* /*******/ нь ХААН банкнаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч ******* ******* нь тус банкны Онгон тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №/ЗГ201844205428 тоот зээлийн гэрээ байгуулан 19,973,701.44 /Арван есөн сая есөн зуун далан гурван төгрөг долоон зуун нэг төгрөг/-ийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай аваад 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 13,423,250.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,033,933.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,073,111.64 төгрөг буюу нийт 22,530,295.30 /Хорин хоёр сая таван зуун гучин мянга хоёр зуун ерэн таван төгрөг гучин мөнгө/ төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

          Үндсэн зээлдэгч Т.******* нь ХААН банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сүхбаатар аймаг Онгон сумын 5-р баг хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2018 оны 12-р сарын 20-ны өдрийн №ЗГ201844205428 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 12-р сарын 24-ний өдрийн №БГХ201844205428 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн №201844205428-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь “******* эрэн сурвалжлуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь ******* хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус, *******а оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2018 оны 12-р сарын 20-ны өдрийн №ЗГ201844205428 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, (хх-8-11х), 2018 оны 12-р сарын 24-ний өдрийн №БГХ201844205428 дугаартай барьцааны гэрээ, (хх-11-12х), 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн №201844205428-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, (хх-13-14х), зээлийн дансны харилцагчийн хуулга (хх-15-20х), бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

             4. Иймд Хаан банкны Сүхбаатар салбарын “******* эрэн сурвалжлуулах” хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* регистртэй, ******* овогт ******* *******г эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА