Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4-р баг, ******* ******* гэх газарт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Миний бие 1984-1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсноос ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11/99 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11/100 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаартай *******ыг малчнаар ажилд томилсон тушаал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаартай *******ыг бяруу маллагчаар ажилд томилсон тушаал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1987, 1990, 1991 оны 104, 133, 83 дугаартай “ээлжийн амралт олгох” тухай тушаалууд,  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 99 дугаартай “ажилд томилох” тухай тушаал, Батлан хамгаалахын төв архивын “хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Д.******* 1986-1991 онуудад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий 11/99 дугаартай архивын лавлагаа (хх-4х), *******ыг 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс малчнаар ажилд томилсон 106 дугаартай тушаал, (хх-6х), *******ыг малчны ажлаас чөлөөлж, бяруу маллагчаар ажилд томилсон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаартай тушаал, (хх-7х), *******ад ээлжийн амралт олгосон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сангийн аж ахуйн даргын 1987, 1990, 1991 онуудын 104, 133, 83 дугаартай тушаалууд, (хх-8-9, 12-16х), *******ыг малчны ажлаас чөлөөлж, түр морин тэрэгчээр томилсон 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дугаартай тушаал, (хх-10х), *******ыг адуу туугчаар ажилд томилсон 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 99 дугаартай тушаал, (хх-11х),

 

5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд 1984-1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. ******* нь сургууль соёлд сурч байгаагүй, багаасаа аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд 1979-1991 оныг хүртэл малчин, тракторчнаар ажиллаж байсан. Бид нэг САА-д хамт ажиллаж байсан болохоор Д.******* ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч ийн шүүхэд өгсөн: “....******* нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд 1984-1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Эднийх голдуу үхэр маллаж байсан. Манай аавынх, ******* ахынхтай Түмэнцогтын баруун тал Энгэрийн Булаг, Шар хадаар айл саахалт байдаг байсан. Би аав, ээжтэйгээ хамт мал маллаж байсан болохоор ******* ахыг хүүхэд байхаасаа танина, малчин байсныг нь мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* ******* 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Харин нэхэмжлэгч *******ыг 1992, 1993 онуудад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

             9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Нэхэмжлэгч ******* нь 1992, 1993 онуудад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд малчнаар ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА