Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2021/00020

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2021/00046 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч Ө.Г, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3.526.567 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 298.405 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18.660.696 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7 сарын халаалтын үнэ 26.780.892 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 28.667.940 төгрөг нийтдээ 77.934.440 төгрөг гаргуулах тухай. 

 

Нэхэмжлэлд: “Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нь 2017 оноос хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсэнээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 77.934.440 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Манай компани зүгээс уг 77.934.440 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлж өгөхийг удаа дараа шаардсан боловч төлж өгөхгүй байна. Иймд хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас дулаан эрчим хүчний үндсэн төлбөр болох 77.934.440 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус сургуулийн түлш, халаалтын хэрэглээний төлбөр тооцоог жил бүр Баян-Өлгий аймгийн “Э” ХК-ийн гэрээгээр нийлүүлж, аймгийн төрийн сангаас олгосон санхүүжилтээр төлбөр тооцоог хийж, ажиллаж ирсэн билээ. “Э” ХК нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7/368 тоот нэхэмжлэлээр 77.934.440 төгрөг гаргуулах тухай шаардлага хүргүүлсэн байна. Тус сургууль нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс өмнө Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоосон тарифаар м3-ийг 1430 төгрөгөөр /НӨАТ-тэй/ 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 тоот тогтоолын тарифыг 9 дүгээр сарын 01-ээс эхэлж м3 1552 төгрөгөөр /НӨАТ-тэй/ тус тус мөрдөж ажилласан. 2017 онд манай санхүүжилт 228.147.900, шилжүүлсэн мөнгө 227.849.515 нэхэмжилсэн нь сар бүр 32.592.560, гэрээнд сар бүр 22792х1430=32.592.560 жилийн 228.147.920 төгрөг, 2018 онд манай санхүүжилт 265.316.000, шилжүүлсэн мөнгө 264.343.009, нэхэмжилсэн нь сар бүр 35.375.463, гэрээнд сар бүр 22792х1552=35.375.463, жилийн 283.003.705 төгрөг, 2019 онд манай санхүүжилт 225.898.800, шилжүүлсэн мөнгө 225.490.506, нэхэмжилсэн нь сар бүр 35.375.463, гэрээнд сар бүр 22792х1552=35.375.463, жилийн 283.003.705 төгрөг,  2020 онд манай санхүүжилт 258.240.900, шилжүүлсэн мөнгө 201.337.180, нэхэмжилсэн нь сар бүр 35.375.463, гэрээнд сар бүр 22792х1552=35.375.463 жилийн 283.003.705 төгрөг байна. Иймд тус сургуулийн зүгээс олгогдсон санхүүжилтийг зүй ёсоор төлж барагдуулж байгаа ба бид төсөв батлах хүмүүс биш учраас “Э” ХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2021/00046 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-ыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 2018 он, 2019 оны 7 сарын халаалтын дутуу төлбөр бүгд 40.798.432 (дөчин сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 37.136.008 (гучин долоон сая нэг зуун гучин зургаан мянга найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2021/00046 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нь Байгууллага, аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу дулааны эрчим хүч худалдаж авч хэрэглэсэн боловч 2018 оны эцэст 18.660.696 төгрөгийн төлбөр, 2019 оны эцэст 26.780.892 төгрөгийг тус тус дутуу төлсөн. Дараа нь 2020 оны “Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч тал 283.003.705.6 төгрөгийн үнэ бүхий халаалт худалдаж авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдан авагч тал сар бүр 35.375.463.2 төгрөгийн төлбөр дараа нь 2020 оны “Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч тал 283.003.705.6 төгрөгийн үнэ бүхий халаалт худалдаж авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдан авагч тал сар бүр 35.375.463.2 төгрөгийн төлбөр төлөх буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 141.501.852.8 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч, хариуцагч тал 2020 оны 01 дүгээр сард 31.865.980 төгрөг, 02 дугаар сард 31.280.200 төгрөг, 3 дугаар сард 32.000.000 төгрөг, 4 дүгээр сард 16.140.100 төгрөг буюу 111.286.280 төгрөгийг л шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд 30.215.572.8 төгрөгийг дутуу шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байсан.

Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2021/00046 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 (б), 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар төсвийн байгууллагын төсвийн жилийн төсвийг хэлэлцэж батлах эрх нь аймгийн Иргэний төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал. Төсвийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасан журмаар Аймгийн ИТХ-аас баталж өгсөн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн батлагдсан төсвийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.8 дахь хэсэгт заасан “Төсвийн шууд захирагч” болох тус сургуулийн захирал миний бие Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.5-д заасан, “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” чиг үүргийн хүрээнд захиран зарцуулж, эрчим хүч, дулааны зориулалтаар баталсан төсвийн ангилалд байгаа тухайн онуудын бүх мөнгийг нэхэмжлэгч “Э” ХХК-д шилжүүлж байсан болно. Иймд төсөвт тусгагдаагүй мөнгийг тус сургуулийн санхүүгээр гаргуулах боломжгүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасан “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэсэн заалтыг шүүх зөрчсөн гэж үзэж байна.

2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2021/00046 дугаартай шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөнөөс гадна хариуцагчийг буруу тодорхойлсон явдал гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, 4, 5 дахь дугаартай хэсгүүдэд “хуваарилагдсан төсвийн дагуу тооцоо нийлүүлнэ” гэснийг хариуцагч тухайн үед нэмж бичсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Гэрээний нэг тал болох Ө.Г би тухайн онуудын гэрээг байгуулах бүрд хэрэглэгч талын хүсэл зорилтын илэрхийлэл болох “ хуваарилагдсан төсвийн дагуу тооцоо нийлүүлнэ” гэсэн заалтыг гэрээний төсөлд тусгаж, түүний дараа хоёр тал баталж байсан юм. Тийм учраас “ хуваарилагдсан төсвийн дагуу тооцоо нийлүүлнэ” гэсэн өгүүлбэр гэрээнд нэмж бичсэн зүйл биш, гэрээний нэг нөхцөл бөгөөд уг нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрснөөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Хариуцагч Ө.Гүлжазира би шүүх хуралдаанд уг өгүүлбэрийг “нэмж бичсэн” гэж огт мэдүүлээгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулан маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар  сургуульд холбогдуулж дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнэ 77.934.440 гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, харин хариуцагч эс зөвшөөрч маргажээ. .

 

1. Нэхэмжлэгч “Э” ХК-ийн 2015 он, 2016 оны халаалтын төлбөрт нэхэмжилсэн 3.526.507 /49.545.955-46.019.448=3.526.507/ төгрөгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1 дэх заалтаар, гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан “Э” ХК болон Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нарын хооронд  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан “Байгууллага аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээгээр 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл  1 жилийн хугацаагаар, халаалтын улирлын 7 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 22792 м2 талбайд 1430.00 төгрөгөөр тооцож сард 35.592.560/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

            Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас авах төлбөрийг бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  хэрэглэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 сарын халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 298.405 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний 6.1 дэх заалт болон Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад заасан үүргээ тус тус зөрчсөн нь нотлогджээ.   

 

2. Хэрэгт авагдсан “Э” ХК болон Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нарын хооронд  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  1 жилийн хугацаатай, халаалтын улирлын 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 22792 м2 талбайд 1552 төгрөгөөр тооцож сард 35.373.184/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Тариф батлах тухай” 228 дугаар тогтоолоор 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх тарифыг Төсөвт байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын тариф (НӨАТ-гүй) м2-ийг 1411 төгрөгөөр /НӨАТ-тэй 1552 төгрөгөөр/ тогтоосон, Эрчим хүчний сайдын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай” 109 дүгээр тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр,  дуусах хугацааг тухайн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр буюу 8 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх бөгөөд нэхэмжлэгч “Э” ХК-аас хариуцагч байгууллагад 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллах тул үнийн зөрүүг 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллах талаар мэдэгдэж Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үүргээ биелүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас авах төлбөрийг бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  хэрэглэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 сарын халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 282.985.472 /22792м2 х 1552 х 8сар/ төгрөгийн төлбөрийг төлөхөөс 264.343.010  төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 18.642.462 төгрөгийг төлөөгүй, гэрээний 5.1 дэх заалт болон Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад заасан үүргээ тус тус зөрчсөн нь тогтоогджээ. 

 

3. Хэрэгт авагдсан “Э” ХК болон Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нарын хооронд  2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  1 жилийн хугацаатай, халаалтын улирлын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 22792 м2 талбайд 1552 төгрөгөөр тооцож сард 35.373.184/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тариф батлах тухай” 53 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх тарифыг хоёрдугаар хавсралтаар баталсан ба 2 дугаар хавсралтад Төсөвт байгууллага,үйлдвэр,аж ахуйн нэгж байгууллагын халаалтын тариф (НӨАТ-гүй) м2-ийг 1411 төгрөгөөр /НӨАТ-тэй 1552 төгрөгөөр/ тогтоосон, Эрчим хүчний сайдын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн "Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай" 206 дугаар тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр,  дуусах хугацааг тухайн оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр буюу 7 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. 

 

            Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас авах төлбөрийг бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  хэрэглэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нь 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 сарын халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 247.612.288 /22792м2 х 1552 х7 сар/ төгрөгийн төлбөрийг төлөхөөс 225.490.506 төгрөгийг төлсөн бөгөөд зөрүү 22.121.782 төгрөгийг төлөөгүй, гэрээний 5.1 дэх заалт болон Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад заасан үүргээ тус тус зөрчсөн нь тогтоогджээ.  

 

4. Хэрэгт авагдсан “Э” ХК болон Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нарын хооронд  2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, халаалтын улирлын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 22792 м2 талбайд 1552 төгрөгөөр тооцож сард 35.373.184/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тариф батлах тухай” 53 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх тарифыг хоёрдугаар хавсралтаар баталсан ба 2 дугаар хавсралтад Төсөвт байгууллага,үйлдвэр,аж ахуйн нэгж байгууллагын халаалтын тариф (НӨАТ-гүй) м2-ийг 1411 төгрөгөөр /НӨАТ-тэй 1552 төгрөгөөр/ тогтоосон, Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай" 170 дугаар тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр,  дуусах хугацааг тухайн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр буюу 8 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас авах төлбөрийг бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  хэрэглэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын байдлаар халаалтын хугацаанд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 141.492.736 /22792м2 х 1552 х 4сар/ төгрөгийн төлбөрийг төлөх байсан тооцоо гарсан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо төлбөл зохих халаалтын үнийг 123.814.121 төгрөг гэж тооцоолж, түүнээс 4 сарын хугацаанд төлсөн 95.146.181 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй үнийн зөрүүг 28.667.940 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн ба хариуцагч нь 2020 оны эхний 4 сард сар бүр төлөх халаалтын төлбөрөө гэрээнд зааснаар бүрэн төлөөгүй нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.5 заалт, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад тус тус нийцээгүй, хэрэглэгч үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогджээ.  

 

Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалт, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, 2020 оны гэрээний 4.3-т зааснаар хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар тутам төлсний үндсэн дээр дулааны эрчим хүч хэрэглэхээр талууд төлбөр тооцооны нөхцөлөө тохирсон байхад “талууд гэрээний биелэлтийг дүгнээгүй” гэх шалтгаанаар нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж хэрэглээгүй байна.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тус тусдаа гаргасан тооцооны баримтууд, санхүүгийн анхан шатны баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хариуцагчийн дээрх үндэслэлээр тогтоогдсон, хариуцагчийн төлбөл зохих дулааны эрчим хүчний үнийг 2017 оны 298.405 төгрөг, 2018 онд 18.642.462 төгрөг, 2019 онд 22.121.782 төгрөг, 2020 онд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллыг үндэслээд, түүний нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд /123.814.121-95.146.181/ 28.667.940 төгрөг, нийт төлбөрт 69.730.589 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байх тул хариуцагч Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн санхүүгээс 69.730.589 төгрөгийг гаргуулж, “Э” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:    

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны  өдрийн 130/ШШ2021/00046 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 2017, 2018, 2019, 2020 оны халаалтын дутуу төлбөр 69.730.589 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.203.851 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.623 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 506.603 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж,  нэхэмжлэгч “Э” ХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар бүрэн дунд сургуулийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,631 төгрөгийг шүүгчийн  захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн  41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

Д.КӨБЕШ