Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/939

 

Г.Уад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Ш.Чингис,

хохирогч Т.Г,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Уын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 01634 0998 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-ын У, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл ганцаараа, ... дүүргийн ... дүгээр хороо, .... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, /РД:.../,

Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

Г.У нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” нэртэй зочид буудлын сауны хувцас солих өрөөнд үлдээсэн байсан иргэн Т.Гын гадуур хувцасны халаасанд байсан 1 ширхэг гар утас болон машины түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гаран улмаар үргэлжилсэн үйлдлээр Т.Гын эзэмшлийн тээврийн хэрэгсэл /тусгайлан хамгаалсан/-д хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утсыг авч, бусдад нийт 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Г-ын У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Уад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Уаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Гад 1.750.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхтулгад 250.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 250.000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Уад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Уад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Т.Г нь дуудлагын жолоочтой тооцоо хийхдээ машины түлхүүрийг энэ хүнд өгөөд хямгадуул гэсний дагуу түлхүүр надад байсан. Т.Г нь надад түлхүүр байгааг мэдэж байсны үндсэн дээр намайг машинаас архи аваад ир гэж гаргасан. Түүнээс биш эвхээтэй хувцаснаас түлхүүр аваагүй. Намайг найзтайгаа ёс бус үйлдэхийг шаардаж хэл амаар доромжилж байсан болохоор машинаас утсыг нь авч түлхүүрийг нь орхиод шууд явсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчгүй хуралд орсон учраас хууль зүйн мэдлэггүйгээс хохирол төлбөрийг төлөх учрыг олоогүй. Миний бие хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, дахин ийм үйлдэл гаргахгүй тул давж заалдах гомдлын дагуу зүйлчлэлийг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Ш.Чингис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд Г.Уыг өмгөөлөх эрхээр хангаагүй. Мөрдөгч нь “Чиний хэрэгт өмгөөлөгч авах шаардлагагүй, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх юм байна” гэснээс болж миний үйлчлүүлэгч мэдүүлэгтээ хайнга хандаж, хүнд ял сонссон. Анхан шатны шүүх хуралдаанд Г.У нь “Би тухайн үед гомдол гаргаад байгаа шиг түлхүүр аваагүй, намайг найзтайгаа зүй бус харьцахыг шаардаж хэл амаар доромжилсон учраас би аваад гарсан. Өөрөө түлхүүрээ өгсөн. Харин би эргэж ороогүй тэр чигтээ явсан” гэж мэдүүлдэг. Тиймээс түүний үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг зөвшөөрөхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр зүйлчлэлийг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Т.Гад 1.750.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхтулгад 250.000 төгрөгийг төлсөн байгаа.” гэв.

            Хохирогч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед согтуу явж байгаад Г.Уад түлхүүрээ өгсөн байсан. Би шүүгдэгчид түлхүүр хадгалуулснаа мэдээгүй, түүнийг түлхүүр аваад явсан гэж ойлгоод анх мэдүүлэг өгсөн. “Автомашин дотор архи байгааг аваад ир” гэж хэлсэн минь үнэн.” гэв.

            Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож, анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авахад тухайн үед болсон үйл явдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мэдүүлэг өгсөн. Прокурорын зүгээс тухайн үед өгсөн мэдүүлгийг хууль зүйн үндэслэлтэй гэж үнэлж байна. Шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс зөрж байх тул хохирогч Т.Гын худал мэдүүлэг өгсөн эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээр авч шалгуулах нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Г.Уын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.У нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” нэртэй зочид буудлын сауны хувцас солих өрөөнд үлдээсэн байсан иргэн Т.Гын гадуур хувцасны халаасанд байсан 1 ширхэг гар утас болон машины түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гаран улмаар үргэлжилсэн үйлдлээр Т.Гын эзэмшлийн тээврийн хэрэгсэл /тусгайлан хамгаалсан/-д хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утсыг авч, бусдад нийт 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Гын “...Би 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед 1 дүгээр хорооллын KFC-н хажуу талын машины зогсоол дээр өөрийнхөө машиныг янзалж байхад миний фейсбүүк чатаар “Хэрлэн Хэрлэн” гэх хаягтай сарын өмнө танилцаж байсан эмэгтэй гэнэт чат бичсэн. Тэгэхээр нь би “за чи яагаад таг болчихов, утас чинь бас фейсбүүк чинь болохгүй байсан” гэхэд нөгөө эмэгтэй “Та хаана байгаа юм” гэхээр би “1 дүгээр хорооллын KFC энд машинаа янзалж байна” гэхэд “за би яваад очъё” гэж хэлээд 1 цагийн дараа миний байгаа газар хүрээд ирсэн. Тэгээд бид 2 уулзаад ойр зуурын юм яриад байж байсан чинь нөгөө эмэгтэй “та надад 300,000 төгрөгийн боломж байна уу” гэхэд би хариуд нь “300,000 төгрөгийн боломж бол байхгүй, харин 200,000 төгрөгийг олж өгч болно” гэсэн. “Би одоо найзтайгаа хорооллын Аянчин гээд зочид буудлын саунд орох гэж байгаа юм, манай найз тэнд оччихсон гэж байна, чи хамт явах юм уу” гэхэд “за тэгье” гээд бид дуудлагын жолооч дуудаад нөгөө найзын байсан Аянчин зочид буудлын саун хүргүүлсэн. Тэгээд бид 2 дотогшоо орсон. Би сауны өрөөнд орохоосоо өмнө нь эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд орж хувцсаа солиод халаад өмсөөд дүшинд ороод тэгээд саунд нь орсон. Тэгэхэд нөгөө эмэгтэй сауны үүдэнд үйлчлэгчтэй цуг үлдсэн. Саунд орсны 2 минутын дараа би буцаад сауны өрөөнөөс гараад хувцас солих өрөөнд ороход нөгөө эмэгтэй гарч ирээд миний хажуугаар хурдан гараад явсан. Тэгээд би хувцас солих өрөөнд орж дотуур хувцсаа сольж өмсөөд буцаад саундаа ороод 10-20 минутын дараа саунаас гараад хувцас солих өрөөнд орсон чинь миний эвхээд тавьчихсан байсан хувцас эмх замбараагүй болсон байхаар нь хувцсанд байсан машины түлхүүр, хэтэвчээ үзэхэд байхгүй байсан. Тэгээд би сауны үйлчлэгчээс асуухад “мэдэхгүй шүү дээ” гэхээр нь би хувцсаа хам хум өмсөөд гараад буудлын ресепшин эмэгтэйгээс “надтай хамт явж байсан эмэгтэй хаачсан” талаар асуухад “гараад явсан” гэхээр нь би гараад машинаа үзэхэд миний машины хаалга онгорхой машинд байсан 3 ширхэг гар утас байхгүй байсан. Тэгээд миний машины түлхүүрийг жолоочийн эсрэг талын урд суудал дээр хэтэвчийн хамт үлдээсэн байсан. Би “самсунг А54” загварын гар утсаа 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр лизингээр 1,580,000 төгрөг, “самсунг А52” гар утсыг жилийн өмнө 1,380,000 төгрөгөөр худалдан авсан. Мөн “хуавэй В6” загварын гар утсаа 3 жилийн өмнө 490,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” /хх 8-10/,

иргэний нэхэмжлэгч Ж.Энхтулгын “...Намайг ажлаа хийж байхад У гэх эмэгтэй гар утас барьцаанд тавьсан. Би он, сарыг нь сайн санахгүй байна. Тэр эмэгтэй “самсунг А52” загварын гар утсыг 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэр эмэгтэй өөрийнхөө бичиг баримтаар гар утсаа барьцаанд тавьсан. ...” /хх 14-15/ гэсэн мэдүүлгүүд,

барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 44/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 48-51/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 52/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 55-61/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Уыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Уын иргэн Т.Гын гадуур хувцасны халаасанд байсан 1 ширхэг гар утас болон машины түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар Т.Гын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утсыг авч, бусдад нийт 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Уын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Шүүгдэгч Г.У “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэгтээ маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Гад хууль сануулан тайлбар мэдүүлэг авахад “...Би сауны өрөөнд орохоосоо өмнө нь эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд орж хувцсаа солиод халаад өмсөөд дүшинд ороод тэгээд саунд нь орсон. Тэгэхэд нөгөө эмэгтэй сауны үүдэнд үйлчлэгчтэй цуг үлдсэн. Саунд орсны 2 минутын дараа би буцаад сауны өрөөнөөс гараад хувцас солих өрөөнд ороход нөгөө эмэгтэй гарч ирээд миний хажуугаар хурдан гараад явсан. Тэгээд би хувцас солих өрөөнд орж дотуур хувцсаа сольж өмсөөд буцаад саундаа ороод 10-20 минутын дараа саунаас гараад хувцас солих өрөөнд орсон чинь миний эвхээд тавьчихсан байсан хувцас эмх замбараагүй болсон байхаар нь хувцсанд байсан машины түлхүүр, хэтэвчээ үзэхэд байхгүй байсан. ...” гэж болсон хэргийн талаар тодорхой мэдүүлжээ.

            Гэтэл хохирогч Т.Г нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Тухайн үед согтуу явж байгаад Г.Уад түлхүүрээ өгсөн байсан. Би шүүгдэгчид түлхүүр хадгалуулснаа мэдээгүй, түүнийг түлхүүр аваад явсан гэж ойлгоод анх мэдүүлэг өгсөн. “Автомашин дотор архи байгааг аваад ир” гэж хэлсэн минь үнэн. ...” гэж зөрүүтэй тайлбар гаргасан бөгөөд хохирогчийн худал мэдүүлэг өгсөн эсэх талаар шалгах эрх прокурорт нээлттэй байгааг тэмдэглэж байна.

Шүүгдэгч Г.У нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Т.Гад 1.750.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхтулгад 250.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдав.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.У нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний энэ өдрийг хүртэл 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                                     ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ