| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00934/И |
| Дугаар | 197/ШШ2025/03516 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/03516
2025 03 28 197/ШШ2025/03516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байрлах, ******* ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, олимп, Нью хоризонс оффис, ******* хаягт байрлах ******* ХХК /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт 7,987,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, Э.Номинсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням, Г.Нармандах, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь зохигчдын хооронд байгуулсан мэргэжлийн хариуцлагын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг үндэслэн даатгалын нөхөн төлбөрт 7,987,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ******* ХХК нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь даатгалын тохиолдлыг зохих журмын дагуу баримтжуулаагүй, төлбөр олгоход үндэслэл болгох баримт материалыг даатгагчид ирүүлээгүй, Мэргэжлийн хариуцлагын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь хэсэгт Даатгалын тохиолдол болон хохирол учирсан нь нотлогдохгүй бол учирсан хохирлын нотлогдохгүй байгаа хэсэг-ээр нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж зааснаар үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул нөхөн төлбөр олгохгүй гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* дугаартай Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00:00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00:00 цаг хүртэл хугацаатай, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 00:00 цагаас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 23:59 цаг хүртэл хугацаатайгаар тус тус байгуулжээ. /хх 11-21, 59-70/
3.2. ******* дугаартай Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус нэхэмжлэгчийн 32 тойргийн авто угаалга салбарт маргаан бүхий үйл явдал /2015 онд үйлдвэрлэгдсэн тоёота харриар маркийн улсын дугаартай авто машинд засвар үйлчилгээ хийсэн./ болсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх 77-78/
3.3. Нэхэмжлэгч буюу даатгуулагч ******* ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/35 дугаар албан бичгээр даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг хариуцагч буюу даатгагч ******* ХХК-д хүргүүлэхэд даатгагч ******* ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/135 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг хүргүүлжээ. /хх 27, 22/
3.4. Даатгуулагч ******* ХХК нь даатгагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаар албан бичгээр ... Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасныг үндэслэн гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тохиолдолд холбогдох тайлбарыг нэхэмжлэлийн хамт тус хороонд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг үүгээр үүрэг болгож байна. гэж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч уг шийдвэрийг эс зөвшөөрч хариу тайлбар өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч шүүхэд хандаагүй байна. /хх 23-26/
4. Зохигчдын хооронд байгуулсан даатгалын гэрээний тохиролцсон нөхцөлөөс үзвэл Даатгуулагч болон түүний зөвшөөрөл бүхий этгээдийн мэргэжлийн үйл ажиллагаа (мэргэжлийн аливаа үйлдэл, алдаа дутагдал, эс үйлдэл)-ээс үүдэн гуравдагч этгээдийн болон захиалагч, харилцагчийн эд хөрөнгө амь нас, эрүүл мэндэд хохирол учруулснаас үүсэх мэргэжлийн хариуцлага нь даатгалын зүйл байх бөгөөд даатгалын жилийн нийт үнэлгээг 270,000,000 төгрөг, нэг удаагийн тохиолдлоор олгох нөхөн төлбөрийн хязгаар 2 болон түүнээс дээш ажилтанд 20,000,000 төгрөг, даатгуулагчийн өөрөө хариуцах хэсгийг нэг удаагийн тохиолдолд олгохоор тооцсон хохирлын 20 хувь, даатгалын хураамжийг 0.7 хувь, даатгалын гэрээний хураамжийн дүнг 1,890,000 төгрөгөөр тус тус тогтоожээ. /хх 60/
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг бичгээр байгуулсан, гол нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний хүчинтөгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй, гэрээ хүчинтөгөлдөр гэж үзнэ.
4.1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.
4.2. Даатгагч ******* ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээнд заасан 1,890,000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгуулагч төлсөн эсэх үйл баримтын талаар маргаагүй.
5. Талуудын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ******* дугаартай Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний хавсралт №02 даатгалын зүйлийн дэлгэрэнгүй гэх жагсаалтын 10-т Автомашин засварчин Цэрэндагвын Гантөмөр /РД:ЙЛ76030316/ даатгагдсан байна. /хх 69/
5.1. Талуудын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ******* дугаартай Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний Даатгалын зүйл гэдэгт Даатгуулагч болон түүний зөвшөөрөл бүхий этгээдийн мэргэжлийн үйл ажиллагаа (мэргэжлийн аливаа үйлдэл, алдаа дутагдал, эс үйлдэл)-ээс үүдэн гуравдагч этгээдийн болон захиалагч, харилцагчийн эд хөрөнгө амь нас, эрүүл мэндэд хохирол учруулснаас үүсэх мэргэжлийн хариуцлага хавсралт №02 гэж заажээ.
5.2. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдийн тайлбараар Ц.Гантөмөр нь даатгуулагч компанийн авто засварчин бөгөөд гэрээний хавсралтад зааснаар мэргэжлийн хариуцлага нь даатгагдсан, даатгуулагчийн зөвшөөрөл бүхий этгээдэд хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй.
5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хангаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07034 дугаартай захирамжийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5 минут 59 секундын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... улсын дугаартай автомашин 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 04 минут 34 секундэд тус засварын газарт орж ирэн засвар үйлчилгээ хийлгэхээр засварын өргөгч лифтэн дээр гаргасан, уг засвар үйлчилгээнд 2 засварчин этгээд оролцож байгаа талаар дурджээ.
Тодруулбал, улсын дугаартай автомашинд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр засвар үйлчилгээ үзүүлсэн 2 этгээдийн нэг нь даатгуулагчийн даатгагдсан зөвшөөрөл бүхий этгээд болох Ц.Гантөмөр мөн эсэх дээр талууд маргаагүй.
Харин хариуцагч нь уг засвар үйлчилгээг Ц.Гантөмөр хийгээгүй, даатгуулаагүй буюу нэр нь үл мэдэгдэх этгээд засвар үйлчилгээ үзүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь, даатгагч нь даатгуулагчийн даатгагдсан зөвшөөрөл бүхий этгээдийн ...мэргэжлийн үйл ажиллагаа (мэргэжлийн аливаа үйлдэл, алдаа дутагдал, эс үйлдэл)-ээс үүдэн гуравдагч этгээдийн болон захиалагч, харилцагчийн эд хөрөнгө амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
5.4. Буянт оюу ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/441 дүгээр даатгалын оношилгоогоор ... улсын дугаартай автомашиныг тухайн үеийн байдлаар оношлоход: 1.Мотор зуурсан, 2.Агаарийн шаланк тосоолийн шаланк сольж боосноос болж мотор зуурсан, эдгээр эд ангиудыг солих шаардлагатай. гэж тодорхойлжээ. /хх 32/
5.5. Нэхэмжлэгч нь дээрх улсын дугаартай автомашинд 7,500,000 төгрөгийн үнэ бүхий мотор худалдан авсан болох нь хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн журналын 45387445 дугаартай шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх 58/
Харин дээрх моторыг улсын дугаартай автомашинд сольж суурилуулах засвар, үйлчилгээтэй холбоотойгоор 487,000 төгрөгийг шаардаж байгаа боловч баримтаар нотолж чадсангүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн 487,000 төгрөгийн засвар үйлчилгээний зардал гарч, түүнийг төлсөн, зарцуулсан гэх хуульд заасан шаардлага хангасан баримт ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй тул 487,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Талуудын байгуулсан мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь хэсэгт Даатгалын тохиолдол болон хохирол учирсан нь нотлогдохгүй бол учирсан хохирлын нотлогдохгүй байгаа хэсэг-ээр нөхөн төлбөр олгохоос татгалзана./ гэж заасан байх ба Хөргүүрийн шингэний хоолойг агаарын хоолойтой сольж хийх нь мэргэжлийн хариуцлагын биш, даатгалын тохиолдол гэж үзэхгүй гэх үндэслэлийг хариуцагч баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Даатгагч нь мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн хувьд даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж байгаа тул даатгуулагчийн гэрээгээр даатгагдсан зөвшөөрөл бүхий этгээдийн ямар үйлдэл, эс үйлдлийг мэргэжлийн хариуцлага гэж үзэх эсэхийг гэрээнд тодорхой тусгах, тайлбарлах, улмаар гэрээ байгуулж, даатгалын үйлчилгээ үзүүлэх эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй тул даатгалын гэрээ байгуулсан, хураамж төлөгдсөн тохиолдолд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэх ёстой болно.
7. Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрөө хариуцах хэсэгт нэг удаагийн тохиолдолд олгохоор тооцсон хохирлын 20 хувь гэж заасан байна. /хх 60/
Иймд дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд, хариуцагч ******* ХХК-иас даатгуулагчид учирсан нөхөн төлбөр болох 7,500,000 төгрөгөөс даатгуулагчийн өөрөө хариуцах дүн болох 1,500,000 /20хувь/-ийг хасч 6,000,000 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,987,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,987,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР