Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/940

 

П.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.БатБ,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа,

хохирогч Х.Г-ын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор П.Бт холбогдох 2103 00206 0275 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн П-ын Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажил хийдэг, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

П.Б нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамжны замд “Hyundai County” маркийн 90-80 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Агийн амь нас хохирсон, явган зорчигч Х.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн П-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч П.Бын №595633 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Б нь хохирогч Х.Гд 4.397.143 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бт 18.342.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Х.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Б нь 33 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт /одоо 2 хүүхдийн хамт гурвуулаа/ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 40 дүгээр гудамжны 658 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэлгүй, гэм буруу дээрээ чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа. ...Шүүгдэгч П.Б нь мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх шатанд гэм буруу дээрээ ямар нэг маргаагүй ба хохирогч Х.Гд эмчилгээний зардал нийт 4.397.143 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бт баримтаар нэхэмжилсэн 18.342.000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч С.ТөмөрБ Б.Отгонбор нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч П.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Шүүхээс шүүгдэгч П.Быг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба бусад хөнгөрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь “...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээрээ маргаагүй ба хохирол төлбөрийг хохирогч нарт гэмт хэрэг болсон цаг хугацаанд эмнэлгийн тусламж болон эмчилгээ, бусад зардлуудыг өөрийн санаачилгаар төлж байсан. Эдгээр нөхцөл байдлууд нь гэм буруу дээрээ гэмшсэн гэж ойлгогдохоор байна. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.

Шүүхийн хэлэлцүүлэг эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд прокурор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргахад, хохирогч Х.Г-ын өмгөөлөгч хохирол төлбөр бүрэн төлсөн тооцоо нь дээр маргаагүй ба хохирогч Х.Г гомдол саналгүй тухай бичгээр санал хүсэлтийг хэрэгт нотлох баримтаар байхад П.Бт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэж зааж дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4 хэсэгт “Хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно.” гэж заасан. Хохирогч Х.Г-ын өмгөөлөгч тус шүүх хуралд яллах байр сууринаас оролцсон нь шүүх өмгөөлөгчийн саналаар шүүгдэгч П.Бт 3 жилийн хорих ял оногдуулсан гэж ойлгогдохоор байна.

Иймд шүүгдэгч П.Бын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал эхнэр А.Мөнхчимэг нь Япон улсад дадлагжих ажилтнаар явж бага насны хоёр хүүхэдтэй үлдсэн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Бт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Давж заалдах гомдолдоо гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эхнэрийнх нь Япон улсад дадлагажигч ажилтнаар явж байгаа тухай тодорхойлолт, мөн тухайн улсын визийг дарсан гадаад паспортын хуулбар зэргийг хавсаргаж өгсөн болно. Харин шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа нотлох баримтын хувьд бөөрний архаг үрэвсэлтэй гэсэн эмнэлгийн тодорхойлолтыг хувийн байдалтай нь холбогдуулан өгч байна.” гэв.

Шүүгдэгч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энд байгаа бүх хүнээс уучлал гуйж байна. Миний болгоомжгүй байдлаас болж эрдэнэт хүний амь нас эрсдэж, хүний эрүүл мэндэд хохирол учирсанд би маш их харамсаж байна. Хүний амь нас, эрүүл мэндийг юугаар ч сольж болшгүй зүйл гэдгийг бүрэн ухамсарлаж өөрт байгаа боломж бололцоогоо ашиглаж, өр зээл тавьж хоёр хохирогч талдаа хүнлэг, хүлцэнгүй байдлаар хандаж хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан билээ. Миний ар гэрийн байдлын хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Өөрөө өсгөн бойжуулж, ар гэрийн санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг байсан. Иймд эрхэм шүүгчид та бүхэн надад холбогдсон тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Намайг уучлаарай.” гэв.

Хохирогч Х.Г-ын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Өөрийгөө илэрхийлэх чадваргүй, байнгын асаргаанд орсон нөхцөл байдалд байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчийг ялын санал гаргасан гэж байна. Миний хувьд тухайн өмгөөлөгчийн ялын санал гаргаагүй, зөвхөн хохирогчийн байр суурийг илэрхийлсэн байх гэж бодож байна. Энэ гэмт хэргийн улмаас нэг хүн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн бөгөөд хор уршиг огт арилаагүй. Хохирол төлбөр төлсөн хэдий ч хохирогчийн хувьд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хүнд байдалтай, шүүх хуралдаанд оролцож чадахгүй учраас өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцож байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Энэхүү шударга ёсны зарчимд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нийцсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь хохирол төлбөрт 18.300.000 төгрөгийг өгсөн гэдэг боловч уг мөнгө зөвхөн буяны үйл ажиллагаанд зарцуулсан мөнгө юм. Түүнээс биш надад өгч, миний амьдрал ахуй дээшилсэн зүйл байхгүй. Шүүгдэгч өмнө нь 2 жил гаруй гадуур явсны эцэст анхан шатны шүүхээс 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан. Гэтэл энэ хугацаандаа огт харьцаагүй, эргэж тойроогүй, мөнгө төгрөгийн тусламж ч үзүүлээгүй. Тийм учраас би түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээх саналтай байна. Шинэ хууль гарсан гэсэн тул тухайн хуулийн дагуу би хохирол төлбөр гаргуулж авмаар байна. Би хоёр хүүхэд, 4 ачтай. Манай талийгаач амьдрал ахуй, бүх зүйлээ авч явдаг байсан. Эхнэр маань нас барснаас хойш миний амьдрал сүйрсэн. Би урьд нь өмгөөлөгч Ганхуягт “үйлчлүүлэгчтэйгээ хамт хүрч ирээд амьдрал ахуйтай минь танилц, урьд нь яаж амьдарч байсан, одоо ямархуу байдалтай байгааг хар” гэж хэлсэн боловч танилцаагүй, очиж үзээгүй. П.Б бид хоёрын гэр ойрхон, жалганы наана, цаана байдаг. Би айлын хашаанд амьдардаг, нүүж чадаагүй ба 60 хүрч байгаа намайг ямар ч ажилд авахгүй. Би өөрийн ханьтайгаа хувиараа жижиг бизнес эрхэлдэг байсан ч одоо бизнес маань нурсан.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өмгөөлөгч Ц.Сайнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Давж заалдах гомдлын агуулгад зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглээгүй гэдэг талаар ярьж байна. Гэтэл уг заалт нь шүүхийн заавал хэрэглэх зохицуулалт биш бөгөөд  хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хувийн байдал зэргийг бүх талаас нь дүгнэж үзээд хэрэглэж болно гэсэн зохицуулалт юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй гэж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын хувьд зөвхөн оршуулгын зардалтай холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Өрхийн гол орлогыг олж байсан хүн нь амь хохирогч бөгөөд түүний нэгдүгээр эмнэлгийн гадна худалдан борлуулж байсан жижиг барааны орлогоос амьжиргаагаа залгуулж байсан. Энэ талаар хохирогч П.Бт хэлж байсан ч ямар нэгэн туслалцаа үзүүлээгүйд маш их гомдолтой байдаг. Хэрэг анх болсон нөхцөл байдлын зургаас үзэхэд амь хохирогчийн бие энд тэнд салж унасан, нүд нь мултарсан байдалтай байсан ба үүнийг харсан ар гэрийнхэн нь сэтгэцийн хувьд хүнд байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор тухайн газраасаа нүүе, тодорхой хэмжээнд дэмжлэг туслалцаа үзүүлээч гэхэд үзүүлээгүй учраас гомдолтой байдаг. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоож, хуульд заасан журмын дагуу холбогдох хариуцлагыг үндэслэл бүхий оногдуулсан нь хор уршигт нийцсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Ч.БатБ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Бын хувьд гэм буруугийн талаар маргаагүй боловч уг зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хүний амь нас хохирсон учраас хор уршиг арилах боломжгүй. П.Бын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар тогтоогдож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ. Амь хохирогч болон хохирогч Х.Г-ын хувьд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Шүүх шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн бага буюу 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Ийнхүү шийтгэснийг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч П.Бт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамжны замд “Hyundai County” маркийн 90-80 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Агийн амь нас хохирсон, явган зорчигч Х.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-701 тоотод байрлах гэртээ байж байтал манай эхнэрийн дүүгийн хүүхэд манай гэрт 22 цаг 30 минутын үед орж ирээд “гудамжинд нэг хүн автобусанд мөргүүлээд амь нас нь хохирсон байна” гэж хэлсэн. Тэгээд би хэлэнгүүт нь гараад ослын газар очтол манай эхнэр Алгирмаагийн цүнх нь газар уначихсан, өмсөж байсан гутал нь сугарчихсан байхаар нь би тэр эд зүйлүүдээр нь таньсан. ...” /1хх 33/,

хохирогч Х.Г-ын “...2021 оны 8 дугаар сарын 5-ны өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад пиво уух гээд 7 буудал орсон. Тэгээд би хүнтэй нийлдэггүй болохоор 7 буудлын гүүрэн доор лаазтай пиво 4 ширхгийг уусан. Тэгээд дараа нь дахиад хэдэн ширхэг пиво уусан. ...Тэгээд би их согтсон байсан ба харих замдаа 7 буудал дээр 1 хүнтэй таараад хамт явж байсан санагдаж байна. Тэгээд нэг мэдсэн толгойны хагалгаанд орсон байсан. Эмч хэлэхээр нь мэдсэн. Тухайн ослын талаар юу ч санахгүй байна. ...” /1хх 78-79/,

гэрч А.Мөнхчимэгийн “...22 цаг 07 минутын үед Б залгаад “хүрээд ир автобус асахгүй байна” гэхээр нь би явж очоод тэр айлын 2 ахын хамт автобусны араас нь түлхээд асаах гээд манай нөхөр жолоон дээр суугаад түлхсэн чинь бид нар дийлэхгүй байж байгаад “дахиад нэг түлхээд үзье” гээд жоохон огцом түлхсэн. Гэтэл автобус гэнэт хөдлөөд 1-2 секунтын хооронд “пид, пад” гээд явсан. Хойноос нь бид хэд гүйлдээд “юу болчихвоо” гээд очиход манай нөхөр автобуснаас бууж ирээд “хайраа би хүн дайрчихлаа” гээд өмнөөс орилоод байсан. Манай хүн айлын хашаа мөргөөд нэг ах жалганы ирмэг өвсөн дээр, нөгөө эгч бага зэрэг хажуу тийшээ харсан толгой хэсэг нь бяцарсан юм шиг харагдсан. Эрэгтэй хүн нь согтуу юм шиг амьсгаатай юм ярихгүй, гар хөлөө хөдөлгөөд асуултад хариулахгүй зовуурьтай байсан. Би хамт байсан айлын хүний гар утсыг аваад 102, 103 дуудлага өгсөн. ...” /1хх 113/,

гэрч А.Гансүхийн “...Б гэдэг хүн 2021 оны 7 дугаар сарын эхээр хүүхдийн шар автобусыг манай хашаанд “сургууль ортол тавьчихъя” гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн юм. Би 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд автобусны жолоочийн аав Пүрэвжавыг таньдаг болохоор “хүүхэд дээ манай хашаанд тавьсан байгаа автобусаа байшин талруугаа тавиад зайчлаад өг” гэж хэлтэл, автобусны жолооч Б орой 21 цаг 40 минутын орчимд ирээд автобус нь дотроо орж суугаад “аккумлятор суучихсан байна” гэж хэлээд жолооч манай хашааны хаалгыг онгойлгоод “гудамжны уруу газар луу автобусаа түрж асаана” гээд байхаар нь би “яахын бэ хэрэггүй байлгүй дээ” гээд хэлтэл Б эхнэр лүүгээ залгаад “машин түрээд өг” гээд дуудсан. Тэгээд байж байтал манай ах ГанБ ирж таарсан. Эхнэрээ руль дээр нь суулгаад өөрсдөө түрэх гээд байхаар нь би “боль” гээд хэлтэл Б өөрөө жолооныхоо ард суугаад Бын эхнэр, би, манай ах ГанБ бид 3 машиныг түртэл автобус уруу газар зогссон байсан. Жолооч араандаа хийсэн үү яасан автобус нэг гулдчаад тэр чигтээ хашааны хаалгаар гараад явсан. Тэгээд хартал гудамжны доод талд очоод айлын хашаа мөргөөд зогссон байсан. Би гудамжны доошоо уруудаад очих гэтэл шороон зам дээр нэг хүн хэвтчихсэн байхаар нь эхнэр нь түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1хх 116/,

шинжээч С.Мөнхдалайгийн “...Тээврийн хэрэгслийн тоормосны механизмын эд ангид үзлэг хийх явцдаа тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн асаах болон асаахгүй байдлаар тоормосны механизмын ажиллагааг шалгахад хэвийн ажиллаж байсан. ...” /2хх 7-13/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1575 дугаартай “...Талийгаач Ч.Агийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн амь насанд аюултай гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь ослын улмаас нэгэн зэрэг үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн дарааллыг нь тогтоох боломжгүй байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач Ч.А нь амь насыг аврах боломжгүй дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...талийгаач Ч.А нь согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байна. ...” /2хх 16-31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7143 дугаартай “...Х.Г-ын биед гавлын баруун зулай, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, уг хугарлуудаас салаалсан гавлын суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн голомтлог цусархаг няцрал, бүсэлхий нуруу, зүүн шилбэнд зулгаралт, баруун тохой, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /2хх 36-38/ гэх дүгнэлтүүд,

            Тээврийн цагдаагийн албаны 226 дугаартай мөрдөгчийн “...“Hyundai Country” маркийн 90-80 УБХ улсын дугаартай автобусны жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Х.Г, Ч.А нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” /2хх 41-42/ гэх магадлагаа болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-23/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Быг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.Бын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Агийн амь насыг хохироосон, Х.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Л.Батаа “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч П.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хэдий ч энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учиран хөгжлийн бэрхшээлтэй болсон нөхцөл байдал, хор уршиг арилаагүй зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, учруулсан хор хохирлын гэм бурууд нь тохирсон ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч П.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний энэ өдрийг хүртэл 97 /ерэн долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ