Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2021/00022   

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00212 дугаар шийдвэртэй, Х.А-ийн нэхэмжлэлтэй, Цэнгэл сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Жирэмсний амралт авсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч ажилтай Н.Е- нь ажилд орох хүртэл тус газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Х.А- нь Цэнгэл сумын ЗДТГ-ын үйлчлэгчээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт авсан үйлчлэгч Н.Е-ийн оронд ажиллаж байсан. Гэтэл намайг Цэнгэл сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Х.С-д 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар ямар ч үндэслэлгүйгээр уг ажлаас чөлөөлсөн. Би тус сумын ЗДТГ, Засаг дарга нарт олон жил өрх, гэр бүлийн талаарх гачигдал зовлонг хэлж өргөдөл гаргаснаар намайг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗДТГ-ын даргын Б/03 дугаар тушаалаар сумын кобоны үйлчлэгчээр томилж, сар бүрийн цалинг 150000 төгрөгөөр тогтоосон. Манай ам бүл 8, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, нөхөр ажил эрхлэх чадваргүй өвчтэй тул өрхөд миний сар бүр олох 150000 төгрөгөөс өөр орлогогүй.Тус газрын үйлчлэгч Н.Е- нь жирэмсний амралт авахаар нь түүний оронд түр хугацаагаар хавсран ажиллая гэж хүсэлт гаргаснаар сумын удирдлагууд хэлэлцээд намайг томилсон байсан. Иймд миний хууль ёсны эрх ашиг, сонирхол ноцтойгоор зөрчигдсөн тул намайг жирэмсний амралт авсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч ажилтай Н.Е- нь ажилд орох хүртэл Цэнгэл сумын ЗДТГ-ын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарт: “Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас үйлчлэгч ажилтай Е- 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт авч тус ажлын байранд ЗДТГ-ын дарга Б.Т 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х.А-ийг ажилд авах тухай Б/11 тушаал гаргасан байна. Дээрх тушаалыг гаргахдаа Засаг даргын Тамгын газрын дарга Б.Т өөрийнхөө 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажилд авсан Х.А-ийг давхар ажилд авсан асуудлаар урьд өмнө ЗДТГ-т ажил хүссэн өргөдөл гаргасан иргэд гомдол гаргасны дагуу хянаж үзээд давхар ажил эрхэлж цалин хөлс авч байгаа иргэн Х.А-тэй уулзаж, 2 ажлын байрны аль нэгэнд ажиллахыг санал болгосон. Х.А- нь уг саналыг судлан үзээд өөрийн хүсэлтээр байнгын ажлын байр болох кабоны үйлчлэгчийн ажлын байрыг сонгосон. Х.А-ийн саналыг сонсох ажилд сумын ИТХ-ын дарга А.Ж оролцож, олгож байгаа хөлсийг 50000 төгрөгөөр нэмэгдүүлж сард 200,000 төгрөг олгуулж өгөх талаар баталгаа гаргаж өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг судлан үзэж Х.А-ийг ЗДТГ-ын түр ажлын байранд ажилд авсан тушаалыг хүчингүй болгож амьдралын түвшин доогуур ямар нэг орлогогүй 6 ам бүлтэй өрхийн нэг хүний түр ажиллуулж байгаа. Х-ын А-ийг ажилд авах тухай 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсэг хүн ажилд авах талаар ямар нэгэн заалт алга байна. Мөн тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 гэдэг заалт тус хуульд огт байхгүй байна. Х.А-ийг ажилд авах тухай Засаг даргын Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаал нь илт хууль захиргааны акт тул гарсан цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Иймд Х.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00212 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-ийг жирэмсний амралт авсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГ-ын үйлчлэгч ажилтай Н.Е- нь ажилд орох хүртэл тус газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэжээ.   

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Би Цэнгэл сумын 9 дүгээр багт нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Ам бүл 7, өөрийн гэсэн орон гэргүй нэн ядуу хүн. Энэ байдлаа хэлж сумын захиргааны дарга Б.Тад 8 жилийн турш ажилд орох талаар өргөдөл гаргасан боловч миний өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй. Би 15 сая төгрөгөөр 25 настай хүүхдийнхээ хагалгааг хийлгэсэн, нэгэн зэрэг 4 оюутан сургасан. Одоо 2 оюутан сургаж байгаа. Аж амьдрал маань маш хэцүү. Би 4 сар ч гэсэн гарсан сул орон тоонд ажиллах тухай өргөдлөө хурлын дарга Ж-д гаргаад, Ж “та ажиллаарай, Х.А- нь 150000 төгрөгийн ч гэсэн тогтмол цалинтай дээрээс нь түүнд 50 мянган төгрөг нэмж, 200000 төгрөгийн байнгын ажлын байрны цалинтай болгож байна. Шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид бид ядуу иргэдэд тэгш хандаж, аль болох бүгдийг нь ажилтай болгохоор ажиллана” гэсэн болохоор би тус орон тоонд ажилласан. Би өөрөө боловсрол эзэмшиж чадаагүй ч гэсэн хүүхдүүдээ боловсролтой болгохын төлөө банкнаас маш их хэмжээний зээл авсан. Одоо 2 банканд зээлтэй. Зээлийн нийт хэмжээ нь 20 сая төгрөг хүрч байна. Би 10 жил хувийн хэвшилд ажиллаж байсан. Х.А- нь 4 сарын ажлын төлөө ингэж шүүхээр заргалдаж явж байгаа шалтгаан нь Б.Т даргын хийж байгаа ажил гэж бодож байна. Үүнд маш их гомдолтой байна. Б.Т дарга удаан жил сумын захиргааны даргаар ажиллахдаа иргэдийг намын гишүүнчлэлээр нь ялгаж, ядуу бидэн шиг хүмүүсийг нохойноос доор үздэг. Би ямар нэгэн намд харьяалагддаггүй атлаа биднийг гаднаас нь дүгнээд энэ хэдэн ядуучууд арчилсан намд хамаатан, садантай гэх мэтээр харьцаж ажилд авахгүй. Нэхэмжлэл гаргасан Х.А- нь байнгын ажилтай учраас түр орон тоонд ажиллаж байгаа нь өөрт нь ашиггүй, түүний байдал доордоно. Тэгээд ч 2 ажлыг давхар хийж байгаа нь тэгш бус байна. Нэг ядуу олон зээлтэй бидэн шиг хүмүүсийг шүүх хүртэл ялгаж хуулиар олгосон эрхээ эдлүүлэхгүйгээр буруу шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Жишээлбэл, би Х.А- шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдаан нь болох гэж байгааг нь мэдээд Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч А.Жархынгүлд өргөдөл гаргаж, намайг гуравдагч этгээдээр татан оролцуулах гэсэн хүсэлт гаргаж, тус хэрэгт намайг гуравдагч этгээдээр татаж оруулсан боловч хэргийн материалыг танилцуулаагүй, эрх, үүргийг ч танилцуулаагүй, ядаж Үндсэн хуульд заасан өмгөөлөгч авах эрхээр минь хангаагүй явдалд гомдолтой байна. Мөн надад хариу тайлбар гаргаж өгөх боломжийг олгохгүйгээр шууд хуралдаан хийж Х.А-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж намайг ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Б.Т дарга шүүхээс ийм шийдвэр гарсан гэж намайг ажлаас чөлөөлсөн байгаа. Одоо би ямар ч орлогогүй болсонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний хуулиар олгосон эрхийг эдлүүлэн дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Шийдвэр хууль ёсны байна гэдэгт материаллаг хуулийг болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай процессын хэм хэмжээг хэргийн үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээс зөв зохистой хэрэглэснийг ойлгоно.

 

Гэтэл анхан шатны шүүх М.Б-ийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг хангаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШЗ2021/00589 дугаар шүүгчийн захирамжаар түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж, мөн өдөр эрх, үүрэг тайлбарлан, хэргийн материалыг танилцуулан, тухайн цаг мөчид мөн өдрийн 13.00 цагт эхлэх шүүх хуралдааны товыг мэдэгдэж, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13.00 цагт эхэлсэн шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн дээрх үйл ажиллагааг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б-ийн гарын үсэг зурж баталгаажуулсан баримтуудаас дүгнэвэл, анхан шатны шүүх гуравдагч этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулсан нь баримтаар тогтоогдож байх боловч түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүргээ, тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр шууд шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг шүүхээс бүрэн, хангалттай олгох нь түүний шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн баталгааг хангаж буй нэгэн хэлбэр юм.

 

Энэ талаар гуравдагч этгээд М.Б-ийн “надад хариу тайлбар гаргаж өгөх боломжийг олгохгүйгээр шууд хуралдаан хийсэн, ... миний хуулиар олгосон эрхийг эдлүүлэн дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй.

 

Хуульд зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б-ийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

С.ӨМИРБЕК