Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2021/00023     

 

   А.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2021/00102 дугаар шийдвэртэй, А.Е-ын нэхэмжлэлтэй, С сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч А.Е, хариуцагчийн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Байгонак нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч А.Е миний цалин хөлсийг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ТҮЭМ-7 дугаар зэрэглэлээр цаашид сар бүр цалинжуулж байхыг үүрэг болгохыг, цалингийн зөрүү 1851408 төгрөг гаргуулах тухай.  

 

Нэхэмжлэлд: “А.Е би С сумын Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмчээр тус төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай тушаалаар томилогдсон.Энэхүү тушаалын 2 дахь заалтаар А.Е-ын цалин хөлсийг зохих журмаар олгохыг ня-бо /А.Т/-д, зөвшөөрсүгэй хэмээн тусгасан байдаг. Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар эх барих эмэгтэйчүүдийн эмчийн цалин хөлсийг ТҮЭМ-7-оор цалинжуулахаар зохицуулсан бөгөөд надтай тус сумын ЭМТ-ийн дарга хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шинээр хийсэн ба миний сарын цалинг хөдөлмөрийн гэрээний 1.5 дахь хэсэгт 8857637 төгрөгөөр тодорхой заасан болно. Гэтэл миний цалинг ТҮЭМ-5 зэрэглэлээр цалинжуулж миний хөдөлмөрлөх, цалин хөлсийг бүрэн авах эрхийг маань зөрчиж, өнөөдөр хүртэл сар бүр 200712 төгрөгөөр дутуу олгож намайг хохироосоор байна. Энэ талаар эхлээд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж өргөдлөө гаргасан ба тус газрын даргын 2020 оны 3-р сарын 10-ны өдрийн 01/145 дугаартай албан бичгээр цалингийн зэрэглэлийн тухай асуудлыг буюу А.Е миний цалин хөлсийг дээрх Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ-7 зэрэглэлээр цалинжуулахыг зүйтэй гэсэн бичгийг сумын Эрүүл мэндийн төвийн даргад хүргүүлсэн боловч өдий хүртэл элдэв шалтаг зааж намайг хохироож байна. Иймд С сумын Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч А.Е миний цалин хөлсийг Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ТҮЭМ-7 дугаар зэрэглэлээр цаашид сар бүр цалинжуулж байхыг даалгаж, батлагдсан сарын цалинг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдөр хүртэл хугацааны дутуу цалин болох 1851408 төгрөгийг С сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Гомдол гаргагч А.Е нь манай эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Тухайн үед ТҮЭМ-5 шатлалаар цалинжуулж байсан ба 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хийсэн хөдөлмөрийн гэрээнд ч гэсэн 731,369 төгрөг буюу ТҮЭМ-5 шатлалаар цалинжуулахаар хөдөлмөрийн гэрээ хийж гарын үсэг зурж, тамга дарсан байсан. Гэвч гомдол гаргагч А.Е нь надтай хийсэн хөдөлмөрийн гэрээний эхний хуудсыг хуулж аваад шинээр засаж ТҮЭМ-7 шатлалаар цалинжуулахаар өөрөө бичиж хуурамчаар бүрдүүлж тавьсан байсан. Энэхүү асуудлыг би Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болно. Тухайн ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээн дээр тодорхой тусгасан ба түүнийг үндэслээд нягтлан бодогч тухайн ажилтны цалин хөлсийг олгож ирсэн.

Засгийн Газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ТҮЭМ-7 шатлалаар зөвхөн аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн орлогч дарга нар, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй адилтгах байгууллагын дарга, мөн тухай байгууллагад ажилладаг эмч нар цалинжих ёстой гэж тодорхой заасан байна. ТҮЭМ-6 шатлалаар сум дундын эмнэлэг, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нар цалинжина, ТҮЭМ-5 шатлалаар сум, тосгоны эрүүл мэндийн төвийн хүний их эмч мэргэжилтэй ерөнхий мэргэжлийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа эмч нар авах ёстой гэж тодорхой заасан. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүл Мэндийн Яамнаас ирсэн 4-1/1845 дугаар албан тоотод сумын эрүүл мэндийн их эмч нарыг ТҮЭМ-5 шатлалаар цалинжуулах чиглэл хүргүүлсэн. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Х.Берген 2020 оны 11 дүгээр сард манай байгууллагад хийсэн санхүүгийн хяналт шалгалтын үер эмч А.Е нь цалин хөлстэй холбоотой өргөдөл гаргасан учир түүний дагуу шалгаж А.Е-ын цалинг ТҮЭМ-7 шатлалаар цалинжуулахаар манайд албан шаардлага хүргүүлсэн ба дээрх албан шаардлагыг дахин хянаж хариу хүргүүлэх талаар Санхүүгийн хяналт, аудитын албанд албан тоот хүргүүлсэн байгаа.” гэжээ.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2021/00102 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар нэхэмжлэгч А.Е-ын С сумын Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн цалин хөлсийг Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ТҮЭМ-7 дугаар зэрэглэлээр цаашид сар бүр цалинжуулж байхыг үүрэг болгохыг, цалингийн зөрүү 2,449,559 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.     

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “1. ...Тус төвийн дарга Т.Н-ы нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг үнэн, худлыг нягтлан шалгаж шударгаар дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч нябо нь зөвшөөрөхгүйгээс болж байгаа юм шиг ойлголт зүй ёсоор төрж байна. Хариуцагчийн дээрх тайлбар нь ор үндэслэлгүй бөгөөд түүний сейфэнд байсан хувийн хэргийг би авах боломжгүй, шүүх хуралдаанаас миний энэ талаар өгсөн тайлбарыг анхаарч үзээгүй, хөдөлмөрийн уг гэрээнүүдийн хувийг харьцуулан үзэж 731.369 төгрөг гэсэн тоо баллагдсан эсэх, гэрээг нэг хүн бичсэн эсэх, 2 хүний гарын үсгээр бичигдсэн эсэхийг шүүх хуралдаанаас шинжлэн үзээгүй. Мөн хариуцагчийн "...аймгийн ЭМГ-ын даргын 2019.04.08-ны өдрийн №369 дүгээр "Зөвлөмж" хүчингүй болчихсон" гэж байгаа нь худлаа бөгөөд өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байгаа. Надтай яг адилхан эх барих эмэгтэйчүүдийн судлалын эмч нар болох Баяннуур сумын М, Толбо сумын Н, Дэлүүн сумын С, Улаанхус сумын Ж, Буянтсумын Е, Цагааннуур тосгоны Ма зэрэг эх барих эмэгтэйчүүдийн судлалын эмчийн орон тоогоор ажиллаж байгаа бусад бүх сумуудын эмч нар Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл"-ийн ТҮЭМ-7 шатлалаар цалинжиж байна. Энэ бүхэн бодит нотлох баримтууд бэлэн байхад анхан шатны шүүхийн шүүгч зөвхөн нэг талыг барьж шийдвэрийн үндэслэх хэсгийн 5,6,7,12,13 дах хэсэгт "хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна" гэх маягаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг буруу тайлбарлан бичсэн гэж үзэж байна.

Шүүгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалтыг ойлгоогүйд харамсаж байна. /Бид Төлек омгийнхон учир бие биеэ сайн мэддэг бөгөөд шүүгч К.Бүлдирген нь хариуцагч Т.Н-ы хадам эгч болох садны хүн мөн боловч энэ шийдвэр гаргахдаа өөрийн садны талд нөлөөлөөгүй байх гэж бодож байна.../

2....би цалингийн зөрүүг шүүхийн журмаар шийдвэрлэхээс өмнө бусад эрх бүхий этгээд болох Аймгийн МХГ, С суман шалгалтаар очсон аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын Албанд хандсан талаарх бүх материалууд хавтаст хэрэгт байгаа боловч шүүгч нэг талыг барьж миний шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудыг авч хэлэлцээгүйд гомдолтой байна.Шүүгч миний нэхэмжлэлийг хүлээн авсан үед болон шүүх хуралдаан хүртэл "хөөн хэлэлцэх хугацаа"-ны талаар нэг ч удаа надаас асууж лавлаагүй атлаа шүүх хуралдаанд хариуцагч миний нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбаргүй болчхоод байхаар нь шүүгч миний дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж чадалгүйгээр хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэхгүйгээр "чи нэхэмжлэлээ хугацаанд өгөөгүй байна гэсэн үндэслэл" зааж миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүгч энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгт мөн ажилтан ажлаас халагдсан тухай гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Цагдаа, Прокурорын байгууллага зэрэг эрх бүхий этгээдэд гомдол гаргаж байсан нь тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шууд үндэслэл болохгүй гэж уг шийдвэр гарах үндэслэл болгож бичсэн нь өөрөө шууд нэг талыг барьж гаргасан шийдвэр мөн байна гэж үзэхээс аргагүй байна. Учир нь би ажлаас халагдсан гэж нэхэмжлэл гаргаагүй, би Үйлдвэрчний байгууллага, Цагдаа, Прокурорын байгууллагад ажлаас халагдсан гэж өргөдөл гомдол гаргаж байгаагүй хүн. Шүүгч миний нэхэмжлэлийн шаардлагын утгыг ойлгоогүй , эсхүл ойлгохыг хүсээгүй бөгөөд намайг хууль мэдэхгүй гэсэн санаагаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон энэхүү дүгнэлт нь миний нэхэмжлэлийг зориуд хэрэгсэхгүй болгосон байна гэж үзэж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлснийг зааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөр шүүгчээр дахин шалгуулж хянан шийдвэрлүүлэхийг хүсэж байна.” гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Е, хариуцагч Т.Н нар “Хариуцагч байгууллага болох С сумын Эрүүл мэндийн төвийг төлөөлж, салбарын дарга Т.Н, нэхэмжлэгч тус сумын Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч А.Е бид дараах эвлэрлийн гэрээг байгууллаа. 1. Нэхэмжлэгч А.Е-ын сарын цалинг Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан ТҮЭМ-7-1 шатлалаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалинжуулж байхаар, 2. Нэхэмжлэгч А.Е-ын нэхэмжилж байсан 2,499,559 төгрөгийн 2,199,559 төгрөгийг чөлөөлж, үлдсэн 250,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сар хүртэл А.Ед олгохоор” харилцан тохиролцож, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийн 128.1.8 дахь заалтад нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяагийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4-1/1845 дугаар албан бичгээр /1хх-ийн 33 хуудас/ “Сум дундын эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн их эмч нар эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал судлалын албан тушаалд ажиллаж байгаа, тухайн мэргэжлээр нарийн мэргэжил эзэмшсэн тохиолдолд ТҮЭМ-7 шатлалаар цалинг тогтооно” гэж,  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 369 дүгээр албан бичгээр “тухайн байгууллагын баталагдсан орон тооны бүтэц бүхий үндсэн ба төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал судлалын эмч нарыг ТҮЭМ-7 зэрэглэлд хамруулах” гэж зөвлөмж хүргүүлж байснаас дүгнэвэл зохигчийн эвлэрэл нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл батлах тухай” 1 дүгээр хавсралтад нийцсэн байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийн 128.1.8 дахь заалтыг баримтлан зохигчдын эвлэрлийн гэрээг батлах үндэслэлтэй.

 

Зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг хэргийн оролцогчдод тайлбарлах нь зүйтэй байна.

 

Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Байгонак байлцаж, хууль зүйн туслалцаа үзүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хуульд зааснаар А.Е-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114772.00 төгрөгийг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125142 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2021/00102 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийн 128.1.8 дахь заалтыг баримтлан “С сумын Эрүүл мэндийн төвийг төлөөлж, салбарын дарга Т.Н, нэхэмжлэгч тус сумын Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч А.Е бид доорх эвлэрлийн гэрээг байгууллаа. 1. Нэхэмжлэгч А.Е-ын сарын цалинг Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “ТҮЭМ-7-1” зэрэглэлээр /шатлалаар/ 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалинжуулж байхаар, 2. Нэхэмжлэгч А.Е-ын нэхэмжилж байсан 2.499.559 төгрөгийн 2.199.559 төгрөгийг чөлөөлж, үлдсэн 250,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сар хүртэл А.Ед олгохоор харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Е-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114772.00 төгрөгийг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125142.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

                                                            

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ