| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0060/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/67 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Э.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г холбогдох эрүүгийн 1838001070057 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Гнь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Мааньт хороололын ... тоотод оршин суух иргэн Н.Дбайшингийн цонхоор нэвтрэн орж “Бурхан багш” нэртэй бурхан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Гнь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Мааньт хороололын ... тоотод оршин суух иргэн Н.Дбайшингийн цонхоор нэвтрэн орж “Бурхан багш” нэртэй бурхан хулгайлж 1.800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Цогтбаяр ахын хашааны цоорхойгоор нь хашаа руу явж ороод байшингийнх нь цонхыг түлхэж үзэхэд онгойчихсон. Тэгэхээр нь онгойлгочихсон цонхоор нь ороод хойморт байсан авдарны дээр байсан бурхны хайрцагийг онгойлгоод бурхан аваад буцаж орж ирсэн газраараа гарсан. Хулгайлсан бурхнаа аваад Улаанбаатар хот ороод урт цагаан дээр очоод 2 хүнд бурханыхаа зургийг үзүүлэхэд орчин үеийн бурхан байна үнэ хүрэхгүй гэж байсан. Тэгээд гараад явж байтал нэг ах ирээд бурхныг чинь үзье гээд үзүүлэхэд хэд гэж байгаан гэснээ тэр ах өөрийгөө цагдаа байна гээд үнэмлэхээ гаргаж үзүүлээд цагдаагийн газар руу авч явсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Манай охин ээжээ манай бурхан алга болчихсон байна ш дээ гэхээр нь хартал авдар дээр торхон дотор байсан Бурхан багш нэртэй бурхан маань байхгүй болсон байсан. Шаргал өнгөтэй цутгамал бурхан байсан. Өндөр нь 20 см, өргөн нь 10 гаруй см бурхан байсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч М.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэдГ манайд ирсэн. Хаанаас ирсэн талаар нь асуухад Хөвсгөлөөс ирлээ гэж байсан. Тэр орой манай найз Бямбадорж ирж хоносон. Маргааш нь Бямбадорж,Г нараар сургууль руугаа дөхүүлүүлсэн. Тэгээд тэр хоёр явсан. Орой 20 цаг өнгөрч байхад мөрдөн байцаах газраас гээд нэг хүн залгаад Элбагийн хажууд байдаг цагдаа дээр дуудаад очиход нөгөө хоёрыг гавлаад суулгасан байсан. Бямбадоржийг батлан даалтанд ав,Г Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас бурхан хулгайлсан байна, сумын цагдаа нь иртэл гаргахгүй гэж байсан.Г бурхны талаар надтай ямар нэгэн зүйл яриагүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад найз Отгонбаярынд очтолГ Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас ирсэн гээд байж байсан.Г надад хоёулаа урт цагаан оръё манай хадмын бурхан байгаа юм. Хүнд үзүүлээд үнэ тохирвол зарна гэж байсан. Тэгээд урт цагаан ороод 2-3 хүнд үзүүлэхэд орчин үеийн бурхан байна гэж байсан. Тэгээд бид хоёр байж байтал нэг ах үзье гээд үзүүлэхэд цагдаа байсан. Хулгайн бурхан гэж огт мэдээгүй хадам аавынх нь бурхан гэж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Д.Ц-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Хулгайд алдагдсан бурханыг одоогоос 14 жилийн өмнө намайг анх айл болж байхад миний ээж Б.с өвлүүлж өгсөн. Үүнээс хойш бурханаа шүтэж ирсэн. Алдсан бурханыг маань олж өгсөн болохоор надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838001070057 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Н.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Гнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Г хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1838001070057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР