Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/963

 

С.А, А.Х, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч С.А, А.Х, тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхболд,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А, А.Х, тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.А, А.Х, Б.Б нарт холбогдох 1902 00089 0118 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн С-ийн А, 19... оны .. дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, /РД:.../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. Б овгийн А-ын Х, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хэсэг, .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

3. Л овгийн Б-ын Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... тоотод түр оршин суух хаягтай, /РД:..../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8817 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 917 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

 

1. С.А нь А.Хтэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу А.Хгийн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотоос хууль бусаар олж авч, П.Эрдэнэдалай, А.Х нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсан,

улмаар П.Эрдэнэдалай, А.Х нарын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар байрны 11 тоот хаягт байрлах гэртээ хадгалж байсан дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос 19.7 граммыг П.Эрдэнэдалай, А.Х нараас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр худалдаалах зорилгоор авч, хууль бусаар өөрийн биедээ хадгалан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “X апартмент” хотхоны С блокны 82 тоот байранд авч ирэн Б.Бод 9.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг өгсөн, мөн дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос үлдсэн 10.3 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт,

 

2. А.Х нь С.Аын гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсаны дагуу, С.Атай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотоос хууль бусаар олж авсан,

гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож П.Эрдэнэдалайтай бүлэглэн дээрх 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өөрийн гар цүнхэндээ хууль бусаар хадгалан тээвэрлэж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар байрны 11 тоот өөрсдийн түр оршин суух гэртээ авч ирэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, П.Эрдэнэдалайтай бүлэглэн НҮБ-ын 1971 Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

 

3. Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “X апартмент” хотхоны С блокны 82 тоот байранд С.Ааас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 9.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдан борлуулахаар урьдчилан амлаж, С.Аыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн авч хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

            А.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар,

            Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Л овогт Б-ын Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Б овогт С-ийн А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт А-ын Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

Л овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б овогт С-ийн А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийи 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Б овогт А-ын Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Л овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан С.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар,

А.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ад оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ял, А.Хд оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Аын цагдан хоригдсон 327 /гурван зуун хорин долоо/ хоног, А.Хгийн цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоног, Б.Бын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1, №2 гэж дугаарласан мөс мэт бодис, 2 ширхэг 50 төгрөг, 1 ширхэг 10 төгрөг, 1 ширхэг 5 төгрөг, хар өнгийн жин 1 ширхэг, жижиг тэмдэглэлийн дэвтрийн хуудас 1 ширхэг, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт 1 ширхэг, 8 ширхэг 20 ширхэг 20.000 төгрөг, 1 ширхэг 10.000 төгрөг, шар өнгийн соруултай хуванцар сав, зиплок түгжээ бүхий ууттай цагаан шаргал өнгийн мөс мэт бодис, №1 дугаартай шаргал өнгийн мөс мэт бодис, гуурс мэт болгосон 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, амыг нь тайрсан 2 ширхэг тарианы усны шил, 2 ширхэг вагоны билет, толгой хэсэг нь эвдэрсэн цэнхэр өнгийн асаагуур, үзүүр хэсэгтээ цэнхэр өнгийн хуванцар соруултай гол хэсэгтээ цоолж гадна хэсэгтээ цагаан өнийн соруул мэт резин гаргасан дотор хэсэг нь ягаан өнгийн соруултай хуванцар сав, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг, хутгуур хэлбэртэй гуурс 1 ширхэг, хагарсан шилэн гаанс мэт зүйл 3 ширхэг, алаг эрээн гуурс 1 ширхэг, гар жин 2 ширхэг, урт хэлбэртэй шил 3 ширхэг, зиплок түгжээ бүхий уутнууд зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, Б.Боос үзлэгээр хураан авсан 100 долларын дэвсгэрт 1 ширхэг, 75 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт зэргийг Б.Бод буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Аын биеэс үзлэгээр хураан авсан 170.000 төгрөгийг улсын орлого болгож,

энэ хэрэгт С.А, А.Х, Б.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Б.Быг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, С.А, А.Х нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.А, А.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нөхөр дөрвөн охины хамт амьдардаг. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны хэрэг болохоос хоёр сарын өмнө Ука буюу өөрийн нэр нь Улам-Ундрах гэх таньдаг охинтойгоо 10 дугаар хороололд тааралдаад бид хоёр пабад сууж зовлон жаргал гээд зөндөө юм ярьсан. Манайд ирэн очин хоёр сар гаран байсан. Манайд байх хугацаандаа санааг минь зовтол гэр орон цэвэрлэж, хоол хийж, хувцас угаана, хүүхэд харж өгнө. Тухайн үед би нөхрийнхөө барилгын компанид ажилчдад нь хоол хийж өгдөг байсан. Ука өнчин дүү нартайгаа байдаг гэж ярьж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө манайд орж ирээд найз нь гоё юмтай ирсэн гээд хар кашлонктой мөс гэх бодис гаргаж ирсэн. Бид хоёр манай ванны өрөөнд хэрэглээд Ука усанд орчихоод өөрийнхөө куртикийг угаасан нойтон байсан учир миний куртикийг өмсөөд найз нь эд нарыг үлдээчье эргэж ирээд авъя гээд гараад явсан. Тэр орой нь манай нөхөр ажлаасаа тарж ирээд жоохон ядарсан бухимдуу ирсэн. Ука ийм юм авчирсан гээд би жоохныг тастаж аваад нөхөртэйгөө цуг хэрэглэсэн. Ука манайд байсныг манай нөхөр, хадам, найз нөхөд болон хүүхдүүд маань мэднэ. Ука ирээгүй хоёр хоноод байж байтал Х эгч хүрч ирээд ганц хоёр пиво уухуу гээд мессеж бичээд залгасан. Би Укагийн хар кашлонкноос дотор нь байсан зүйлүүдийг бүгдийн аваад кармалаад Х эгчийнд очиж цуг хэрэглээд Хгийн нөхөр Далай ахыг хайчсан бэ гэхэд ойрхон гарсан гэхээр нь би нээх удаагүй гарах гэсэн Х эгч надад жоохон үлдээгээч гээд би нэг ууттайг нь үлдээгээд хүнийх юм байгаа хүн нь хүрээд ирвэл буцаагаад авна шүү гээд нэг ууттайг нь үлдээгээд гарсан. Тэгээд такси бариад хуурай дүү болох Базуук буюу Бынд очиж бид хоёр цуг хэрэглээд Базуук надад энийгээ үлдээгээч гэхээр нь би тэгвэл буцаж ирээд цуг хэрэглэе гээд нэг ууттайг нь үлдээгээд гарсан. Базуукийнхаас гараад нэг давхарт нь хар тамхины хэлтсийнхэнд баригдсан. Хаанаас авсан хэнээс авсан гээд би Укагаас авсан гэсэн. Юугаа балай балай юм яриад хуцаад байгаа юм хэнд захисан хэнд зарсан гэдгээ хэл, хэлэхгүй юм бол чи насаараа шоронд сууна хүүхдүүд чинь 30 гарсан ч чи уулзаж чадахгүй мэдэв үү гэсэн. Хэнд зарсан захисан гэдгээ сайн бод гэсэн. Би бодож бодож Х эгч урдаас ирж таарсан болохоор Х эгчид захисан гэж хэлсэн. Тухайн үед Х эгчид захисан гэж хэлэхдээ хэрэг хийж байна гэж ерөөсөө бодоогүй хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй гэдэг үг надад маш хүнд санагдсан. Хуулийн тухай ямар ч мэдлэггүй болохоор ингэж захисан зарсан гэж хэлэх нь л гайгүй байдгийн байх л гэж бодсон. Тухайн үедээ хар тамхитай тэмцэх хэлтсийн хүн нь өөрөө ч тэгж хэлбэл чамд сайн гэж хэлсэн. Би Хд захисан Монгол Улсын хилээр оруулж ирсэн зааж зөвлөсөн буюу 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг гэдэг зүйл ангийн минь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би хэрэглэсэн, хадгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би зарна гэсэн ямар нэгэн бодол байгаагүй. Би гэрээсээ гарахдаа 200 мянган төгрөгтэй гарсан түрийвчинд маань байсан. Тэрнээс Х эгчийнд орохдоо сүү, боорцог аваад такси бариад үлдсэн 170-аад мянган төгрөг байсан. Надад ямар ч зарна гэсэн санаа бодол байхгүй учир зарсан гэсэн зүйлчлэлийг маань хөнгөрүүлж өгнө үү. Би хэрэглэсэн, хадгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 4 дүгээр сарын 18-нд энэ хэрэгт холбогдсоноос хойш ямар ч хэрэгт холбогдоогүй ямар нэгэн сэтгэцэд нөлөөлөх ямар ч бодис хэрэглээгүй дахин нэг ч удаа хэрэглээгүй дөрвөн сайхан охины ээж болчихоод ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Хүүхдүүдээ бодсон ч ахин мөс буюу сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхгүй. Эрх чөлөө гэдэг нь ямар их үнэ цэнэтэй, хайртай хүмүүс, үр хүүхдүүдээсээ хол байна гэдэг ямар хүнд хэцүү болохыг би 461 дүгээр  хаалттай хорих ангид 327 хоног байхдаа маш сайн ойлгож ухамсарласан. Мөн их харамсаж байна. Бусдыг болон өөрийгөө ийм хүнд гэмт хэрэгт холбогдуулсандаа маш их харамсаж байна. Би бага насны 3 настай, 5 настай, 8 настай мөн энэ жил 12 дугаар ангиа төгссөн амьдралын эгзэгтэй үед сонголт хийх гэж байгаа шилжилтийн насны охинтой. Мөн би нурууны гулгалттай хагалгааны заалттай, мөн байнга даралт ихэсдэг өвчтэй болсон. Эдгээрийг маань харгалзан үзэж хэрэв боломж гэж байдаг бол надад ганцхан удаа боломж олгож итгэл үзүүлэн хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж, гуйж байна.” гэв.

            Шүүгдэгч А.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2018 оноос эхлэн нөхрийн хамт наймаа хийж эхэлсэн. Хятад улсаас хүүхдийн хувцас бараа татаж эх нялхасын гадаа болон нөхрийн ах Дунхоролын торгоны замд байдаг дэлгүүр дээр заруулдаг байсан ба нөхөр Эрдэнэдалай маань машинаараа таксинд явж би бараагаа заран нөхрийн нэр дээр байдаг хоёр өрөө байр болон миний нэр дээр байдаг нэг өрөө байрыг түрээслэн дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдарч ирсэн. 2019 оны 4 дүгээр сард нөхөр маань ах Дэрэмд хоёр өрөө байраа зарж урьдчилгаа 10 сая төгрөгийг Эрдэнэдайлайд өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 15-нд нөхрийн хамт Хятадын Бээжин хотоос хүүхэд нярайн хувцас хэрэглэл авчрахаар явсан. Нөхөр маань машин авах бодолтой байсан боловч ах Дунхоролийн зөвлөснөөр байр зарсан мөнгийг наймаандаа нэмэрлэхээр болсон. Энэ бүхэн ах Дунхорол болон Дэрэм ахын мэдүүлэгт байгаа болно. Бээжингийн автобусны билетийг ирэх буцахтай нь авчихсан учир цагтаа амжих гэж яаран бараагаа авах, боож баглах, каргонд ачуулах гэж гүйж явахдаа нөхрөөсөө нэг ч алхам холдоогүй. Үүрээр ирсэн автобусандаа өдрийн 13 цагт амжиж суун буцсан юм. 18-ны өглөө Улаанбаатар хотод гэртээ ирээд Аыг чихэр жимс өгье хамт ганц хоёр лааз пиво уух гэж дуудсан А ирсэн. Би пиво уухуу урдаас пиво авчирсан гэхэд А пиво уухгүйгээ өөр юм үзүүлье гээд гялгар ууттай зүйл гаргаж ирэн үзүүлж бид хоёр жижиг өрөөнд сорж үзсэн. Гаднаас нөхөр маань орж ирээд том өрөөнд ороход А явлаа гэсэн. Би яагаад ч юм ахиад сормоор санагдаад надад наад юмнаасаа өгчих тэхүү гэж гуйхад “Энэ хүний юм байгаа юм, хэрвээ нэхээд ирвэл буцаагаад авна шүү” гэж хэлээд нэг уутыг үлдээгээд явсан. А буцаж ирээд авчих болуу гэж бодоод чимхийн чинээ жоохныг таслан авч гялгар уутанд боосон боловч асгарчих юм шиг санагдаад скочоор ороосон. Нэг мэдсэн чинь зөндөө олон энгийн хувцастай хүмүүс ороод ирчихсэн миний гарыг ард нь гавлаж сөхрүүлэн суулгаж хэд хэд угсруулан алгадаж гуя руу өшиглөж “Чи урдаас хар тамхи авчраа биз дээ. А чамайг явуулсан биз дээ. Харуудаас авсан биз дээ гэж өндөр дуугаар загнан зандарч чичилж байсан. Би маш их өвдөж айж уйлсан. Тийм ээ тэгсэн гэж хариулсаар байсан. Намайг босгож зогсоогоод манай хажуу өрөөг түрээсэлдэг хоёр оюутныг оруулж ирэн нэгжлэг хийсэн. Дуусаад намайг хар тамхитай тэмцэх газарлуу авч явсан. Тэнд нэг байцаагч “Чи гэртээ бүх үнэнээ хүлээн зөвшөөрсөн гээ биз дээ” гээд юм бичиж дуусаад энд гарын үсгээ зур гэхэд би уншиж үзээгүй заасан газруудад гарын үсгээ зурсан. Намайг баригдаж хоригдсоноос дөрвөн хоногийн дараа буюу 22-нд Бээжингээс авсан бараа минь араас каргогоор ирсэн. Тэр үед сар гарантай жирэмсэн байсан би цохиулж баригдсанаас тав хоногийн дараа доошоо цус гарч зулбаж эхэлсэн. Хорих 0461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн тогтоох эмчилгээ хийлгэсэн боловч гарсаар байгаад үлдсэн хэсэг нь томорч чадалгүй өсөлтгүй болж цэвэрлүүлсэн. Би энэ жил 46 нас хүрч байгаа. Одоогийн нөхөртэйгөө суугаад 13 жил болоход дундаасаа хүүхэдгүй юм. Би болж бүтэж байсан хангалуун сайхан амьдралдаа ташуурч хорт бодис сорон цагдаад баригдан зодуулж арай гэж олдсон гэдсэн дэх хүүхдээ алдаж хайртай хань минь өөрийн гэсэн үр хүүхэдгүй яваад би буруутай. Тэнгэрийн гэсгээлийг хүртэн шаналж зовж яваа миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хэрэгт холбогдоод тэр хорт бодис хаанаас гарч ирснийг сураглаж хайхад Ука хочтой Улам-Ундрах 1988 онд төрсөн олон өнчин дүүтээгэй амьдардаг А бид хоёрын дундын танил Мишээл Улам-Ундрахыг таньдаг болохыг мэдсэн. Би тэр хорт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж оруулж ирээгүй. Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэглэсэн, хадгалсан маш том буруутай. Анх удаа хэрэг хийсэн болон маш ихээр харамсан гэмшиж байгаа сэтгэлийг минь харгалзан үзэж тохирох шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч С.А, А.Х нарын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд шүүгдэгч С.Аыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч А.Хг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхийг гүйцэтгэсэн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт нөлөөлж болох хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримт бүхий нөхцөл байдлыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзэлгүй орхигдуулсан, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

А.Х, П.Эрдэнэдалай нарын гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...Уг гар утасны FB, We chat, messenger хэсэг рүү ороход хэрэгт ач холбогдолтой мэдээлэл байхгүй байв.” /1хх 91-92/, мөрдөн шалгах ажиллагаанд П.Эрдэнэдалай мэдүүлэхдээ “Асуулт: Та ямар зорилгоор БНХАУ руу явсан бэ?, Хариулт: Эхнэр бид 2 одоогоос 2 жилийн өмнөөс Хятад улсаас хүүхдийн хувцас, тоглоом авч ирээд хувиараа зарж борлуулдаг болсон болохоор хамгийн сүүлд 4 сарын 14-ний өдөр замын үүд эрээн бээжин чиглэлээр явж хүүхдийн бараа татаад 4 сарын 18-ны өдөр гэртээ ирсэн. Асуулт: БНХАУ-ын бээжин хотод байхдаа Х өөрөөс тань салж тусдаа явсан, өөр хүмүүстэй уулзсан асуудал бий юу? Хариулт: Бид 2 байнга хамт байсан, надаас салж явсан удаа байхгүй.” Гэсэн /1хх 244-245/, П.Эрдэнэдалай мэдүүлэхдээ “Асуулт: А.Хгийн хамтаар БНХАУ-руу явах үедээ ямар зорилгоор явсан болох талаараа ярьна уу? Хариулт: Х бид хоёр БНХАУ-руу явах үедээ Бээжин хот руу очиж хүүхдийн бэлэн хувцас авч ирсэн. Авч ирсэн хувцас бараагаа каргонд ачуулсан байсан тул цагдаагийн байгууллагад баригдсаны дараа ирж манай төрсөн ах Дунхоролын ажиллуулдаг 13 дугаар хороололд байдаг хүүхдийн хувцасны дэлгүүрт зарагдаж байгаа.” гэсэн /1хх 246-247/, гэрч П.Доржсүрэн мэдүүлэхдээ “Асуулт: Та Полоожийн Эрдэнэдалайн хувийн амьдрал болон зан байдлын талаар ярьна уу гэхэд 2018-2019 оноос одоогийн найз Х гэх эмэгтэйг ах, эгч нар дээрээ дагуулан ирж танилцуулж байсан. ...ээжийг нас барсны дараагаас өөрийнхөө машинтай халтуур хийж мөнгө олдог түүнээс гадна заримдаа БНХАУ руу явж хүүхдийн хувцас авч ирж ах Дунхоролын ажиллуулдаг дэлгүүрт тавьж борлуулах зэргээр амьдрал ахуйгаа авч явдаг” гэсэн /1хх 131-132/, гэрч П.Дунхорол мэдүүлэхдээ “...Манай дүү Эрдэнэдалай нь зан байдлын хувьд эелдэг зөөлөн зантай ах эгч нартай тусархаг, миний ажиллуулдаг хүүхдийн хувцасны дэлгүүрт зав чөлөө гарсан үедээ тусалж дэмжиж лангуун дээр хүртэл суудаг. Мөн өөрийн найз бүсгүй Хтэй БНХАУ-ын нутаг дэвсгэрээс хүүхдийн бага сага хувцас хунар авч ирж манай лангуун дээр тавьж зарах болон гадуур зарах байдлаар ашиг орлого олж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг. ...том ах Дорждэрэм нь Эрдэнэдалайгийн байрыг худалдаж авахаар болж урьдчилгаа 10 сая төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын эхээр өгсөн байдаг. Ингээд Эрдэнэдалай тухайн үед мөнгөөрөө машин тэрэг авъя гэхээр нь би хэрэггүй одоогийн машинаа унаад явж бай. Харин мөнгөөрөө БНХАУ-аас хүүхдийн хувцас хунар манай лангуун дээр тавьж зараа, ах нь зараад өгье гэж хэлж байсан. Түүнээс хойш дүүтэйгээ холбогдоогүй ба 4 дүгээр сарын 20-ны үеэр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Над руу Орентал байрны хажууд байх каргоны газраас надтай холбогдож танд 3 ширхэг бараа ирсэн байна гэхээр нь очиж авч байсан. Тухайн үед Эрдэнэдалайгийн авч явуулсан хүүхдийн хувцас байсан тул түүнийг нь лангуун дээрээ зарж борлуулсан” гэсэн /1хх 139-140/, гэрч П.Дунхорол мэдүүлэхдээ “...Би Эрдэнэдалайд өөрөө машин авахын оронд хүүхдийн хувцас аваад ир ах нь дэлгүүртээ зараад мөнгийг нь ашигтай нь хамт өгье гэж хэлээд авхуулж байсан. Би байцаалт өгөх үедээ өөрийн гар бүртгэл хөтөлдөг дэвтрээс Эрдэнэдалайгийн явуулсан ачаан дотор хувцас эд зүйлийн тоо ширхгийг нь бичсэн байсныг хуулбарлан өгсөн” гэсэн /4хх 46 хуудас/ мэдүүлгүүд, барааны тоо болон үнэ тэмдэглэсэн гар бичмэл /1хх 142/, каргоны бичиг гар бичмэл /3хх 97/, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаагаар шүүгдэгч А.Х нь Эрээн, Бээжингээс хүүхдийн хувцас оруулж ирж зардаг гэж тайлбарладаг бөгөөд 2018, 2019 онуудад 7 удаа хилээр гарч орсон нь тогтоогддог. /2хх 108-109/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нармандах “...Би 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг гэртээ буюу Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 2/4 дүгээр байрны 4 тоотод эхнэр Аын хамтаар хэргэлсэн” /1хх 143-144/, Б.Б анх мэдүүлэхдээ “...Азаа өөрөө яаруу явж байна гээд сорж хэргэлчихээд гараад явах гэхээр нь чи наадхаа үлдээчихээч буцаж ирээд жоохон хамт байж байгаад хамт хэрэглэж байгаад аваад явахгүй юу гэхэд за гээд үлдээгээд явсан. ...Надад мөнгө болгоод өгөөч гэж хэлээгүй. Зүгээр л буцаж ирээд хамт байж байгаад авна гэж үлдээсэн” /2хх 6-7/ гэсэн эдгээр нотлох баримтаар шүүгдэгч А.Х нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйл баримт үгүйсгэгддэг. Харин БНХАУ-аас хүүхдийн хувцас оруулж ирж зарж борлуулдаг нөхцөл байдал тогтоогддог.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлеөг баталгаатай эдэлнэ: 14/ ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.” Мөн хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1.1-д “Сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;” эрхийг хуульчилсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Ааас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэг авахдаа түүнд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол хариуцлага хүлээлгэх талаар сануулсан.

Өөрөөр хэлбэл өөрт нь холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээж нэгжлэг, үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байж гэрчээр мэдүүлэг авч худал мэдүүлбэл хариуцлага хүлээлгэх талаар сануулж байгаа нь өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх цорын ганц баталгаатай эдлэх эрхийг нь зөрчиж байна. /1хх 122/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” талаар хуульчилсан. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүгдэгч А.Хгээс сэжигтнээр, шүүгдэгч С.Ааас гэрчээр мэдүүлэг авахын өмнө тестээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэргэлсэн эсэхийг шалгаж метамфетамин буюу амфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис хэргэлсэн болохыг тогтоосон мөртлөө тэднээс мансууруулах бодис хэрэглэсэн үед нь мэдүүлэг авсан. /1хх 61, 64,120,122/

Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нарын “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх” эрхийг ухамсартайгаар эдлэх эрхийг нь зөрчсөн байна. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тохиолдолд тухайн этгээд рүү чиглэсэн ажиллагаа явуулж болохгүй. Явуулсан тохиолдолд түүнийг үнэн зөв гэж үнэлэх нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл шинжилгээгээр үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоосны дараа мэдүүлэг авах ёстой байсан. Яагаад гэвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь метамфетаминий үйлчлэлийн талаар “...хэрэглэсэн үедээ хараа, сонсгол төвлөрөхөө больж сэтгэлийн хөдөлгөөн, хэл яриа удааширч, цэгцтэй ярих чадваргүй болдог” гэж тайлбарласан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд сэжигтэн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар хуульчилсан. Үүний дагуу өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч С.А, А.Х нараас мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон сэжигтнээр хууль зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй талаар мэтгэлцсэн хэдий ч анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;”-ийг шийтгэх тогтоолд тусгахаар хуульчилсанийг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг зөрчсөн ноцтой зөрчил байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан.

Шүүгдэгч А.Х, С.А нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болохыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин гэм буруутайг нотолсон үгүйсгэсэн нотлох баримтууд харилцан зөрүүтэй байна. Гэтэл шүүгдэгч А.Х, С.А нараас мөрдөн шалгах ажиллагаанд хууль зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцох нь хууль ёсны зарчимд үл нийцнэ. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.А, А.Х нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь “Ука гэдэг хүнээс мансууруулах бодис авсан” гэж хэлээгүй бөгөөд “тийм хүн байдаг талаар мэднэ” гэж хэлсэн. Мөн Ука гэдэг хүнийг олоход хамтран ажиллана гэж хүсэлт гаргаагүй. Харин өөр хүнийг олоход хамтран ажиллана гэж байсан боловч тухай хүнийг хар тамхитай тэмцэх хэлтсээс баривчилсан байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ хэрэг нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гарч, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхээр шийдвэрлэгдсэн. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг 4 жилийн хугацаанд хангалттай шалгаж, нотолбол зохих байдлуудыг нотолж, нотлох баримтуудын зөрүүтэй байдлуудыг арилгасан гэж үздэг. Мөн шүүгдэгч С.А, А.Х нарын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нарыг сэтгэцийн өөрчлөлтөд орсон үед авсан мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй” гэж байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдлийг нотлон тогтоож хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Х болон түүний өмгөөлөгчийн зүгээс мөс гэх бодисыг Ука гэх эмэгтэйгээс авсан гэж хэлж байна. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн алба хаагч нар шүүгдэгч нарын үйлдлийг хойшлуулшгүй ажиллагаагаар таслан зогсоосноор энэ хэрэг илэрсэн. Урьд энэ хэрэг нь 3 удаа шүүхээр хэлэлцэгдэж, 2 удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагдсан. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч С.Ааас “Ука” гэдэг хүний талаар мэдүүлснээр Ука гэдэг хүнийг олж тогтоохоор хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийх шүүгчийн захирамж гарсан. Прокуророос шүүгчийн захирамжид заасны дагуу Ука гэдэг хүнийг олж тогтоохоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Ука гэдэг хүн байдаг эсэх, хаана амьдардаг байсан болон түүний овог, нэрийн талаар тодорхой мэдүүлгийг шүүгдэгч нар өгдөггүй. Харин хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Х болон Эрдэнэдалай нарын гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр шүүгдэгч А.Х нь мансууруулах бодисыг Бүгд Найрамдах Хятад Ард улсаас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 21.000 юаниар худалдан авч, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны Монгол улсын хилээр нэвтрэн оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр С.Ад жаахан өгөөд үлдсэнийг нь гэртээ хадгалж байгаад цагдаагийн алба хаагчдад гаргаж өгч байна” гэсэн өгүүлэмжтэйгээр тухайн бодисыг гаргаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр А.Хгээс сэжигтнээр мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах үедээ “Та өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү” гэж асуухад, А.Х нь “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэж хэлээд дээрх хэргийн газар өгсөн мэдүүлгээ дэлгэрэнгүй байдлаар мэдүүлсэн. Мөн өдөр С.Ааас гэрчээр мэдүүлэг авахад “Хэргийн үйл баримтыг ярьсан нь А.Хгийн мэдүүлэг болон хэргийн газраас хураагдсан баримтуудтай тохирдог. Мөн шүүгдэгч Боос хамтран ажиллах хүсэлтийг прокурорын шатанд гаргасан. Хүсэлтдээ “Хужаа Ганаа, Эрдэнэ-Ундрах гэдэг хүмүүсийг мэднэ” гэж хэлдэг. Гэвч тухай үед хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн байсан учир тухайн этгээдүүдийг олж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас Ука гэдэг хүний талаар асуухад, тодорхой мэдүүлэг өгч чадаагүйн шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдсан. Шүүгдэгч А.Х болон түүний нөхөр Дунхорол нар Бүгд Найрамдах Хятад ард улсаас хүүхдийн хувцас оруулж ирдэг байсан гэж хэлж байна. Прокурорын зүгээс бараа оруулж ирдэг эсэх баримтыг үгүйсгээгүй. Харин шүүгдэгч А.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр биедээ буюу цүнхэндээ тухайн бодисыг тээвэрлэж оруулж ирсэн үйл баримтад тулгуурлаж гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэснийг зөрчсөн гэж байна. Шүүгдэгч А.Х, С.А нарын болон өмгөөлөгчийнх нь зүгээс дээрх мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах талаар урьд ярьж байгаагүй. Түүнчлэн сэтгэцийн эмгэгтэй гэсэн дүгнэлтийг Сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн шинжээчээс гаргасан дүгнэлтээр тогтоогдоогүй. Тухайн үед шүүгдэгч нарын мансуурсан байсан нь сэтгэцийн өвчтэй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй учир нотлох баримтаас хасах үндэслэлд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Х, С.А нар болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.А, А.Х, тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

С.А нь А.Хтэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотоос хууль бусаар олж авч А.Хтэй  бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсан,

улмаар А.Хгийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар байрны 11 тоот хаягт байрлах гэртээ хадгалж байсан дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос 19.7 граммыг А.Хгээс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр худалдаалах зорилгоор авч, хууль бусаар өөрийн биедээ хадгалан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “X апартмент” хотхоны С блокны 82 тоот байранд авч ирэн Б.Бод 9.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг өгсөн, мөн дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос үлдсэн 10.3 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

А.Х нь С.Аын гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсаны дагуу, С.Атай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотоос хууль бусаар олж авсан,

Улмаар дээрх 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өөрийн гар цүнхэндээ хууль бусаар хадгалан тээвэрлэж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар байрны 11 тоот өөрсдийн түр оршин суух гэртээ авч ирэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, С.Атай бүлэглэн НҮБ-ын 1971 Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “X апартмент” хотхоны С блокны 82 тоот байранд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 9.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хуурай эгч Болороо буюу Х гэх мэт олон янзаар дууддаг эгч маань 3-4 хоногийн өмнө “урагшаа явлаа, мөнгө төгрөг нэмэрлээд юм захих уу” гэхээр нь өөрт байсан 3,000,000 төгрөгөө өгөөд мөс гэх нэртэй хар тамхи захисан. Болороо эгч над руу залгаад “эгч нь урдаас ирчихлээ, юмаа аваарай” гэхээр нь Төмөр замд байх гэрт нь очоод сая сайн дураараа гаргаж өгөөд хураалгасан 2 ширхэг гялгар ууттай 10 грамм орчим мөс болон хуурай дүү Базукад өгсөн байгаа 10 грамм мөс гэх мансууруулах бодисыг би авсан. Болороо эгчийн гэрт байхдаа бид хоёр мөс сорж хэрэглэсэн. Би тэндээс гараад Офицер орж Базукын гэрт нь очиж уулзаад 1 ууттай 10 грамм мөсөө өгөөд “зараад мөнгөтэй болохоороо өгөөрэй” гэж хэлээд гарсан. Базукын гэрээс гараад доошоо буугаад 1 давхарт нь цагдаад баригдсан. ...Болороо эгчийг өмнө нь урагшаа явж байсан эсэхийг мэдэхгүй. Миний хувьд анх удаа 3,000,000 төгрөгөөр мөс гэх хар тамхи захилаа. ...Базук бид хоёр хэн хэндээ мөс байгаа үедээ хамт хувааж хэрэглэдэг болохоор би Базукыг хүмүүс таньж мэддэг зарах боломжтой гэж бодоод мөнгөтэй болохоороо буцааж өгөөрэй гээд өгсөн. Өмнө нь заруулж байгаагүй. ...Х Хятадаас нийт 30 грамм мөстэй ирсэн. Үүнээс миний өгч явуулсан 3,000,000 төгрөгөнд 20 грамм мөс надад өгсөн. 10 грамм нь надад байж байгаад хураалгасан. 10 грамм нь Базукад байгаа, харин Хд өөрт нь 10 грамм байгаа. ...” /1хх 122-123/,

шүүгдэгч А.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Нэг удаа С.А бид хоёр юм ярьж байтал манай нэг танил урдаас хар тамхи оруулж ирээд зарсан, нэлээн ашигтай байсан, даан ч шоронд орсон гэлүүдээ гэх зүйл хэлсэн. Тэгээд би тухайн үед хар тамхи зарвал их ашиг олдог юм байна гэж бодсон. ...Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр С.Атай уулзаад “надад мөнгөний хэрэгцээ байна, Хятад руу хар тамхи олоод ирье, чи надад авах хүнийг заагаад өгчих, харин надад хоёр сая төгрөг л өгчих” гэж гуйсан. С.А анхандаа “үгүй” гэж байсан боловч би гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн. Намайг Хятад руу явдаг өдөр С.А надад 21,000 юань өгсөн. Тэгээд Бээжинд очоод холбогдох хүний вичат хаягийг өгсөн. ...Бээжинд очоод холбогдох хүнтэй ярьтал “Canadian embassy now” гэж хэлсэн учир очтол нэг хар арьстай хүнтэй уулзсан. Тэр миний өгсөн 21,000 юанийг тоолж аваад хариуд нь 3 тусдаа ууттай 30 грамм мөс гэх хар тамхи өгсөн. Би Бээжин явахдаа Эрдэнэдалайтай хамт явсан бөгөөд яах гэж явснаа хэлээгүй учир түүнийг буудалд үлдээгээд хар арьстай хүнтэй уулзчихаад буцаад буудалдаа очоод болсон явдлыг хэлсэн. ...Би Бээжин рүү явахдаа 2 талдаа Эрээнээр дамжиж явсан. ...Би Эрээнд хилээр гарахдаа 30 грамм жинтэй мөсөө өөрийн жижигхэн гар цүнхний карма хэсэгт хийгээд л гараад ирсэн. Би Эрээнд бас Монголд рентгэнээр орсон, цүнх маань ч рентгэнээр орсон. Би гар цүнхэндээ хийгээд хилээр гарвал зүгээр байх гэж бодоод л тэгсэн юм. С.А 12 цагийн үед ирээд 2 ууттай, 20 грамм мөсийг аваад явсан. ...30 грамм мөс авсан 21,000 юанийг авсан 9 сая гаруй төгрөгийн 6 сая төгрөгийг Эрдэнэдалайгийн данснаас авсан. Тэгээд С.А надад тал ашгийг нь өгнө гэж хэлсэн. ...Надад үнэхээр мөнгөний хэрэгцээ байсан учир ийм зүйл хийсэн. ...” /1хх 120-121/,

шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хэрэг болсон өдөр буюу 4 дүгээр сарын 18-ны өдөр Азаа манай гэрт ирээд “яаруу явж байна нөхөр хүлээж байгаа, хөдөөнөөс хүмүүс ирчихсэн болохоор удаж чадахгүй” гээд халааснаасаа ууттай мөс гаргаж ирээд хамт сорж хэрэглэсэн. Тэгээд гарах гэхээр нь би “наад ууттай мөсөө манайд түр үлдээчих, ажлаа зохицуулчихаад буцаж ирээд хамт жоохон сорж байгаад авчих” гэхэд “за” гээд нэг ууттай мөс манайд үлдээгээд явсан. Тэгтэл Азааг гарсанаас 30 минутын дараа баахан цагдаа гэж бодоод цонхоор ууттай мөс болон хэрэглэсэн бонгоо гаргаад шидсэн. Удалгүй цагдаа нар гаднаас орж ирээд гэрт үзлэг хийгээд зарим зүйлийг хураагаад авч явсан. Тэр дунд миний интернэтээр зарсан хувцасны мөнгө, нохойны наймааны мөнгө, хүнээс авсан өр, авлага гэх мэт нийт 1,500,000 төгрөг, 100 доллар байсан. Харин цагдаа нар манай байрны гадаа цонхны харалдаа доор үзлэг хийгээд миний хаясан ууттай мөс, хуванцар савыг хурааж авсан байна лээ. Би мөс хэрэглээд 4-5 жил болж байна. Миний хувьд донтолтын хэмжээнд бол биш, харин хэн нэгэн хүн намайг авах уу, сорох уу гээд санал болговол би татгалздаггүй хэрэглэчихдэг. Харин бусдад зарж борлуулдаггүй. Аын надад өгсөн 10 грамм мөсийг хаанаас авсан талаар би асууж лавлаж амжаагүй болохоор хаанаас авсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. А надад мөнгө болгоод өгөөч гэж хэлээгүй. Зүгээр л буцаж ирээд хамт байж байгаад авна гэж үлдээсэн. Эрдэнэдалай, Х хоёрыг огт танихгүй. Харин Нармандах нь Азаагийн нөхөр гэдгийг мэдэхээс ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. ...Би донтох гээд байдаг учраас хэмжээгээ тааруулж хэрэглэхийн тулд жин дээр граммлаж хэрэглэдэг. ...Мөн би нохойны холбооны админ хийдэг бөгөөд манайх нохойтой учраас үүдэндээ камер байрлуулсан. ...” /2хх 7-8/,

гэрч Ц.Нармандахын “...Тухайн эд зүйл нь манай эхнэр С.Аын өөрөөсөө гаргаж ирсэн эд зүйлүүд байгаа юм. Надад анх хэрэглэх үед гялгар уутнаас гаргаж ирээд надад хэрэглүүлсэн ба буцаагаад хар өнгийн кошлок дотор хийсэн байсан. С.А түүнийг хаанаас олж ирсэн талаар нь мэдэхгүй байна. Би бол мөс гэх бодисыг хэрэглэснээс өөрөөр ямар ч зүйлд хамаагүй. ...” /1хх 143-144/ гэсэн мэдүүлгүүд,

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “X апартмент” хотхоны 84 тоотод нэгжлэг хийсэн “...зурагтын тавиурын доод шургуулга хэсгээс тасдсан гуурс хэлбэртэй зүйл 4 ширхэг, 3 ширхэг шилэн гуурс, цэнхэр өнгөтэй жижиг хэмжээтэй жин хэмжигч байсныг хураан авлаа. ...хутгуур хэлбэртэй төмөр, шилэн бариултай зүйл, шар ногоон өнгөтэй хутгуур хэлбэрт оруулсан гуурс мэт зүйл, бор шаргал өнгөтэй гуурс мэт зүйл 2 ширхэг, судалтай гуурс 1 ширхэг, шар өнгөтэй гуурс 1 ширхэг байсныг хураан авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-20/,

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газар /Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “X апартмент” хотхоны гадна хэсэгт/ үзлэг хийсэн “...2901 ОРО улсын дугаартай цагаан өнгийн “Соната 5” маркийн автомашины баруун талын хэсэгт, урд хойд 2 дугуйны голд зиплок түгжээтэй ууттай, цагаан өнгийн нунтаг бодис газар байсныг жингээр жинлэхэд 9.48 граммыг зааж байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22-29/,

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр /Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 2-4 тоотод/ нэгжлэг хийсэн “...Ц.Нармандах нь ямар нэгэн мансууруулах бодис манай гэрт байхгүй. Харин хэрэглүүр эд зүйлс байгаа гэсний дагуу өөрөөр нь заалгахад хуванцар цагаан өнгийн тунгалаг савны бөөр хэсгийг цоолж ягаан өнгийн гуурс мэт зүйл зоосон сав 1 ширхэг, цэнхэр өнгийн таг мэт зүйлтэй цагаан өнгийн урт гуурс, хуйлсан серийн дугаарыг харах боломжгүй 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, цэнхэр өнгийн орой хэсэг нь эвдэрхий асаагуур 1 ширхэг... хураан авав.” гэх тэмдэглэл /1хх 30-31/,

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А.Х, П.Эрдэнэдалай нарын гэрт нэгжлэг хийсэн “...А.Х нь уг “өрөөний голд байх ширээний дор байрлах тавиур дээр байгаа эмэгтэй хүний кошлок дотор 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотын Канад Улсын элчин сайдын яамны байрны ойролцоогоос хар арьстай хүнээс 3 уут хар тамхи болох “Мөс” гэх бодисыг 21,000 юанаар худалдан авч, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн боомтоор хилээр цүнх нь дотроо хийж... авч гараад оройны 18.00 цагийн вагоноор Улаанбаатар хот руу гарч 18-ны өдрийн өглөө 9.00 цагт Улаанаатар хотод ирж өөрийн түрээслэн амьдардаг байрандаа нөхрийн хамтаар ирсэн. Ингээд 3 уут “Мөс” гэх бодис нь одоо ширээн доор байгаа” гэж хэлээд зааж өгсний дагуу түүгээр заалгаж ширээн доороос эмэгтэй хүний ягаан өнгийн кошлок уутыг гарган доторх эд зүйлийг ширээн дээр гаргахад зиплок түгжээ бүхий уутанд хийсэн гадуур нь скочоор ороосон цагаан өнгийн талстлаг мөс мэт бодис байсныг цахилгаан гар жин дээр жинлэхэд 10.6 грамм байсныг хураан авлаа. ...Мөн уг кошлок дотор хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, амыг нь тайрсан дотор хэсэгтээ саарал өнгийн цан цохиж бохирлогдсон тарианы усны шил зэрэг эд зүйлс... мөн хар өнгийн спорт цүнхийг нээж үзлэгийг явуулахад... цүнхний дотор гадуур нь скочоор ороосон жижиг гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт талстлаг бодис байсныг... хураан авлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 32-45/,

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүний биед /С.А/ үзлэг хийж, биологийн дээж авч, тест ашигласан “...өмсөж байгаа саарал өнгийн өмдний зүүн талын цахилгаантай халаасанд мөс гэх нэртэй мансууруулах бодис байгааг сайн дураараа гаргаж өгье... гэснийг тэмдэглэлд тусгав. Үүний дагуу түүний өмсөж явсан саарал өнгийн биеийн тамирын өмдөнд үзлэгийг хийхэд зүүн талын цахилгаантай халаасанд 4*7,5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл жинлэхэд 5,1 грамм байсныг... хураан авав. ...Мөн халаасанд 4*6 см хэмжээтэй зиплок түгжээтэй ууттай мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл байсныг жинлэхэд 5,2 грамм байсныг хураан авлаа. ...Өмдний баруун халаасанд таггүй хар саарал өнгийн жижиг гар жин байсныг хураан авлаа. С.А MET, AMP хэсгийн C түвшинд 1 улаан зураас. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 61-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2588 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн С.А гэж хаягласан шээсэнд метамфетамин илрэв. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай 2 ширхэг гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, AJ5131931, АМ2911551 серийн дугаартай, 2 ширхэг 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AL2287155 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АЕ2732335 серийн дугаартай 5 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд тус тус метамфетамины агууламж илрэв. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг. ...” /1хх 147-149/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2587 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “X апартмент” байрны ойролцоо үзлэгээр хураасан гэж хаягласан цагаан шаргал өнгөтэй мөс мэт зүйл, №17 хэргийн газрын үзлэгээр хураан авсан хэрэглүүр гэж хаягласан шар өнгөтэй соруултай хуванцар сав зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал өнгөтэй мөс мэт зүйл, шар өнгөтэй соруултай хуванцар сав зэргээс метамфетамин илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь 1971 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтын хоёрдугаарт багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал өнгөтэй мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 9,4026 грамм, цэвэн жин нь 9,038 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 8,9023 грамм болов. ...” /1хх 153-155/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2589 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай 2 ширхэг гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлс, хуйлсан гуурс мэт болгосон 20 төгрөгийн дэвсгэрт, амыг нь тайрсан дотроо 2 ширхэг тарианы усны шил тус тус метамфетамины агууламж илрэв. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь 1971 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 159-160/ гэх дүгнэлтүүд,

гадаад пасспортод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 71-75/, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2-5а/5730 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх 108-109/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч С.Аыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч А.Хг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Б.Быг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч А.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан С.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийи 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар,

А.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар,

Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч С.А, А.Х, тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхболд нар “...шүүгдэгч С.А, А.Х нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орчноо мэдрэх чадваргүй, цаг хугацаа орон зайн баримжаа алдагдсан, зан ааш болон үйл хөдлөл тогтворгүй болсон, хэт хөөрч баярлах, гутрах, айж цочирдох, хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй байх, хэл яриа, хөдөлгөөний тэнцвэр алдагдсан” гэж согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнээс илрэх шинжүүдийг тодорхойлсон бөгөөд эдгээр шинж илэрсэн тохиолдолд тухайн этгээд рүү чиглэсэн аливаа ажиллагаа явуулж болохгүй.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүнээс мэдүүлэг авах ажиллагааг явуулахад тухайн этгээд сэтгэцийн эмгэг болон бусад байдлаар согтуурсан, мансуурснаас үүдэн өөртөө хяналттай, ухамсартай байгаа эсэхийг тэргүүн ээлжинд дээрх хамтарсан тушаалд тэмдэглэгдсэн шинжүүдээр тогтоох, цаашлаад шинжилгээний аргыг ашиглан тогтоох бөгөөд энэхүү үйл ажиллагааг явуулах шалтгаан нь Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, хүний эрхийн баримт бичгүүдээр дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх” эрхийг ухамсартайгаар эдлэх бололцоог олгодогт оршдог.

            2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1 дүгээр ХХ-ийн 61-р хуудсанд С.А “метамфетамин төрлийн бодис илэрсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байхад “хх-ийн 122 дугаар хуудсанд 21 цагт” гэрчээс мэдүүлэг авсан.

            2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1 дүгээр ХХ-ийн 64-р хуудсанд А.Х “метамфетамин төрлийн бодис илэрсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байхад “хх-ийн 120 дугаар хуудсанд 22 цаг 35 минутанд” сэжигтэнээр мэдүүлэг тус тус авчээ. Энэхүү мэдүүлгийг анхан шатны шүүх Шийтгэх тогтоолын 4 хуудсанд үнэлсэн байна.

Энэ хэргийн тухайд С.А, А.Х нараас тест авахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон боловч тэрээр мэдүүлэг өгөхдөө эрхээ ухамсарлаж, хамгаалах чадваргүй байсан гэх шинж тэмдэг, нөхцөл байдал илэрч тогтоогдоогүй, мэдүүлгийнх нь агуулгыг судлахад харилцан уялдаатай, шалтгаантай, үйл явдлын эхлэл, төгсгөлтэй, тухайн үйл явдалд хамааралтай хүн, эд зүйлийн хүрээг тодорхойлж илэрхийлсэн байх тул түүний мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ашигласныг зөв гэж үзнэ.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хэрэглэсэн хэмжээ, бие махбод, сэтгэл зүйн онцлогоос хамаарч хүн бүрийн ухамсар, биеэ авч явах байдалд харилцан адилгүй нөлөөлөх тул сэтгэхүй, ухамсрын алдагдалд орсон эсэхийг энгийн хүний түвшинд эсхүл нарийвчилсан шинжилгээгээр тогтоосны эцэст ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэж байх нь зүйтэй.

Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1, №2 гэж дугаарласан мөс мэт бодис, 2 ширхэг 50 төгрөг, 1 ширхэг 10 төгрөг, 1 ширхэг 5 төгрөг, хар өнгийн жин 1 ширхэг, жижиг тэмдэглэлийн дэвтрийн хуудас 1 ширхэг, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт 1 ширхэг, 8 ширхэг 20 ширхэг 20.000 төгрөг, 1 ширхэг 10.000 төгрөг, шар өнгийн соруултай хуванцар сав, зиплок түгжээ бүхий ууттай цагаан шаргал өнгийн мөс мэт бодис, №1 дугаартай шаргал өнгийн мөс мэт бодис, гуурс мэт болгосон 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, амыг нь тайрсан 2 ширхэг тарианы усны шил, 2 ширхэг вагоны билет, толгой хэсэг нь эвдэрсэн цэнхэр өнгийн асаагуур, үзүүр хэсэгтээ цэнхэр өнгийн хуванцар соруултай гол хэсэгтээ цоолж гадна хэсэгтээ цагаан өнийн соруул мэт резин гаргасан дотор хэсэг нь ягаан өнгийн соруултай хуванцар сав, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг, хутгуур хэлбэртэй гуурс 1 ширхэг, хагарсан шилэн гаанс мэт зүйл 3 ширхэг, алаг эрээн гуурс 1 ширхэг, гар жин 2 ширхэг, урт хэлбэртэй шил 3 ширхэг, зиплок түгжээ бүхий уутнууд зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгасан хэдий ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарч байх тул эд мөрийн баримт устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгалаа.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.А, А.Х, тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч С.А, А.Х нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 4-ний энэ өдрийг хүртэл тус бүр 119 /зуун арван ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

7 дахь заалтын “...зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, ...” гэснийг “...зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч С.А, А.Х, тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, А.Х нарын 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 4-ний энэ өдрийг хүртэл тус бүр цагдан хоригдсон нийт 119 /зуун арван ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ