Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/979

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Соёмбо,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/623 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох 2202 00537 0056  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын А, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... суралцдаг, ам бүл ... ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Б.А нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхэд Г.А гэгчтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд ... дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 137.7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-ын А-г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Б.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан саарал өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс /цэвэр жин нь 81.4 грамм/, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 3 ширхэг тугалган цаас зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, АҮ2414906 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол Банканд тус тус шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлчлүүлэгч Б.Ад оногдуулсан 4 жил зорчих эрхийг хягаарлах ял болон ялын хязгаарыг ганц Баянгол дүүргээр тогтоосныг эс зөвшөөрч, үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй бөгөөд хүндэдсэн ял шийтгэл оногдуулсан гэж үзэн давж заалдах дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэжээ. Гэтэл тус шүүхээс Б.Ад ял оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг үл харгалзан олон жилээр, тун явцуу хүрээнд зорчих эрхийн хязгаарыг тогтоосон нь түүний эдэлбэл зохих шаардлагатай эрх, тухайлбал сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөхөд хүрч байна. Учир нь Б.А нь хэдийгээр амьдарч буй газар нь Баянгол дүүрэг ч сурч байгаа сургууль нь Чингэлтэй дүүрэгт, гэрээгээр ажиллаж байгаа газар нь Сүхбаатар дүүрэгт гэх зэргээр арай өргөн хүрээнд зорчих зайлшгүй шаардлагатай байдаг. Оюутан, мөн уран бүтээлч хүний хувьд олон байгууллага, иргэдтэй харилцдаг, судалгаа шинжилгээ хийх, номын санд үйлчлүүлэх, зураг авалт, бичлэг зэрэг ажлаар олон газраар явах шаардлага байнга гардаг бөгөөд хэдий гэмт хэрэгт холбогдсон ял шийтгүүлсэн ч эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр ял шийтгэлийг оновчтой оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлсний улмаас буюу Амартүвшин гэгчийн гэрт нь үлдээсэн “өвс” гэгчийг нь гаргаж хаяагүйгээс гэмт хэрэгтэн болно гэж огт төсөөлж мэдээгүй, найзынхаа “түр үлдээе” гэсэн зүйлийг нь гаргаж хаяж чадаагүй “хүн чанар” гаргасан санамсар болгоомжгүй үйлдлийнхээ улмаас гэмт хэрэгт холбогдсон бөгөөд улмаар тухайн үйлдлийнхээ хэр хэмжээнд тохироогүй, хүндэдсэн ял шийтгүүлж байгаа нь туйлын харамсалтай байна.

Б.Агийн хувийн байдлын хувьд ээжтэйгээ хоёулаа амьдардаг, бага наснаасаа урлаг, спортод дуртай, тэмцээн уралдаанд үргэлж оролцож, тэргүүлж, нийгмийн идэвхтэй амьдардаг. Одоо СУИС-д суралцдаг 3 дугаар курсын оюутан бөгөөд зөв хандлагатай, зөв хүмүүжилтэй, тийм дээ ч амжилттай, нэр хүндтэй суралцаж, өөрийн уран бүтээлийг гаргаж, зорилго тэмүүлэлтэй амьдардаг, хүнд итгэмтгий, тусархуу зан чанартай болохыг түүний сургуулийн тодорхойлолтод ч тодорхойлсон байна. Тэрээр ийнхүү суралцах хугацаанд “Дэ монэдд” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээний 2 жилийн хугацаанд 10 уран бүтээл, 1 цомог, 1 амьд тоглолт хийх ёстой бөгөөд газар нь Сүхбаатар дүүрэгт байрладаг болохыг холбогдох гэрээнүүдээс харж болно. Миний үйлчлүүлэгч Б.А нь болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх бүхнээ үнэн зөвөөр, шударгаар мэдүүлсээр ирсэн, гэм буруу дээрээ маргаагүй, анх удаа хэрэгт холбогдсон. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Б.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жилээр тогтоож Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан нь Б.Агийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохироогүй, хүнлэг бус, хүндэдсэн ял шийтгэл оногдуулжээ. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. Мөн үйлчлүүлэгчийнхээ хувийн байдалтай холбоотой 10 хуудас баримтыг шүүхэд шинээр гарган өгч байна.” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би одоо 21 настай. Уг хэрэгт холбогдоод 1 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Миний бие нь “Morningstar” гэх нэрээр уран бүтээл туурвидаг амьд хөгжмийн хамтлагийн дуучин юм. Мөн би Соёл Урлагийн Их сургуулийн урлагийн менежментийн ангийн 4 дүгээр дамжаанд суралцдаг. Дараа жил сургуулиа төгсөөд амьд хөгжмийн хамтлагаараа дэлхийд гарах хүсэл, эрмэлзэлтэй. 4 жилийн хугацаа бол миний хувьд маш үнэ цэнэтэй. Миний ирээдүйг хааж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал орхигдсон гэж үзэж байна. Хэрэгт ял шалгах хуудас болон шийтгэх тогтоол, яллах дүгнэлтийн тэмдэглэл хэсгүүдэд шүүгдэгч Б.А урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгэгдэж байгаагүй талаар баримт авагдсан. Шүүгдэгч Б.А нь 21 настай, оюутан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн сурч боловсрох, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхтэй талаар зохицуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хязгаарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан шударга ёсны гэм буруугийн зарчимд нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүх улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтээс зөрүүтэй байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчлөх бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Б.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Б.Аг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхэд Г.Амартүвшин гэгчтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 35а байрны 1503 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 137.7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэг нэг бүрт оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Аг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Тодруулбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд “хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл”, 62 дугаар хуудсанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “Б.А 2022.9.3” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн” нь батлагдаж байна.

Шүүгдэгч Б.А нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хэрэглэсэн байх үедээ 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 35а байрны 1503 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 137.7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан байхад анхан шатны шүүхээс түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь буруу байна.  

Түүнээс гадна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгохоор заажээ.

Гэтэл яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцохдоо “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж хоёр өөр төрлийн эм бодисын нэршлийг хольж бичиж, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбын гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс ургамал /цэвэр жин нь 81.4 грамм/, улбар шар өнгийн ууттай 75 грамм өвс ургамал /цэвэр жин нь 56.3 грамм/, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 3 ширхэг тугалган цаас, АҮ2414906 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа /1хх 7/ гэсэн атал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “улбар шар өнгийн ууттай 75 грамм өвс ургамал /цэвэр жин нь 56.3 грамм/”-ыг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар орхигдуулсан байгааг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/623 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ