Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2021/00024

 

Ж.Н-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00100 дугаар шийдвэртэй, Ж.Н-ын нэхэмжлэлтэй, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч Ж.Н-, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, орчуулагч Б.Арманбек нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хүү нь болох Н.А-т олгох ёстой халамжийн тэтгэвэр 2928000 төгрөг, асаргааны тэтгэмж 1345000 төгрөг нийтдээ 4273000 төгрөг гаргуулах тухай.   

  

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт сэтгэцийн хүнд зэргийн өвчтэй эхнэр болон 6 хүүхдийн хамт оршин суудаг. Миний том хүүхэд болох Н.А- нь 2017 онд Дэлүүн сумын Чихтэй багт байдаг зусланд дээр мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авч, өөрөө арай гэж амьд үлдсэн. Би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй атлаа хар ажил хийж олсон хэдэн төгрөгөөрөө жил гаруй хугацаанд Улаанбаатар хотод байрлаж байгаад эмчлүүлж байсан. Түүнээс хойш А- нь өөрөө бие даан хоол идэж чаддаггүй, эрүүний ясгүйн улмаас түүнийг идэх хоол ундыг нь байнга бэлтгэн асарч байна. 2017 оноос эхлэн түүнд халамж болон асаргааны тэтгэвэр олгож ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүүгийн маань асаргаа болон халамжийн тэтгэвэр авах хугацааг Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэг магадлах комиссоос 1 жилийн хугацаагаар сунгаж өгсөн. Гэтэл халамжийн хэлтсээс хүүхдийн маань халамж болон асаргааны тэтгэмжийг өнөөдрийг хүртэл тавьж өгөхгүй байна. Үүний учрыг нь асуухад багийн амьжиргааг дэмжих зөвлөлөөс таны хүүхдийн асаргааны тэтгэмжийг зогсоосон гэсэн хариу өгсөн. Хүүхдийн асаргааг зогсоосон ч гэсэн халамжийн тэтгэврийг олгох ёстой байсан боловч түүнийгээ ч өгөөгүй. Мэргэжлийн хяналтын газраас акт гаргаж хүүхдийн тэтгэмжийг олгох ёстой байна гэж дүгнэлт хийсэн боловч өнөөдрийг хүртэл халамжийн болон асаргааны тэтгэмжийг олгохгүй байна. Мэргэжлийн хяналтын газраас надад энэхүү асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлж ав гэж хариу өгсөн. Иймд хүү болох Н.А-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 1 жилийн халамжийн тэтгэвэр болох 2256000 төгрөг, асаргааны тэтгэвэр 1383000 төгрөг нийтдээ 3639000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Ж.Н- нь хүү Н.А-т Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус салбар комиссын шийдвэрээр /М85/ фибрози дисплази ясны эдийн дутуу хөгжил хүнд хэлбэр, дээд, доод мөчийг хамарсан оношоор 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний хүртэл 1 жилийн хугацаагаар байнгын асаргааны тэтгэмжийг шинээр тогтоолгон холбогдох материалыг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гаргасан байна. Хүсэлтийг хууль журмын дагуу хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцээд Эрүүл мэндийн сайд хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69, 48 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул байнгын асаргааны тэтгэмжийг тогтоох шаардлагагүй гэж шийдвэр гарсан болно. Дараа нь иргэн Ж.Н- нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тус аймгийн орон тооны бус салбар комиссын хурлаар Н.А-ийн байнгын асаргааг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны хүртэлх хугацаагаар Н54 нүдний өвчин оношоор дахин шинээр байнгын асаргааг тогтоолгож дахин бичиг баримт бүрдүүлж ирсэн байна. Н.А-т 2 өөр төрлийн оношоор байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт гаргасан тул Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн буцаасан болно. Дараа нь А-ийн эцэг болох Ж.Н- нь Өлгий сумын 2 дугаар багийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Мэргэжилийн хяналтын газарт өргөдөл гаргасан байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын улсын байцаагч М.Раушан уг өргөдлийг хянаж үзээд Н.А-т байнгын асаргааны тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж улсын байцаагчийн акт тогтоож манайд ирүүлсэн. Тухайн актыг эс зөвшөөрч МХЕГазарт хүсэлт гаргасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханаас 02/2101 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүсэлт гаргаж, Н.А-ийн биеийн байдал, өвчний оношны талаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Н.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00100 дугаар шийдвэрээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.2.4, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-ийг тус тус үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Н.А-т олгох ёстой 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн халамжийн тэтгэвэр 2928000 төгрөг, асаргааны тэтгэмж 1345000 төгрөг нийтдээ 4273000 (дөрвөн сая хоёр зуун далан гурван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж6Н-д олгож шийдвэрлэжээ.    

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг ноцтой зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй явдалд гомдолтой байна. Нөгөө талаас Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай иргэн болзол шаардлагыг Ж.Н-ын хүү А- нь хангахгүй байгаа. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 заалтад “Энэ хуулийн 3.1.2,3.1.5,18.2.4-т зааснаас бусад иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах халамжийн үйл ажиллагаатай холбоотой гомдол хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл /цаашид зөвлөл гэх/ сум хороонд ажиллана” гэж заасныг, Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.2 дугаар заалтад “Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4, 12.1.5, 13.2. 13.1.5- 13.1.4, 13.5.6 -13.5.8 -д заасан тэтгэвэр тэтгэмжид хамрах хүсэлт гаргасан иргэний бичиг баримтыг хүлээн авч амьдралын нөхцөлийг нь судлан үзэж холбогдох саналаа ажлын 10 хоногт багтаан сум хорооны Амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэснийг, мөн журмын 2.14 заалтад “Амьжиргааг дэмжих зөвлөл нь энэхүү журмын 2.13-т заасан иргэний нөхцөл байдлыг судлаад тэтгэмжид хамруулах талаар шийдвэр гаргана. Энэхүү журмын 2.13-т заасан тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэж Амьжиргааг дэмжих зөвлөл дүгнэсэн бол энэ тухай шийдвэрт тодорхой тусгана гэсэн Нийгмийн халамжийн тухай хуулийг болон дагалдаж uарсан журмыг, багийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн гаргасан шийдвэрийг буруу хэрэглэсэн явдалд гомдолтой байна.

Үйл баримтыг дахин дурдаж тайлбарлахад иргэн Ж.Н-аас хүү Н.А-т байнгын асаргаа тогтоож өгөх тухай хүсэлтийг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнд өгснөөр уг хүсэлтийг Өлгий сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хурлаар хэлэлцэж, Эрүүл мэндийн сайд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А\69, 48 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй учир Н.А-т байнгын асаргаа тогтоох шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Дараа нь Ж.Н- нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн орон тооны бус салбар комиссын хурлаар Н.А-ийн байнгын асаргааг 2020 оны 01 дүгээр сарын 01 -ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны хүртэлх хугацаагаар Н54 нүдний өвчин оношоор дахин шинээр байнгын асаргаа тогтоолгож дахин бичиг баримт бүрдүүлж ирүүлсэн. Нэгэнт Н.А-т 2 өөр төрлийн өвчний оношоор байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт гаргасан тул холбогдох мэргэжилтэн материалыг хянан үзээд буцаасан. Учир нь байнгын асаргаа шаардлагатай гэж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх Н.А- нь нэг бол нүдний өвчин, нэг бол ясны эдийн дутуу хөгжлийн хүнд хэлбэр гэсэн хоёр дүгнэлт гаргуулсан учраас байнгын асаргаа тогтооход эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгааллын сайд нарын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалын 4 дүгээр хавсралтад байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох зааврын 1.4-д “Өвчин аархагдсан, эрхтэн бие махбодын тогтоц үйл ажиллагаагаа хүндээр гэмтээсний улмаас өөр өөрт үйлчлэх боломжгүй, хэвтрийн дэглэм, бусдын асрамжид байгаа хүүхдүүдэд олгоно“ гэж заасан байгаа. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй асаргаа өгөх хүүхдийг үнэлэх шалгуур гэж байна. Энэ шалгуурыг Н.А- хангахгүй байгаа. Ер нь байнгын асаргааг бие дааж амьдрах чадамжгүй буюу бусдын туслалцаагүйгээр хэвийн амьдрах боломжгүй хүүхэд олгохоор хуульчилсан байдаг. Гэтэл Ж.Н-ын хүү А- нь өнөөдрийн байдлаар аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-р дамжаанд суралцаж байгаа, урьд аймгийн төвийн Билге тегин ерөнхий боловсролын суралцаж байсан эрүүл хүүхэд юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгч Ж.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.  

Нэхэмжлэгч Ж.Н- нь хариуцагч Халамж үйлчилгээний газарт холбогдуулан хүү Н.А-т олгох халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж 4273000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хүү Н.А- нь өөрөө бие даан хоол идэж чаддаггүй, эрүүний ясгүйн улмаас түүний идэх хоол ундыг нь байнга бэлтгэн асарч байгаа бөгөөд 2017 оноос эхлэн түүнд халамж болон асаргааны тэтгэвэр олгож ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүүгийн маань асаргаа болон халамжийн тэтгэвэр авах хугацааг Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэг магадлах комиссоос 1 жилийн хугацаагаар сунгаж өгсөн боловч түүнийг олгохгүй байна” гэж тайлбарласан бол хариуцагч байгууллага “2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний хүртэл 1 жилийн хугацаагаар байнгын асаргааны тэтгэмжийг шинээр тогтоолгон холбогдох материал, хүсэлтийг хууль журмын дагуу хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцээд Эрүүл мэндийн сайд хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69, 48 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул байнгын асаргааны тэтгэмжийг тогтоох шаардлагагүй гэж шийдвэр гарсан болно.” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ж.Н-ын хүү Н.А-т олгох ёстой халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмж авч байсан талаар талууд маргаагүй байна.  

 

Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 2.15-д “Энэхүү журмын 2.13-т заасан тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь уг шийдвэрийг тухайн аймаг, дүүргийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүргүүлж, дүгнэлт гаргуулна.”, мөн 2.16-д “Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журмын 2.15-д заасан дүгнэлтийг үндэслэн тухайн иргэнд тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч Ж.Н-ын хүү Н.А-ийн урьд авч байсан тэтгэвэр тэтгэмжийг хариуцагч Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас зогсоохдоо Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэн зогсоосон гэх боловч  энэ үйл баримт нь 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралт “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 2.15, 2.16-д заасны дагуу явагдаагүй, энэ талаарх үгүйсгэлээ хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтоор М.А-ийн асаргаа шаардлагатайг тогтоосон хугацааг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, тус комиссын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолтоор мөн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тус тус сунгасан боловч Өлгий сумын 2 дугаар багийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор Н.А-ийг хууль тогтоомжид заасан шаардлагыг хангахгүй байгаа тул түүнд асаргааны тэтгэмжийг тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэжээ.

 

Амьжиргааг дэмжих зөвлөлийн энэ шийдвэрээр Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дээрх хоёр удаагийн тодорхойлолтыг “М.А-ийн бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй” гэж үзсэн дүгнэлтийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар үндэслэлтэй гэж үзэн, “Н.А-т Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс хоёр өөр оношоор байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт олгосон нь тухайн хүүхдийн оношийг тодорхой бус, эргэлзээ төрүүлж байна” гэх шалтгаанаар түүнд олгох тэтгэвэр, тэтгэмжийг зогсоосон нь хууль бус болжээ.

 

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын Тавдугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох үндэслэлүүдийг тодорхой журамласан ба Н.А-ийн хувьд үүссэн дээрх нөхцөл байдал нь эдгээрийн аль алинд ч хамаарахгүйн дээр мөн журмын 2.15 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь “Амьжиргааг дэмжих зөвлөлийн Н.А-ийн тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэсэн шийдвэрийг үндэслэлтэй” гэж үзсэн бол уг шийдвэрийг аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүргүүлж, дүгнэлт гаргуулаагүй атлаа тухайн иргэнд олгох тэтгэвэр, тэтгэмжийг зогсоосон нь мөн журмын 2.16 дахь хэсэгт нийцээгүй, хууль бус байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага Н.А-ийн талаарх Амьжиргааг дэмжих зөвлөлийн  шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн бол хууль тогтоомжид зааснаар тухайн шийдвэр үндэслэлтэй эсэхийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүргүүлж магадлуулах үүргээ биелүүлээгүй байж тогтоосон журмаас гадуур, иргэнд олгох тэтгэвэр, тэтгэмжийг зогсоосон буюу олгоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх Нийгмийн халамжийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэх гомдол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн  41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

                                                                                                Д.КӨБЕШ