Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 411

 

Ч.Т- д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн хаалттай шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 387 дугаар магадлалтай, Ч.Т- д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Төгсбаясгалан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан Б овогт Чн Т нь Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч залилан нийт 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ч.Т- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Ч.Т- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлд зааснаар Ч.Т- д 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 07 сар 09 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 9 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Т-  гаргасан гомдолдоо “...Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар ял шийтгүүлсэн. ...Надад холбогдох ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргасан.

Учир нь, Ч.Т- гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон...” үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолж чадаагүй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Ч.Т-  нь 4 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй 7 хохирогчийн гар утсыг авсан ба гэмт хэрэг үйлдсэн аргын хувьд “...манай дүү хүүхдэд зодуулсан байна, чиний утсаар зургийг чинь аваад очиж үзүүлнэ, утсаа өгч бай” гэж хэлээд авч зугтдаг бөгөөд насанд хүрээгүй хохирогч руу чиглэсэн заналхийлсэн, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогддоггүй. Харин насанд хүрээгүй хохирогч нар нь өөрсдөө гар утсаа сайн дураараа өгсөн байдаг.

Энэ тухай анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгч Ч.Т- гийн үйлдэлд дээрмийн гэмт хэргийн айлган сүрдүүлж заналхийлж, хүч хэрэглэн довтолсон үйлдэл бүрэн дүүрэн эргэлзээгүй нотлон тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

Гэтэл ...давж заалдах шатны шүүхээс Ч.Т- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрмийн гэмт хэргийн шинжтэй байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Иймд хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокуророос Ч.Т- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс заналхийлсэн шинжгүй байна гэж үзээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, насанд хүрээгүй хохирогч нар шүүгдэгчийн заналхийлсэн талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч О.Үүрцайхын “...Гар утас байхгүй гэхэд миний хувцсыг нэгжиж байгаад олсон” гэх, насанд хүрээгүй хохирогч Эрхэмбилэгийн “...Би утсаа өгөхгүй гэхэд миний баруун гарыг атгаад чи юу яриад байгаа юм, надад гар утсаа өг гэж хэлээд миний гар утсыг авсан” гэх, мөн “...Гар утсаа өг гэхээр нь өгөхгүй гэхэд чи ямар том дуутай бацаан бэ, цагдаа ирэхээс өмнө та нарыг яаж ч магадгүй шүү гэхээр нь айсандаа гар утсаа өгсөн” гэх мэдүүлгээс тодорхой харагддаг.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан журмын дагуу авагдсан насанд хүрээгүй хохирогч нарын дээрх мэдүүлгээр заналхийлсэн үйл баримт тогтоогдсон байхад заналхийлсэн шинж байхгүй гэж үзээд хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч Ч.Т- г насанд хүрээгүй Ч.М-, Н.З, О.Ү, Э.Х, Э.А, Э.Б, Э.Т, Г.Э нарын эд хөрөнгийг авах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн гар утсыг нь дээрэмдэн авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

иргэн Э.О-ыг хуурч мэхлэн гар утсыг нь авсан үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Т- г насанд хүрээгүй хохирогч нарын гар утаснуудыг авсан арга, үйлдлүүдийн хувьд хохирогч нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх үйлдэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй хохирогч О.Ү, түүний хууль ёсны төлөөлөгч П.А нарын хамтран гаргасан гомдлоор хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх Ч.Т- гийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн “хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон” шинж тогтоогдож байхад хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Дээрэмдэх гэмт хэргийн “хүч хэрэглэхээр заналхийлэх” шинж нь тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрч болох бөгөөд ийнхүү айлган сүрдүүлсэн заналхийлэлд хохирогч орохгүй байгаа тохиолдолд хүч хэрэглэх нөхцөл байдал илт байдаг шинжээрээ бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргээс ялгагдаж байдаг, харин энэхүү заналхийлэх шинж тогтоогдож байхад бодит байдалд хүч хэрэглээгүй гэсэн шинжээр дээрмийн гэмт хэргийг үгүйсгэж болохгүй юм.

Учир нь, дээрмийн гэмт хэргийг хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн гэсэн шинж тус тусдаа хуульчлагдсан бөгөөд хүч хэрэглээгүй тохиолдол бүр нь хүч хэрэглэхээр заналхийлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд дээрх хоёр ойлголтыг тус тусд нь авч үзэж, хэргийн үйл баримттай холбон тайлбарлах шаардлагатай.

Харин, дээрмийн гэмт хэргийн заналхийлэл нь “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлхээс хэрхэн ялгагдах буюу өрсөлдөх хэм хэмжээг тайлбарлахад илүү нарийвчлан тайлбарлагдах учиртай.

Анхан шатны шүүх үйл баримтаа тогтоосон атлаа түүнд хууль зүйн дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарлаж чадаагүйгээс хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байж болох нөхцлийг бүрдүүлсэн байна.

Энэ нь шийтгэх тогтоолд тавигдах хуулийн шаардлагыг биелүүлээгүй үндэслэл бөгөөд уг үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарч, улмаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байх тул магадлалын тодорхойлох хэсгийг энэ агуулгаар ойлговол зохино гэж дүгнэн магадлалыг үндэслэлтэй зөв гарсан гэж дүгнэсэн тул магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т- , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ч.Т- гийн үйлдлүүдээс насанд хүрээгүй хохирогч Э.Х-тай холбогдох үйлдлийг дурдаагүй, огт дүгнэлт хийгээгүй мөртлөө Э.Х-т 270,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ анхаарвал зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 387 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Ч.Т- д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, шүүгдэгч Ч.Т- , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН