Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0092

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0092

Улаанбаатар хот

С.Э-ын нэхэмжлэлтэй захиргааны

 хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 939 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор С.Э-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Э 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 939 дүгээр шийдвэрээр:

“Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын баталсан “Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан байршлаас өөр газарт Б.Э-ийн түргэн үйлчилгээний цэгийг байршуулсан нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тухай” 56 дугаар тогтоолын 2.1.1-д “Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана”, 2.1.2-т “Тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер гаргаж, тушаалаар батална” гэжээ.

Дээрх журмыг судлан үзэхэд түргэн үйлчилгээний цэгийн байршлыг дүүрэг өөрөө тогтоож байршуулах зөвшөөрөл олгох ба дүүргээс тогтоосон цэгт хэдэн түргэн үйлчилгээний цэг байршуулах тоог Улаанбаатар хотын Ерөнхий менежер гаргаж, байршлыг батлахаар заасан.

Журмын ийм зохицуулалттай, өөрөөр хэлбэл түргэн үйлчилгээний цэгийн байршлыг тогтоох эрх дүүрэгт өөрт нь байгаа тохиолдолд Б.Э-ийн түргэн үйлчилгээний цэгийн байршлыг гэрээ байгуулснаас хойш Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Журмаар тогтоосон хэм хэмжээг буруу хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч С.Э Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Б.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 25 дугаар гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс нэхэмжлэлийг хангахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэсэн.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоож чадаагүй.

Харин “...нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасныг үгүйсгэх боломжгүй байна” гэж хийсвэр дүгнэлт хийсэн.

Шүүх нотлох баримтыг бодитойгоор дүгнэж үзээд хууль болон холбогдох журмыг зөв хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг бодитойгоор зөрчигдсөн болохыг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж, захиргааны гэрээг хүчингүй болгох ёстой байтал ийнхүү эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөнийг тогтоож чадаагүй хэрнээ хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан нь шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...маргаан бүхий захиргааны гэрээний улмаас таны ямар эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн бэ?” гэж асуусан гуравдагч этгээдийн асуултад С.Э “...энэ ТҮЦ-ээс болж манай дэлгүүрийн орлого буурсан” гэхээс өөрөөр хариулт өгч чадаагүй.

3.Гуравдагч этгээдийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдаад түргэн үйлчилгээний цэг болон гэрэлтүүлгийн удирдлагын самбарын орчны байдалд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргахад шүүгч “...үзлэг хийлгэх ямар ач холбогдолтой юм бэ? би “Ч” дэлгүүрийг мэднэ хоорондох зайг мэдэж байна.

Дэлгүүрийн арын цонхыг лангуугаар тагласан байдалтай байдаг” гэх зэргээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь сонирхолтой.

Хүсэлтийг хангаж шийдсэн боловч ямар үндэслэлээр хангах болсныг тайлбарлаагүй, харин “хүсэлтийг хангасан ч адил хангаагүй ч адил хугацаа авах учраас хангаж шийдлээ.

Учир нь хүсэлтийг хангахгүй бол захирамжид гомдол гаргана, тэгээд гомдлыг хэлэлцэх гээд хугацаа авах тул хангаж шийдлээ” гэж тайлбарлаж байснаас үзвэл шүүгч хэргийг шийдвэрлэхдээ ул суурьтай, бодитой хандаж чадаагүй хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэж болно.

Жишээ нь шүүх хуралдаан завсарлаад дөнгөж 3-4 минутын дараа дахин хуралдаж шийдвэрийг сонсгосноос үзвэл шүүх хуралдаанаас өмнө шүүгч урьдчилсан дүгнэлт хийгээд шийдвэрээ гаргачихсан байсан гэж үзэхээр байна.

4.Нэхэмжлэгч С.Э энэхүү хэрэгтэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаж гомдол гаргаагүй ба О.А-ийн гомдлыг нэхэмжлэгчийн гаргасан гомдолтой адилтган үзсэн нь шүүгч хэргийг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх хүсэл сонирхолтой байсан гэж үзэхээр байна.

О.А болон С.Э нарыг эхнэр, нөхөр болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн даргалагч шүүгч шүүх хуралдааны дэгийг өөрөө зөрчсөн талаар.

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хэргийн оролцогчдын хэн аль нь нэмж нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй ба хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахад нэхэмжлэгчийн Е серийн гадаад паспортыг шүүх хуралдааны дундуур авчруулан нотлох баримтаар шинжлэн судалсан.

Ингэж нотлох баримтыг шүүх хуралдааны дундуур авчруулахдаа энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй /ямар ч байсан хурал дээр тийм шийдвэр захирамж гаргаснаа танилцуулаагүй/ ба нэхэмжлэгчийг шүүх хуралдааны танхимаас гаргаж өөрөөр нь авчруулсан нь нэхэмжлэгчид давуу эрх олгоод байгааг илтгэж байна.

Гуравдагч этгээд 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түргэн үйлчилгээний цэгийг байршуулж үйл ажиллагаа явуулж эхэлснээ тайлбарладаг.

Тиймээс С.Э-ын гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолоход Чингэлтэй дүүргийн Засаг даргад 2016 оны 4 дүгээр сарын 7-ны гомдол гаргаад хариуг 5 дугаар сард шаардан авах эрхтэй ба хэрэв хариу өгөөгүй буюу гомдлыг хангаагүй бол 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байжээ.

Гэтэл анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/976 дугаар албан бичгээр өгсөн хариуг хүлээн авах боломжтой байсан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалаад ажлын байртай, орлоготой байх гэсэн иргэн Б.Э-ийн эрх ашгийг орхигдуулж байна.

Эдгээр байдлуудаас харахад анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдэж чадаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр, хууль буюу маргаанд гол хэрэглэгдэх журмын заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлд “уг хуулийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ. 

Өөрөөр хэлбэл шүүхээс тухайн маргаан бүхий акт хууль тогтоомж зөрчихөөс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давхар зөрчсөн эсэхийг анхаарах шаардлагатай.

Гуравдагч этгээд Б.Э-ийн 25 м.кв талбай бүхий явуулын ТҮЦ байрласан газар нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байршуулах 40 ТҮЦ-ийн жагсаалтад ороогүй байх үед тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хамтран ажиллах тухай 25 тоот гэрээ байгуулсан болох нь уг тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдах төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг хүлээн зөвшөөрдөг, түүнчлэн гэрээний 5.1-д зааснаар “батлагдсан цэгээс өөр байршилд үйл ажиллагаа эрхэлсэн байх” нь гэрээ цуцлах нэг үндэслэл болохоор байна.

Гэвч гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд буюу Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/93 дугаар тушаалын хавсралтын 14-т 6 дугаар хороо, “Ч” дэлгүүрийн хойд талд 52 дугаар байрны хажууд ТҮЦ байршуулах эрхийг дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хүсэлтээр шийдвэрлэсэн байх бөгөөд хэдийгээр 62 дугаар байрыг “52 дугаар байр” гэж алдаатай гаргасан ч үүнийг одоогийн гуравдагч этгээдийн ТҮЦ байрлуулан үйл ажиллагаа явуулж байгаа байршил мөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан, байршлыг нэхэмжлэгчийн эзэмшлийн “Ч” дэлгүүрийн хойд талд гэж тодорхой зааснаас гадна тус дэлгүүрийн ард байрлах ТҮЦ-ний чанх ард хорооллын дундах авто зам байгаа нь хэрэгт авагдсан фото зургаар батлагддаг.

Иймд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 2.1.1, 2.1.2, 4.3 дахь заалтыг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн нөхцөл байдал маргааныг шийдвэрлэх үед арилсан байна.

62 дугаар байр болон ТҮЦ-ний хооронд байрлах гадна цахилгааны хайрцагны хаалгыг онгойлгох нөхцөлгүй болгож тавьснаас засвар үйлчилгээ хийх, галын аюул гарсан үед ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, ТҮЦ байрлуулсан газрыг Ч дэлгүүрт хариуцуулсан ба цэцгийн мандал хийхээр суурь цутгасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч талаас маргадаг ч тухайн газрыг нэхэмжлэгчид хариуцуулсан талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд ч үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болно.

Түүнчлэн “УБЦТС” ТӨХК-ийн “Зүүн түгээх төв” болон “С Д Л” ХХК-иас ЧД-0000 дугаартай гадна гэрэлтүүлгийн удирдлагын самбар болон ТҮЦ байрласан газар доорх кабель шугамыг тус тус шилжүүлэх зардлыг Б.Э-ээр гаргуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, харин уг ажиллагааг хийхийг шаардах нь нэхэмжлэгчийн бус холбогдох эрх бүхий байгууллагын чиг үүрэгт хамаарах тул  нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхээ “эрүүл, аюулгүй орчинд ажиллах” гэж тодорхойлсныг анхан шатны шүүхээс “үгүйсгэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл болжээ.

Мөн маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан, цаашид сунгасан ч энэ нь түр байршил болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Харин ТҮЦ байршлуулснаар дэлгүүрийн үйл ажиллагаа доголдож, орлого ашиг тодорхой хэмжээнд буурсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь шүүхэд нэхэмжлэл гаргах гол шалтгаан байсныг үгүйсгэхгүй ч энэ нь гуравдагч этгээдтэй байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Давж заалдах гомдолд дурдсан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэл нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөх хэмжээний зөрчил биш байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 939 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүрэгт түргэн үйлчилгээний цэг эрхлэхэд хамтран ажиллах 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Цэрэн-Очироос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

                                                                                                                        

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН