Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/33

 

А.*******т холбогдох эрүүгийн

       хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

          Прокурор                                                                                 Н.*******

          Шүүгдэгч                                                                                 А.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       М.*******аа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр А.*******т холбогдох 2324000070010 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан ажилтай, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын *******ой багийн *******ийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /*******/ регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн сумын төвд Д.ын алтан ээмгийг засварлана гэж охин Ц.агаас авч хувьдаа завшиж, хохирогч Д.д 1.045.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид хохирол төлбөрт 1.045.000 /нэг сая дөчин таван мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.******* давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголтод шүүгдэгч чин санаанаасаа гэмшиж, өөрийн үйлдлийн бурууг ухамсарлаж, учруулсан хор уршигт хэрхэн хандаж буй хандлага чухал ба энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирол, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх зэргээр илэрдэг. Шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй ба гэм буруугийн шүүх хуралд өөрийгөө цагаатгуулах байр суурьтайгаар оролцсон нь шуух хуралдааны бичлэг, шүүхийн хуралдааны тэмдэглэл, шүүхийн шатанд цугларсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдоно Гэтэл шүүхээс шүүгдэгч А.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэж, шүүгдэгчид 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- заасан "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэх үндэслэлтэй байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А.******* нь сумд алт мөнгөний дархан хийж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлүүдийг захиран зарцуулсан, өөрөөр хэлбэл завшсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсэж  шалгагдсан. Үүн дээр нэлээд маргаантай зүйлүүд байсан. Анхан шатны шүүх хурал дээр талууд маргалдсан, мэтгэлцсэн. Анхан шатны шүүх гэм буруутай гэж дүгнэсэн. Нэгэнт шүүх шүүгдэгчийг гэм буруутай байна гэж дүгнэсэн учраас эрүүгийн хариуцлагын шүүх хурал дээр хариуцлагаа хөнгөрүүлэхийн тулд итгэмжлүүлсэн эд зүйлсэд хайнга хандсан байна гэдгээ хэлсэн. Шүүх үүнийг нь харгалзан үзэж шийдвэрлэсэн. Ерөнхийдөө хөрөнгө завших гэдэг нь уг гэмт хэргийн итгэмжилсэн хариуцуулсан эд хөрөнгийг захиран зарцуулсан ойлголт юм.  Өөрөөр хэлбэл, гэдэг хүн алтан ээмгээ охин адаа шилжүүлсэн, а нь *******т өгсөн эсэх нь тодорхой бус байдаг. Мөн тухайн үйл явдал болох үед тэнд байсан гэрч “...алтан ээмэг гагнахгүй” гэж байсан талаар мэдүүлсэн байдаг. Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч а мэдүүлэгтээ “...алтан ээмгийг гагнахгүй гээд буцаагаад өгч байсан” гэж мэдүүлдэг. Энэ нь хохирогч эд зүйлсээ А.*******т итгэмжлэн өгсөн юм уу гэдэг эргэлзээг үүсгэдэг. Мөн шүүгдэгчийг тухайн эд хөрөнгийг захиран зарцуулсан гэж байна. Гэтэл захиран зарцуулсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэрэгт нэг мэдүүлэг байдаг нь А.******* хохирогч атай тэдэн төгрөг өгье гэдэг байдлаар тохиролцох гэсэн гэдэг мэдүүлэг байгаа. Үүнийг шүүгч шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзсэн байх. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй, энэ нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой гэж заасан. Тухайн үйл явдалд мөрдөгч хэргийн газрын үзлэг хийсэн гэдэг боловч хэрэгт энэ талаар баримт байдаггүй. Мөн хохирогч тухайн эд зүйлийг буцаагаад авч явсан юм уу? Яваагүй юм уу? А.******* тухайн эд зүйлийг яаж авсан, хаана, хэнд зарсан, яаж захиран зарцуулсан асуудал нотлогдоогүй. Гэхдээ анхан шатны шүүх нэгэнт шүүгдэгчийг  гэм буруутай гэж дүгнэсэн учраас шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй боловч шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хувьд хариуцлагаа хөнгөрүүлэх нөхцөл болох учраас гэм буруугаа хүлээсэн. Шүүгдэгчийн хувьд тэмдэглэл хөтөлж эд зүйлүүдийг хүлээж авдаггүй буруутай зүйлүүд байсан. Ийм байдлаар шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Шүүх шүүгдэгчийг нэгэнт гэм буруутай гэж үзсэн учраас шүүгдэгч хохирол барагдуулах хугацаа авч хохирлоо барагдуулсан. Үүн дээр шүүгч ерөнхийдөө хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж хэргийг шийдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч А.******* давж заалдах гомдол гаргана гэж байсан боловч миний шийтгэлийг хөнгөрүүлж шийдсэн учраас цааш давж заалдах гомдол гаргамааргүй байна гэж өмгөөлөгчид хэлсэн. Харин прокурор эсэргүүцэл бичсэн. Хэргийн тухайд айхтар хэрэг биш. Хариуцуулсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн хэрэг байгаа. Хохирогч талд хохирлыг барагдуулсан. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийн аль, аль талыг нь харгалзан үзэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн сумын төвд Д.ын алтан ээмгийг засварлана гэж түүний охин Ц.агаас авч хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь зөв боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, түүнийг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх зохицуулалтыг шүүх хэрэглэх эрхтэй боловч шүүгдэгч гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн эсэхийг дүгнэх учиртай юм.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн шалгах ажиллагаагаар байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ.

Гэтэл шүүгдэгч А.*******ын хувьд гэм буруугаа хүлээж буй байдалд дээрх шинжүүд үгүйсгэгдэж байгаа болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа түүний мэдүүлгээр тодорхойлогдож байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог, мөрдөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг харгалзан, ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулсан байдаг.

Шүүгдэгч нь  мөрдөн шалгах явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргаж, байсныг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагаврыг ойлгосон гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад оногдуулсан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх учир шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.*******ын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                        Ж.БАТТОГТОХ