Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2021/00025  

 

  Б.М-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2021/00115 дугаар шийдвэртэй, Б.М-гийн нэхэмжлэлтэй, аймгийн Баян-Өлгий аймгийн Засаг дарга, хамтран хариуцагч Зам,тээврийн хөгжлийн яаманд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жанибек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хамтран хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О /цахим сүлжээгээр/ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байршилтай өмчлөлийн 1250 м.кв талбайтай газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцанг албадан нүүлгэж, ус зайлуулах хоолойг хаалгах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие 2019 оны 4 дүгээр сарын эхээр Өлгий сумын иргэн Н.Ма- нэр дээрх А бүсэд хамаарах, зам дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байршилтай, өмчлөлийн 1250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авч мөн оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, Г-0213006037 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Уг газрыг анх би худалдаж авахад ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдээгүй, хоосон газар байсан. Гэтэл өнгөрсөн зун Баян-Өлгий аймгийн Засаг даргын захиалгын дагуу Баян-Өлгий аймгийн “Ж” ХХК нь хатуу хучилттай замыг шинээр тавихад уг замын ус зайлуулах хоолойны тавцангийн 2.5 метр бүхий хэсгийг миний өмчлөлийн газарт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн оруулж барьсан байна. Уг ус зайлуулах хоолойг миний өмчлөлийн газрын дунд хэсэгт чиглүүлж барьсан учраас байгалийн онц аюултай үзэгдэл болох аадар бороо орж үер буувал гэр бүлийн гишүүдийн амь насанд аюул учрах эрсдэлийг бодитойгоор бий болгож байна. Гүйцэтгэгч “Ж” ХХК нь ажлаа гүйцэтгэхдээ замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, уг чиглэлд явах авто замын хөдөлгөөнийг хязгаарласан учраас ус зайлуулах хоолойны тавцан миний өмчлөлийн газарт, зөвшөөрөлгүйгээр баригдсан болохыг тухайн үед мэдэх боломжгүй байсан. Тус чиглэлийн замын хөдөлгөөнийг нээсний дараа ус зайлуулах хоолойноос болж үүсэх аюул болон зөвшөөрөлгүй баригдсан тавцанг мэдэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад хандаж энэ талаар гомдол гаргаж байсан боловч тус газар нь А бүсэд хамааралтай, Өлгий сумын Засаг даргын шийдвэрлэх боломжгүй, манайхны хариуцах асуудал биш гэж анхаарч үзээгүй. Дараа нь уг хатуу хучилттай авто замын гүйцэтгэгч компани болох “Ж” ХХК-ний удирдлагад хандахад бид захиалагчийн өгсөн захилгын дагуу гүйцэтгэсэн. Манай компани хариуцахгүй гэх хариуг амаар өгсөн. Улмаар миний бие аймгийн Засаг даргад энэ талаар гомдол гаргасан боловч миний шаардлагыг зөвшөөрөөгүй, ус зайлуулах хоолойг хаах боломжгүй гэх утга бүхий хариуг надад өгсөн. Анх шүүхэд өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан үерийн ус зайлуулах хоолойны тавцанг албадан нүүлгэж, гэр бүлийн хэрэгцээний дагуу газрыг ашиглуулахаар чөлөөлж өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа газар өмчлөгч миний өмчлөлийн газрыг эзэмшихэд саад болж байгаа зөрчлийг арилгахад хамтран ажиллах талаар дурдаж, шинээр баригдаж байгаа Өлгий сумын төвийг үерийн уснаас хамгаалах байгууламжийн салбар шугамд нийлүүлэх арга хэмжээ авахад үерийн усыг бүрэн зайлуулах боломж гаргаж өгөх талаар хамтран ажиллах болно гэсэн. Үүнд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа миний өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцангаас өмчлөлийн газраа албадан чөлөөлүүлж, ус зайлуулах хоолойгоор гарсан үерийн усыг шинээр баригдаж байгаа Өлгий сумын төвийг үерийн уснаас хамгаалах байгууламжийн салбар шугамд нийлүүлэхийг хариуцагчид үүрэг болгож өгнө үү.” гэж өөрчилж байсан. Одоо уг шаардлагыг дахин өөрчлөн тодруулж байна. Миний өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцанг албадан нүүлгэж, миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, өмчлөлийн газар луу чиглэгдэн баригдсан ус зайлуулах хоолойг хаалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч аймгийн Засаг даргын тайлбарт: “Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Б.М-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн төв, Өлгий сумын төвийн 10,4 км хатуу хучилттай авто замын зургийг Улаанбаатар хотын “ЭМ СИ ПИ СИ ЖИ АР” ХХК-аар хийлгэсэн. Уг компани 10,4 км хатуу хучилттай авто замын зураг төсөлд улсын экспертиз хийлгэж баталгаажуулсан. Батлагдсан зураг төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтыг өөрчлөх боломжгүй. Харин ус зайлуулах хоолойгоор гарсан үерийн усыг шинээр баригдаж байгаа Өлгий сумын төвийг үерийн уснаас хамгаалах байгууламжийн салбар шугамд нийлүүлэх арга хэмжээ авахад үерийн усыг бүрэн зайлуулах боломж гаргаж өгөх талаар хамтран ажиллаж болно.” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б-ын тайлбарт: “Нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Ус зайлуулах хоолойгоор гарсан үерийн усыг шинээр баригдах Өлгий сумын төвийн үерийн уснаас хамгаалах байгууламжийн шугамд нийлүүлэх арга хэмжээ авах ямар ч боломжгүй байна. Далангийн зураг Б.М-гийн өмчилж авсан газрыг дайран өнгөрөхгүй. Нөгөө талаас замын зурагт хоолой байгаа болохоос ямар нэгэн ус үер ирэх аюул байхгүй. Б.М-гийн эсрэг талд тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Б.М-гийн өмчилж авсан газар нь үйлдвэрийн бус тул гэр бүлийн хэрэгцээнд ч ашиглах боломжгүй. Тухайн үеийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Х.Насихат хууль бус өмчилж авсан газар байна. Эргэн тойронд үйлдвэр ажиллаж эхлэхэд аяндаа асуудал үүсэх өндөр магадлалтай.” гэжээ.

 

Хамтран хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О нарын тайлбарт: “Зам,тээврийн хөгжлийн яам, “Ж” ХХК-ний хооронд Аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт,10,4 км /Баян-Өлгий, Өлгий сум/ ажилгүй гүйцэтгэх 156 дугаар гэрээг 2018 оны 8 дугаар сард байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 15-нд захиалагчид хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний бие 2019 оны 4 дүгээр сарын эхээр Өлгий сумын иргэн Н.Ма- нэр дээрх А бүсэд хамаарах зам дагуу Баян-Өлгий, Өлгий сумын 13 дугаар багт байршилттай өмчлөлийн 1250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан авсан. Уг газар нь анх хоосон, ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдээгүй байсан гэж дурдсантай зөрчилдөж байна. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж заасны дагуу уг зам нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд олгогдсон тул захиалагч болох Зам, тээврийн хөгжлийн яам хариуцагчаар оролцох үндэслэлгүй.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2021/00115 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, хамтран хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамд холбогдуулан гаргасан өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцанг албадан нүүлгэж, ус зайлуулах хоолойг хаахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.    

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах үед иргэний газар өмчлөх эрхийн баталгааг хангах журмыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан. Гэтэл иргэний өмчлөл бүхий газрыг Төрийн эрх бүхий байгууллагаас өөрсдийн хувийн хэрэгцээндээ авч зам тавихдаа хууль бусаар авч, зам тавьсан байна. Нэгэнт хууль бусаар иргэний газарт зам тавьсан учраас иргэн өмч хөрөнгөө ашиглахад саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгохоор гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т "Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана", 32.3-т "Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газрыг зайлшгүй солих, эргүүлэн авах болсон зориулалт, үндэслэлийг тодорхой заана", 32.4-т "Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна" гэж тус тус заасан байхад шүүх холбогдох хуулийг судлахгүйгээр иргэний өмчлөлийг газрыг нөхөх олговортой авсан юм шиг дүгнэлт хийж, хэргийг буруу шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байршилтай 1250 м.кв талбайтай  газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцанг албадан нүүлгэж, ус зайлуулах хоолойг хаалгах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч  нар эс зөвшөөрч маргажээ. Шүүх  нэхэмжлэгч Б.М-гийн өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцанг албадан нүүлгэх, ус зайлуулах хоолойг хаалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М- болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт  зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2020/01412 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар хүсэлтэд дурдсан тусгай мэдлэг шаардагдах асуудлаар шинжээч томилохоор тогтоож, шинжээч томилж  өгөхийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамедээс хүсжээ. Улмаар 130/ШЗ2020/01412 дугаар шүүгчийн захирамжийн 4 дэх заалтыг  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШЗ2020/01556 дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” шүүгчийн захирамжаар “шинжээч томилж өгөхийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамедээс хүссүгэй” гэснийг  “Энэ хэрэгт Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.Байдолыг шинжээчээр томилсугай” гэж  өөрчлөлт оруулж, шинжээчид  1) Маргаан бүхий үерийн ус зайлуулах хоолой нь улсын экспертизээс баталсан зураг төслийн дагуу тавигдсан эсэх, 2) Өлгий сумын 13 дугаар баг, Жана-ауыл Антений урьд талын хар замын улсын экспертизээс баталсан зураг төсөл дээр зөвшөөрөгдсөн үерийн ус зайлуулах хоолой нь Б.М-гийн өмчлөлийн  газарт давхцсан эсэх талаар  дүгнэлт гаргуулхаар шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан  боловч хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулсан нь шүүх хуульд заасан тохиолдолд нотлох баримт бүрдүүлэхдээ дутуу бүрдүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Хэдийгээр ус зайлуулах төмөр бетон хоолой нь магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төслөөр баригдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч ийнхүү  Өлгий сумын 13 дугаар баг, Жана-ауыл Антений урьд талын хар замд ус зайлуулах хоолой баригдсан нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг ашиглах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд саад учруулах бодит нөхцөл байдал үүсгэх эсэх, уг ус зайлуулах хоолойг хааснаар өөр этгээдэд, тухайлбал замын нөгөө талд оршин суудаг айл өрхөд болон бусад байдлаар нийтийг ашиг сонирхолд хохрол учрах эсэх, тухайн ус зайлуулах хоолойг хааснаар тус авто замд эвдрл гэмтэл үүсэх эсэх, улмаар тус авто замыг ашиглахад ямар нэгэн саад учрах эсэх, тухайн авто зам зураг төслийн дагуу баригдсан боловч тухайн ус зайлуулах хоолой заавал байх шаардлагатай эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа тодруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах эдгээр нөхцөл байдлууд тогтоогүй тул зохигчдийн  хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүйд хүргэсэн байна. 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахдаа нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу шүүх хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөх тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.7дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2021/00115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                                                         

Д.КӨБЕШ