| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00108/И |
| Дугаар | 305/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 305/ШШ2025/00157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Т сумын Ц багт оршин суух, Х овгийн Д-ийн Т-ны нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт аав, ээжийн хамт, 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багт нөхрийн хамт маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Д овогтой Т нь 1991 оноос 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд аав, ээжтэйгээ мал маллаж байсан. 1995 оны 11 дүгээр сарын 08-нд нөхөр Ц.Ш-той гэр бүл болон мал маллаж байсан. 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан хугацааг тус тус тогтоолгох хүсэлтэй учир малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны хүн ам тооллогын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай архивын лавлагаа, Ц.Д-ийн 1991-1995 онуудын малын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаартай архивын лавлагаа, Ц-ийн Ш-ийн 1995-1997 онуудын малын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-1998,1999 онуудын МАА-н бүртээгдэхүүний орлогын албан татварын оногдуулалтын тооцоо,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20250210000118 дугаартай Ц-ийн Ш, Д-ийн Т нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай тодорхойлолт,
-Д-ийн Б-гийн нас барсны бүртгэлийн лавлагаа,
-Д-ийн Х, Ч-ын Н нарын 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Д-ийн Х, Б-ийн Б нарын 1993 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Д-ийн Т, Ч-ын Ц нарын 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Д-ийн Т-, Ж-ийн Х нарын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Ц-ын О, Д-ийн Н нарын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаартай тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д-ийн Т нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт аав, ээжийн хамт, 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багт нөхрийн хамт маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. Д.Т нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай “...тус аймгийн Бугат сумын Сүж багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ц-ийн Д-ийн мал маллаж байсан хугацаа (1991-1995 он) хүртэлх” гээд 1991, 1992, 1993, 1994, 1995 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, Ц.Д-ийн 1991, 1992, 1993, 1994, 1995 онуудын малын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03-10/1151 дугаартай 1989 оны хүн ам тооллогын лавлагаагаар Д-ын Д тэргүүлэгч өөрөө, 47 настай, эрэгтэй, Д-ийн Х, хүү, 21 настай, эрэгтэй, Д-ийн Т хүү, 22 настай, Д-ийн Б, охин 17 настай, Д-ийн Т охин, 14 настай, эмэгтэй, Д-ийн Х охин, 11 настай, эмэгтэй, Д-ийн Б, 7 настай, эрэгтэй, Д-ийн А, 2 настай, эрэгтэй, Л-ын Д эхнэр, 44 настай, эмэгтэй, Д-ийн Н, 18 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн.
Говь-Алтай аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай “…Д-ийн Т нь 1990 онд тус сургуулийн 8 дугаар анги төгсөөд цаашид суралцалгүй малчин болсон нь үнэн болно” гэх тодорхойлолт,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн CVL2582000001000464 дугаартай Д-ийн Б 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсныг Говь-Алтай аймгийн Бугат сумын 17-рт 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн тухай нас барсны бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн CVL2582000001000565 дугаартай Д-ийн Х, Ч-ын Н 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн CVL2582000001000566 дугаартай Д-ийн Т, Ч-ын Ц 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн CVL2582000001000568 дугаартай Ц-ын О, Д-ийн Н нарын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20250210000118 дугаартай Ц-ийн Ш, Д-ийн Т нарын 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Ц.Д-ийн 1991 оны малын А дансанд ам бүл 8, 1992 оны малын А дансанд ам бүл 8, 1993 оны малын А дансанд ам бүл 7, 1994 оны малын А дансанд ам бүл 7 гэж бүртгэгдсэн байдал болон дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Т ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг дуусталх Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт аав, ээж, ах, дүү нарын хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Д.Т нь 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багт нөхрийн хамт маллаж байсан болох нь:
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаартай “...тус аймгийн Төгрөг сумын Цагаанхайрхан багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ц-ийн Ш-ийн мал маллаж байсан хугацаа (1995-1997 он хүртэлх)” гээд 1995, 1996, 1997 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, Цаянгийн Шаравдоржийн 1995-1997 онуудын малын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 1998 оны Иргэдийн МАА-н бүтээгдэхүүний орлогын албан татварын оногдуулалтын тооцоонд Ц.Шаравдорж гээд малын тоо бүгд 214, ам бүл 3, татвар ногдох орлого, ногдох албан татварыг бичиж тэмдэглэсэн бүртгэлийн Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 1999 оны МАА-н бүтээгдэхүүний орлогын албан татварын оногдуулалтын тооцооны 88 дугаарт Ц.Ш гээд малын тоо бүгд 227, ам бүл 3, татвар ногдох орлого, ногдох албан татварыг бичиж тэмдэглэсэн бүртгэлийн Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20250210000118 дугаартай Ц-ийн Ш, Д-ийн Т нарын 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаартай “...тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Төгрөг сумын 1998-2000 оны малын А дансыг шүүж үзэхэд байхгүй тул Ц-ийн Ш-д холбогдох лавлагааг олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
6. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь 2000 оны мал тооллогын А данс болон бусад бичгийн нотлох баримт ирүүлээгүй. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаартай “...тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Төгрөг сумын 1998-2000 оны малын А дансыг шүүж үзэхэд байхгүй тул Ц-ийн Ш-д холбогдох лавлагааг олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ үүргээ биелүүлээгүй байна.
7. Иймд Х овгийн Д-ийн Т ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт аав, ээжийн хамт, 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багт нөхрийн хамт мал маллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овгийн Д-ийн Т ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт аав, ээжийн хамт, 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багт нөхрийн хамт мал маллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ