| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00084/И |
| Дугаар | 157/ШШ2025/00080 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 157/ШШ2025/00080
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 25,794,232.85 (хорин таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун гучин хоёр төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Иргэн ******* овогтой ******* нь Хасбанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1430090592 дугаартай онлайн Зээлийн гэрээ байгуулан 24,100,000 (хорин дөрвөн сая нэг зуун мянган) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлдэгч М.*******ын Хасбанк дахь 5005796526 тоот дансанд 24,100,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 320.68 төгрөг, зээлийн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг төлсөн байна.
Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430090592 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 105 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Хасбанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
1/Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430090592 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 24,100,000 төгрөг, 2025 оны 03 сарын 27-ны өдрийн байдлаарх хүү 1,675,454.66 нэмэгдүүлсэн хүү 18,778.19 төгрөг нийт 25,794,232.85 төгрөгийг зээлдэгч М.*******аар гаргуулах,
2/Зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.
Хариуцагч ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие М.******* нь “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвөөс нэхэмжилсэн 25,794,232.85 төгрөгийг сар болгоны 25-ны өдөр 1,300,000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”Хариуцагч М.*******ын хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн 25,794,232.85 төгрөгийг сар болгоны 25-ны өдөр 1,300,000 төгрөгөөр төлөх тайлбартай танилцлаа. Тайлбарыг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 25,794,232.85 (хорин таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун гучин хоёр төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв, хариуцагч М.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 25,794,232.85 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв хариуцагч М.******* нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 24,100,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар буцааж төлөх нөхцөлтэй байгуулсан, хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,794,232.85 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 25,794,232.85 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
7.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.921,16 төгрөгийн тал хувь болох 143,461 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 143,461 төгрөгийг, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамж 143,461 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 25,794,232.85 (хорин таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун гучин хоёр төгрөг наян таван мөнгө) төгрөгийг хариуцагч М.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.921,16 төгрөгийн тал хувь болох 143,461 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 143,461 төгрөгийг, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамж 143,461 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ