Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/980

 

Р.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Р.Ц, түүний өмгөөлөгч Г.Мөнхзул,

хохирогч Б.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311 00238 0515 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Р-ийн Ц, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, сэтгүүлч, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Р.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс молл” төвийн 9 давхарт Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцад хохирогч Б.Бийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний нүүр, хэвлий хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...завдаж буй зулбалт, умайн булчингийн чангарал, баруун нүдний зовхи, баруун хацар, уруулд зулгаралт, зүүн бугалга баруун өгзгөнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Р.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн Р-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Цэцэгдарийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Цд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт одоогоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Р.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцад Б.Бийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, түүний нүүр, хэвлий хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь завдаж буй зулбалт, умайн булчингийн чангарал, баруун нүдний зовхи, баруун хацар, уруулд зулгаралт, зүүн бугалга баруун өгзгөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр 1.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Б.Б нь өөрөө миний биед хувийн хонзонгийн сэдлээр цохих шалтгаан гаргаагүй байхад 3 удаа цохиж халдсан бөгөөд би жирэмсэн гэж мэдэх тул гэдэс рүү нь цохиж, өшиглөсөн үйлдэл огт гаргаагүй. Харин ч Булганчимэгт зодуулж “цагдаа дуудаарай, туслаарай” гэж хашхирч байсан минь гэрчтэй /Өлзийсайхан 88106728/ билээ. Булганчимэгийн биед тонус өгсөн шалтгааныг шинжээч эмч “тухайн үед гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт болон Булганчимэгийн мэдүүлэг дээр үндэслэж гэм буруутай гэж үзэж байгаад үнэхээр харамсаж байна. Харин Булганчимэг нь өөрөө гэдсээ ширээнд цохисныг харсан Эрдэнэцэцэг, Пүрэвсүрэн гэх 2 гэрч байгаа бөгөөд энэ 2 гэрчийг шүүхэд санаатай оруулахгүйн тулд урьдчилсан хэлэлцүүлэг дээр прокурор Бат-Эрдэнэ шүүхэд хэрэг шилжсэн хойно гэрчээр авах хүсэлт ирсэн гэж худал ярьж гэрчээр орох боломжгүй болсон. Шүүхэд шилжиж ирэхээс өмнө мөрдөгч Очироо болон прокурорт шинээр гэрчүүд гарч ирснийг аман болон бичгээр удаа дараа өмгөөлөгч бид 2 мэдэгдэж хүсэлт тавьж байсан ч хүсэлтээс татгалзаж байсан. Бат-Эрдэнэ прокурор өмнө нь ерөнхий прокурорт гомдол гаргах боломжийг минь хааж, өмгөөлөгч бид хоёрт худал хэлж, ашиг сонирхлын зөрчил гаргаж байсан. Удаа дараа хүсэлтээс минь татгалзаж байсан тул ерөнхий прокурорт гомдол гаргахаар болсон бөгөөд ерөнхий прокурор 4 дэх өдөр хүсэлт, гомдол авдаг гэхээр нь 4 дэх өдөр буюу 5 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч хүсэлт гомдлоо өгөхөөр очиход Бат-Эрдэнэ прокурор “чиний хэргийг аль түрүүчийн 7 хоногт шүүх рүү шилжүүлчихсэн” гэж худал хэлээд гомдол, хүсэлт өгөх боломжийг санаатайгаар болиулж ашиг сонирхлын зөрчил гаргасан. Маргааш өдөр нь буюу 5 дугаар сарын 19-ний өдөр надад шүүхээс “хэрэг чинь ирсэн байна, бүртгүүлээрэй” гэж хэлэхэд өчигдөр гомдол, хүсэлтээ өгөх боломжтой байсныг мэдсэн. Мөн миний 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн анхны мэдүүлэг хавтаст хэргээс алга болсон. Анхны байцаагч Эрдэмбилэг өмнө нь 2 удаа миний мэдүүлгийн үгийг гуйвуулж, өөрийн эсрэг мэдүүлэг болгон өөрчлөн бичиж байсныг би буцааж байсан. Мөн миний гол нотолгоо болно гэж бодсон хүмүүсийн нэр, утас баримт болох зүйлүүдийг өөрийн хувийн гар утсаараа миний хувийн тэмдэглэлээс зургийг нь авчихаад “наадах чинь мөрдөгчийн хийх ажил” гээд гол мэдүүлэгт бичүүлэхгүй байсан. Тийм учраас би Солонго 99163617 дугаартай хуульч өмгөөлөгчтэй Эрдэмбилэг байцаагчийг утасныхаа спикер дээр тавьж байгаад яриулсан. Солонго өмгөөлөгч Цэцэгдарийн ярьсан бүгдийг бичих үүргийг сануулснаар би өөрийн гараар 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэж дугаарлан өмнөх бичсэн мэдүүлэг дээр нэмж гараар бичиж өгсөн. Тэр мэдүүлэг маань хавтаст хэргээс алга болсон байгаа. Миний бие мөрдөн байцаалтын шат дууссан буюу яллах дүгнэлт авсан хойноо өмгөөлөгч авсан. Анх би Булганчимэгт гомдол гаргах гэж байхад Эрдэмбилэг байцаагч “чам дээр хүн гомдол гаргачихсан байхад чи гомдол гаргаж болохгүй шүү дээ” гэж хууль эрх зүй мэдэхгүйг минь далимдуулж худал хэлсний улмаас гомдол тухайн үед гаргах боломжгүй юм байна гэж бодсон. Мөн Булганчимэгийн шүүх эмнэлэгт шинжилгээ өгснийг мэдээгүй. Надад албан болон албан бусаар мэдэгдээгүй. Шүүх шинжилгээний дүгнэлтийг 2 сарын дараа буюу 2 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан. Миний бие Булганчимэгийг шүүх эмнэлгийн шинжилгээ өгсөн бол шинжилгээ өгнө гэж бодож байсан. Жирэмсэн хүнтэй юуны духанд хүрэлгүй хэл ам хийгээд яах вэ, эвлэрчихсэн байсан юм чинь гайгүй шинжилгээ өгөхгүй, өгөөгүй юм байна гэж бодсон. 2 сарын дараа хөхөрсөн маажуулсан сорив минь арилчихсан учир шүүх эмнэлгийн шинжилгээ өгөх боломжгүй болсон. Булганчимэг нь өөрөө шөнийн 2, 3 цаг тухайн маргаанаас хойш 6 цаг гадуур наргиж зугаацаж явсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрч Цогбаяр “нөхөртэйгээ таарамжгүй харилцаатай байгаа учраас айгаад гэртээ орж чадахгүй байгаа” тухай Булганчимэгийн ярьсныг дурддаг. Мөн цагдаад 2 хоногийн дараа гомдол гаргасан байдаг. Энэ бүх хугацаанд замдаа гэмтэл бэртэл авсан эсэх, ширээнд гэдсээ цохисон, нөхөртэйгөө маргаж муудалцсан эсэх, сэтгэл зүйн дарамт, согтууруулах ундааны нөлөөлөл, биеийн ачааллыг үл харгалзан зөвхөн шүүх шинжилгээний дүгнэлт, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн намайг буруутган яллаж байгаа нь шударга бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Р.Ц-ийн өмгөөлөгч Г.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж нэг мөр тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц, ач холбогдол, хамаарлын хувьд эргэлзээгүй байх шаардлагыг хангасан эсэх, хэргийн нотлох баримтыг та бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, нотлохын тулд хуульд яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчигдсөн эрх, ашиг сонирхолоо сэргээн тогтоолгох, хэргийн бодит байдал, гэм буруугийн талаар үүссэн эргэлзээтэй байдлыг арилгуулах талаар оролцогч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдол, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтууд, түүнчлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт зэрэг тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүн, нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууг тодорхойлоход хамааралтай, ач холбогдолтой байж болох үйл баримт, нотолгооны зүйлийг цогцоор нь тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжилж, хянаж үзсэний эцэст шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль ёсны, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Р.Цд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдвөл зохих дээрх шаардлага, шалгуурын дагуу хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн, бодитой үнэлэхийн оронд зөвхөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгч үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж болох хэд хэдэн нөхцөл байдал байгааг миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдлын хүрээгээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, бодит байдалд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл/ үндэс нь энэ ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээдийн үйл ажиллагаа Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих явдал юм. Хэрэв хуулийн заалтыг зөрчсөн бол тухайн шийдвэрийг хүчингүйд тооцох, улмаар хариуцлага тооцох үр дагаварт хүргэдэг. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зөрчлүүд (тухайлбал 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгч “Э” гэгч миний үйлчлүүлэгчийн мэдүүлэгийг өөрийнх нь хэлснээс өөр агуулгаар өөрчилж бичээд гарын үсэг зуруулсан талаар танил өмгөөлөгчөөсөө асууж “буруу” гэдгийг мэдмэгцээ мөрдөн байцаагч дээрээ буцаж ороод зөвтгүүлэхээр утсаар яриулж байсан, мөрдөгчийн хэлснээр болсон үйл явдал, шалгуулах зүйлээ бичээд өгчих гэсний дагуу бичиж өгсөн мэдүүлэл болон 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг хэрэгт байхгүй байгаа. Мөн өдөр Булганчимэгийн миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд халдаж учруулсан гэмтлийг харуулахад хуулийн дагуу бэхжүүлж аваагүй, түүнчлэн хохирогч шүүгдэгч хоёрын хэн нь эхэлж хэрүүл маргаан өдүүлсэн, хэн нь хэнийгээ эхэлж цохиж өшиглөсөн, хэнийх нь мэдүүлэг үнэн байж болох талаарх нөхцөл байдлыг эргэлзээгүй, бодитой тогтоолгох зорилгоор шүүхийн өмнөх болон шүүхийн урьдчилсан хэлэцүүлэгийн шатанд нэмэлт ажиллагаа хийлгүүлэх, нүүрэлдүүлэн байцаах, туршилт хийлгэх, дахин шинжилгээ хийлгэх, шинээр гэрч байцаалгах талаар гаргасан хүсэлтийг тодорхойгүй шалтгаанаар хангахаас татгалзсан, нөгөөтэйгүүр өмгөөлөх талын хувьд шүүхийн хэлэлцүүлэгийн эрх тэгш мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх зорилгоор хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг өөрийн зардлаар хувилж авахаар гаргасан хүсэлтийг прокурор хянаад зөвхөн шинжээчийн дүгнэлтийг хувилж авахыг зөвшөөрч, бусад нотлох баримтуудыг төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарч байна гэдэг үндэслэл /төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой ямарч нотлох баримт байгаагүй/-ээр хувилж өгөхөөс татгалзсан, дээр дурьдсан хүсэлт, гомдол, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох материалыг хэрэгт хавсаргаагүй зэрэг (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд зааснаар бүх материалыг хэрэгт хавсаргасан байх естой) нь эрүүгийн болон процессын хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх өмгөөлөгчийн саналыг анхан шатны шүүх няцаан үгүйсгэсэн ямар нэгэн тайлбар, дүгнэлт хийгээгүй мөртлөө наад зах нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаас нь ч анхаарч үзээгүй нь хууль хэрэглэх шатанд гаргасан алдаа, зөрчлийг үйлдлийг хамгаалсан алхам болсон гэж дүгнэж болохоор байна.

2. Шүүх, шүүгдэгч Цэцэгдарьд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, ...хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дүгнэлт нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон нотлох баримтад үндэслэх ёстой байтал хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол /завдаж буй зулбалт, умайн хүзүүний чангарал/ нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн гэж үзсэн нөхцөл байдал эргэлзээтэй; түүнчлэн хохирогч шүүгдэгч хоёрын хэн нь хэнийгээ эхэлж цохисон, үсдсэн, маажсан, өшиглөсөн талаарх нөхцөл байдал, мэдүүлгийн зөрөөг арилгах арга хэмжээ аваагүй, хохирогч Цэцэгдарь миний гэдэс рүү, хэвлийн доод хэсэг (умдаг яс)-руу өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч тухайн өшиглөсөн гэх хэсэгт үүссэн хөхрөлт, зулгаралтын ул мөр эмчлэгч эмч болон шинжээчийн үзлэгээр илрээгүй, хохирогч Булганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...намайг ямар их зантай юм бэ, чи Саранчимэгийг баруун салаанд байдаг гэсэн биздээ” гэхээр нь “зүүн салаа” гэсэн чинь “мэддэг юм бол хүргээд өгчих” гэхээр нь миний уур хүрээд “над руу яагаад дайраад байгаа юм бэ” гээд түүнийг цохисон”, камерын бичлэгт Цэцэгдарь хохирогчийг бус, хохирогч Цэцэгдарийг өшиглөж байгаа дүрс бичигдсэн байсан тухайн өдөр шүүгдэгчийн өмссөн хувцас нь хохирогчийн бөгс, гэдэс, хэвлий рүү өшиглөх боломжгүй урт, бариу хувцастай байсан зэрэг нөхцөл байдлуудыг шүүх бүх талаас нь, бодитой үнэлэхгүйгээр “Булганчимэг хохирогчоор тогтоогдсон, Цэцэгдарь яллагдагчаар татагдсан, гэсэн байр сууринаас субъектив дүгнэлт хийж, улмаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон.

3. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан Булганчимэгийн биед завдаж буй зулбалт, умайн булчингийн чангарал, баруун нүдний зовхи, баруун хацар, уруулд зулгаралт, зүүн бугалга, баруун өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдсон гэдэгтэй маргах зүйл байхгүй. Гагцхүү хохирогчийн биед завдаж буй зулбалт /тонус/ үүссэн нөхцөл байдал, цаг хугацаа, шалтгааны тухайд шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь, завдаж буй зулбалт нь гэмтлээс үл хамаарах олон хүчин зүйлийн улмаас үүссэн байж болох бөгөөд эдгээр шалтгаантай холбоотой хэд хэдэн баримтат мэдээлэл хэрэгт авагдсан. Тухайлбал, гэрчүүдийн мэдүүлгээр Булганчимэг архи уучихсан байсан; шөнийн 02 цаг хүртэл хүмүүстэй цуг үргэлжлүүлэн баар хэсэж нойргүйтсэн, эмнэлэгт хэвтэх үедээ В вирусын шалтгаант гепатит, зүрхний хэм алдалттай байсан; урьд нь аварт орж байсан, аарцаг ясны гэмтэл авч байсан гэх мэт болон шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Долгормаагийн “...Тонус үүсэх олон шалтгаан байгаа. Энэ нь гэнтийн цочрол, гэнэт хөдлөх, доргилт, цохих зэрэгт үүсч болно. Өөрөөр хэлбэл завдаж буй зулбалт гэж үзсэн учраас гэмтлийн гаралтай гэж үзсэн. Энэ үед хөдөлгөөн хийх, явах боломжгүй байдаг..." гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Булганчимэгийн биед үүссэн завдаж буй зулбалт нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн, гэмтлийн гаралтай, тухайн гэмтэл нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх нөхцөл байдал бодитой тогтоогдоогүй байхад шүүх, шинжээчийн илтэд эргэлзээтэй дүгнэлтийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох яллах нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна.

4. Шүүх, гэрч Д.Өлзийсайхан, Т.Энхбаатар, Б.Цогбаяр нарыг шүүх хуралдаанд гэрчээр дуудаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан тэдний мэдүүлгийг хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, шүүгдэгчийг яллах, цагаатгахад ач холбогдолтой талаас нь үнэлэхийн оронд хэрэг болсон цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн, шүүгдэгчтэй хамт ажилладаг, сайн танидаг гэдэг шалтгаанаар дээрх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, гэм буруугийн шийдвэрийн үндэслэл болгохоос татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Шүүхийн хэлэлцүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн ундэслэл болно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

5. Шүүхийн хууль зүйн дүгнэлт хууль ёсны, үндэслэлтэй байх учиртай. Энэ нь шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив шинжид хамаарал, ач холбогдол бүхий үйл баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эргэлзээгүй тогтоосон бодит баримтад тулгуурласан байх ёстой гэсэн үг. Гэтэл анхан шатны шүүх, шүүгдэгч Цэцэгдарьд холбогдох хэргийн хянан шийдвэрлэхдээ миний дээр дурдсан эргэлзээтэй, үндэслэлгүй нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, нягт нямбай харьцуулан шинжилж, бодитой үнэлэхгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болгосон, түүнчлэн шүүх “хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэл байвал” тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнтэй адилтган хуулийг буруу тайлбарласан нь шүүхийн дүгнэлт хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн байна.” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд тухайн үед нөхөртэйгөө ямар нэгэн таарамжгүй харилцаатай байгаагүй. Харин ч нөхөр минь надад “эртхэн очиж нүүр амаа янзлаарай. Ганц удаа орж байгаа баяртаа сайхан ороорой” гэж дэмжиж явуулсан. Надад нөхөртэйгөө маргалдах шалтгаан огт байгаагүй. Нөхөр минь миний өмнөөс баярлаад намайг баярт явуулж байхад би гэр лүүгээ аймшигтай нүүртэй, үс гэзэг нь сэгсийсэн, уйлсан очихоос эмээсэн. Би болсон зүйлсийн талаар анх нөхөртэй хэлэхээс үнэхээр санаа зовсон. Нөхөр минь над руу залгаад “яагаад гэртэй ирэхгүй байгаа юм бэ” гэхэд нь би болсон зүйлсийн талаар үнэнээ хэлсэн. Тухайн үед намайг н.Саранчимэг, н.Оюунчимэг нар дагуулж очсон. Шөнийн 01 цагт намайг ресторанд цай уугаад сууж байхад намайг “өлсөөд байна” гэхэд “миний дүү түр сууж байгаарай. Торт аваад ирье. Тайвшраад байж бай” гэж хэлээд хэрэг болсон газар луу буцаад явсан. н.Оюунчимэг эгч Р.Цд хандан “чи яагаад жирэмсэн хүн зодож байгаа юм бэ” гэхэд Р.Ц урдаас нь орилж эгчийг минь хана руу түлхсэн байдаг. Тухайн үед Р.Ц маш согтуу байсан атлаа намайг согтуу байсан гэдэг. Би элэгний В вирустэй, жирэмсэн хүн байж архи, согтууруулах ундааны зүйл хамаагүй хэрэглэхгүй. Шүүгдэгч Р.Ц намайг шар айраг барьж байсан гэж мэдүүлсэн. Энэ нь үнэн. Тухайн үед ахлагч н.Мөнхбаяр “сайн уу ахын дүү чи ирчихсэн юм уу. Сайхан баярлаж байна уу. Ямар хөөрхөн юм бэ гэдэс нь том болчихсон байна. Ахын дүү ганц шар айраг уучих. Хоёулаа ганц удаа тулгаад ууя” гэхэд нь би “заа за” гэж хэлээд 0.33 граммтай шар айргийг задлахад боргиод асгарч, ёроолд нь багахан л үлдсэн. Миний гэдсийг цохихыг харсан н.Пүрэвсүрэн, н.Эрдэнэцэцэг нар гэж хүмүүс бий. Би н.Пүрэвсүрэнийг мэднэ. н.Пүрэвсүрэн нь анх тухайн төрийн бус байгууллагыг 2 жилийн өмнө үүсгэн байгуулсан захирал нь юм. Шүүгдэгч Р.Ц нь 2 жилийн өмнө тухайн төрийн бус байгууллагад элсэн орсон гишүүн. Миний хувьд тухайн төрийн бус байгууллагад дөнгөж ороод 1 сар болж байхад ийм асуудал үүссэн. Намайг очиход н.Пүрэвсүрэн нь согтолтын зэрэг маш өндөртэй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмэгтэй байцаагч гадны хүн оруулахгүйгээр миний бүх хувцсыг тайлж зургийг минь дарсан. Хэрэв миний гэдэс цохигдсоны улмаас хөхөрч, зулбах шалтгаан болсон бол яагаад миний гэдсэнд хөхрөлт үүсээгүй юм бэ. Зулбах шалтгаан бол хөхрөлт үүсэж байж гарна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч худлаа ярьж байна. Би хохирсон нь үнэн. Шүүгдэгч Р.Ц “намайг 3 удаа цохисон учраас би зөрүүлээд цохисон” гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй. Тухайн үед шүүгдэгч Р.Ц “чи миний нүд рүү хараадах би одоо чамтай учраа олмоор байна” гэж дайраад байхад нь би гэдсээ хамгаалахын тулд“зүгээр бай” гэж цааш нь түлхсэн. Гэхдээ шүүгдэгч Р.Цд гэмтэл учруулахаар түлхээгүй. Шүүгдэгч Р.Ц намайг үстэж, хиймэл хумсаараа нүүрийг минь майжсан. Энэ тохиолдолд би мэдээж гэдсээ хамгаалж доошоо тонгойсон. Энэ үед шүүгдэгч Р.Ц миний доошоо өшиглөсөн. Би тухайн үед юу болоод байгааг ч ойлгоогүй. Удалгүй миний доогуур эвгүйрхэж эхэлсэн. Гэтэл шүүгдэгч Р.Ц орилоод хаалга саваад явчихсан. Би буцаж бие засах өрөө рүү орж “Сараа эгчээ сэргээрэй. Миний доошоо өшиглөсөн юм шиг байна. Аймар сонин болчихлоо” гэж хэлэхэд н.Сараа эгч тухайн үед согтуу байсан боловч босож ирээд намайг суултуурын таган дээр суулгаад “юу болоод байгаа юм бэ” гэж асуусан. Ийм л зүйл болсон. Анхан шатны шүүх хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа.” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие уг хэрэгт хяналт тавьж ажилласан. Хохирогч Б.Б эрүүл мэндэдээ учирсан гэмтлийнхээ талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлттэй таарч тохирсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Цэцэгдарийг гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд шинжээч эмчийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэж шүүгдэгч Р.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан. Мөн шүүгдэгч Р.Ц нь “удаа дараа миний эрхийг зөрчсөн. Гомдол, хүсэлт гаргахад огт хариу өгдөггүй” гэж байна. Прокурорын зүгээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг тухайн бүрт нь шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж дээд шатны прокурорын байгууллагад гомдол гаргасан зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Р.Ц-ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Р.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс молл” төвийн 9 давхарт Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцад хохирогч Б.Бийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний нүүр, хэвлий хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...завдаж буй зулбалт, умайн булчингийн чангарал, баруун нүдний зовхи, баруун хацар, уруулд зулгаралт, зүүн бугалга баруун өгзгөнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Бийн “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Пийс молл” төвийн 9 давхарт шинэ жилийн үйл ажиллагаатай шинэ гишүүд ирээрэй гэхээр нь би Саранчимэг, Оюунчимэг гэх хоёр эгчтэй 2022 оны 12 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Пийс молл” төвд очсон. Тэгээд шинэ жилийн үйл ажиллагаа болоод би ширээндээ сууж байхад Цэцэгдарь над дээр ирээд “намайг Цэцэгдарь гэдэг” гээд бид хоёр танилцаад өнгөрсөн би энэ үед анх Цэцэгдарийг харсан юм. ...22 цаг өнгөрсөн байсан би тэгээд орой болчихсон гэж бодоод явъя гэж бодоод гараад ариун цэврийн өрөө орох гэтэл хүн ихтэй байхаар нь хувцас солих өрөөнд байсан бие засах өрөө рүү ортол нэг ах байсан. Тэр хүнээс ариун цэврийн өрөөнд хүн байгаа юу гэж асуутал танай аравтын Саранчимэг, Цэцэгдарь хоёр байгаа гэхээр нь би баярлаад ортол Саранчимэг эгч тасарчихсан бөөлжиж байсан. Цэцэгдарь нилээн согтчихсон байсан ба хажуугаар нь ороод бие засчихаад гарах гэтэл Цэцэгдарь “чи миний нүд рүү хар” гээд нүд нь улаанаар эргэлдчихсэн байсан. Би “чи надаар яах гээд байгаа юм” гэтэл “би чамтай учраа олох гэж байна” гээд байсан. Би “бүгчимдээд байна чи холд” гээд би аргалаад хажуугаар нь өнгөрөөд наана нь очоод гутлаа сольж байтал араас ирээд “чи миний нүд рүү хар” гээд байсан. Би “чиний нүд рүү харж яах юм” гэтэл “чи ямар пээдгэр юм бэ” гээд байсан. Би гутлаа сольчихоод буцаж ариун цэврийн өрөө ороод Саранчимэг эгч дээр очоод “Сараа эгчээ одоо босоорой явъя” гээд байж байтал араас дөхөж ирээд над руу хашгираад байхаар нь би “чи яг яах гээд байгаа юм бэ” гэхэд “чи муу яасан пээдгэр юм бэ” гээд миний гэдэс рүү өшиглөж таарсан. ...Цэцэгдарь шууд үсдээд миний толгойг доошоо дараад миний нүүрийг маажаад хэвлий рүү өшиглөх гэхээр нь гэдсээ гараараа хамгаалаад бөгтийсөн чинь миний гар луу цохиод миний бөгс рүү өшиглөсөн. ...Цэцэгдарь миний хэвлийн доод хэсэг /умдаг яс/ рүү 1 удаа өшиглөсөн. ...” /хх 16-18/,

шинжээч эмч Б.Долгормаагийн “...Б.Бийн биед үүссэн завдаж буй зулбалт умайн булчингийн чангарал нь гэмтлийн гаралтай мөн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /хх 57/,

гэрч Д.Өлзийсайханы “...Тэр өрөөнд байсан хоёр эмэгтэй хэрэлдээд муудалцаад бие биеэ барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод салгаад “та хоёр одоо боль, залуу хүмүүс байж ингэж болохгүй” гээд салгасан. Нэг нь цагаан цамцтай нөгөөх нь ногоон бариу плажтай өсгийтэй гуталтай байсан. ...найзыгаа нөхөрт нь өгөөд явуулчихаад буцаад ороод 9 давхарт гараад иртэл нөгөө хоёрын цагаан цамцтай нь нүүр нь шалбарчихсан “жирэмсэн хүн зодоод” гээд сууж байсан. ...” /хх 33-34/,

гэрч Т.Энхбаатарын “...Цэцэгдарь ирээд “Энхбаатар ахаа та хүрээд ирээч” гээд намайг дагуулаад 10 давхарт гараад хувцас солих өрөөнд ортол сандал дээр нэг эмэгтэй сууж байсан. Тэр эмэгтэйгийн нүднийхэн доор маажсан бололтой шархтай, Цэцэгдарийн хүзүүн дээр нь бас маажсан харагдаж байсан. Тэгээд Цэцэгдарь “бид хоёр маргалдаад намайг энэ эмэгтэй хоёр удаа түлхлээ, тэгээд миний үснээс зулгаасан” гэж байсан. Тэр эмэгтэйг Булганчимэг гэсэн. ...” /хх 36/,

гэрч Б.Цогбаярын “...бие засах өрөөнд Саранчимэг нэлээн согтуу бөөлжиж байсан, харин хажууд нь Булганчимэг үйлчилж байсан. Нүднийхэн доор шалбарчихсан байсан. Тэгээд байж байтал араас Цэцэгдарь ороод ирсэн. Надтай хамт орж ирсэн манай байгууллагын тэргүүн Наранбаатар ахад энэ намайг тэгсэн ингэсэн гээд тайлбарлаад маргалдаад байсан. Би тэгэхэд харилцан зодоон юм байна гэж бодоод гараад явсан. ...” /хх 45/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 731 дугаартай “...Булганчимэгийн биед завдаж буй зулбалт, умайн булчингийн чангарал, баруун нүдний зовхи, баруун хацар, уруулд зулгаралт, зүүн бугалга, баруун өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 52-53/ гэх дүгнэлт,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 68-73/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 75-79/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, шинжээч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Р.Цэцэгдарийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Р.Ц-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Б.Бийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний нүүр, хэвлий хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...завдаж буй зулбалт, умайн булчингийн чангарал, баруун нүдний зовхи, баруун хацар, уруулд зулгаралт, зүүн бугалга баруун өгзгөнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Р.Ц “...Б.Б нь өөрөө миний биед хувийн хонзонгийн сэдлээр цохих шалтгаан гаргаагүй байхад 3 удаа цохиж халдсан бөгөөд би жирэмсэн гэж мэдэх тул гэдэс рүү нь цохиж, өшиглөсөн үйлдэл огт гаргаагүй. ...Мөн гэрч Цогбаяр “нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай байгаа учраас айгаад гэртээ орж чадахгүй байгаа” тухай Булганчимэгийн ярьсныг дурддаг. Мөн цагдаад 2 хоногийн дараа гомдол гаргасан байдаг. Энэ бүх хугацаанд замдаа гэмтэл бэртэл авсан эсэх, ширээнд гэдсээ цохисон, нөхөртэйгөө маргаж муудалцсан эсэх, сэтгэл зүйн дарамт, согтууруулах ундааны нөлөөлөл, биеийн ачааллыг үл харгалзан зөвхөн шүүх шинжилгээний дүгнэлт, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн намайг буруутган яллаж байгаа нь шударга бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг. Субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй тул гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь өс хонзон, танхайн болон хувийн ямар ч сэдлээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Р.Ц-ийн үйлдлийг “Тэр өрөөнд байсан хоёр эмэгтэй хэрэлдээд муудалцаад бие биеэ барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод салгаад “та хоёр одоо боль, залуу хүмүүс байж ингэж болохгүй” гээд салгасан” талаар гэрч Д.Өлзийсайхан, “Булганчимэгийн нүдний доор шалбарчихсан байсан, би тэгэхэд харилцан зодоон юм байна гэж бодоод гараад явсан” талаар гэрч Б.Цогбаяр болон бусад гэрчүүд нотлон мэдүүлсэн бөгөөд Р.Ц нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, Б.Бийн биед “завдаж буй зулбалт, умайн булчингийн чангарал, баруун нүдний зовхи, баруун хацар, уруулд зулгаралт, зүүн бугалга, баруун өгзгөнд цус хуралт гэмтэл” буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шинжээчийн 731 дугаартай дүгнэлтээр хангалттай нотлогдож байна.

Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 15.000 /арван таван мянга/ төгрөг, Нийслэлийн өргөө амаржих газраас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 57.000 /тавин долоо мянга/ төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 57.000 /тавин долоон мянга/ төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 15.000 /арван таван мянга/ төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 /дөчин найман мянга/ төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс 41.000 /дөчин нэгэн мянган/ төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 15.000 /арван таван мянга/ төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 15.000 /арван таван мянга/ төгрөгийн үйлчилгээ тус тус авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан тоот, түүний хавсралт /хх 81-83/, эмнэлэгт иргэнийг илгээх цахим бүртгэлийн маягт, эмнэлгийн магадлагаа /хх 86-90/, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хх 22-23/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж зааснаар гэм буруутай этгээд болох Р.Ц-ас 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолд дээрх байдлаар нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Р.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолд “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Ц-ас 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ