| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00032/и |
| Дугаар | 150/шш2025/00048 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 150/шш2025/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * аймаг * сум *-р баг * тоотод оршин суух хаягтай, * овгийн * (РД:*) хүсэлттэй,
Малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Иргэн * миний бие 1995 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн * суманд мал маллаж ажиллаж амьдарч байна. Сумын мал тооллогын А данс архивд байхгүйн улмаас 1995-1997 онуудад малчнаар ажиллаж байсан жил тогтоогдохгүйн улмаас тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учирсан. Засгийн газрын 2023.09.25-ны өдрийн 362 дугаар тогтоолоор батлагдсан Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандаж 1995-1997 онуудад малчнаар ажилласан жилээ тогтоолгохоор хандахад 1995, 1997 онуудыг ажилласанд тооцож /1996 оны баримт, баярын бичиг, шагнал урамшуулал байхгүй үндэслэлээр/ тогтоож болохгүй талаар 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 15 дугаар албан бичгээр мэдэгдлээ. Малчин хүн жил болгон морь уралдуулж шагнал урамшуулал авах боломжгүй билээ. Иймд гэрч асуулгаж миний 1996 онд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү ....” гэжээ.
Хүсэлт гаргагч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...* миний бие Сэлэнгэ аймгийн * сумын * тоотод оршин суудаг. Өнөөдрийг Сэлэнгэ аймгийн * суманд мал маллаж ажиллаж амьдарч байна. Сумын мал тооллогын А данс архивд байхгүйн улмаас 1995-1997 онуудад малчнаар ажиллаж байсан жил тогтоогдохгүйн улмаас тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учраад байна. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандаж 1995-1997 онуудад малчнаар ажилласан жилээ тогтоолгохоор хандахад 1995, 1997 онуудыг ажилласанд тооцож, 1996 оны баримт, баярын бичиг, шагнал урамшуулал байхгүй үндэслэлээр тогтоож болохгүй талаар 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 15 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Энэ албан бичгийн шүүхэд хавсаргаж өгсөн. Малчин хүн жил болгон шагнал урамшуулал авах боломжгүй байдаг. Иймд гэрч асуулгаж миний 1996 онд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү...” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь 1995 оноос эхлэн малчнаар ажилласан бөгөөд 1996 онд малчнаар ажилласан жилийг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу гэрчээр асуугдсан:
Гэрч *ийн өгсөн: “...* нь 1995 оноос хойш бие дааж мал дээр гарсан юм. Урьд нь ээжтэйгээ мал дээр байсан юм. Одоо хүртэл хамт ажиллаж байна. Дунд нь уяачдын холбооны тэргүүнээр 3-4 жил ажиллаж байсан. Би мал малладаг...” гэх мэдүүлэг,
Гэрч *ийн өгсөн: “...* нь 1995 оноос хойш 2025 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн * суманд мал маллаж байгаа. Би мөн адил мал малладаг. 1989 оноос одоог хүртэл мал маллаж байна....” гэх мэдүүлэг,
Хүсэлт гаргагч * нь Сэлэнгэ аймаг * суманд 1996 онд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, малын А данс зэрэг хэрэг шаардлагатай, ач холбогдолтой баримт авагдаагүй байгаа нь хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Хэрэг авагдсан Сэлэнгэ аймгийн * сумын Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 6-р хуудас/ нь ажиллаж байсан байдлыг нотолсон баримт биш бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг 325 дугаар “...Тус архивын сан хөмрөгт Сэлэнгэ аймгийн * сумын 1995, 1996, 1997 оны мал тооллогын баримт шилжин ирээгүй тул * овогтой *ид холбогдох архивын лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна...” тодорхойлолтоор *ийн 1996 онд мал маллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд *ийн малчнаар ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан үндэслэлгүй тул хүсэлт гаргагч *ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН